Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганбатын Мөнхтулга |
Хэргийн индекс | 118/2024/0016/З |
Дугаар | 221/МА2024/0645 |
Огноо | 2024-10-03 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2024/0645
2024 оны 10 сарын 03 өдөр | Дугаар 221/МА2024/0645 | Улаанбаатар хот |
П.Б***ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал,
Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***,
Хэргийн оролцогчид
Нэхэмжлэгч П.Б***,
Хариуцагч Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга,
Гуравдагч этгээд Л.С***,
Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 118/ШШ2024/0051 дүгээр шийдвэр,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А***, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.С***,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр,
Хэргийн индекс: 118/2024/0016/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П.Б***ээс шүүхэд хандан Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 118/ШШ2024/0051 дүгээр шийдвэрээр “Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг баримтлан “Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/24 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий П.Б***ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:
Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын давхцлын маргаантай холбогдуулан шүүх шаардлагатай нотлох баримтыг бүрэн цуглуулалгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу,
анхан шатны шүүхийн шийдвэр бодит байдалд нийцээгүй, хэрэгт хамааралтай нотлох баримтыг дутуу цуглуулсан тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлоор хэргийг бүхэлд нь хянав.
2. Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
3. Маргаан бүхий үйл баримтын тухайд хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар:
3.1. Завхан аймгийн Идэр сумын Засаг даргын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн А/24 дүгээр захирамжаар “Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1, 45.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 7.1.3, 7.1.4, 7.1.6, 15 дугаар зүйлийн 15.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн: “сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/132 тоот захирамжаар иргэн Зурхайч овогтой П***ийн Б***эд Дархан-Уул багийн Халуун усны Хүүжий өвөлжөөг эзэмшүүлсэн нь нэг газрыг давхардуулан олгсон байна. Тухайн газрыг 2002 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаар 10 тоот захирамжаар иргэн Л***ын С***ид Халуун усны Хүүжийн өвөлжөөг эзэмшүүлэх тухай захирамж гарч өнөөг хүртэл эзэмшиж байгаа нь холбогдох баримт бичгээр нотлогдож байна. Энэ захирамж гарсантай холбогдуулан сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/132 тоот захирамж, Зурхайч овогтой П***ийн Б***эд эзэмшүүлсэн Дархан-Уул багийн Хүүжийн өвөлжөөг эзэмших эрхийг нь цуцалж хүчингүй болгосугай” хэмээн шийдвэрлэсэн.
3.2. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч “...С*** гэдэг хүний газартай манай өвөлжөөний газар хэдэн метрээр давхардаж байгаа нь тодорхойгүй байхад ийм захирамж гаргасанд гомдолтой байна. Тэр хүн нь энд амьдардаггүй оршин суугч биш, бид насаараа нутаг усаа харж амьдарч байгаа” гэсэн агуулгаар тайлбарлан маргасан.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.
Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, гуравдагч этгээдийн бие даасан шаардлага болон хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч маргааныг шийдвэрлэх үүрэгтэй.
5. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Б***ийн нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн хувийг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хариуцагч Завхан аймгийн Идэр сумын Засаг дарга Ш.С***т гардуулсан хэдий ч хариуцагчийн хариу тайлбарыг гаргуулж аваагүй, хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийг оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн.
6. Маргаан бүхий захиргааны акт гарах гол үндэслэл болсон нэхэмжлэгч болон гуравдагч этгээд тус бүрт “Дархан-Уул багийн Халуун усны Хүүжий өвөлжөө” гэх маргаан бүхий газрыг эзэмших эрх олгосон Засаг даргын захирамжийн хувийн хэргийг хэрэгт нотлох баримтаар аваагүй. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нараас тус бүр тодорхой нэгж талбарын дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн ба талуудаас маргаан бүхий газар нь Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын бүсэд хамаарч байгаа хэмээн тус тус тайлбарлан маргаж байхад тухайн нэгж талбарын дугаарт үндэслэн хэргийн оролцогчдын маргаж буй газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарах эсэх болон хоорондоо давхцаж буй эсэх, хэрэв давхцаж байгаа бол ямар хэмжээгээр давхцаж байгаа асуудлыг газрын мэдээллийн нэгдсэн сан болон Тусгай хамгаалалттай газар нутгийн мэдээллийн сангаас тодруулж, баримтжуулахтай холбоотой ажиллагааг хийлгүйгээр “... аль аль нь кадастрын зураггүй тул газрын давхцалыг нарийвчлан тодорхойлох боломжгүй” хэмээн дүгнэсэн.
7. Түүнчлэн хэргийн материалд 2000-2005 онд Идэр сумын Засаг даргаар ажиллаж байсан Ж.М*** гэх хүнийг гэрчээр асуусан тэмдэглэлийг хавсаргасан байх боловч гэрчид хууль сануулсан баримтад шүүгчээс гарын үсэг зураагүй зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргасан байх бөгөөд тухайн зөрчлийг давж заалдах шатны шүүхээс залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэж, шүүхийн шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 118/ШШ2024/0051 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож,
хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА