Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 357

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулган,

хохирогч Д.Сауле,

шүүгдэгч Ч.Ахтхан нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Чоймуратын  Ахтханд холбогдох эрүүгийн 201619000813 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт Төв аймаг Батсүмбэр сумын 2 дугаар баг, 2 дугаар ферм, гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Харахас овогт Чоймуратын Ахтхан /РД:НБ81041615/ гэв.

           

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Ахтхан нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг 2 дугаар ферм гэх газарт эхнэр Д.Саулег зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч Ч.Ахтхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний буруу дахин эхнэрээ зодохгүй эхнэртэйгээ эвлэрсэн тул надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хохирогч Д.Сауле шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нөхөртэйгээ сайн дураараа эвлэрсэн  гэв.

 

Гэрч З.Хуанбек хэрэг бүртгэлийн шатанд мэдүүлэхдээ: ..Тэр өдөр Ахтханы байшингийн найр болж байсан юм. Ахтханы гэрт үдээс өмнө орж цай хоол идчихээд хоолны даруулга гээд Ахтханы 0,75 литрийн Улаанбаатар архийг бид хоёр хувааж уучихаад надад ажил гараад би харьчихсан юм. Намайг Ахтханы гэрээс явахад Ахтхан халамцуу л үлдсэн юм. Намайг тэднийд сууж байхад Ахтхан эхнэртэйгээ хэрүүл маргаан хийгээгүй. Зүгээр л байсан юм. Сүүлд сонссон чинь эхнэрээ зодсон гэж сонссон юм. Ахтхан ер нь агсан согтуу тавиад байдаггүй дээ гэр бүлийн хоорондын харилцаа хэвийн гэж боддог. Ахтханы гэр бүлийн хүмүүс л үлдсэн” гэсэн мэдүүлэг /хх-12 тал/,

 

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-05 тал/,

-эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл  /хх-07-08 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-09 тал/,

            -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №15122 дугаар шинжээчийн дүгнэлтэд /хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд/:

            1.Саулегийн биед бэлгийн их уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-14 тал/,

            -эд зүйлийн үнэлгээ /хх-18 тал/,

-шүүгдэгч Ч.Ахтханыг 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр сэжигтнээр /хх-20-21 тал/, 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр яллагдагчаар /хх-24 тал/ байцаасан тэмдэглэл,

-шүүгдэгч Ч.Ахтханы ял шийтгэлийн тэмдэглэлийг шалгахад “Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан” гэх лавлагаа /хх-27 тал/,

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ч.Ахтхан нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр 2 дугаар багийн нутаг 2 дугаар ферм гэх газарт эхнэр Д.Саулег зодож биед нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №15122 дугаар шинжээчийн дүгнэлт, хохирогч А.Сауле, шүүгдэгч Ч.Ахтхан нарын хэрэг бүртгэлтийн шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээний хүрээнд цуглуулж бэхжүүлж авсан хууль ёсны нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

 

Иймд шүүгдэгч Ч.Ахтханыг Монгол улсын Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Ахтхан нь Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзах ялаар шийтгүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт “тэнсэж хянан харгалзсан, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцохоор” заасан байх бөгөөд шүүгдэгч Ч.Ахтхан ял шийтгүүлсэнээс хойш 9 жилийн хугацаа өнгөрсөн нь түүнийг ялтайд тооцох хугацаа дууссан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүхийн шатанд  хохирогч, шүүгдэгч нар сайн дураараа эвлэрсэн тухайгаа бичгээр илэрхийлж өгсөн байна.

 

            Шүүгдэгч Ч.Ахтханы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан нь Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл нэгээс гурван сар  хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэхээр заасан гэмт  хэргийг  хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.

 

Хохирогч, шүүгдэгч нар нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “ яллагдагч, шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрч байх тул хэргийг “хохирогч нь яллагдагч, шүүгдэгчтэй эвлэрсэн” гэх үндэслэлээр шүүгдэгч Ч.Ахтханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Хохирлын талаар:

            Хохирогч Д.Сауле нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх гэм хорын хохирол төлбөр байхгүй байна.  

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 289, 293, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4 дэх хэсэг, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Харахас овогт Чоймуратын Ахтханыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3 дахь хэсэгт зааснаар Ч.Ахтханд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хээр зүсмийн зөв талын гуяндаа ширээтэй, чойндон тамгатай адуу битүүмжилсэн 2016 оны 11 сарын 11-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн болон бичгийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ч.Ахтхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Ч.Ахтханд урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

6.Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд­ гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ч.Ахтханд оршин суугаа газраас гадагш явж болохгүй тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ц.ОТГОНЖАРГАЛ