Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 184/ШШ2019/00451

 

 

 

 

 

 

 

  

2019 оны 02 сарын 15 өдөр                   Дугаар 184/ШШ2019/00451                              Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ..... тоот хаягт оршин суух, ..... овогт Х.Э /РД:...../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, .....тоот хаягт оршин суух, ..... овогт Б.Б /РД:...../-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Дамба нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талуудын хооронд 2018 оны 3 сарын 16-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай хүүгүйгээр зээлүүлсэн байдаг. Зээлийн гэрээнд хэрэв зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн гэрээний үүргээ буцаан төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор гэрээнд тусгасан байдаг. Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй зээлийн хугацаа дууссан. Зээлдэгчийн хэтрүүлсэн хоног буюу 2018 оны 05 сарын 17-ны өдрөөс 2018 оны 08 сарын 25-ны өдрийн хугацаанд тооцож үзэхэд 100 хоног болж байгаа. Энэ нь хуульд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувьд хүрч байгаа. Гэхдээ зээлдэгч талын төлөөгүй хугацааг тооцож үзэхэд хуульд заасан гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байгаа учраас хуульд заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувийн алданги нэхэмжилж байгаа. Иймд хариуцагчаас үндсэн зээл 15,000,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг гаргуулна. Х.Э т тавьсан зээлийн гэрээний санал нь Иргэний хуулийн 195 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж байгаа. Хариуцагч нь зээл авах хүсэлт гаргаж үүнийг нь нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн учраас бичгээр зээлийн гэрээ байгуулж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний 2.4-д зааснаар зээлдэгчийн заасан түүний эзэмшлийн компанийн Худалдаа хөгжлийн банк дахь дансанд зээлийн мөнгийг шилжүүлсэн байдаг. Мөн зээлдэгч нь уг данснаас зээлийн гэрээний үүргээ буцааж төлөхөөр тохиролцсон байдаг. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн учраас зээлдэгчид мөнгийг хүлээлгэн өгсөн гэж үзэх үндэслэлтэй. Тийм учраас зээлийн гэрээний 2.6-д заасны дагуу алданги тооцох үндэслэл бий болсон. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдож байгаа. Харин хариуцагч талаас татгалзлаа нотолсон ямар нэгэн баримт гаргаж өгөөгүй. Хариуцагч талд татгалзлаа нотолсон баримт гаргаж өгөх бүрэн боломж байсан. Иймд хариуцагчаас нийт 22,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Талуудын хооронд 2018 оны 3 сарын 16-ны өдөр 15,000,000 төгрөгийг зээлснээр зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан хугацаа хэтэрсэн учраас нэхэмжлэл гаргасан байна. Уг 15,000,000 төгрөгийг манай эхнэр Б.Б нь өөрийн компанийн дансаар авснаа хүлээн зөвшөөрч байна. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, 15,000,000 төгрөгийг авсан нь үнэн. Уг зээлийн үүрэгт төлбөр төлөөгүй нь бас үнэн. Ямар учраас зээлийн гэрээний үүргээ төлөөгүйг нь би сайн мэдэхгүй байна. Би хариуцагчийн нөхөр нь байгаа юм. Би нэхэмжлэгч Х.Э-ийг хохиролгүй болгох үүднээс үндсэн зээл болох 15,000,000 төгрөгийг хоёр хувааж 2019 оны 04 сарын 15-ны өдрийн дотор цалингийн зээл аваад төлж барагдуулах саналтай байна. Энэ компани манай гэр бүлийн компани бөгөөд бизнес зуучлалын компани юм. Хэрэв би өөрийнхөө зүгээс 2019 оны 04 сарын 15-ны өдрийн дотор зээлийн мөнгийг төлж барагдуулахгүй бол 15,000,000 төгрөг дээрээ 2,000,000-3,000,000 төгрөгийг нэмж өгөх бодолтой байна. Учир нь мэдээж нэхэмжлэгчид уг 15,000,000 төгрөг нь байж байсан бол өөрт нь ашигтай байх байсан. Энэ 15,000,000 төгрөгийг төлөөгүй учраас нэхэмжлэгчид ямар нэгэн байдлаар хохирол учирсан нь мэдээж. Харин алдангийн 7,500,000 төгрөгийг төлөх боломжгүй байгааг харгалзаж үзнэ үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Х.Э нь хариуцагч Б.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь “...15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай хүүгүйгээр зээлүүлсэн. Зээлийг хугацаандаа төлөөгүй учир гэрээнд зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутамд алданги тооцож үндсэн зээл 15,000,000 төгрөг, алдангид 7,500,000 төгрөг, нийт 22,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү...” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлов. 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “...зээлийн гэрээний дагуу 15,000,000 төгрөгийг хүлээн авсан нь үнэн. Энэ мөнгийг 2019 оны 04 сарын 15-ны өдрийн дотор төлөх саналтай байна. Алданги болох 7,500,000 төгрөгийг төлөх боломжгүй...” хэмээн тайлбарлав.

 

Х.Э нь 2018 оны 03 сарын 16-ны өдөр Б.Б-тай зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг 2 сарын хугацаатай буюу 2018 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл, хүүгүйгээр зээлсэн болох нь талуудын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, зээлийн гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт зэргээр нотлогдож байх ба хариуцагч зээлсэн мөнгөний үнийн дүнгийн талаар маргаагүй байна. /хх-6,7/

 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн харилцаа үүссэн гэж үзнэ.

Б.Б нь зээлийн 15,000,000 төгрөгийг 2018 оны 05 сарын 16-ны өдөр төлөх үүргээ үл биелүүлэн, мөн өдрөөс нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан 2018 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтаар нотлогдов.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”, 232.4-т “анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасан болон талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.6 дахь заалтаар анзын хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцохоор тохиролцсон нь хуульд нийцжээ. 

 

Тиймээс гүйцэтгээгүй үүрэг 15,000,000 төгрөг, 2018 оны 05 сарын 16-наас 2018 оны 12 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаа хэтрүүлсэн 219 хоногт  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар буюу хоногт 75,000 төгрөгийн алданги тооцоход  /219х75,000=16,425,000/ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан хэмжээнээс хэтэрч байх тул үндсэн үүрэг 15,000,000 төгрөгийн 50 хувь болох 7,500,000 төгрөгийг алдангид тооцож, нийт 22,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хууль зүйн үндэслэлтэй.

 

Б.Б нь гэрээнд заасан алданги төлөхгүй байх, алдангиас чөлөөлөгдөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, алдангийн хэмжээг талууд гэрээгээр харилцан тохиролцсон, хуулиар хориглоогүй тул талуудын гэрээний чөлөөт байдлын зарчимд шүүх халдах боломжгүй юм.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270,450 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 22,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Э-т олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 270,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид 270,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.Э-т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ