Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/215

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга А.Золзаяа

Улсын яллагч Т.Өсөхболд,

Шүүгдэгч А.******* түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******өд холбогдох эрүүгийн 2236002230213 дугаартай, 178/2022/0203/Э/ индекстэй хэргийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт  төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-1, ганцаараа амьдрах, Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай,урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, ******* ургийн овогт *******ийн *******, регистрийн дугаар: УХ*******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  А.******* нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Гэрэл төв”-ийн хашаан дотор байх хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай тусгайлан хамгаалсан байр болох агуулахад нэвтэрч иргэн Д.*******гийн өмчлөлийн цагаан өнгийн рамтай унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч,

2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт иргэн Б.*******гийн өмчлөлийн “Samsung-А23” маркийн гар утсыг  хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Энхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Баруун бүсийн төв зах дотор байх бэлэн хувцасны лангуунаас хувцас худалдаж аваад зогсож байтал нэг танихгүй залуу “унадаг дугуй зарна” гэхээр нь тэр залуугаас унадаг дугуйг 150000 төгрөгөөр худалдаж авсан.2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр над руу цагдаагийн газраас яриад тухайн унадаг дугуй нь хулгайнх байсныг хэлсэн.2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр унадаг дугуйг цагдаагийн газраас хурааж аваад явсан...гэх мэдүүлэг / хэргийн 9-р хуудас/

Хохирогч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 06 дугаар сарын сүүлээр захын урд байрлах Гэрэл төвийн хажуу талын дэлгүүрийн арын өрөөнд байх складанд өөрийнхөө цагаан өнгийн унадаг дугуйг үлдээсэн байсан.2022 оны 07 дугаар сарын 23-ны орой очиж үзэхэд дугуй маань алга болсон байсан. Түүнээс хойш хөдөө баяр наадам гэж явж байгаад цагдаагийн газарт мэдэгдэж амжаагүй юм.Би дугуйгаа 2020 онд Баруун бүсийн төв захаас 520000 төгрөгөөр худалдаж авч байсан, цагаан өнгийн рамтай, хар суудалтай, рам дээрээ усны сав хийх зориулалттай бэхэлгээтэй, улаан цэнхэр өнгийн GL гэсэн бичигтэй дугуй байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 12-13-р хуудас/

Гэрч Б.Цэрэндаваагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... манай нэг таньдаг ах болох Д.Баттулга 2022 оны 06 дугаар сарын сүүлээр манай дэлгүүрийн агуулахад унадаг дугуйгаа үлдээсэн юм. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би агуулахад ороход дугуй байсан.2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Д.Баттулга ах над руу яриад “ миний дугуй хаана байна, агуулахад дотор алга” гэхээр нь орж харахад дугуй алга болсон байсан. 2014 оны үед намайг Дарви суманд ажиллаж байхад надтай хамт ажиллаж байсан А.******* авсан байх гэж бодож байна.Учир нь уг дугуй алга болохоос 2-3 хоногийн өмнө А.******* манай дэлгүүрт орж ирээд “ бие засах гэсэн юм  00 орж болох уу” гэхээр нь дэлгүүрээс хойшоо хашаа руу нэвт гараад агуулах хэсгээр дамжаад дэлгүүрийн хашаанд байх нойлыг зааж өгсөн юм. Тэгэхэд агуулахад байсан дугуйг харсан байх. Манай эхнэр хүүхдээс өөр хүн тэгж агуулахаар дамжин хашаа руу ордоггүй.2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр манай эхнэр Н.Цолмон амаржсан юм.Би дэлгүүрээ цоожлоод агуулахаа цоожлохоо мартаад 10 цагийн үед эмнэлэг явчихаад 12 цагийн үед ирсэн. Энэ хугацаанд дугуй алга болсон байх...гэх мэдүүлэг / хэргийн 18-19-р хуудас/

Гэрч Д.Баттулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...би 2022 оны 6 дугаар сарын 27,28-ны үеэр дугуйгаа унаж явж байгаад хий нь сулдаад байхаар нь хамт ажилладаг Цэрэндаваагийн “Гэрэл төв”-ийн хажуугийн хашаанд байх дэлгүүрийн агуулахын өрөөнд нь оруулж тавьсан. 2022 оны 07 дугаар сарын 21,22-ны үед очиж үзэхэд дугуй байсан. 24-ний өдөр очиход байхгүй байсан.Цэрэндаваагаас асуухад алга болсныг нь мэдээгүй байсан.Уг дугуй нь манай эхнэрийн дугуй, цагаан рамтай, баруун дөрөөний хамгаалалт нь хугарчихсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 23-р хуудас/

Гэрч Д.Ханбүргэдийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Д.Энхтуяа эгчид 150000 төгрөг зээлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 25-р хуудас/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 28-30-р хуудас/

Эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн...GL маркийн унадаг дугуй- 372000төгрөг...гэх дүгнэлт / хэргийн 36-р хуудас/

Эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 42-43-р хуудас/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 45-47-р хуудас/

Эд зүйл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 48-р хуудас/

Д.Энхтуяагийн ХААН банкны дансны хуулга /хэргийн 49-р хуудас/

Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 52-р хуудас/

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 54-57-р хуудас/

Таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 58-61-р хуудас/

Шүүгдэгч А.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн... би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай өмгөөлөгч Улаанбаатар хотод байгаа учраас би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгнө... гэх мэдүүлэг / хэргийн 79-р хуудас/

 

2. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хэргийн 82-р хуудас/

Хохирогч Б.Есүхэйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 07 дугаар сарын 25-ны үеэр А.******* гэдэг залуутай танилцсан.2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай 2 найзтай хамт А.******* бид дөрөв миний машинтай дээшээ явж архи ууж байгаад буцаад явж байтал А.******* “би энэ постны хажууд буучихья, хүнтэй уулзана” гэхээр нь буулгачихаад явж байсан.Удалгүй миний машины хөгжимтэй холбочихоод хөгжим сонсоод явж байсан утас дуугарахаа больчихоор нь гайхаад өөрийнхөө утас руу залгахад хэсэг дуудаж байгаад больчихсон.Тэгээд А.*******ийг буухдаа аваад буучихаж гэж бодоод түүнийг хайгаад цэргийн ангийн ар талд явж байхаар нь очоод “ миний утас хаана байна, утас өгөөдөх” гэсэн чинь “ би аваагүй” гээд ноцолдож байхад манай найз Бат-Эрдэнэ ирээд халаасыг нь үзэх гэтэл түүнийг өшиглөж унагаад миний гарыг хүчээр тавиулаад зугтчихсан.Бид нар араас нь хөөж явж байгаад машиндаа суулгаж яваад 36 айлын дэлгүүрээс юм авах гээд буух хооронд А.******* зугтчихсан. 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр А.******* миний гар утсыг барьчихсан манай хүргэн ах Батжаргалын лангуун дээр ирээд “ утас зарна, жинсэн хүрэмээр солино” гээд явж байхад нь хажуу дахь лангуунаас нь манай дүү Одонсувд миний утсыг таньчихаад аваад үзэж байхад нь А.******* булааж аваад зугтчихсан байгаа юм. 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой А.******* зах дээр явж байхад нь барьж аваад Цагдаагийн газарт аваачиж өгсөн...Миний гар утсыг захын доод талын Таван эрдэнэ зоогийн газрын  хажуу талын дэлгүүрт 200000 төгрөгний барьцаанд тавьсан гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хэргийн 86-87-р хуудас/

Гэрч Д.Улаанаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 30 орчим насны залуу орж ирээд “ утас зарах гэсэн юм “ гэхээр нь утсыг нь 320000 төгрөгөөр авахаар болоод нөгөө залуу гарч яваад 1-2 цагийн дараа орж ирээд Энхтайван гэх хүний дансны дугаар өгөөд тэр данс руу нь мөнгийг шилжүүлсэн. Би тэр залуугаас хулгайн утас биш биз гээд нэрийг нь асуухад надад Ээгий гэж нэрээ хэлсэн.Би зургийг нь харвал танина, манай дэлгүүрт орж ирээд их удаан зогссон. Би тэр утсыг нь өөрийнхөө сим карт хийгээд барьж байгаа... гэх мэдүүлэг / хэргийн 89-р хуудас/

Гэрч Ч.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой  *******гийн машинтай Батжаргал бид гурав явж байгаад ******* гэх залуутай Тамхи-Со  дэлгүүрийн ойролцоо таараад барьж аваад машинд суулгаад 80 айлын байранд очиж *******гийн дүүтэй уулзуулахад Б.*******гийн дүү “ утас зарна гээд явж байсан залуу мөн байна” гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хэргийн 92-93-р хуудас/

Иргэний нэхэмжлэгч Д.Улаанаагийн өгсөн... намайг цагдаагийн газарт ирж мэдүүлэг өгөхөд А.******* цагдаагийн өрөөнд байхаар нь “ чи яасан муухай залуу бэ,өөрийнхөө утас гэж надад хэлээд зарсан яав чи” гээд мөр лүү нь цохиод авсан чинь юм дуугараагүй. Хэд хоногийн дараа нөгөө залуу манай далгүүрт орж ирээд “ уучлаарай эгч таны мөнгийг өгөх гэсэн юм” гээд надад 320000 төгрөг бэлнээр тоолж өгсөн. Надад одоо гомдол санал алга мөнгөө буцааж авсан... гэх мэдүүлэг / хэргийн 96-97-р хуудас/

Д.Улаанаагийн дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 100-101-р хуудас/

Galaxy А23 маркийн гар утсыг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 104-109-р хуудас/

Гэрч Н.Цэндхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...манай хүү “утсаа хулгайд алдчихлаа, хамт архи уусан хүн нь машинаас хулгайлаад аваад явчихаж” гэж хэлсэн. А.******* гэх хүнтэй уулзаад “ хүүхдийн утас яагаад авч байгаа юм бэ, утас нь хаана байна” гэхэд “дэлгүүрийн худалдагчид зарсан байгаа, аваад өгнөө” гэж хэлсэн... гэх мэдүүлэг / хэргийн 115-116-р хуудас/

Гэрч Д.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр зах дээр хувцас зараад зогсож байтал 30 орчим насны залуу ирээд “ гар утсаар яак солих уу” гэхээр нь  хажууд хувцас зардаг охинд тэр утсыг үзүүлээд “ энэ утсыг үзээд өгөөч ажиллаж байна уу” гэхэд тэр охин “ энэ чинь манай ахын утас байна” гэхэд тэр залуу утсыг булаах шахам аваад явсан... гэх мэдүүлэг / хэргийн 122-123-р хуудас/

Ч.Энхтайваны ... тоот дансны дэлгэрэнгүй хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл / хэргийн 127-128-р хуудас/

Гэрч Ч.Энхтайваны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 08 дугаар сарын 02-ны орой эмнэлгийн урд талын таксины зогсоол дээр зогсож байтал өндөр нуруутай хар хөх цамцтай залуу ирээд жолооч нараас ”карттай хүн байна уу” гээд асуугаад явж байхаар нь би “ надад карт байгаа” гэхэд миний дансыг бичүүлж аваад явсан. Удалгүй миний дансанд 200000 төгрөг орж ирсэн. Нөгөө залуу ирээд би таны данс руу мөнгө хийлгэчихлээ гэхээр нь өөрт бэлэн байсан 100000 төгрөгийг өгөөд захын дээд талын АТМ- ээс очиж 100000 төгрөгийг авч өгөөд буцаад эмнэлэгт ирж буугаад таксиний мөнгө гээд 5000 төгрөг өгөөд явсан. Би тэр хүнийг эмнэлэгт хэвтэж байгаа хүн юм байх гэж бодсон... гэх мэдүүлэг / хэргийн 130-131-р хуудас/

Эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн...Samsung Galaxy А23 маркийн гар утас / хэрэглэж байсан/ -550000 төгрөг... гэх үнэлгээ / хэргийн 134-135-р хуудас/

Сэжигтнийг баривчилсан тухай тэмдэглэл / хэргийн 150-151-р хуудас/

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт / хэргийн 177-178-р хуудас/

Шүүх сэтгэцийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №20 дугаартай... А.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай...гэх дүгнэлт / хэргийн 183-184-р хуудас/

“Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай”  прокурорын тогтоол / хэргийн 207-208-р хуудас/

Шүүгдэгч А.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна, мэдүүлэг өгөхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 169-170-р хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт:”...би Б.*******тэй машин дотор явж байхдаа хэрэлдээд би Б.*******гийн утсыг аваад буусан. ...захын хажууд хашаан дотор байсан амбаараас унадаг дугуйг авсан...”гэж мэдүүлэв.

Шүүгдэгч А.******* нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг ” Гэрэл” төвийн хашаан дотор байх Б.Цэрэндаваагийн эзэмшлийн агуулахаас Б.*******гийн унадаг дугуйг, мөн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт Б.*******гийн Samsung Galaxy А23 маркийн гар утсыг тус тус хулгайлсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч А.*******өд холбогдох 2 удаагийн хулгайлах гэмт хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 35 дугаартай Прокурорын тогтоолоор нэгтгэж  ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч А.*******ийн 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг ”Гэрэл” төвийн хашаан дотор байх Б.Цэрэндаваагийн эзэмшлийн агуулахаас Б.*******гийн унадаг дугуйг хулгайлсан үйлдэл нь “тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангасан, харин  2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт Б.*******гийн “Samsung Galaxy А2”3 маркийн гар утсыг хулгайлсан үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан байх бөгөөд прокуророос тус тусад нь зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч А.******* нь хохирогч Д.*******гийн унадаг дугуйг хулгайлж Д.Энхтуяад зарсан мөн хохирогч Б.Есүхэйгийн гар утсыг хулгайлж Д.Улаанаад зарсан үйлдлүүдээс үзэхэд,  амар хялбар аргаар мөнгө олох зорилготой шууд санаатай, шунахайн сэдэлтээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

Шүүгдэгч А.******* нь ажил хөдөлмөр эрхэлдэггүй,өөрийн орлого байхгүй, мөнгөгүй  байдал  нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх  шалтгаан нөхцөл нь болсон гэж  үзлээ.

Шүүгдэгч А.*******  нь хохирогч Д.*******гийн унадаг дугуйг Б.Цэрэндаваагийн агуулахаас буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Д.*******гийн мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч  Д.Энхтуяагийн мэдүүлэг, гэрч Д.Баттулга, Д.Ханбүргэд нарын мэдүүлэг, эд мөрийн баримт хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хаан банкны дэлгэрэнгүй хуулга, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар, хохирогч Б.*******гийн гар утсыг хулгайлсан болох нь хохирогч Б.*******гийн мэдүүлэг, гэрч Б.Цэрэндаваа, Д.Баттулга, Д.Улаанаа, Ч.Бат-Эрдэнэ,Н.Цэндхүү, Д.Батжаргал нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Д.Улаанаагийн банкны дансны хуулга,эд зүйл үнэлсэн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан ба шүүгдэгч А.*******ийн 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг ”Гэрэл” төвийн хашаанд байрлах Б.Цэрэндаваагийн эзэмшлийн агуулахаас Б.*******гийн унадаг дугуйг хулгайлсан үйлдэл мөн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт Б.*******гийн “Samsung Galaxy А2”3 маркийн гар утсыг хулгайлсан үйлдлүүд  нь дээрхи хуулийн заалтад хамаарч байх тул шүүгдэгчийг үргэлжилсэн  үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж хүндрүүлэх шинжээр нь гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 Иймд шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцов.

 

                            Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч А.*******ийг нь тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар, нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар түүнд  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч А.*******өд   эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч А.*******  урьд Сум дундын 25 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 189-р хуудас/, шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.

 

            Шүүгдэгч А.*******ийн хувийн байдлын талаар гэрч О.Цэцэгмаагийн өгсөн... А.******* нь айлын том хүүхэд, дороо нэг дүүтэй.Сургуульд сураагүй харин Говь-Алтай аймагт цэргийн алба хаасан.Аав, ээж нь нас барсан.А.******* нь уг дуу цөөтэй, тусч хүүхэд байсан.... гэх мэдүүлэг /хэргийн 173-р хуудас/,шүүгдэгч А.*******ийн  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч А.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жилийн хорих ял оногдуулах,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсгүүдэд зааснаар түүний цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох,  хохирогч Д.Энхтуяад учруулсан 150000 төгрөгийг төлж барагдуулаагүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эрүүгийн 2236002190200 дугаартай хэргийг нэгтгэснийг  дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэгээс: Шүүгдэгч нь гэм буруугийн асуудал дээр маргахгүй байгаа. Хохирлын  150000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа. Шүүгдэгч нь хувийн байдлын хувьд ам бүл 1, айлын мал маллаж амьдардаг зэрэг байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх санал, дүгнэлт гаргасан.

 

 Шүүгдэгч А.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн...” гэх нөхцөл байдлыг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Шүүхээс: Шүүгдэгч А.*******ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн болон өмгөөлөгчийн санал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч А.*******өд 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******өд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон 85 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.******* нь хохирогч Д.*******д 372 000 төгрөгний хохирол хохирогч Б.*******д 550 000 төгрөгний хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Энхтуяад 150 000 төгрөгний хохирол тус тус учруулсан нь тогтоогдсон.

Хохирогч Д.******* “...дугуйгаа эргүүлж авсан, нэхэмжлэх зүйлгүй...” гэх, хохирогч Б.******* “...гар  утсаа бүрэн бүтэн буцааж авсан болохоор одоо нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлгүүдээр шүүгдэгчийг хохирогч Д.*******, Б.******* нарт төлөх төлбөргүй гэж үзнэ.

Харин иргэний нэхэмжлэгч Д.Энхтуяа нь “...150000 төгрөгний хохирлоо гаргуулж авмаар байна...” гэж мэдүүлсэн ба шүүгдэгч иргэний нэхэмжлэгчид хохирлыг төлөөгүй нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.*******өөс  150 000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Энхтуяад олгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 2236002230213 дугаартай хэрэгт эд мөрийн баримаар ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хадгалах, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.2,36.2,36.6-36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар,хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* ургийн овогт *******ийн *******өд 02 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгэгч А.*******өд оногдуулсан 02 /хоёр/ жил 06/зургаа/сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ийн цагдан хоригдсон 85 /наян тав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч А.*******өөс 150000 / нэг зуун тавин мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Д.Энхтуяад олгосугай.

 

6.Эрүүгийн 2236002230213 дугаартай хэрэгт эд мөрийн баримаар ирсэн 1 ширхэг CD-г хэрэг хадгалагдах хугацаагаар хадгалж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч А.Төртөсөд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС