Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 141

 



 

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2019/00141

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Н.Д-ийн нэхэмжлэлтэй, 

            Хариуцагч: МОХНН УБТЗ холбогдох,

 МОХНН УБТЗ-ынСайншанд худалдааны төвийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Сайншанд худалдааны төвийн Замын-Үүд хэсгийн Жинчин зочид буудлын ээлжийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д, түүний өмгөөлөгч Н.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 Нэхэмжлэгч Н.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Д нь МОХНН нийгэмлэгийн Аялал жуулчлалын товчооны Замын-Үүд дэх Жинчин зочид буудлын жижүүрээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж хөдөлмөрийн сахилгын шийтгэл хүлээж байгаагүй. Гэтэл МОХНН нийгэмлэгийн Сайншанд Худалдааны төвийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Тушаалын ТУШААХ нь хэсэгт Замын-Үүд хэсгийн Жинчин зочид буудлын ээлжийн жижүүр Н.Днь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэлгүй үйлчлүүлэгчид хүндрэл үүсгэж, ёс зүйн зөрчил удаа гарган байгууллагын нэр хүндийг унагасан, зөрчлийг нуун дарагдуулсан, тодорхойлолтыг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс тасалбар болгон ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсугай. гэж тусгасан. Н.Д-тай2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан байдаг бөгөөд тус гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчлүүдийг тусгасан. 13 зүйл бүхий сахилгын ноцтой зөрчлүүдийг Н.Днь гаргаагүй бөгөөд гэрээнд заасан нөхцөл байдлуудыг шалгаж тогтоолгүйгээр үндэслэлгүйгээр хөдөлмөрийн гэрээг нь цуцалсан. Н.Днь ганц бие өрх толгойлсон эмэгтэй бөгөөд хамт олондоо нэр хүндтэй ажил үүргээ гүйцэтгэж ирсэн. Иймд Монгол Оросын хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн Сайншанд худалдааны төвийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 тоот Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаалыг хүчингүй болгуулах, Сайншанд худалдааны төвийн Замын-Үүд хэсгийн Жинчин зочид буудлын ээлжийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Дшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Улаанбаатар төмөр замын харьяа Сайншандын Жинчин буудалд 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн тушаалаар ээлжийн жижүүрийн ажилд орсон. Ажиллаж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажлаас халагдсан. Ёс зүйн зөрчил дутагдал удаа дараа гаргасан гэх үндэслэлээр намайг ажлаас халсан. Би ажлаас халсан тушаалтай санал нийлэхгүй байгаа. Иймд МОХНН УБТЗ-ынСайншанд худалдааны төвийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Сайншанд худалдааны төвийн Замын-Үүд хэсгийн Жинчин зочид буудлын ээлжийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э , П.М нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Жинчин буудлын ээлжийн жижүүр Н.Днь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн тушаалаар хүүхэд асрах чөлөөтэй н.Болор-Эрдэнэ гэх эмэгтэйн оронд манай байгууллагад шилжиж ирсэн. Н.Днь 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сар хүртэл нилээдгүй зөрчил дутагдал удаа дараа гаргаж байсан. Үүнийг нотлох баримт болгож бичиж ирүүлсэн. 2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-ны өдөр ээлжийн жижүүрт гарч байхдаа тухайн үед ашиглагдахгүй байсан үндсэн хөрөнгө болох телевизорыг хулгайгаар авч гарсан байсан нь нотлогддог. Үүнийг тухайн үеийн нягтлан бодогч нь мэдэж, өөрөөс нь тодорхойлолт тайлбарыг нь авахуулаад, буцааж авчирч байгууллагыг хохиролгүй болгосон. Мөн 2 дугаар сард тухайн буудлын дэлгүүрийг хариуцаж ажиллаж байхдаа 223,650 төгрөгийн дутагдал гаргасан. Уг үйлдлээ өөрийнхөө буруугаас болсон гэдгээ хүлээж, дахин алдаа дутагдал гаргахгүй гээд мөн тооллогын бүртгэлийнхээ ард талд бичиж тодорхойлолт тайлбараа өгсөн. 04 сард Н.Днь ээлжийн жижүүрт гарч байхад манай Улаанбаатар төмөр замын Худалдаа үйлчилгээний албаны байцаагч нар шалгалтаар очиж ажиллахад мөн ёс зүйн зөрчил гарган, өөрийн харьяа шууд удирдах ажилтан болох менежер н.Цэрэндоржид буруу ойлголт төрүүлж, ёс зүйн зөрчил гаргасан байдаг. Үүнд нь замын орлогч дарга н.Хүрэлбаатар гомдол гаргаж, дотоод аудитын албаар шалгуулж байсан тохиолдол гарч байсан. 05, 06 дугаар сард өөрийн хариуцаж байсан мөнгө төгрөгийг шамшигдуулж, санхүүгийн тайлангаар дутагдалтай гарч байсан. Буудлын орлого бол шууд тушаагддаг орлого. Гэтэл гар дээрээ авч үлдээд сүүлд нь тооцоо актаар баталгаажуулж төлдөг байсан. 06 дугаар сард буюу өөрийнх нь жижүүртэй өдөр 306 номерийн өрөөний станц алга болсон. Энэ станц нь манай байгууллагын өмч хөрөнгө. Энэ станц нь Н.Должмаагийн ээлжин дээр алга болсон нь мэдэгдсэн. Ажлаас халагдсаныхаа дараа буюу 9 дүгээр сард уг станцаа байгууллагадаа буцаан авчирч өгсөн байдаг. Байгууллагын санал хүсэлтийн дэвтэрт буудалд байрлаж байсан үйлчлүүлэгч нараас Н.Должмаагийн тухай 4 гомдол бичсэн байдаг. Гэтэл Н.Днь буудалд байрлаж байсан үйлчлүүлэгчдийн гомдол бичсэн байсан хуудсыг өөрөө дур мэдэн авсан байсан. Санал хүсэлтийн дэвтэр бол хатуу тооцоотой, дугаартай дэвтэр байдаг. Гэтэл энэ дэвтрийг урж авсан байсныг нь манай худалдаа үйлчилгээний албаны эдийн засагч дотоод ажил шалгаж явахдаа мэдээд дэвтрийн хуудас урсан байна, ямар учиртайг тодруул гэж надад үүрэг даалгавар өгсний дагуу би өөрөөс нь тодруулж, урж авсан байсныг нь буцааж авсан. Урсан байсан хуудсыг нь авахад дандаа өөрийнх нь ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс үүдээд үйлчлүүлэгч нараас ирүүлсэн гомдол санал байсан. Уг дэвтрийг миний удирдлага менежер н.Цэрэндорж гэж хүн ав гэж хэлсэн гээд худал мэдүүлсэн. Энэ талаар н.Цэрэндоржоос асуухад би ав гэж хэлээгүй, өөрөө дур мэдэн авсан байна. Худлаа намайг гүтгэсэн байна гэж тодорхойлолт бичиж өгснийг нь нотлох баримтад хавсаргасан. Мөн манай буудлын нэгдүгээр давхарт түрээслэгч нар ажилладаг. Түрээслэгч нар Н.Должмаагийн талаар ер нь их хов жив хөөцөлддөг, үйлчлүүлэгч болон түрээслэгч нарыг хүүхэд шиг загнаж аашилдгаас болж эв түнжин хагарч байна. Энэ хүн үйлчилгээний ажилд тохирохгүй байна гэж гомдол гаргаж байсан. өөртэй нь адил ээлжийн жижүүр хийдэг н.Одхүрэл гэж эмэгтэй байгаа. Энэ эмэгтэйг удаа дараа хэл амаар доромжилж, буудлын дэлгүүрийн орлогоо өг гэхэд өгөхгүй байх жишээний ёс зүйн болон санхүүгийн сахилгын зөрчил удаа дараа гаргаж байсан учраас би арга хэмжээ тооцсон. Н.Должмаагийн эдгээр үйлдлүүд дээр ёс зүйн хорооны дүгнэлт гаргаж өгөөч гэж худалдаа үйлчилгээний албанд хүсэлт гаргасны дагуу ёс зүйн хорооны дүгнэлт гарсан. Би мөн өөрийг нь шуурхайд байлцуулж, тушаал шийдвэрийг нь гаргаад, ажлаас халах сахилгын шийдвэр ногдуулсан. Би гаргасан тушаал шийдвэрээ зөв гэж бодож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Днь МОХНН УБТЗ-дхолбогдуулан МОХНН УБТЗ-ынСайншанд худалдааны төвийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 тоот тушаалыг хүчингүй болгуулах, Сайншанд худалдааны төвийн Замын-Үүд хэсгийн Жинчин зочид буудлын ээлжийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хариуцагч МОХНН УБТЗ-нСайншанд худалдааны төвийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 дугаар тушаалаар, МОХНН УБТЗ-нЗамын-Үүд хэсгийн Жинчин зочид буудлын ээлжийн жижүүр Н.Должмааг Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлэлгүй үйлчлүүлэгчид хүндрэл үүсгэж, ёс зүйн зөрчил удаа дараа гарган байгууллагын нэр хүндийг унагасан, зөрчил нуун дарагдуулсан, тодорхойлолтыг цаг тухайд нь гаргаж өгөөгүй хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 11.1.2.(7),11.1.2.(9), 11.1.2(10), Ёс зүйн дүрмийн 2.3, 2.8, 2.15 дахь заалт, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сайншанд худалдааны төвийн даргын удирдан хийсэн шуурхай хурлын шийдвэрийг үндэслэн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т Хөдөлмөрийн гэрээг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно, 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэж заажээ.

 

Нэхэмжлэгч ...ажлаас үндэслэлгүй халсан гэж, хариуцагч ...2018 оны 01 дүгээр сарын 25-наас 26-ны өдөр ээлжийн жижүүрт гарч байхдаа тухайн үед ашиглагдахгүй байсан үндсэн хөрөнгө болох телевизорыг хулгайгаар авч гарсан, 2018 оны 02 дугаар сард тухайн буудлын дэлгүүрийг хариуцан ажиллаж байхдаа 223,650 төгрөгийн дутагдал гаргасан, 2018 оны 04 дүгээр сард ээлжийн жижүүрт гарч байхад Худалдаа үйлчилгээний албаны байцаагч нар шалгалтаар очиж ажиллахад ёс зүйн зөрчил гарган, өөрийн харьяа шууд удирдах ажилтан болох менежер н.Цэрэндоржид буруу ойлголт төрүүлж, ёс зүйн зөрчил гаргасан, 2018 оны 05, 06 дугаар сард өөрийн хариуцаж байсан мөнгө төгрөгийг шамшигдуулсан, 2018 оны 06 дугаар сард жижүүртэй өдрөө 306 номерийн өрөөний станц алга болсон, байгууллагын санал хүсэлтийн дэвтэрт буудалд байрлаж байсан үйлчлүүлэгч нараас Н.Должмаагийн тухай 4 гомдол бичсэн, буудлын нэгдүгээр давхрын түрээслэгч нар Н.Должмаагийн талаар их хов жив хөөцөлддөг, үйлчлүүлэгч болон түрээслэгч нарыг хүүхэд шиг загнаж аашилдгаас болж эв түнжин хагарч байна. Энэ хүн үйлчилгээний ажилд тохирохгүй байна гэх гомдол гаргаж байсан. Н.Днь хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, байгууллагын санал хүсэлтийн дэвтэрт буудалд байрлаж байсан үйлчлүүлэгч нараас бичсэн гомдлыг авч нуун дарагдуулсан, үйлчлүүлэгч нартай ёс зүйгүй харилцсан нь хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гэж тус тус тайлбарлан маргасан.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ...ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Мөн давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулсан бол 1 жилээс, хүлээлгээгүй бол 6 сараас хэтрэхгүй байна.

 

Ажилтан сахилгын зөрчил гаргасан бол эдгээр нь тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай бөгөөд сахилгын зөрчил давтан гаргасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах бол дээр дурдсанчлан хөөн хэлэлцэх хугацааг баримтална.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Тооцооны акт №01-08, 2018 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн Тооцооны илүүдэл ба дутагдлын талаар эд хариуцагчаас өгсөн тайлбар ба амлалт, тайлбар, тодорхойлолт, Сайншанд худалдааны төвийн захиргаанд Л.Гэрэлмаа, Э.Одхүрэл, н.Ганзориг, Б.Мөнхцэцэг нараас гаргасан өргөдөл, тайлбар, тодорхойлолт зэргээр нэхэмжлэгч Н.Днь хэзээ, ямар сахилгын зөрчил гаргасан, эдгээр баримтыг нь ямар зөрчилд, хэзээ үйлдэгдсэн нь тодорхойгүй байна. /хх-ийн 37-50 дугаар тал/

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэгт ажилтан ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажил хэргийн нэр хүндийг гутаах зэрэг түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагавар бий болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байхыг ойлгох бөгөөд ажил олгогч нь ажилтны гаргасан зөрчлийг тогтоосон байх, хариуцлага нь зөрчилд нь тохирсон байхыг шаардана. Үүний зэрэгцээ хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилд юу хамаарах талаар ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд тодорхой тусгана.

 

Талуудын байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлд хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох, цуцлах талаар тусгасан байх бөгөөд гэрээний 5.3.3-т Ажлын байранд танхайрах, хэрүүл маргаан үүсгэх, бусдыг өдөөн хоргоох, айлган сүрдүүлэх, цээртэй үгээр доромжлох, ажилтнуудыг үл хүндэтгэх, ажилтан албан хаагчдыг өөрийн эрхшээлд байхыг шаардах, бэлгийн дарамт үзүүлэх ёс зүй зөрчил гаргасан нь Ёс зүйн хорооны дүгнэлтээр тогтоогдсон гэж тусгасан байна.

 

Нэхэмжлэгч Н.Д2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Замын-Үүд хэсгийн Жинчин зочид буудалд ээлжийн жижүүрээр ажиллаж байх үедээ үйлчлүүлэгчтэй харилцахдаа зан харилцааны дутагдал гаргасан нь Санал хүсэлтийн дэвтэрт бичигдсэн санал, хүсэлтээр нотлогдож байна. /хх-ийн 28-29 дүгээр тал/ Түүнчлэн Санал хүсэлтийн дэвтэр дээрх үйлчлүүлэгчдээс бичсэн санал, хүсэлтийг байгууллагын шалгалтын үер салган авсан болохыг нэхэмжлэгч үгүйсгээгүй.

 

Дээрх үйлдлийг зөрчилд тооцох боломжтой хэдий ч ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгасан ноцтой зөрчлийн талаарх зохицуулалттай харьцуулан дүгнэвэл зөрчилд ногдуулсан сахилгын шийтгэл Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах ноцтой зөрчилийн талаарх зохицуулалтад нийцэхгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Н.Д-г МОХНН УБТЗ-ынСайншанд худалдааны төвийн Замын-Үүд хэсгийн Жинчин зочид буудлын ээлжийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоолгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ МОХНН УБТЗ-ынСайншанд худалдааны төвийн даргын 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 154 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байх боловч шүүх хуралдаанд энэ шаардлагыг ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэл гэж тодорхойлсон болохыг дурдах нь зүйтэй.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг ажил олгогч олгох үүрэгтэй.

 

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл /Нийгмийн даатгалын дэвтэр, Цалингийн карт дээрх 2018 оны 06, 07, 08 дугаар сарын цалингийн бичилтээр 3 сарын дундаж цалин, хөлс 2,550,227 төгрөг, нэг сарын дундаж цалин 850,076 төгрөг, нэг хоногт ногдох цалин 39,538 төгрөг, ажилгүй байсан 120 хоног = 4,744,608 төгрөг/ 4,744,608 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй. /хх-ийн 4, 100 дүгээр тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46.2-т ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Д-г МОХНН УБТЗ-ынСайншанд худалдааны төвийн Замын-Үүд хэсгийн Жинчин зочид буудлын ээлжийн жижүүрийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 2,607,324 төгрөгийг хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Должмаагийн ажилгүй байсан хугацаанд Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч МОХНН УБТЗ-ддаалгасугай.

 

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Днь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас улсын тэмдэгтийн хураамжид 90,864 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР