Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 2022/ШЦТ/980

 

 2022        10          19                                      2022/ШЦТ/980    

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0944/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Галхүү,

улсын яллагч Д.Мөнхтогоо,

шүүгдэгч С.Д /өөрийгөө өмгөөлж/  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Д-д холбогдох эрүүгийн 2209000001424 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүхдийн   хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг, ***  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай С.Д

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч С.Д нь 2022 оны 7 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны 15 тоотод Г.Т-н эрх чөлөөнд халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Хавтаст хэргээс:

Хохирогч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 7 сарын 29-ний өдөр 13-14 цагийн үед би У** гэх оюутан ангийн хүүхдийн гэрт буюу Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо *** байранд очсон тэгээд юм яриад сууж байхад гэнэт гэрийнх нь хаалга дуугараад У***н найз гэх бадриун биетэй эрэгтэй хүн 16-17 цагийн үед орж ирсэн, тэгээд намайг хараад чи У***н юу юм гэхээр нь би толгойгоо дараад доош болоход толгойн ар хэсэг, дагз хэсэг рүү цохиод байсан, тэгээд өвдгөөрөө цохиод өшиглөсөн тэгэхэд миний шүд хугарсан. Тэгснээ намайг чи Урангоогоос уучлал гуй,чи гэр бүл салгаснаа мэдэж байна уу гээд намайг өвдөг сөгдүүлээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал)

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 10615 дугаартай “... Г.Т-н биед тархи доргилт, баруун нүдний дотор булан, доод зовхи, хоёр мөрөнд цус хуралт, хоншоор дух, дагзанд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 3-р шүдний эмтрэл зэрэг гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 12-13 дахь тал)

 

Яллагдагч С.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би энэ өдөр буюу 29-ний шөнө 30-ны өглөө гэсэн үг. Шөнө 02 цагт би У***н гэрт яваад орсон чинь нэг жоохон банди байж байхаар нь би түүнд хандан чи хүний амьдралаар тоглосон гэж хэлээд 2 удаа алгадсан. Би тэр залууг У***н өмнө сөгдүүлж байгаад түүнээс уучлалт гуйлгаад би өөрөө гэрээс нь гараад явсан... Г.Т-н биед учирсан гэмтлийг би учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх  тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч С.Д-н хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч С.Д нь 2022.07.29-с 30-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод урьд хамтран амьдарч байсан У***тай хамт байлаа гэх хардалтын шалтгаанаар хохирогч  Г.Т-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун нүдний дотор булан, доод зовхи, хоёр мөрөнд цус хуралт, хоншоор дух, дагзанд зөөлөн эдийн няцрал, дээд үүдэн 3-р шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байх бөгөөд шүүгдэгч С.Д нь шүүх хуралдаанд гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно. 

 

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч С.Д-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч С.Д-н хувьд бусадтай хэрүүл зодоон үүсгэж зүй бус ааш авир гаргаж, урьд хамтран амьдарч байсан эмэгтэйтэй нь хамт байсан гэх хардалтын шалтгаанаар хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь халдан зодож цохиж байгаа балмад түрэмгий, хэрцгий зан байдал нь шууд нөлөөлжээ.

 

Иймд шүүгдэгч С.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Г.Т нь “нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэсэн бөгөөд хавтаст хэрэгт нотлох баримтаар хохирол төлбөр нэхэмжлээгүй бөгөөд цаашид шүүгдэгч С.Дын үйлдсэн гэмт хэргийн улмаас үүссэн хор уршиг хохирол төлбөрийн асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч С.Д-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох санал гаргасан бөгөөд шүүгдэгч С.Д-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч С.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д-г 600 /зургаа зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч С.Д-д оногдуулсан 600 /зургаа зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 / зургаан зуун мянга / төгрөгөөр торгох ялыг 3 сарын  хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Г.Т нь шүүгдэгч С.Д-н үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

 6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч С.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Ж.БОЛДБААТАР