Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/185

 

                                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Нандинцэцэг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтанзул

Улсын яллагч Б.Төрболд

Шүүгдэгч Ө.Мягмардорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Мягмардоржид холбогдох 2223000000185 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Отгон суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг,  Завхан аймгийн Отгон сум, Буянт 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Тээдээ овогт Өлзий-Очирын Мягмардорж /Регистрийн дугаар: ИЙ00250813/

Шүүгдэгч Ө.Мягмардорж нь 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын Буянт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Отгонтэнгэр уулын өвөрт иргэн П.Базардаргиагийн гээгдүүлсэн цагаан өнгийн “Самсунг А-51” маркийн гар утсыг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж  заасан журмын дагуу хохирогч П.Базардаргиад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох:

Хохирогч П.Базардаргиа нь 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын Буянт 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Отгонтэнгэр уулын өвөрт цагаан өнгийн “Самсунг А-51” маркийн гар утсаа гээгдүүлсэн нь  энэ талаар мэдүүлсэн хохирогч П.Базардаргиагийн “...2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг Отгонтэнгэр хайрхны өвөрт ... эхнэр Г.Банзрагч, хадам ах П.Отгонбаяр, хадам эгч Д.Энхнасан зэрэг хүмүүстэй явж байсан. Би хамгийн сүүлд Мэлхий хадан дээр очиж зогсохдоо утсаа үзэхэд машин дотор миний утас байсан. Тэгээд хайрхны өвөрт сүлжээгүй байсан болохоор нэг их анзаараагүй. Тэгээд тухай өдөр Отгон суманд ирээд утсаар ярих гэтэл гар утас байхгүй гар утсаа алдсанаа мэдсэн...” гэсэн мэдүүлгээр, түүний мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч П.Отгонбаяр, Д.Энхнасан, Г.Банзрагч нарын мэдүүлгээр тогтоогдож байна. /хэргийн 11-19 дэх тал/

Хохирогч П.Базардаргиагийн гээгдүүлсэн цагаан өнгийн Самсунг А-51 маркийн гар утсыг шүүгдэгч Ө.Мягмардорж 2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр замын хажуугаас олж аван нууцлалыг эвдэж өөрийн өмчлөлд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:

Ө.Мягмардорж гар утас олсон талаараа өөрт нь хэлсэн, уг утасны нууц кодыг Улаанбаатар хотод очиж тайлуулсан талаар мэдүүлсэн гэрч Ө.Магамжавын “...2022 оны 07 дугаар сарын сүүлээр ... Ө.Мягмардорж ... Отгонтэнгэр хайрхны өврөөс утас оллоо гээд надад үзүүлсэн. Тэгээд тэр үеэр Улаанбаатар хот явах ажилтай байсан болохоор тухайн утсыг авч яваад засварчин дээр очиж кодыг нь гаргаж форматлуулаад сим картаа хийж шалгаж үзчихээд ажиллагаа нь хэвийн болохоор нь дүүдээ авчирч өгсөн. Тэгээд тэр утсанд манай дүү Мягмардорж  85116360 дугаарын сим картаа хийж одоо болтол ашиглаж байсан. Цагаан өнгийн А-51 маркийн дэлгэц болон ар талдаа ямар нэг сэв зураасгүй хуванцар гэртэй гар утас байсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 20-21 дэх тал/

Ө.Магамжавын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ж.Баасанжавын “...Тухайн үед би аймагт сургалтад сууж байсан чинь манай нөхөр Ө.Магамжав над руу утсаар залгаад манай дүү Ө.Мягмардорж утас олсон байна гэж хэлж байсан. Тэгээд Ө.Магамжав намайг ирсний дараа Улаанбаатар хот руу ажлаар яваад ирэхдээ надад нэг гар утас үзүүлээд энэ нөгөө Ө.Мягмардоржийн олсон гар утас гээд надад үзүүлэхээр нь тэгээд наад утасны чинь эзэн нь олдоогүй юм уу гэж асуусан чинь тухайн үед Отгонтэнгэр хайрхны өврөөс олсон гэсэн тэнд байсан хүмүүсээс асуусан чинь эзэн нь олдоогүй гэсэн гэж надад хэлсэн...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 26 дахь тал/  болон шүүгдэгч  Ө.Мягмардоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн “...2022 оны 07 дугаар сарын 31-ний өдөр 17 цагийн үед хүмүүст морь унуулж байгаад орой болохоор нь гэр рүүгээ харих гээд явж байсан. Отгонтэнгэр хайрхны өвөрт мэлхий хаднаас доош явах замд 200 метрийн зайд замын хажууд цагаан өнгийн Самсунг А-51 маркийн гар утас байхаар нь аваад үзэхэд утас унтарсан байсан. Тэгэхээр нь буцаж очоод аялж байгаа хүмүүсээс асуухад эзэн нь олдохгүй байсан. Гэр рүүгээ авч яваад 4-5 хоногийн дараа Улаанбаатар хот руу манай ах Ө.Магамжав явна гэхээр нь олсон утсаа ахад өгөөд та энэ утасны кодыг гаргуулаад ирээч гээд  өгч явуулсан. Ах Улаанбаатар хотод очоод тухайн  гар утасны кодыг гаргуулаад надад өгөхөөр нь  би өөрийн 85106360 гэсэн хийж  байсан...” гэсэн мэдүүлгээр, /хэргийн 44-45 дахь тал/  “Мобиком корпораци” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 352349117121560 имэй кодтой утсанд 85116360 дугаарыг хийж ашигласан тухай 4/9918 тоот албан бичиг, /хэргийн 27 дахь тал/, болон бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ө.Мягмардоржийн үйлдлийн улмаас хохирогч П.Базардаргиад 400.000 төгрөгийн хохирол учирсан нь хөрөнгийн үнэлгээний Хурд-Од ХХК-ний үнэлгээчин, шинжээч Х.Сольхүүгийн  гаргасан 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 201 дугаартай “... Самсунг А-51 маркийн гар утасны үнэлгээг 400.000 (дөрвөн зуун мянган) төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр /хэргийн 30 дахь тал/ тогтоогджээ. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг яллах  баримтаар үнэлсэн болно.

Гээгдэл эд хөрөнгө гэдэг нь тухайн эд хөрөнгийг өмчлөгч эзэмшигч, ашиглагч өөрийн хайхрамжгүйгээс хаяж гээсэн, аль нэг байршилд тавиад мартаж орхисон эд хөрөнгийг хэлэх бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж тухай эд хөрөнгийг хадгалж хамгаалах эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд тухайн эд хөрөнгийг өөрт олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэлт төрж эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлсэн, эсхүл захиран зарцуулж хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байна.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ө.Мягмардорж нь хохирогч П.Базардаргиагийн гээсэн утсыг олсон атлаа хуульд заасан үүргээ биелүүлэлгүй утсыг өөрийн өмчлөлд авч хохирогчид 400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжтэй байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

Хохирогч П.Базардаргиа нь өөрт учирсан хохирлоо биет байдлаар хүлээн авсан болох нь П.Базардаргиагийн хүсэлт /хэргийн 66 дахь тал/-ээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Ө.Мягмардоржийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүгдэгч Ө.Мягмардоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял болон уг ялаас чөлөөлөх санал  нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” шударга ёсны гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.   

Түүнчлэн Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын  зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилготой нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ө.Мягмардоржид оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас тус тус чөлөөлөх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг  дурдах нь зүйтэй гэж үзээд

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тээдээ овогт Өлзий-Очирын Мягмардоржийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ө.Мягмардоржид Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Ө.Мягмардоржид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                                           

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.НАНДИНЦЭЦЭГ