Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 243

 

 

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2019/00243

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: У И ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: С.Х-т холбогдох,

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 16,180,225 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Туул нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч У И ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Билгүүнбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У И ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр иргэн С.Х-тайхарилцан тохиролцож Асфальт бетон хольц зээлээр нийлүүлэх тухай АБ/018-01 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд нийт 16,591,920 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан. Үүнээс одоогийн байдлаар 10,628,375 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээний дагуу төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр төлж дуусгах ёстой байсан боловч бүрэн төлөхгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Гэрээний 2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт ...Хэрэв захиалагч гэрээний үүргээ биелүүлэлгүй, төлбөр төлөлгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцно гэж заасан нь алданги тооцож нэхэмжлэх үндэслэл болно. Гэрээний 2 дугаар зүйлд зааснаар 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш хоног тутамд төлөгдөөгүй төлбөр буюу гүйцэтгээгүй үүрэг болох 10,628,375 төгрөгөөс 0.5 хувиар алдангийг тооцож үзвэл нэхэмжилж буй үнийн дүнгийн тал хувиас давсан дүн гарч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлд нийцүүлэн нэхэмжилж буй үнийн дүнгийн тал хувь болох 5,164,187 төгрөгийн алдангийг нэмж нэхэмжлэх үндэслэлтэй байна. Иргэн С.Х-тай2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Асфальт бетон хольц зээлээр нийлүүлэх тухай АБ/018-01 дугаартай гэрээний үүрэг болох 10,628,375 төгрөг, түүний алданги болох 5,164,187 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 237,663 төгрөг нийт 16,180,225 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2,750,300 төгрөгийг хариуцагчаас төлснийг нэхэмжлэл гаргахдаа хасч тооцоогүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж үлдэгдэл төлбөр 7,878,375 төгрөг, 155 хоногийн алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул хуульд заасны дагуу 50 хувиар тооцож 3,939,187 төгрөг нийт 11,815,562 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,663 төгрөгийн хамт нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч С.Х аас шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Түвшинжаргал шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: тайлбар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн АБ/018-01 дугаартай Асфальт бетон хольц зээлээр нийлүүлэх гэрээ-г байгуулсан. Гэрээг байгуулахдаа авах бүтээгдэхүүнийхээ үнийн дүнгийн 50 хувийг төлж үлдэгдлийн зээлээр авахаар тохиролцсон. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр У И ХХК-иас 11,438,438 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан бөгөөд тухайн өдөр 5038002102 тоот Хаан банкны дансанд 5,154,545 төгрөг мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүнбаярын 5037532812 тоот Хаан банкы дансанд 809,000 төгрөгийг нийт 5,963,545 төгрөг шилжүүлсэн. НӨАТ-ын үнэ нэмэгдээгүй үнээр бүтээгдэхүүн авч байгаа учраас комланий дансанд хийхээр татвар ногдоод байна гээд н.Билгүүнбаярын данс руу шилжүүл гэсний дагуу төлбөрийн мөнгийг шилжүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр н.Билгүүнбаярын 5037532812 тоот Хаан банкы дансанд 2,750,300 төгрөгийг шилжүүлж 2018 оны 07 дугаар сарын 30 болон 31-ний өдөр 5,153,482 төгрөгийн бүтээгдэхүүн авсан. Миний бие нь У И ХХК-иас нийт 16,591,920 төгрөгийг бүтээгдэхүүн авсан бөгөөд 3 удаагийн шилжүүлгээр 8,713,545 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 7,878,375 төгрөгийг 2019 оны 03 дугаар сард төлж барагдуулах болно. Нэхэмжлэгчийн зүгээс 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн төлбөрийг хасч тооцоогүй байна. Өнөөдрийг хүртэл гэрээний хугацаа дуусгавар болоогүй байгаа учраас алданги ооцох үндэслэл байхгүй гэж бодож байна. Анх гэрээ хийхдээ тохиролцсон ёсоор 50 хувийн урьдчилгааг төлсөн. Гэрээний 10 дугаар зүйлийн 1-т талууд энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж санхүүгийн төлбөр тооцоо бүрэн хийгдсэнээр гэрээ дуусгавар болно. Мөн гэрээний 11 дүгээр зүйлийн 2-т Гэрээний хугацаа талуудаас үүрэг гүйцэтгэх бүтээгдэхүүний үнийг төлөх, үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотой харилцаанд ямар нэгэн хугацааг тодорхойлохгүй гэж тус тус заасан нь гэрээний хугацаа дуусгавар болоогүй, алданги нэхэх үндэслэл байхгүй гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч 5,164,187 төгрөгийн алданги нэхсэн нь хэдэн төгрөгөөс хэд хоногийн алданги нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн АБ/018-01 дугаартай Асфальт бетон хольц зээлээр нийлүүлэх гэрээ-нд нэмэлт өөрчлөлт оруулалгүй. 2018 оны 07 дугаар сарын 30, 31-ний бүтээгдэхүүнийг авсан гэжээ.

 

 Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч У И ХХК нь хариуцагч С.Х т холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэгт 16,180,225 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 4,364,663 төгрөгөөр багасгаж, худалдсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 7,878,375 төгрөг, алданги 3,939,187 төгрөг нийт 11,815,562 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч үлдэгдэл төлбөр 7,878,375 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, алданги 3,939,187 төгрөгийг төлбөр төлөх хугацааг тохиролцоогүй, алдангийн тооцоолол тодорхойгүй учир зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч У И ХХК нь хариуцагч С.Х-тай2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр АБ 018/01 дугаартай Асфальтбетон хольц зээлээр нийлүүлэх гэрээ-г бичгээр байгуулсан байна. /хх-ийн 6-10 дугаар тал/ Гэрээг Асфальтбетон хольц зээлээр нийлүүлэх гэрээ гэж нэрлэсэн хэдий ч тэдний хүсэл зориг, гэрээний агуулгаас дүгнэвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

 

Талууд гэрээг өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн, сайн дурын үндсэн дээр байгуулсан, 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нийт 11,438,438 төгрөгийн, 2018 оны 07 дугаар сарын 30-ны өдөр нийт 5,153,482 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн худалдаж, худалдан авсан, төлбөрт хариуцагч 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 5,963,545 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр 2,750,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн, хариуцагч үлдэгдэл 7,878,375 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй тухайд маргаагүй. Харин алдангийн талаарх гэрээний зохицуулалтын талаар маргасан.

 

Гэрээний хоёр дахь хэсгийн 3-т ...үлдэгдэл төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 17 дотор нийлүүлэгчийн дансанд бүрэн шилжүүлнэ гэж, 4-т Хэрэв захиалагч гэрээний үүргээ биелүүлээгүй, төлбөр төлөлгүй хугацаа хэтэрсэн тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх алданги тооцож долоо хоног бүр нэхэмжилнэ гэж тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан алдангийн зохицуулалтад нийцэж байна.

  

Гэрээнд 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нийлүүлсэн бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл төлбөрийг 2018 оны 07 дугаар сарын 17 дотор төлөхөөр, төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор тохиролцсон байх тул 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр худалдан авсан 11,438,438 төгрөгийн бүтээгдэхүүний төлбөрөөс 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төлсөн 5,963,545 төгрөг, 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 2,750,000 төгрөгийг хасч үлдэх 2,724,893 төгрөгөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 155 хоногийн алданги 2,111,792 төгрөг, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хавиас хэтэрч болохгүй тул 1,362,446 төгрөг болно.

 

Иймд хариуцагч С.Х аас худалдсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрт 7,878,375 төгрөг, алданги 1,362,446 төгрөг нийт 9,240,821 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,574,741 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу хариуцагч С.Х аас9,240,821 төгрөг гаргуулж нэхэмжлэгч У И ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,574,741 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгч У И ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 237,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Х аас 162,803 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР