Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1370

 

2022         09         21                                 2022/ШЦТ/1370

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Энх-Амар,

улсын яллагч Б.Оюунцэцэг,

шүүгдэгч Ч.У  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ут холбогдох эрүүгийн 2206 03258 2544 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1986 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Ч.У-т

 

Холбогдсон хэргийн талаар:

    Ч.У нь 2022 оны 06 дугаар сарын 15-аас 16 шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Дарь-Эхийн 6 дугаар гудамжны 223 тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч Т.Жийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, төвөнхийн баруун хажуу хэсэгт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Уын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Хохирогч Т.Жийн “2022 оны 06 дугаар сарын 16-ний өдрийн орой 20 цаг 30 минутын үед гэртээ буюу Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Дарь-Эхийн 6-223 тоотод ганцаараа 800 грамм 1 аяга пиво уусан ... 22 цаг өнгөрөөд ... би дэлгүүрээс гарах гээд байж байтал үсчин Одноотой таарсан ... Одноо 500.000 төгрөг шилжүүлэх гэсэн чинь найзынх нь гар утас болохгүй байна гэж хэлсэн чинь дэлгүүрээс гарч явчхаад буцаж орж ирээд дахиад гуйгаад байхаар нь би дэлгүүрийн текэн дээр гар утсыг нь үзэж өгсөн. Үзсэн чинь сүүлийн гар утасны аптит хийгдээгүй байсан, гар утас нь цэнэггүй байсан тул аптит хийж болохгүй байсан ... үсчин Одноогийн гар утас руу нөхөр нь залгахад Одноо гар утсаа аваад Оргилтой хамт байна, гар утсаа янзлуулж байна, өнөө шөнө мөнгө шилжүүлэх ёстой шүү дээ ханиа гэж хэлсэн чинь тэгээд эртхэн хэлэхгүй яасан юм бэ гэж хэлсэн чинь би яаж мэдэхэв дээ Оргилд үзүүлээд засуулж байна, хүрээд ирэх юм уу гэж хэлсэн чинь би тэгвэл очоод яах юм, хурдан дуусчихаад ир гээд гар утсаа тасалсан ... Одноо бид хоёр 20 минут гар утсаа янзлах гээд үсчинд байсан ... Одноо намайг гэрт чинь хүргээд өгье гэж хэлээд намайг гэрт хүргэж өгсөн ... Одноогийн гэр лүү буюу манай гэрээс 3 гудамжны цаана очсон ... нөхөр нь шууд машиныг нь цохиод хаагуур яваад алга болоод байгаа гичий вэ гээд уурлаад байсан ... машинаас нь буугаад би Ууганаад чи буруу бодоод байх шиг байна, чиний бодсон шиг зүйл болоогүй, эхнэрийг чинь өдөж хоргоосон зүйл байхгүй, эхнэрийн чинь гар утсыг янзалж өгсөн гэж хэлсэн чинь пизда гээд үргэлжлүүлээд хараагаад байсан ... гэртээ яваад орсон чинь ... манай эхнэр намайг Одноотой хардаад чи яасан олон  цаг явдаг юм гэж хэлээд надтай маргалдсан ... маргалдаж байх үед Одноо Ууганаа 2 ороод ирсэн ... би Одноо руу хараад би чамтай унтаж хэвтсэн үү, унтаж хэвтсэн бол одоо шууд нөхөртөө хэлчих гэсэн чинь Одноо над руу дайраад чи миний машиныг бариад явж байснаа санахгүй байна уу гээд байхаар нь чиний машиныг нөхөр чинь цохисон гэж хэлсэн ... Ууганаад хандаж чи яагаад намайг ингээд хардаад байгаа юм бэ, ямар нэгэн юм болоогүй гэсэн чинь би чамд итгэхгүй байна гээд намайг Ууганаа цохиод авсан. Хэд хэд цохиод байхаар нь би ялт ч үгүй Ууганааг цохисон, эхнэр нь дундуур ороод байхаар нь би гэр лүүгээ яваад орсон ... үсчин Одноогийн нөхөр Ууганаа намайг гараараа нилээн олон удаа миний нүүр, толгой хэсэг рүү цохиод байсан. Би Ууганааг давраад байгаарай гээд 2 удаа цохисон, хаашаа нь цохисноо санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 8804 дугаартай шинжээчийн “Т.Жийн биед хамар ясны хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, төвөнхийн баруун хажуу хэсэгт зулгаралт, зүүн бугалганы гадна, дунд хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Яллагдагч Ч.Уын “Би Жамбалдоржтой уулзаж уучлалт гуйж, гомдол, саналыг барагдуулна ... би тухайн өдөр гаргасан үйлдэлдээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

Шүүгдэгч Ч.Уын хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 19 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 20 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 21 дэх тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 22 дахь тал/, шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх 2 хуудас баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Ч.У нь 2022 оны 06 дугаар сарын 15-аас 16 шилжих шөнө Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их Дарь-Эхийн 6 дугаар гудамжны 223 тоот хашаанд хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан хохирогч Т.Жийг зодож эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зүүн хөмсөгний гадна хэсэгт шарх, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, төвөнхийн баруун хажуу хэсэгт зулгаралт, зүүн бугалганы гадна, дунд хэсэгт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Ж, яллагдагч, шүүгдэгч Ч.У  нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Ч.У  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Уын хохирогч руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Т.Ж нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч Т.Жийн  мэдүүлэгт авагдсан Ч.Уын үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул Ч.Уыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, үл ойлголцон харилцаа хандлага нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

             Ч.У нь хохирогч Т.Жийн эрүүл мэндийн хохиролд 1.400.000 төгрөг төлсөн, цаашид хохирол төлөхөө илэрхийлсэн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хохирогч Т.Ж нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Ц.Ууганбаяраас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.           

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ч.У нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ч.Ут 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч Ч.У нь хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

  Шүүгдэгч Ч.Уыг хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

         Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажил орлоготой гэх хувийн байдал, ахуйн хүрээнд тодорхой сэдэлттэй маргааны улмаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Ч.Ут Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ч.Уын цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.У  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ч.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Ут 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ч.Ут шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ч.У  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Хохирогч Т.Ж нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Ч.Уаас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ч.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ