Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/984

 

2022        10            20                                   2022/ШЦТ/984

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0072/Э

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч: Б.Соёлмаа,

шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Ж.Цэцгээ нарыг оролцуулан тус шүүхийн “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Т-д холбогдох эрүүгийн “...” дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 20... оны 11 дүгээр сарын 05-ны өдөр .. хотод төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, одоо *** курсын оюутан, ам бүл 4, эх, ах, дүү нарын хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн ... хороо, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Г.Т /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ш.” гэсэн газраас Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 21.3654 грамм жинтэй өвч гэх нэршилтэй 2 хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар түүж бэлтгэсэн,

Улмаар 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө хүртэл Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 21.3654 грамм жинтэй өвч гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах ... газрын орчим өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр, хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би мансууруулах бодисыг 2018 онд анх хэрэглээд шууд унтсан байдаг. Түүнээс хойш надад таалагдаагүй тул хэрэглэхгүй гэж бодсон байсан. Сүүлд энэ хэрэг гарахад хэрэглэмээр санагдаад дахин хэрэглэсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, мөн уучлалт гуйж байна. Би дахин энэ хэрэгт холбогдохгүй гэдгээ андгайлж байна. Тиймээс миний ялыг хөнгөлж өгөхийг шүүхээс хүсэж байна. Би эх орон, ээждээ хэрэгтэй хүн болмоор байна.” гэв.

 

Хавтаст хэргээс:

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-6 дахь тал)

Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 8 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3789 дугаартай:

1. Ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэнэ.

2. “2021 оны 08 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн...хороонд байрлах Нарны зам дээрээс *** улсын дугаартай машинд явж байсан Г.Тийн халааснаас 30 грамм ургамал хураан авав” гэж хаяглан ногоон өнгийн ургамал мэт зүйл, ... серийн дугаартай Монгол Улсын 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртээс тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / илэрсэн.

3. Илэрсэн тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 32-35 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 3790 дугаартай:

1. Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ.

2. “... 2021.08.16 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж,... 2021.08.16 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж, ... гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж, .. 2021.08.16 гэж хаягласан хуванцар савтай шээсний дээж, ... 2021.08.16” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжнээс тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / илэрсэн.

3. Тетрагидроканнабинол / tetrahydrocannabinol / нь Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухайн конвенцийн жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37-40 дэх тал)

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 777 дугаартай: “Г.Т нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Г.Т нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Г.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна.” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 48-49 дэх тал)

Гэрч С.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г.Т надад мансууруулах өвс байгаа гэж хэлээд халааснаасаа гаргаж ирээд цаасанд ороож татсан. Г.Т-н татаж байсан мансууруулах өвснөөс Т*** бид 2 сонирхоод хэд хэд сорсон. Тэгээд цагдаа нар М-н машиныг зогсоогоод шалгахад Г.Т-н халааснаас мансууруулах өвч гарч ирсэн. Г.Т тэр мансууруулах өвсийг Гачууртад байдаг лагерын байшингийнх нь ойр ургаж байхад түүсэн гэж хэлж байсан. Тэрнээс биш хаанаас олж авсан талаар мэдэхгүй. Ямар ч байсан цагдаа нарт хураалгасан өвс нь Г.Т-х юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал)

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 116 дахь тал)

Гэрч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Цагдаа нар биднийг шалгахад Г.Т-н халааснаас гялгар ууттай мансууруулах өвс нь гарч ирсэн. Г.Т тэр өвсөө түүсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 111 дэх тал)

 

Яллагдагч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ш. гэх газраас уг мансууруулах өвсийг түүж авсан. Түүсэн өвсөө гялгар уутанд хийж өмссөн цамцныхаа халаасанд хийсэн. Тэрнээс хойш маргааш буюу 2021 оны 8 дугаар сарын 15-ны өдөр цагдаа нарт баригдах хүртэл цамцны халаасанд хадгалж байсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж, чин сэтгэлээсээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 108 дахь тал) зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд: шүүгдэгч Г.Т нь 2021.08.14-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ш. гэдэг газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай цэвэр 21.3654 грамм жинтэй өвс гэх нэршилтэй хориглосон сэтгэцэд нөлөөт бодис /олон улсын нэршлээр хар тамхи/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2021.08.14-ний өдрөөс 2021.08.15-наас 16-нд шилжих шөнө хүртэл уг сэтгэцэд нөлөөт бодис /хар тамхи/-ыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний соёл амралтын газрын орчим өөрийн биедээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.

 

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Г.Т нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон, хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд Г.Т-д холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Г.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Иймд шүүгдэгч Г.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч Г.Т нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль бусаар түүж бэлтгэсэн, худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид дээрх зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “шүүгдэгч Г.Т-д 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” саналыг;

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Цэцгээ нь: “...Г.Т нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, мөн түүний хувийн байдлыг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

Монгол улс Мансууруулах бодисын тухай 1961 оны конвенцид 1990 онд, Сэтгэцэд нөлөөт бодисын тухай НҮБ-ын 1971 оны конвенцид 1999 онд, Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтийн эсрэг НҮБ-ын 1988 оны конвенцид 2001 онд, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргийн эсрэг НҮБ-ын конвенцид 2008 онд тус тус нэгдсэн орсон бөгөөд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр олон улсын өмнө үүрэг хариуцлага хүлээдэг болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Т нь өвс гэх нэршилтэй хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис буюу хар тамхийг хууль бусаар түүж бэлтгэн, бусдад хэрэглүүлж, үргэлжилсэн үйлдлээр худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай хэмжээнд нотлогдон тогтоогдсон бөгөөд түүний эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, шүүгдэгчийн нас, үйлдсэн гэмт хэрэгтээ бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хэргийн байдпуудаас гадна тэрбээр холбогдох хэргийг нь эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүхийн шатнаас оргон зайлж шүүн таслах ажиллагаанд санаатайгаар зориуд саад учруулж олон сарын турш эрэн сурвалжлагдаж байсан хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа цэвэр 21.3654 грамм жинтэй, “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис /хар тамхи/-ыг шийтгэх тогтоол хүчин Г.Т болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт, ... серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлсүгэй.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан 55 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Г.Т-г хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Т-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-д оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэвэр 21.3654 грамм жинтэй “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис /хар тамхи/-ыг шийтгэх тогтоол хүчин Г.Т болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, AQ2507912 серийн дугаартай 100 /нэг зуун/ төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлсүгэй.

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Г.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР