Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 487

 

 

 

2019 оны 02 сарын 14 өдөр Дугаар 102/ШШ2019/00487 Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч:  МТ П ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б ХХК-д холбогдох,

 

535,426,560 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламханд, Г.Энхжавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сайнсөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандах нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч МТ П ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхжавхлан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б. ХХКнь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл МТ П ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах №101/17 тоот гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний 3.2-т худалдан авагч нь зээлээр худалдан авсан барааны тооцоог барааг худалдан авснаас хойш 30 хоногийн дотор дансанд шилжүүлэх буюу бэлнээр тушаана гэж заасан бөгөөд манай компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн боловч зээлдэгч талаас зээлийн үлдэгдэл төлбөр болох 302,725,000 төгрөгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байна. Манай компани Б. ХХК-д төлбөр барагдуулах талаар удаа дараа холбогдож мэдэгдсэн боловч одоог хүртэл төлбөрөө хийгээгүй болно. Иймд гэрээний 3.3, 5.2.3-т зааснаар хүү, алданги гэрээний хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний төлбөрийн алдангийг 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл нийт 428 хоногоор тооцоход 610,042,975 төгрөг болсон ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар 151,362,500 төгрөг, хүүг 14 сараар тооцоход 81,339,060 төгрөгөөр тооцож нийт 535,426,560 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 30,000,000 төгрөгийг төлсөн тул үүнийг алдангаас хасч тооцон үлдэх 505,426,500 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч Б. ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Сайнсөр шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартааБидМанай компани МТ П ХХК-аас авсан барааны үндсэн төлбөр 302,725,000 төгрөгөөс 30,000,000 төгрөгийг хасаад 272,725,000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулна. Бидэнд санхүүгийн эрсдэл учрах магадлал байгаа тул хүү, алданги төлөх боломжгүй. Үлдэгдэл болон төлсөн төлбөрийн талаар маргах зүйл байхгүй гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч МТ П ХХК нь хариуцагч Б. ХХК-д холбогдуулан 535,426,560 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 30,000,000 төгрөгийг төлсөн, 272,725,000 төгрөг төлөхийг зөвшөөнө. Үлдсэн төлбөрийг төлөх боломжгүй хэмээн тайлбарлажээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Нэхэмжлэгч МТ П ХХК, хариуцагч Б. ХХК-ийн хооронд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 101/17 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээний 3.2-т ...барааны тооцоог худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор... төлнө, 3.3-т ...3.2-т заасан хугацаанд төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцсон алдангийг худалдагчид төлнө, 5.2.3-т Гэрээний 3.2-т заасан хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн худалдан авагч тал нь худалдагч талд сарын 2 хувийн хүү тооцон худалдагч талд төлөх үүрэгтэй гэж тус тус тусгасан байна.

 

Нэхэмжлэгч талуудын хооронд зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан гэх үндэслэлээр хариуцагчаас шилжүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийн үлдэгдэл 302,725,000 төгрөг, алданги 151,362,500 төгрөг, хүү 81,339,060 төгрөг нийт 535,426,560 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн. Хариуцагч ...шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш буюу 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 30,000,000 төгрөгийг худалдан авсан бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрөөс хасч, үлдэх 272,725,000 төгрөгийг төлнө. Алданги, хүүг төлөх боломжгүй гэжээ.

 

Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн хүүгийн хамт төлөх үүрэг хүлээнэ.

 

2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/17 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үнийг 30 хоногийн дараа төлөхөөр тохиролцсоноос үзвэл төлбөрийг тодорхой цаг хугацааны дараа төлөх үед хүү тооцох талаар талууд тохиролцоогүй байна. Харин гэрээний 5.2.3-т заасан ...2 хувийн хүү төлөх... тохиролцоонд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т заасан агуулгагүй байна.

 

Нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээгээр МТ П ХХК нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, Б. ХХКгэрээнд тохирсон хугацаанд худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээсэн байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна гэж үзсэн болно.

 

Шүүх хуралдаанд зохигч дээрх гэрээний дагуу нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний бүх төлбөр тооцоог 2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн дотор дуусгах үүрэгтэй байсан, 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлэхэд төлбөрийн үлдэгдэл 502,725,000 төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 302,725,000 төгрөгийн үлдэгдэлтэй, 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 30,000,000 төгрөгийн төлөлт хийсэн талаар маргаагүй.

 

Хариуцагч Б. ХХКнь нэхэмжлэгч МТ П ХХК-иас бараа хүлээн авсан ч төлбөрөөс 302,725,000 төгрөгийг төлөөгүй учир гэрээгээр тохиролцсон хугацааг хэтрүүлсэнд тооцно. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т үүүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг төлүүлэхээр зохицуулсан тул 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр төлсөн 30,000,000 төгрөгийгг үндсэн төлбөрийн үлдэгдэл 302,725,000 төгрөгөөс хасч, үлдэх 272,725,000 төгрөгөөс алданги тооцох үндэслэлтэй байна.

 

2017 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүртэл 374 хоногийн хугацаанд 272,725,000 төгрөгөөс хоногт 0.5 хувийн алданги тооцвол 509,995,750 төгрөг болно. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасны дагуу алдангийн хэмжээ үндсэн үүргийн 50 хувиас хэтрэхгүй учир хариуцагч нь нэхэмжлэгчид алдангид 136,362,500 төгрөгийг төлөх үүрэгтэй.

 

Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч МТ П ХХК нь хариуцагч Б. ХХК-иас бараа, бүтээгдэхүүний төлбөрийн үлдэгдэл 272,725,000 төгрөг, алданги 136,362,500 төгрөг нийт 409,087,500 төгрөгийг шаардан гаргуулах үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Б. ХХК-иас 409,087,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч МТ П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 126,339,060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу хариуцагч Б. ХХК-иас 409,087,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгч МТ П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 126,339,060 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч МТ П ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,835,083 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Б. ХХК-иас 2,203,387 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР