Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1403

 

2022        09        30                                 2022/ШЦТ/1403

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч Ю.Батсүх,

Насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн хууль ёсны төлөөлөгч Х.Туул,

Өсвөр насны шүүгдэгч *******н хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаа, түүний өмгөөлөгч М.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2206 00000 2105 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

, ам бүл 4, эх, эгч, дүү нарын хамт *******-д

 

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны яллагдагч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Ерөнхий боловсролын 120 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд ангийн хүүхэд болох Б.Ттэй бөмбөг хүчтэй шидэж өглөө гэснээс болж маргалдан нүүрэн тус газарт алгадах, хавирч унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбар болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Туулын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 08 цагийн орчимд хүү залгаад миний хөл эвгүй болчихлоо та хүрээд ирээч гэж хэлсэн. Намайг очиход хүүгийн баруун талын хөлийн шагайны дээд талд нэлээн хавдсан байдалтай байсан. Би ангийнхан хүүхдүүдээс юу болсон талаар асуухад Гүндалай унгаачихсан гэж хэлсэн. Дараа нь гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд шилбэ, шагайн хэсэгт хугарал үүссэн байна гэсэн. Эмнэлэгт үзүүлчхээд эмчийн зөвлөснөөр хэвтрийн дэглэм сахиулж, шаардлагатай эм тариа авч эмчилгээ хийлгэсэн. Тухайн өдөр Гүндалайгийн ээж залгасан бид хоёр ярилцаад манай хүүхэд хэвтрийн дэглэм барьж байгаа болохоор Гүндалайгаар 7 хоногт нэг удаа ус зөөж өгөхөөр тохирсон. Гүндалай нэг удаа ирж тусалсан. Дараа нь ирэхдээ манай нөхөртэй маргалдсан байсан. Гүндалай хийсэн хэрэгтээ харамсаж, гэмшихгүй байгаа болохоор нөхөр бид хоёр ярилцаад холбогдох байгууллагад гомдол гаргасан. Миний хүүхэд өнөөдрийг хүртэл эмчилгээ хийлгэж байна. Хүүхэд алхахдаа нэг хөл дээрээ доголоод байсан. Энэ талаар эмчид хэлэхэд хөлийн хэмжилт хийж үзээд баруун талын хөл нь өсөлтийн зоон дайрч хугарсан учраас зүүн хөлөөсөө 1 см-ийн зөрүүтэй болсон байсан. Одоо зүүн хөл нь зүгээр болохоор цаашид өсөлт нь хэвийн явагдана. Харин баруун хөлийн зөрүү нэмэгдэх боломжтой цаашлаад аарцаг яс болон нуруунд өөрчлөлт өгдөг болохоор баруун хөлийн өсгийний доод талд нь өсгийвч хийнэ гэсэн. Зун Гүндалайгийн ээж залгаад хохирол, төлбөр хэлнэ гэж хэлсэн боловч үнийн дүнгийн хувьд санал нийлээгүй болохоор мөнгө аваагүй. Одоо 1.619.733 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн “Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд байх 120 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд ангийн найз Баяржаргал, Гүндалай, Очирхүү, Чулуун-Эрдэнэ нарын хамт сагс тоглосон. Тэгээд сагс тоглож байгаад сагсны бөмбөг жаахан хүчтэй Гүндалай руу дамжуулсан чинь Гүндалай Чи ямар хүчтэй өгдөг юм бэ Пизда минь гэхээр нь би Гүндалайг гараараа нэг удаа алгадсан чинь, Гүндалай гараа атгаж байгаад цохихоор нь би түлхсэн чинь Гүндалай миний хамар луу цохисон. Хамраас цус гараад байхаар нь би хамраа бариад байж байсан чинь Гүндалай гүйж ирээд 2 гараараа түлхээд унагаасан. Тэгтэл миний хөл эвгүй болоод босож чадахгүй байхад манай найз  Очирхүү, Чулуун-Эрдэнэ нар ирж босгосон ... бид 2 хоорондоо жаахан маргасан. Гүндалай нь гараа атгаж байгаад нэг удаа нүүр хэсэгт дахиад нэг удаа хамарт цохисон. Дараа нь дахиад Гүндалай нь намайг хүчтэй түлхсэнээс болж миний хөл эвгүй болсон. Миний хөлийн шилбэ хугарсан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

Насанд хүрээгүй гэрч Ж.Очирхүүгийн “... Тэмүүлэн Гүндалай руу хүчтэй бөмбөг шидсэн чинь Гүндалай яаж байгаа юм бэ гэсэн Тэмүүлэн Гүндалай руу очоод Гүндалайг гараараа 1 удаа алгадаад авсан. Тэгсэн Гүндалай, Тэмүүлэн 2 зууралдаж аваад Гүндалай Тэмүүлэнгийн нүүр рүү цохисон тэгээд тэр 2 зууралдаж байгаад Гүндалай Тэмүүлэнг хөлөөрөө хавираад унагасан чинь Тэмүүлэн баруун хэсгээрээ газар унасан. Тэгээд баруун хөлөө бариад хөл хөл гээд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 72-73 дахь тал/,

Нас тоолсон “2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэрэг гарах үед Б.Т 14 нас 04 сар 03 хоногтой байсан” тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 51 дэх тал/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 7406 дугаартай “Б.Тгийн биед баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эмнэлэгт үзүүлж, эмчилгээ хийлгэсэн баримт болон эмчилгээ, шатахуун холбоотой 23 хуудас баримт,

Өсвөр насны шүүгдэгч *******н өмгөөлөгч Н.Батмөнхөөс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Нас тоолсон “2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр гэмт хэрэг гарах үед ******* 16 нас 07 сар 17 хоногтой байсан” тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 52 дахь тал/,

Хохирлын талаарх баримтууд /хавтаст хэргийн 74-82 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч Б.Тгийн мэдүүлэг, улсын яллагчийн шинжлэн судалсантай давхардсан /хавтаст хэргийн 11 дэх тал/,

            Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирол төлсөн талаарх 1 хуудас баримт

Хувийн байдалтай холбоотой

Төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 53 дахь тал/,

Суралцагчийн хувийн хэрэг /хавтас хэргийн 18-28 дахь тал/,

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг хамруулан, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, тайлбар, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Өсвөр насны хүнд холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нэр төрийг хүндэтгэх харьцах, зайлшгүй өмгөөлөгчтэй оролцуулах, шүүх хуралдааныг шуурхай, богино хугацаанд хаалттай явуулах, түүний хүмүүжих алдаагаа засах боломж олгоход анхаарах зэрэг нийтлэг шаардлагыг баримтлан, уг ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгон хэрэгжүүлсэн болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

Гэм буруугийн шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс гэмт үйлдэл, гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Өсвөр насны яллагдагч ******* нь 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Ерөнхий боловсролын 120 дугаар сургуулийн биеийн тамирын зааланд ангийн хүүхэд болох Б.Ттэй бөмбөг хүчтэй шидэж өглөө гэснээс болж маргалдан нүүрэн тус газарт алгадах, хавирч унагах зэргээр зодож эрүүл мэндэд нь баруун хөлийн шаант, тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.Т, өсвөр насны шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, эрүүл мэндийн гэмтэл хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Насанд хүрээгүй хохирогч Б.Т нь 2006 оны 12 дугаар сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр буюу гэмт хэрэг гарах үеийн цаг хугацаагаар тоолбол 15 нас 05 сар 03 хоног болж байхад түүний насыг тоолсон тэмдэглэлд “14 нас 4 сар 3 хоног” гэж буруу тооцоолсон байгааг дурдах нь зүйтэй /хх-12, 51/.

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар насанд хүрээгүй хохирогч Б.Т, өсвөр насны шүүгдэгч ******* нар 1 ангид сурдаг байсан бөгөөд сургуулийнхаа спорт зааланд сагсан бөмбөг тоглосон, Б.Т, ******* нар эсрэг баг байсан, Б.Т ******* руу бөмбөг хүчтэй шидсэн асуудлаас болж маргалдсан, Б.Т эхлээд *******н хацарт алгадсан, харилцан зууралдсан, ******* зөрүүлээд Б.Тгийн нүүрэн тус газарт цохисон, хавирч унагаасан, улмаар Б.Тгийн хөл хугарсан гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж, мэдэх боломжтой атлаа хийсэн тул хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.

Өсвөр насны шүүгдэгч *******н хохирогч Б.Тгийн биед халдсан идэвхтэй үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байх бөгөөд энэ үйлдлээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангажээ.

Насанд хүрээгүй хохирогч мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба уг мэдүүлгүүд давхар насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн өсвөр насны яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгээр нотлогдсон, шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй, *******н санаатай үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хүндэвтэр хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон тул өсвөр насны шүүгдэгч *******г “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд хүүхдүүдийн хоорондох үл ойлголцсон харилцаа хандлага, хохирогчийн зүгээс эсрэг багийн тоглогч руу бөмбөгийг хүчтэй шидсэн, түрүүлж цохиж авсан зэрэг зохисгүй үйлдэл зэрэг нь нөлөөлжээ.    

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хохирлын талаарх баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж, нийт 1.611.733 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 931.770 төгрөгийн хохирлыг хангаж, 679.963 төгрөгийн хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

2022 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 151.820 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 04-ны өдөр 158.532 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 88.536 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 20.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 180.000 төгрөг, 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 80.016 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 151.059 төгрөг, 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 50.000 төгрөг буюу 4 сарын хугацаанд 8 удаа худалдан авалт хийсэн нийт 879.963 төгрөгийн баримтыг хохирогч талаас гаргаж өгсөн байна.

Дээрх бензин шатахууны баримтыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролд бүгдийг тооцох боломжгүй бөгөөд хөл нь гэмтсэн хүүхдийг эмнэлэгт үзүүлсэн үзлэгийн баримт, зогсоолын төлбөрийн баримт зэргийг үндэслэн 200.000 төгрөгийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлснийг хохиролд оруулан тооцох нь зүйтэй.

Эмнэлэгт үзүүлэх, эмчилгээ хийлгэхтэй холбоотой 731.770 төгрөгийн хохирол баримтаар тогтоогдож, үүн дээр бензин шатахууны 200.000 төгрөгийн хохирлыг нэмж нийт 931.770 төгрөгийн бодит хохирол учирсан гэж шүүхээс тогтоолоо.

Өсвөр насны шүүгдэгч *******н хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаа нь  шүүх хуралдаанаас өмнөх шатанд хохирлын 395.000 төгрөгийг шүүхийн дансанд байршуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч талаас хохирлын баримт шинээр гаргаж өгсөн, үүнийг болон цаашид гарах зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******н хууль ёсны төлөөлөгчөөс 536.770 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туулд олгохоор шийдвэрлэв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын хохирол барьцааны зориулалттай Төрийн сангийн дансанд хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаагаас байршуулсан 395.000 төгрөгийг зохих журмын дагуу насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туулд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгалаа.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туул нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өсвөр насны шүүгдэгч *******н хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.          

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

           Өсвөр насны шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг  хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасан зорилгын хүрээнд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрх хязгаарлах, сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял оногдуулна” гэж тус тус заасны дагуу өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол, Өсвөр насны шүүгдэгч *******н өмгөөлөгч М.Батмөнхөөс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан хэрэглэж нийтэд тустай ажил хийлгэх ялаас чөлөөлөх санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч *******н хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

НҮБ-ын 1990 оны "Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарчмууд" /Риядын заавар/[1]-д “Бусдад ноцтой хор хохирол учруулаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх, ял оногдуулахаас аль болох зайлсхийх, хүүхдийг гэмт хэрэгтэн, хууль зөрчигч хэмээн нэрлэж цоллохоос зайлсхийх, нийгмийн амьдралд оруулахад сайтар бэлтгэх, хувийн зан чанарыг хөгжүүлэхэд анхаарах, боловсрол олгох, мэргэжлээ сонгох, хөдөлмөр эрхлэх, мэргэших боломжийн талаар зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, дарамт учруулахгүй байх, сахилгын чанга хатуу арга хэмжээ хэрэглэхгүй байх” гэж заажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өсвөр нас гэдгийг “хүүхэд ахуй нас болон орь залуу насны хооронд орших үе шат бөгөөд 10-19 насныхан” гэж тодорхойлсон байна. Өсвөр нас гэдэг нь бага наснаас хойш, насанд хүрэхээс өмнөх амьдралын хугацаа, хүүхэд нас болон насанд хүрэгчдийн хоорондох завсрын, шилжилтийн үе бөгөөд энэ үед бие махбод, өсөлт бойжилт, сэтгэл зүй, оюун санааны хувьд насанд хүрэхэд чиглэсэн олон өөрчлөлт гардаг,

Өсвөр насны хүүхдийн хувьд үйлдсэн хэргийнхээ нийгмийн хор аюулын шинж чанарыг ойлгож ухамсарлаагүй, өөрийнхөө үйлдлийг хянах чадвар бүрдэж амжаагүй, бүрэн төлөвшөөгүй сэтгэхүйгээрээ гэмт хэрэг үйлддэг онцлогтой бөгөөд өсвөр насны хүүхдийг нийгмээс тусгаарлахгүйгээр, нийгмийн амьдрал дунд нь хүмүүжүүлэх, ухамсарлуулах, алдаагаа засах боломж олгох, өөрийг нь биш үйлдсэн гэмт хэргийг шүүмжлэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

  Өсвөр насны шүүгдэгч *******н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй зан төлөв, хандлага, гэм буруугаа ухамсарлаж буй байдал, эцэг, эхийн гар дээр хүмүүжиж байгаа, ерөнхий боловсролын сургуульд суралцдаг гэх хувийн байдал, Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг тогтоогдсон гэх шинж чанар, Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******д ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэхээр тус тус шийдвэрлэв.

  Шүүхээс хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаа нарт тус тус даалгаж байна.

  Мөн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаа нарт мэдэгдэх зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Өсвөр насны шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхээс тэнсэж хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацаанд зан үйлээ засах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэсүгэй.

   4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тэнсэж, хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацаанд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянзүрх дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэст, хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаа нарт тус тус даалгасугай.

   5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнсэж хянан хүмүүжүүлэх 1 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаа нарт мэдэгдсүгэй.

   6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******н хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаагаас 536.770 төгрөг гаргуулан насанд хүрээгүй хохирогч Н.Тэмүүлэнгийн хууль ёсны төлөөлөгч Х.Туулд олгосугай.

 7. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын барьцаа, хохирлын зориулалттай Төрийн сангийн 10090005406 дугаартай дансанд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаагаас байршуулсан 395.000 төгрөгийг зохих журмын дагуу гаруулан авч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туулд олгохыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

   8. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Туул нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Э.Ариунаагаас нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

   9. Энэ хэрэгтэд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.

10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ

 

 

 

 

 

 

 

[1] НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 оны 45/112 дугаартай тогтоолоор баталсан.