Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 976

 

Г.Б-өд холбогдох эрүүгийн

                                                                           хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Чимгээ,

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 528 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Б-өд холбогдох эрүүгийн 1711014990526 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

             Баяжих овгийн Г.Б-, 1975 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Архангай аймагт төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

          - Архангай аймгийн шүүхийн 2001 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 1 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 7 дугаар сарын 8-ны өдөр эдлээгүй үлдсэн 2 жил 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Г.Б- нь 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” валют арилжааны төв дотор хохирогч Ж.Батхүүг “манай эхнэрийн хамаатан Туваанжав гэх хүн АНУ-ын виз гаргуулах гэж байгаа, та банкны баталгаа гаргаад өгөөч, маргааш мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж 22.000 ам.доллар буюу 54.064.340 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Г.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.                     

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ж.Батхүүд учруулсан 31.764.340 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Г.Б-өөс гаргуулан олгохыг дурьдаж, Г.Б-ийн шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 2 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, түүнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. Өөрийн хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Би эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг. Хувиараа бизнес эрхэлдэг. Хохирогч Ж.Батхүү бид хоёр бол үеэлүүд. Би өөрийн ах Ж.Батхүүг хуурч, итгэлийг нь алдсанд харамсаж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон. Дахин ийм алдаа гаргахгүй, шударгаар ажиллаж амьдрах болно. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан надад торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч О.Баярбаясгалан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн асуудал дээр маргах зүйлгүй. Шүүгдэгч Г.Б- нь хохирогч Ж.Батхүүд учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон бөгөөд түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүссэн. Г.Б-ийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Тэрээр хувиараа бизнес эрхэлдэг. Мөн хохирогч Ж.Батхүүтэй төрөл садангийн холбоотой хүн. Иймд Г.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг хэсэгчлэн төлж барагдуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Мөн түүний цагдан хоригдсон нийт хоногийг эдлэх ялд оруулан тооцож өгөхийг хүсье...” гэв.

Прокурор Б.Чимгээ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүх хуралдааны явцад шүүгдэгчээс хувийн байдлыг нь тодруулахад тэрээр хувийн компанитай талаар мэдүүлж байгаагүй. Шийтгэх тогтоол гарах үед гэмт хэргийн улмаас учирсан гэм хор арилаагүй, хохирол төлбөр төлөгдөөгүй байсан. Иймээс шүүгдэгчид хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн талаар мэдүүллээ. Иймд уг асуудлыг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх байх...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдлуудад дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Прокуророос Г.Б-ийг 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Найман шарга” валют арилжааны төв дотор хохирогч Ж.Батхүүг “манай эхнэрийн хамаатан Туваанжав гэх хүн АНУ-ын виз гаргуулах гэж байгаа, та банкны баталгаа гаргаад өгөөч, маргааш мөнгийг чинь буцаагаад өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж 22.000 ам.доллар буюу 54.064.340 төгрөгийг залилан авч, их хэмжээний хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан тогтоож, шүүгдэгч Г.Б-ийн “залилах” гэмт үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн боловч энэ гэмт хэргийг “их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” хэмээн үзсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болов.

Учир нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Ж.Батхүүгийн “...2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Найман шарга дээр миний ээжийн төрсөн ахын хүү Б- хүрч ирээд “...манай эхнэрийн хамаатан Туваанжав гэж хүн АНУ-ын виз гаргуулах гэж байгаа, та банкны баталгаа гаргаад өгөөч, 22.000 ам.доллар хэрэг болоод байна, маргааш мөнгийг чинь буцаагаад өгнө, Туваанжав нь Монгол Улсын манлай уяач, нүүрсний компанитай, зайсанд 5 өрөө байртай, эхнэр нь прокурорт ажилладаг, “Toyota Land Cruiser-200” загварын автомашин унадаг...” гэж хэлэхээр нь би итгээд 22.000 ам.доллар бэлнээр өгсөн. Үүнээс хойш 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20.000.000 төгрөгийг миний данс руу шилжүүлсэн. Мөнгө өгсний маргааш өдрөөс нь эхлээд Б-өөс мөнгөө нэхэж эхлэхэд “За одоо дансанд чинь хийнэ, одоо дансанд чинь мөнгө орсон байна уу” гэх зэргээр худлаа ярьж эхэлсэн. Туваанжав гэх хүнийг би мэдэхгүй. 88103563 дугаараас 3 удаа “Туваанжав гэх хүн байна, уучлаарай мөнгийг чинь удаачихлаа, удахгүй өгнө, асуудалгүй түр хүлээж бай, дансаа хараад сууж бай” гэж байснаа сүүлдээ утас нь холбогдохгүй алга болсон. Миний мөнгийг Туваанжав гэж хүнд яг өгсөн эсэхийг мэдэхгүй байна...” /1хх-ийн 37-38, 41-42/,

гэрч О.Цэрэнсодномын /Г.Б-ийн эхнэр/ “...надад Туваанжав, Батмөнх гэж хамаатан байхгүй. Би ийм нэртэй хүмүүс танихгүй...” /1хх-ийн 47-48/,

шүүгдэгч Г.Б-ийн “...Батхүү ахаас 22.000 ам.долларыг “удаахгүй өгчихнө, хүү өгнө” гэж хэлж авсан. Би хүү өгч байсан ба 20.000.000 төгрөгийг нэг их удаалгүй өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь бизнес эрхлэхэд ашиглаж, эргүүлэх талаараа хэлсэн...” /1хх-ийн 77, 224-225/ гэсэн мэдүүлгүүд,

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Найман шарга” валют арилжааны төв дотор Ж.Батхүүгээс Г.Б-өд ам.доллар бэлнээр өгч байгаа байдлыг харуулсан хяналтын  дүрс бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 189-194/, мөн өдрийн Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /1хх-ийн 84/,

хохирогч Ж.Батхүүгийн эзэмшлийн 99191129 дугаартай харилцах утасны 2017 оны 10 дугаар сарын 14-нөөс 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хандалт хийсэн дэлгэрэнгүй лавлагаа /1хх-ийн 28-31/, 88103563 дугаартай харилцах утас нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрөөс мөн оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд Г.Б-ийн эзэмшилд бүртгэлтэй байсан тухай албан бичиг /1хх-ийн 104/,

Хаан банкин дахь хохирогч Ж.Батхүүгийн эзэмшлийн 5099191129, шүүгдэгч Г.Б-ийн эзэмшлийн 5034470493 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1хх-ийн 142, 248/ зэрэгт дүн шинжилгээ хийж, харьцуулан судлахад;

2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Г.Б- нь өөрийн үеэл ах Ж.Батхүүгээс 22.000 ам.доллар буюу 54.064.340 төгрөгийг бэлнээр шилжүүлэн авч, тодорхой хугацааны дараа буцаан төлөхөөр тохиролцсон байх бөгөөд 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 300.000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20.000.000 төгрөг, нийтдээ 20.300.000 төгрөгийг 7 хоногийн дотор бэлэн бусаар буцаан төлсөн байна. Харин энэ цаг хугацаанаас хойш Г.Б- нь өгсөн амлалтандаа хүрэлгүй төөрөгдөлд оруулсан, үлдэгдэл мөнгөө өгөөгүй хэмээн хохирогч Ж.Батхүүгээс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн хохирол, үнийн дүн, үйлдэж буй арга зэрэг нь тухайн гэмт хэргийн нэг шинж болж байдаг онцлогтой. Залилах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлж, эд хөрөнгийг нь сайн дурын үндсэн дээр өөртөө шилжүүлэн авдаг бөгөөд ингэхдээ буцааж өгөхгүй байх субъектив санаа зорилгыг агуулдаг.

Шүүгдэгч Г.Б- нь хохирогч Ж.Батхүүгээс мөнгийг нь авахдаа “...манай эхнэрийн хамаатан Туваанжав гэж хүн АНУ-ын виз гаргуулах гэж байгаа, та банкны баталгаа гаргаад өгөөч, 22.000 ам.доллар хэрэг болоод байна, маргааш мөнгийг чинь буцаагаад өгнө...” гэж хэлсэн зүйл нь бодитойгоор хэрэгжих үндэслэл тогтоогдоогүй бөгөөд тэрээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулах аргаар бусдын эд хөрөнгийг өөртөө авч ашигласан байдал тогтоогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзнэ.

Харин шүүгдэгч Г.Б- нь хохирогч Ж.Батхүүгээс авсан мөнгөнийхөө зарим хэсгийг буюу 20.300.000 төгрөгийг түүнд тохиролцсон ёсоор зохих хугацаанд нь буцаан төлсөн байдал тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, тэрээр уг мөнгийг залилан мэхэлж авах санаа зорилгыг агуулаагүй байх тул гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хэмжээг /54.064.340-20.300.000=33.764.340/ 33.764.340 төгрөгөөр тогтоох нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж, мөн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуульд заасан дараах хохирлын хэмжээг доор дурдсанаар ойлгоно:”, 4.2-т “үлэмж хэмжээний хохирол гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” гэж заасан тул шүүгдэгч Г.Б-ийг дээрх гэмт хэргийн улмаас бусдад 33.764.340 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэж үзэх нь хуульд нийцнэ.

Иймээс давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж … болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэм буруутайд тооцон, холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нар давж заалдсан гомдолдоо “...хуульд заасан хорихоос өөр төрлийн ял буюу торгох ял оногдуулж өгөхийг...” хүссэн байна.

Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой бөгөөд шүүх гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Нөгөөтэйгүүр эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэхийн зэрэгцээ, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэхэд оршдог ба ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжиж, түүнд үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзлэлийг төрүүлдэг ач холбогдолтой болно.

Хэдийгээр шүүгдэгч Г.Б- нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаагаа илэрхийлсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан гэх бөгөөд хохирогч Ж.Батхүүгээс түүнд гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болсон, цаашид хорихоос өөр төрлийн ял оногдуулахад татгалзах зүйлгүй тухай хүсэлтээ бичгээр гаргасан байх боловч түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид хандаж буй хандлага, учруулсан хохирол, хор уршгийг арилгахад чиглэсэн идэвхи зэргийг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журамд нийцнэ гэж үзлээ.

Иймд дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулан бусад заалтуудыг хэвээр үлдээж, ял хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл болон хэрэгт хураагдсан эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгахдаа зохих хуулийн зүйл, хэсэг, заалтыг баримтлаагүй нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгүүдэд заасан “Шүүгч гагцхүү хуульд захирагдан шийдвэрээ гаргах” зарчимд нийцэхгүй байгааг анхааруулан дурдаж байна.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Б-ийн өмгөөлөгч Ө.Учрал, Ц.Энхбаяр болон хохирогч Ж.Батхүү нар давж заалдах журмаар гомдол гаргасан боловч эдгээр оролцогч нар нь уг гомдлоосоо татгалзсан тухай хүсэлтээ тус тус бичгээр илэрхийлсэн тул тэдгээрийн давж заалдсан гомдлуудыг шүүх хуралдаанаар хэлэлцээгүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1. 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 528 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Шүүгдэгч Баяжих овгийн Галсангийн Б- /РД: АЭ75121871/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулан үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Шүүгдэгч Баяжих овгийн Галсангийн Б-ийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шүүгдэгч Г.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-өд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-өд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилж, бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Ц.ОЧ

                                ШҮҮГЧ                                                                        М.ПҮРЭВСҮРЭН

                                ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН