Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0622

 

2024 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2024/0622

Улаанбаатар хот

 

 

 

Ц.Б-ы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Т.Энхмаа

 

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ц.Б

 

Нэхэмжлэгч: Ц.Б  

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсад 31 жил 8 сар 29 хоног, төрийн албанд 29 жил 5 сар ажилласан тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, 36 сар хүртэлх цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийг олгох шийдвэр гаргуулахаар даалгах” тухай;

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 126/ШШ2024/0106 дугаар шийдвэр;

 

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ц;

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б-О;

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номуунаа

Хэргийн индекс: 126/2024/0097/3

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Ц.Б-аас “Улсад 31 жил 8 сар 29 хоног, төрийн албанд 29 жил 4 сар ажилласан тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, 36 сар хүртэлх цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийг олгох шийдвэр гаргуулахыг даалгах”-аар маргасан байна.

 

2. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар шийдвэрээр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон “Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ы Хөвсгөл аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Улсад 31 жил 8 сар 29 хоног, төрийн албан 29 жил 4 сар ажилласан тул төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, 36 сар хүртэлх цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийг олгох шийдвэр гаргуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

3. Нэхэмжлэгч Ц.Б-аас давж заалдах гомдолдоо: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 126/ШШ2024/0106 дугаар шийдвэрийг ... дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд: Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Улсад 31 жил 8 сар 29 хоног, төрийн албанд 29 жил 4 сар ажилласан тул Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг үндэслэн нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоос татгалзсан татгалзал хууль бус болохыг тогтоолгож, 36 сар хүртэлх цалинтай тэнцэх буцалтгүй тусламжийг олгох шийдвэр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолоор батлагдсан журмаар төрийн албанд ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн гэх нөхцөлөөр ажлаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчид нэг удаагийн тусламж өгөхөөр зохицуулжээ.

3.1.1. Үүнийг анхан шатны шүүх үндэслэх хэсэгтээ: Үндсэн хууль нь бүх хуулийн дээд эрэмбэ болно, түүнийг нэхэмжлэгч миний бие Аймгийн засаг дарга илтэд зөрчсөн талаар дурдаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Үндсэн хуулийн тэгш эрх, тэгш байдал хэрхэн зөрчигдсөн талаар дурдсаар байтал Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн нь огт үндэслэлгүй байна. Тухайлбал, нийгмийн даатгал 31 жил, 8 сар 29 хоног төлжээ би /хавтаст хэрэгт байгаа/, сарын цалингаа тухай бүр нэрийн дансанд мөнгө хураадаг /шүүх хуралдаанд хэлсэн/. Гэтэл миний энэ улсад тушаасан нөр их хөдөлмөрийг анхан шатны шүүх үгүйсгэхдээ ажлаасаа халагдсан байна гэсэн. Гэтэл би ажлаасаа халагдаад дараа нь группт байж байгаад тэтгэвэртээ гарсан, Монгол Улсад залуу нас хүч хөдөлмөр, монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр хандаж зориулж ирсэн.

3.1.2. Анхан шатны шүүх төрийн албан хаагч гэж тийм хүн гэж хэлнэ гэж тайлбарлаад байгааг үгүйсгэхгүй, харин тэд ажлаасаа чөлөөлөгдөөд төрийн албан хаагч биш иргэн болсон хойно тэтгэмж авах эрх үүснэ.

3.2. Анхан шатны шүүхээс дүгнэсэн дүгнэлтээр: Төрийн албан хаагчийн эрх зүйн байдал дуусгавар болсны дараа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэнд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалт хамаарахгүй гэсэн. Гэтэл би төрийн албанд ажиллаж байгаад бусдын адил чөлөөлөгдөөд, эсхүл халагдаад тэтгэмжээ авах гэж шүүхэд хандсан. Дээд хэмжээ Үндсэн хууль зөрчөөгүй гэдэг нь үндэслэлгүй, мөн төрийн албан хаагч бүр ажлаасаа гарсны дараа тэтгэмжээ авдаг байтал заавал төрийн албан хаагч байх ёстой гэсэн явцгүй, хууль буруу тайлбарласан. Төрийн албан хаагч тэтгэмж авдаггүй юм.

3.3. Мөн анхан шатны шүүх үндэслэхдээ: ... төрийн албанаас халагдсан буюу төрийн албан хаагчийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон этгээдийг урамшуулах зорилгогүй ... гэж үзсэн. Анхан шатны шүүхийн Үндсэн хууль зөрчсөн, энэхүү хууль тайлбарлах эрхийг өөртөө өгсөн, хууль хэрэглэх эрхээсээ давж буруу тайлбарласан.

3.4. Нийгмийн даатгалын талаар дурдсан дүгнэлтүүд нь үндэслэлтэй боловч дараах байдлаар илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнд:

3.4.1. Төрөөс олгож буй буцалтгүй тусламжийг Б  нийгмийн даатгал төлсөн боловч хүртэх эрхгүй гэж.

3.4.2. Миний эрүүгийн хэрэгт ял шийтгүүлсэн талаар дүгнэлт хийх эрх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд байхгүй.

3.4.3. Иргэн Ж нь 3 жил төрд ажиллаагүй Б-аас өөр байна гэсэн илтэд ижил юмыг өөр гэсэн нь ойлгомжгүй, адилхан л төрийн албанаас чөлөөлөгдсөн группт байхдаа тэтгэвэр тогтоолгосон иргэд юм.

3.5. Мөн шүүгч шийдвэртээ Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т заасан заалт бүхий хуулийг буруу хэрэглэж, хуулийн хэм хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг үнэлэлгүй буруу дүгнэлт гаргасан болно.

Иймд хууль буруу тайлбарласан анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж Үндсэн хуулийн Ардчилсан шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зэрэг заалтыг баримтлан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.  Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.  Талуудын маргаж буй зүйл нь төрийн албан хаагчаар ажиллаж байсан иргэн өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй эсэх талаар байна.

3.  Нэхэмжлэгч Ц.Б-аас “...өвчний улмаас 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөн өдрөөс хойш төрийн албанд ажил, албан тушаал эрхэлж чадаагүй нь төрийн албанд 29 жил, 4 сар ажилласан үр дагаврыг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй. Улсад ажиллахдаа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсний үр шимийг хүртэх эрхтэй. Засгийн газрын 2023 оны 243 дугаар тогтоолоор өмнөх 2019 оны 7 дугаар тогтоолыг хүчингүй болгосон тул тэтгэвэрт гарахын өмнө тасралтгүй төрийн албанд ажилласан байх шаардлага байхгүй болсон. Иймд өндөр насны тэтгэвэр тогтоолгоход төрөөс олгодог нэг удаагийн буцалтгүй тусламжийг авах эрхтэй” гэж, хариуцагчаас “...иргэн Ц.Б  нь Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж өндөр насны тэтгэвэр тогтоолгоогүй, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акттай байх хугацаандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ба уг хугацааг төрийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцохгүй тул ...нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ. Харин хариуцагчаас нэхэмжлэгчийн төрийн албанд ажилласан жилийн хугацаатай маргадаггүй.

4. Маргааны үйл баримтын талаар,

4.1. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэгч Ц.Б-аас “...төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгуулах”-аар гаргасан хүсэлтийг Хөвсгөл аймгийн Засаг дарга 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 1/428 дугаар албан бичгээр уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй талаар мэдэгджээ.

4.2. Үүний дараа, нэхэмжлэгчээс дээрх асуудлаар гомдол гаргасны дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 04/72 дугаар албан бичгээр “...буцалтгүй тусламжийн талаарх асуудлаа Хөвсгөл аймгийн Засаг даргад хандан шийдвэрлүүлэх, эсвэл хууль хяналтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж, Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын ахлах хянан шалгагч 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 02/316 дугаар албан бичгээр “...Таныг Хөвсгөл аймгийн Засаг даргын 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1* дүгээр захирамжаар ААҮТ-ийн даргын ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон бөгөөд энэ нь дээрх хууль, журмын зохицуулалтад хамаарахгүй...” гэх хариу өгсөн байна.

5. Хууль зүйн үндэслэлийн талаар,

5.1. Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д “Төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдсөн бол үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгоно. Нэг удаагийн буцалтгүй тусламжийн дээд хэмжээ нь 36 сарын үндсэн цалингийн дунджаас хэтрэхгүй байна. Нэг удаагийн буцалтгүй тусламж тооцох цалингийн дундаж хэмжээ болон олгох шалгуур нөхцөлийг тодорхойлсон журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтооно.” гэж заасан нь мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.1-д заасан төрийн албан хаагчид төрөөс үзүүлэх нийтлэг баталгааны нэг бөгөөд зорилго нь төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг хангах үүднээс төрийн албанд тасралтгүй, олон жил ажилласан иргэнийг урамшуулах зорилгоор өндөр насны тэтгэвэрт гарахад нь төрөөс нэг удаа дэмжлэг үзүүлэхэд оршино.

5.2. Энэхүү төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгох нөхцөл, журмыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 07 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам”-аар нарийвчлан зохицуулжээ.

5.3. Тодруулбал, уг журмын 1 дүгээр зүйлийн 1.1-д “Төрийн албаны тухай хуулийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөж, өндөр насны тэтгэвэр тогтоолгосон төрийн улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 60.1-д заасан нэг удаагийн буцалтгүй тусламж олгоход уг журмыг мөрдөнө”, 5 дугаар зүйлийн 5.3-т “Төрийн албан хаагч ажил олгогчид өргөдлөө гаргаж, төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа түүнд энэ журамд заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тусламж олгоно.” гэж тус тус заасны дагуу тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн болон төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдсөн төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор тусгагджээ.

5.4. Гэтэл энэхүү маргааны хувьд, нэхэмжлэгч Ц.Б нь Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрээр “Е11 Инсулинээс үл хамаарах чихрийн шижин” оношоор хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоолгож, улмаар 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр “хөдөлмөрийн хэвийн” нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

5.5. Түүнчлэн Хөвсгөл аймгийн ААҮТ-ийн даргаар ажиллаж байсан Ц.Б-ыг Хөвсгөл аймгийн Засаг дарга 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/1* дүгээр захирамжаар “...хахууль авах гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхээр тогтоогдож шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон” гэсэн үндэслэлээр 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн төрийн албанд 2 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож шийдвэрлэжээ.

5.6. Үүнээс үзвэл, нэхэмжлэгч Ц.Б  нь Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 46.2.3-т заасан үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөөгүй, харин төрийн албанд 2 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр ажлаас халагдсан, мөн энэ хугацаанд хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээг тогтоолгож, улмаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн, 60 насанд хүрсэн эрэгтэй ...” гэж заасны дагуу өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байгаа энэ тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д заасан төрийн албан хаагчид олгох нэг удаагийн буцалтгүй тусламж олгох боломжгүй бөгөөд Төрийн албан хаагчид өндөр насны тэтгэвэрт гарахад нэг удаагийн буцалтгүй тусламж олгох журам хамаарахгүй юм.

5.7. Нөгөөтээгүүр, тус журмын 1 дүгээр зүйлийн 1.2-т “Эрүүл мэндийн болон боловсролын салбарын хуульд заасан шалгуур, нөхцөлд хамаарах төрийн үйлчилгээний албан хаагч болон төрийн тусгай албан хаагчаас бусад энэ журмын үйлчлэлд хамаарах төрийн албан хаагч нийтдээ 5 жил, үүнээс сүүлийн 3 жил төрийн албанд тасралтгүй ажилласан тохиолдолд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрх үүснэ.” гэж заасныг Монгол Улсын Засгийн газар 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 243 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцож, 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр журамласан байна.

Гэтэл нэхэмжлэгчээс “...өндөр насны тэтгэвэр тогтоолгохын өмнө төрийн албан хаагч тасралтгүй ажилласан байх журмын шаардлага хүчингүй болсон тул төрийн албанд 29 жил, 4 сар ажилласан үр дагаврыг бүхэлд нь үгүйсгэх үндэслэл болохгүй бөгөөд нэг удаагийн буцалтгүй тусламж авах эрхтэй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.8. Дээрхээс дүгнэвэл, нэхэмжлэгч Ц.Б нь 2021 онд ажлаас халагдсанаар түүний төрийн албан хаагчийн эрх зүйн харилцаа дуусгавар болсон байх бөгөөд Төрийн албаны тухай хууль болон дээрх журамд заасан төрийн албан хаагчид олгох буцалтгүй тусламж авах шалгуур, нөхцөлийг хангаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчид нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэрийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

5.9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хууль болон журмын заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 126/ШШ2024/0106 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                          ШҮҮГЧ                                                                  Г.БИЛГҮҮН   

 ШҮҮГЧ                                                              Н.ДОЛГОРСҮРЭН

 ШҮҮГЧ                                                              Т.ЭНХМАА