Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 356

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

             шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл,

             улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувд,

            хохирогч Ю.Зоригоо,

            гэрч С.Одончимэг,

            хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал,

            шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Оюун-Эрдэнэ, Ц.Рашзэвэг,

шүүгдэгч Б.Аюурзана нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Батсүхийн Аюурзанад холбогдох 201619000569 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 сарын 17-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 4 аав, ээж, дүүгийн хамт Төв аймгийн  Эрдэнэсант сумын 1 багт хөдөө оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай Түмэнтий овогт Батсүхийн Аюурзана /РД:НФ91060510/ гэв.

 

Холбогдсон гэмт хэрэг: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Аюурзана нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд Ю.Зоригоогийн зүй бус харьцаа буюу эхнэр Одончимэгийг нь “дуугай бай гичий минь” гэж хэлсэнд уурлаж, улмаар Ю.Зоригоогийн зүүн эрүүн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.Үүнд:

Шүүгдэгч Б.Аюурзана шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2016 оны 7 сарын 20-21-нд шилжих шөнө Эрдэнэсант суманд Дэмбэрэлийн гэрт найз нартайгаа хамт архи ууцгаасан. Тэгсэн гаднаас Зоригоо орж ирээд нэлээн халчихаад надад 2 гарын шивээсээ үзүүлээд чи яланд явж үзсэн үү, би доор байхдаа хийлгэсэн шивээс гээд байсан. Би юм дугараагүй тэгсэн манай эхнэр Одончимэгийг “ааштай гичий минь дуугай бай” гэсэн тэгэхээр нь би эхнэрээ өмөөрөөд нэг удаа цохисон гэв.

 

Хохирогч Ю.Зоригоо шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: ... Би тухайн өдөр эхнэртэйгээ хуушуур зарж байсан чинь манай ангийн Үүрцайх ирээд манай ангийхан хойд Дэмбэрэлийнд нийлж байгаа хамт явъя гэхээр нь би ажилтай байна, хуушуур зарж байгаа гэсэн чинь хамт явъя гээд байсан. Тэгээд Дэмбэрэлийнд очсон. Тэнд бид нар идэж ууцгаагаад сууж байсан чинь Өлзий-Утас Дэмбэрэлийг Баасанжаргалтай хардаад хэрэлдээд байсан. Тэгэхээр нь би нэг ангийн хүүхдүүд байж хэрэлдэж яах гээд байгаа юм бэ гэсэн тэр хооронд би “гичий” гэж хэлсэнг Одончимэг өөр дээрээ тусгаж аваад “чи намайг гичий гэж хэлдэг хэн бэ” гээд намайг гүтгээд над руу дайраад байсан. Би зүүн талын орны доод талын сандал дээр сууж байсан чинь Аюурзана надруу уурлаад янз бүрийн юм яриад байсан. Тэгсэн гэнэт хүрэн иштэй хутга хаанаас гараад ирсэнг сайн мэдэхгүй байна. Миний хоолой руу тулгаад эхнэр Одончимэг нь хутгын булааж авсан. Би доор орж үзсэн үү гэж тийм зүйл яриагүй гэв.

 

МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД

Гэрч С.Одончимэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Эрдэнэсант сумын наадам болсон ба тэгээд манай ангийнхан уулзаад ангийн хүүхэд Дэмбэрэлийн гэрт очоод пиво ууцгаасан тэгэхэд би Аюурзаныг дагуулж очсон юм тэгээд сууж байхад араас Зоригоо орж ирээд бүгдэнтэй нь гар бариад Аюурзанатай мэндэлж байсан. Тэгээд пиво, архи уугаад сууж байхад шөнө 23 цаг өнгөрч байсан байх Өлзий-Утас, Баасанжаргал нар байшингийн гадаа хоорондоо юунаас болсныг мэдэхгүй маргалдаж хэрэлдэхээр нь би дундуур нь орж салгасан. Тэгээд байшинд орж ирэхэд Зоригоо бас гадаа байж байгаад орж ирээд Аюурзанад хандаад мань чинь энэ шивээсийг доор орж хийлгэсэн ш дээ чи доор шоронд орж үзсэн үү гээд байсан чинь Аюурзана Зоригоог чи юу яриад байгаа юм гэсэн тэгэхлээр нь би бас Зоригоог чи юун шорон яриад байгаа юм гэхэд Зоригоо намайг дуугай бай гичий минь гэж хараахад  Аюурзана орон дээр сууж байснаа зүүн талын орны доод талд сууж байхад нь очоод зүүн талын шанаа эрүү орчим нь 1 удаа цохиод авахаар нь би очоод Аюурзаныг салгаж аваад тэгээд гарч явцгаасан юм. Тэгээд 07 сарын 21-ний өглөө Дэмбэрэлийн гэрт байхад Зоригоо ирсэн тэгэхдээ миний зүүн талын эрүүний шүд өвдөөд байна бусдаар зүгээр гэсэн юм яриад байсан. Тэгсэн 07 сарын 23-ний өглөө Зоригоог эрүүний зурагаа авахуулсан эрүүний яс нь хугарсан байна гэж мэдсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-12 тал/,

Гэрч Б.Хажид мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Тэгээд 02 цагийн орчим Зоригоог авчирахаар яваад Дэмбэрэл гэж залуугийн гэрт очиход Зоригоогийн хамар амнаас нь цус гарсан байсан ба би дагуулаад гэртээ очихоор гараад явахад гадаа Зоригоог таньдаг гэх Т.Приус маркийн машинтай залуучуудтай тааралдсан тэгээд ойр зуурын юм ярьж байгаад Зоригоог дагуулаад гэртээ очиж амарсан тэгээд өглөө нь зүүн талын шанаан хавдсан байсан шүд нь өвдөөд байна гээд байсан. 2016 оны 07 сарын 22-ны өдөр Зоригоогийн зүүн талын эрүүний яс шүд нь өвдөөд байна гэхээр нь Улаанбаатар хот руу яваад гэмтлийн эмнэлэг дээр очоод зургийг нь авахуулахад эрүүний яс нь зүүн талдаа хугарсан байна гэсэн юм. Баасанжаргал, Өлзий-Утас нар хоорондоо хэрэлдэж маргалдаад байхаар нь Зоригоо гаднаас орж ирээд яагаад байгаа гичийнүүд бэ болиоч гэхэд Аюурзана босож ирээд чи намайг 10 жилд ямар байсныг мэдэх үү чи хэзээ ийм болчихсон юм гээд Зоригоогийн зүүн талын шанаа руу нь 1 удаа гараараа цохиж аваад хутга хоолойд нь тулгасан гэсэн би дараа нь Аюурзанатай уулзахад согтоод хутга барьсан байналээ гэж байсан. Эхнэр Одончимэг нь хутгыг нь би булааж авсан гэж байсан юм” гэсэн мэдүүлэг/хх-14 тал/,

Гэрч Ю.Болормаа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Тэгээд Зоригоогийн эхнэр Хажид шөнө 02 цагийн орчим Зоригоог авчирахаар яваад дагуулж ирсэн ба тэгээд Зоригоо өглөө нь босчихоод зүүн талын шүд хугарчихсан юм шиг байна өвдөөд байна гээд зүүн талын шанаа нь хавдсан байсан ба яасан юм гэхэд Аюурзана гэж залуу урьд орой нийллэгэн дээр байхад нь зүүн талын эрүү лүү нь гараараа цохиж авсан гэж байсан ба мөн хоолойд нь зурагдсан шарх байсан юм тэгээд 2016 оны 07 сарын 22-ны өдөр Зоригоогийн зүүн талын эрүүний яс шүд нь өвдөөд байна гэхээр нь Улаанбаатар хот руу явуулж үзүүлж зургийг нь авахуулахад яс нь зүүн талдаа хугарсан байсан гэсэн юм” гэсэн мэдүүлэг /хх-17 тал/,

Гэрч Ч.Дэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: .. Шөнө 24 цаг өнгөрч байсан санагдаж байна. Бүгд гараад тамхи татаад юм яриад байж байхад манай эхнэр Өлзий-Утас, Баасанжаргал нар хоорондоо маргалдаад гэр лүү орсон ба би гадаа байж байгаад гэрт ороод Өлзий-Утас, Баасанжаргал нарыг салгаад тэгээд байж байгаад буцаад гарсан тэгээд ороход Зоригоог Аюурзана цохиж  авсан гээд Зоригоогийн хамраас нь цус гарсан байж байсан тэгээд Аюурзана, Одончимэг нар явлаа гээд яваад өгсөн ба Зоригоог манайд байж байхад эхнэр Хажид нь ирж авч явсан. .. Тэгсэн дараа нь 14 хоног орчмын дараа Зоригоог Улаанбаатар хотод очиж үзүүлж зураг авахуулаад эрүүний яс нь хугарсан байна гэж мэдсэн” гэсэн мэдүүлэг /хх-18 тал/,

Гэрч Ч.Өлзий-Утас мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: .. Баасанжаргал гэж эмэгтэй манай машины урд копудан дээр нэг залуутай юм ярьж инээлдээд суугаад байхаар нь би Баасанжаргалд машины копудан дээр алцагнаад байх юм гэж хэлээд бид хоёр гэрийн гадаа маргалдаад гэрт орж ирсэн. Тэгэхэд Зоригоо гаднаас орж ирчихээд Баасанжаргалыг өмөөрөөд хараагаад байсан ба Аюурзаны эхнэр Одончимэг Баасанжаргал бид хоёрыг болиулахад Зоригоо Одончимэгийг “гичий минь” гэж хараасан тэгээд Зоригоо орны хажуу талд хөлд нь сууж байхад Аюурзана уурлаад босож очоод Зоригоогийн зүүн шанаа орчим нь гараараа 1 удаа цохиж авахад Зоригоогийн хамраас цус гарсан ба Аюурзаныг эхнэр Одончимэг нь салгасан энэ үед гэрт Аюурзана, Зоригоо, Одончимэг бид 4  л байсан бусад нь гэрийн гадаа байсан. Тэгээд Одончимэг Аюурзаныг аваад явсан. Зоригоо манайд байхад эхнэр Хажид ирээд аваад явсан.  .. Тэгсэн дараа нь Улаанбаатар хот руу явж зургыг нь авахуулахад эрүүний яс нь хугарсан байна гэсэн гэж байсан. ...Манай төвийн байшинд нийлсэн манай хутга хөдөө гэрт байсан. Төвийн байшинд хутга байгаагүй. Аюурзана Зоригоод хутга тулгасан зүйл огт байхгүй би харж байсан” гэсэн мэдүүлэг /хх-20-21 тал/,

Гэрч Г.Үүрцайх мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: . .. Намайг гэрт байхад Аюурзана гэнэт босож ирээд Зоригоогийн зүүн шанаа орчим нь гараараа 1 удаа цохиж авсанаа Аюурзанын хоолойд нь хутга тулгаж байгаа харагдсан тэгээд Аюурзанын эхнэр Одончимэг нь салгасан ба удалгүй яваад өгсөн би мөн тэгээд яваад өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-22 тал/,

Гэрч Ч.Баасанжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ...тэгээд Өлзий-Утас бид хоёр дахин зууралдаж аваад би Өлзий-Утасыг дахиад алгадаж авахад Өлзий-Утасын нөхөр Дэмбэрэл бид хоёрыг салгасан. Тэгэхэд байшинд гаднаас ангийн Зоригоо гэж залуу орж ирж байсан тэгээд намайг манай ангийн залуу салгаад Дэмбэрэлийн байшингаас гаргахад Дэмбэрэл, эхнэр Өлзий-Утас нар намайг янханаар дуудаад байсан чинь Зоригоо намайг өмөөрөөд та нар Баасанжаргалыг янхан байхыг хаана харсан юм гэж хэлж байгаа бололтой байсан. Би тэгээд гарч яваад хашааны гадаа байж байгаад 10-20 орчим минут болсон байх явлаа гээд Дэмбэрэлийн байшингаас гадуур хувцасаа авахаар ороход Зоригоо Аюурзана гэж хүнд зодуулсан гээд байж байсан. Тэгээд би явлаа гээд явахад Зоригоо намайг гэрт хүргэж өгнө гээд надтай хамт явсан ба Зоригоо замдаа чамайг өмөөрөөд Аюурзанад зодуулсан талаараа ярьж байсан” гэсэн мэдүүлэг /хх-23 тал/,

Гэрч Ч.Лхагвасүрэн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Тэгээд бид нар гадаа тамхи татаад байж байхад Өлзий-Утас гэрээс зодоон болчлоо гээд дуудахаар нь ороход Зоригоо сандал дээр хамраас нь цус гарсан байдалтай байсан ба юу болсон гэхэд Аюурзаныг цохисон гэж байсан. Аюурзаныг эхнэр Одончимэг нь  аваад явсан. Зоригоо дараа нь эхнэр нь ирээд явсан юм “гэсэн мэдүүлэг /хх-26 тал/,

 Шинжээч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Уг гэмтэл нь нэг удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Тухайн гэмтлийг авсан хүн эрүү орчим нь хавдартай ам ангайлт хязгаарлагдмал, бүхэл хатуу хоолыг зажилж идэж болохгүй зэрэг шинж тэмдэг илэрдэг. Рэнтгэн шинжилгээгээр эрүү ясны хугарлыг оношилдог , тэгэхээр боломжтой. Нэг шүдний ёзоорын хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн мэдүүлэг /хх-34-35 тал/,

 

БУСАД БАРИМТ СЭЛТ

-гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-03 тал/,

-Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Шинжээчийн дүгнэлт /Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №362 тоот актанд/:

1.Ю.Зоригоогийн биед зүүн эрүү ясанд хугарал, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-28 тал/,

           

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Шинжээчийн дүгнэлт /Хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээ №1095 тоот дүгнэлтэд/

1.Урьд гаргасан Төв аймгийн шүүхийн шинжилгээний албаны хүний биед шүүх эмнэлгийн шинжилгээний акт №362 тоот шинжээчийн дүгнэлттэй санал нэг байна.

2. Ю.Зоригоогийн биед эрүү ясны зүүн талын булангийн зөрөөгүй далд хугарал, зүүн доод акт араа шүдний хугарал, хүзүүнд зулгарал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

4.Уг гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6.Нэг шүдний хугарал нь ерөнхий хөдөлмөрийн чадварийн тогтонги алдалтанд 5% нөлөөлнө гэжээ /хх-33 тал/,

 

-Ю.Зоригоогийн өвчний түүхийн хуулбар /хх-64-71 тал/,

-хохирлын баримт /хх-53-61 тал/,  

 

            -шүүгдэгч Б.Аюурзаныг 2016 оны 08 сарын 17-ны өдөр сэжигтнээр /хх-42-43 тал/, 2016 оны 09 сарын 10-ны өдөр яллагдагчаар /хх-44-45 тал/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд,

-Шүүгдэгч Б.Аюурзаны ял шалгах хуудсыг шалгахад “ял шийтгэл үгүй” гэх лавлагаа /хх-46 тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.

Үүнд:

Шүүгдэгч Б.Аюурзана нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 07 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд Ю.Зоригоогийн зүй бус харьцаа буюу эхнэр Одончимэгийг нь “дуугай бай гичий минь” гэж хэлсэнд уурлаж, улмаар Ю.Зоригоогийн зүүн эрүүн тус газарт нь гараараа цохиж бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь: хохирогч Ю.Зоригоогийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Одончимэг /хх-12 тал/, Б.Хажид /хх-14 тал/, Ю.Болормаа /хх-17 тал/, Ч.Дэмбэрэл /хх-18 тал/, Ч.Өлзий-Утас /хх-20-21 тал/, Г.Үүрцайх /хх-22 тал/, Ч.Баасанжаргал /хх-23 тал, Ч.Лхагвасүрэн /хх-26 тал/ нарын мэдүүлсэн мэдүүлгүүд, Төв аймгийн Засаг даргын дэргэдэх шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн №362 тоот акт, Ю.Зоригоогийн өвчний түүхийн хуулбар /хх-64-71 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хэргийн материалаар хийгдсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний №1095 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Аюурзаны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.Аюурзаны мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн  “эхнэрийг гичий гэж доромжлохоор нь 1 удаа цохисон” гэх мэдүүлэг нь хэрэгт бусад нотлох баримтаар давхар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлгийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82 дугаар зүйлийн 82.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нотлох баримтын хэмжээнд шүүх үнэлсэн болно.

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Аюурзанад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Аюурзанад бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Аюурзанад ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5 дах хэсэгт “хохирогчийн хууль бус үйлдлээс болж гэмт хэрэг гарсан”, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, албадан ажил хийлгэх ял шийтгэл оногдуулсан болно.

 

Хохирлын талаар:

Хохирогч Ю.Зоригоогийн мөрдөн байцаалтын шатанд гаргасан 1530000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүгдэгч Б.Аюурзана нь төлж барагдуулсан байх ба харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ю.Зоригоо нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн

Хиймэл шүд хийлгэх үнэ 3 500 000 төгрөг,

Хууль зүйн туслалцаа авсан зардал 1 100 000,

Эмчилгээ, унааны зардалд 2 480 000 төгрөг нийт 7 080 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.4, мөн хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт тус тус зааснаар нотлох баримтын шаардлага хангасан өмгөөлөгчийн зардал 1 100 000 төгрөг, 2016 оны 11 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд ирсэн шатахууны зардал 10 000 төгрөг, нийт 1 110 000 төгрөгийг шүүгдэгч Б.Аюурзанаас гаргуулж хохирогч Ю.Зоригоод олгох нь зүйтэй байна.   

        Харин эмчилгээ, унааны зардал нэхэмжилсэн 2 480 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас шүүгдэгч Б.Аюурзанаас гаргуулахаар шийдвэрлэсэн 10 000 төгрөгийг хасч, нотлох баримтын шаардлага хангаагүй эмчилгээ, унааны зардал 2 470 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага,

хиймэл шүд хийлгэх үнэ 3 500 000 төгрөгийн эмчилгээний зардал нь ирээдүйд гаргах эмчилгээний зардал байх ба түүнийг нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй  байх тул хиймэл шүд хийлгэх 3 500 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нийт 5970000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа хохирогч Ю.Зоригоо нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгч Н.Энхжаргал нь “хохирогч Ю.Зоригоо нь хохирлын баримт яаж цуглуулахаа мэдэхгүй, хохирлын баримт гаргаж өгөх бололцоогүй байсан. Иймд нэгэнт шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг эмчлүүлэхэд зарцуулсан зардал учир шүүх уг хохирогчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгчээс нэхэмжлэлийн шаардлагыг гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь:

Шүүх гэм хорын хохирлыг хянан шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд түүнийг үнэлж гэм хорын хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж хянан шийдвэрлэдэг бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлох баримтын шаардлага хангасан хохирлыг шүүгдэгч төлж барагдуулсан бөгөөд энэ тал дээр оролцогчид мэтгэлцээгүй болно.

  Харин шинээр гаргаж өгсөн нэхэмжлэлийн шаардлагын зарим нь хуульд зааснаар нотлогдоогүй хохирогчийн ирээдүйд гаргах зардал нэхэмжилснийг дурдах нь зүйтэй байна.

Хавтаст хэрэгт авагдсан зээлийн баримт болон Хаан банкны гүйлгээний баримтууд нь мөнгө зарлагдсан гэдгийг нотлосон баримт бөгөөд хохирогч Ю.Зоригоогийн эмээ гэх Д.Чимэдцэрэнгийн тэтгэвэрийн зээлийн баримт, банкны зарлагийн баримтууд нь хохирогч Зоригоогийн гэм хорын хохиролд хамааралгүй юм.

Түүнчлэн хохирогч Ю.Зоригоо нь хуульд зааснаар нотлох баримт цуглуулахаа мэддэггүй байсан гэдэг нь түүнд нотлох баримтгүйгээр гэм хорын хохирол гаргуулах үндэслэл болохгүй бөгөөд нотлох баримтгүйгээр хохирол гаргуулах нь хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчим алдагдана гэдгийг дурдах нь зүйтэй байна.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Аюурзана нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

 

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286 , 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэг, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Түмэнтий овогт Батсүхийн Аюурзаныг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аюурзаныг  300 /гурван зуун/ цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Аюурзанад оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн албадан ажил хийлгэх ялыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтоосон газарт нийгэмд ашигтай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг мэдэгдсүгэй.

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Аюурзана нь 300 цагийн албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийсэн бол эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг болохыг мэдэгдсүгэй.

          5.Энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Б.Аюурзана нь цагдан хоригдсон хоноггүй, ялтан Б.Аюурзана нь хохирогч Ю.Зоригоод 1530000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Аюурзанаас 1110000 төгрөг гаргуулж хохирогч Ю.Зоригоод олгож, хохирогч Ю.Зоригоо нь нотлох баримтын шаардлага хангаагүй эмчилгээ, унааны зардал 2470000 төгрөг, хиймэл шүд хийлгэх 3500000 төгрөг, нийт 5970000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Б.Аюурзанад авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Ц.ОТГОНЖАРГАЛ