Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 07

 

 

 

 

 

 

Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00625 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 06-16 тоотод оршин суух, ПВ87080405 тоот регистрийн дугаартай, Хотгойд овогт Батчулууны Цолмонгийн нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гиймаа түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежид 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажлын байранд ажиллаж байсан. Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Дэлгэрсайхан нь 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр надтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай Б/177 дугаартай тушаал гаргаж, ажлаас халсан байна.

Ажлаас халах тушаалаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1-д заасныг үндэслэж, Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх үндэслэлгүйгээр ажлаас халсан байна.

Үүнд: 1.Ажлаас халах тушаал гаргахдаа сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан гэх боловч ямар зөрчлийг давтан гаргасан болох нь тодорхойгүй байна.

2.Ажлаас халах тушаалд дурдагдсан, зөрчил гэсэн үйлдлүүд нь хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээнд тусгагдаагүй, зөрчилд тооцогдоогүй байна.

Тушаалд дурдсан үйлдэл нь сахилгын зөрчил гэж үзнэ гэсэн зохицуулалт байхгүй. 3.Намайг сахилгын зөрчил гаргасан, удаа дараа гаргасан гэх боловч үйлдэл тус бүрийг шалгаж, зөрчилд тооцсон эсэх нь тодорхойгүй, зөрчил гаргасан этгээдэд танилцуулаагүй, тайлбар тодруулга аваагүй, зөрчилд сахилгын шийтгэл ногдуулахдаа холбогдох баримтыг бүрдүүлэлгүй үндэслэлгүйгээр тушаал гаргаж ажлаас халсан байна.

Иймд Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, эрүүл мэндийн болон, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн хариу тайлбар: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.    Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан нь ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл байхаар заасан.

Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцах тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг байдаг.

Ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д заасан байдаг. Хуулийн энэ заалтын дагуу Б.Цолмонг Ховд аймаг дахь Хөгжил политехникийн коллежийн захирлын тушаал гарч, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтнаар томилон ажиллуулсан.

 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны хэрэгжүүлэх чиг үүргийг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д тодорхой заасан байдаг. Нэхэмжлэгч Б.Цолмон нь хуулийн дээрх заалт, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд нийцээгүй Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, тухайн ажлын гүйцэтгүүлэх чиглэлээр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сахилгын зөрчлийг удаа дараа гаргасан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00625 дугаар шийдвэрээр

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цолмонгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид холбогдох Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1,717,338 төгрөг гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэгч Б.Цолмон нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай гэж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ховд аймаг дахь Хөгжил Политехникийн коллежийн захирал нь 2017 оны эхэнд батлуулах ёстой байсан гэх Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөөг батлуулаагүйн улмаас 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаартай сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалаар Б.Цолмонд сануулах арга хэмжээ авсан байна. 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хүртэл дээрх гурван төлөвлөгөөг мөн батлуулаагүй үйлдэл ажил олгогч ажилтанг ажлаас нь чөлөөлсөн байна. Иймд ажилтны гаргасан нэг зөрчилд сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулаагүй, харин нэг зөрчлийг давтан гаргасан үйлдэл тус бүрд нь ажил олгогч шийтгэл ногдуулсан байна.

Анх өгсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй гэсэн үндэслэлээр 2017 оны 05 дугаар сарын 01-ний сахилгын шийтгэл хүлээсэн байдаг. Үүрэг даалгаврыг хугацаанд нь биелүүлээгүй шалтгааныг ажил олгогчид тайлбарлах боломж олгоогүй, сахилгын зөрчлийг шалгах ажиллагаа явуулалгүйгээр өмнө нь сахилгын шийтгэл хүлээсэн асуудалд дахин сахилгын шийтгэл ногдуулж ажлаас чөлөөлсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

             Нэхэмжлэгч Б.Цолмон нь хариуцагч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид холбогдуулан Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, урьд ажиллаж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “би энэ ажилд орсны дараа Б.Цолмонг Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус  байнгын комиссын ажлын төлөвлөгөөг гаргах үүргийг өгсөн боловч биелүүлээгүй, удаа дараа шаардсан боловч батлуулж хэрэгжүүлээгүй. Болохгүй болохоор нь энэ талаар сахилгын арга хэмжээ авч байсан боловч батлуулаагүй. Иймээс ажлаас халсан” гэж тайлбарлажээ.

            Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан нотлох баримтуудын хууль зүйн бодит үндэслэлийг дүгнэвэл:

            Нэг. Хавтаст хэрэгт нэхэмжлэгч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтан Б.Цолмонгийн ажлын байрны тодорхойлолт авагдаагүй байна.

            Гэвч Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын ажлын төлөвлөгөөг Б.Цолмон гаргаж, батлуулах үүрэгтэй эсэх талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд ийм үүрэг хүлээсэн гэдгээ анхан шатны шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа хүлээн зөвшөөрсөн байна.

Хоёр. Нэхэмжлэгч Б.Цолмон нь Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан ажилтангаар ажилладаг бөгөөд  Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 81 дугаартай тушаалаар[1] Б.Цолмонг Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн даргаар, мөн өдрийн 80 дугаартай тушаалаар[2] Б.Цолмонг Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус байнгын комиссын гишүүнээр тус тус томилсон байна.

 

Гурав. Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын зөвлөлийн 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар “хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн жилийн төлөвлөгөөг үр дүнгийн гэрээтэй уялдуулж хийх ёстой учир санал авч, сайжруулж дахин оруулж ирэхийг ХАБЭА-н ажилтан Б.Цолмонд даалгасан” байна[3].

 

Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын зөвлөлийн 2017 оны 4 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар “ХАБЭА-н ажилтан Б.Цолмон ажлаа хийхгүй байна, аль 3 сард ажлын төлөвлөгөө гаргаж ир гэсэн одоо болтол хийж ирээгүй тул сахилгын шийтгэл ногдуулахаар шийдвэрлэсэн” байна[4]. Ингээд Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 75 дугаартай тушаалаар Б.Цолмонд “өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь гүйцэтгээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж байгаа” гэсэн үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна[5].

 

Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар “ХАБЭА-н ажилтан Б.Цолмонг ажлаа хийх талаар зааварчилгаа өгсөн бүр болохгүй болоод сануулах арга хэмжээ хүртэл авсан боловч ажлаа хийгээгүй гэдэг үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар 100 хувийн саналаар шийдвэрлэсэн байна[6].

 

Улмаар Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн захирлын 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Б/177 дугаартай тушаалаар Б.Цолмонг “Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн төлөвлөгөө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны бус зөвлөл болон үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг бүртгэх орон тооны бус  байнгын комиссын ажлын төлөвлөгөө зэргийг батлуулан хэрэгжүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан сахилын зөрчлийг удаа дараа гаргасан” үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 43 дугаар зүйлийн 43.1-т заасныг тус тус үндэслэн ажлаас нь халсан байна[7]

 

Дөрөв. Ажил олгогчийн Б.Цолмонтой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал нь Хөдөлмөрийн хууль зөрчөөгүй, үндэслэл бүхий болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Иймд анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 153/ШШ2017/00625 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

 

М.НЯМБАЯР

 

 

 

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 46-48 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 40 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 72-47 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас