Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1020

 

 2022          11          01                                      2022/ШЦТ/1020   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 1..../Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч С.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Ц.Д /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 19. оны 5 дугаар сарын 19-ний өдөр ...хотод төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын механикч мэргэжилтэй, *** ХХК-д автын инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, ***тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Ц.Д /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ц.Д нь 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн... хорооны нутаг дэвсгэрт байрлах 60 дугаар байрны 13 тоотод өөрийн гэртээ эхнэр Н.О-г бусадтай хардан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, түүний эрүүл мэндэд “баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруул, эрүү, цээж баруун бугалга, шуу, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би архи, согтууруулах ундааны зүйл хааяа хэрэглэдэг бөгөөд тухайн үед 15 давхрын ахтай виски бас нэг шил архи уугаад гэртээ орж ирсэн . Би эхнэрээ фэйсбүүкийн найзтай нь хардсан. Би хийсэн үйлдлээ маш сайн ойлгож, гэмшиж байна.” гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Н.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тухайн өдөр манай нөхөр Ц.Д гараараа миний нүүр, цээж хэсэгт цохьсон, бас намайг газар шалан дээр унасан байхад хөлөөрөө дэвсэлж зодсон. Шууны дотор талд хөндүүртэй байна, өөр ил харагдах гэмтэл, шарх сорви байхгүй. Манай нөхөр Ц.Д 2022 оны 3 сард надад гар хүрч зодож байсан бөгөөд тухайн үед цагдаагийн байгууллагад дуудлага өгч байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19-20 дахь тал)

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 11499 дугаартай "...Н.О-н биед баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруул, эрүү, цээж, баруун бугалга, шуу, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..." гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дэх тал)

Ц.Д*н яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэртээ ороод эхнэр Н.О-той хардалтын улмаас маргалдсан. Би тухайн үед согтолт маш өндөр байсан учраас болсон асуудлыг зарим зүйлийг нь санахгүй байгаа. Тэгээд нэг мэдэхэд цагдаа нар манай гэрт ирчихсэн намайг авч явах гээд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 9-11 дэх тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Ц.Д нь согтуугаар 2022.08.17-ны оройн 21 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн...хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байх гэртээ өөрийн эхнэр, хохирогч Н.О-г фэйсбүүк цахим орчинд бусадтай харьцлаа гэж хардан зодож  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь баруун хацарт зөөлөн эдийн няцрал, дээд уруул, эрүү, цээж баруун бугалга, шуу, зүүн бугалга, баруун гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэр бүлийн хамаарал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг мөн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Ц.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ц.Д-н хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж, үүссэн асуудлыг хүчирхийлэл, уур бухимдлаар шийдвэрлэх гэсэн тэвчээргүй, дээрэнгүй гэмт зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Ц.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч Н.О-д шүүх хуралдааны зар мэдэгдэхэд “шүүх хуралдаанд оролцохгүй, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх үзсэн болно.

Хэдийгээр шүүгдэгч нь одоогоор бусдад төлөх хохирол төлбөргүй байгаа боловч хохирогч Н.О-н тухайд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ц.Д-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ц.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч Ц.Д-д ял оногдуулахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Ц.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д-д 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ц.Д-д оногдуулсан 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Д нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хохирогч Н.О нь өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын асуудлаар цаашид шүүгдэгч Ц.Д-с нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР