Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
Хэргийн индекс | 105/2022/0591/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1530 |
Огноо | 2022-10-21 |
Зүйл хэсэг | 20.7.1., |
Улсын яллагч | Г.Эрдэмбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1530
2022 10 21 2022/ШЦТ/1530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,
улсын яллагч Г.Эрдэмбаатар,
шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Тт холбогдох эрүүгийн 2102 00510 0072 дугаартай 1 хавтас бүхий хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт М.Т
Холбогдсон хэргийн талаар:
М.Т нь 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ева центр ХХК-ий “Ион” зочид буудлын 201 тоот өрөөнд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 15.9 грамм өвс буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаадах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч М. Төгөлдөрийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс:
Яллагдагч М.Тийн мөрдөн байцаалтад өгсөн “Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна ... Би Мөнхбаттай буудлын өрөөнд ороход Батнягт унтаад Тэлмэн, Түвшинтөр нар пиво уугаад сууж байсан. Би ороод удаагүй сууж байгаад өөрт цүнхэнд байсан өвсөө гаргаж ирээд сорох уу, хэрэглэх үү гэхэд тэр хэд бүгд дэмжиж, Тэлмэн пиво авахаар гадагшаа гарсан. Тэлмэн орж ирэхдээ 2 литр хэмжээтэй Сэнгүр пиво 1 ширхэг, улаан шонхор тамхи 1 хайрцгийг авч орж ирсэн. Тэгээд Улаан шонхор тамхин доторх тамхийг нь асгаад тамхины цаасан дотор нөгөө өвснөөсөө нунтаглаж жижиглэж үүрүүлж хийгээд тагтан дээр гараад бид хэд ээлжлэн бүгд сорсон. Тэгж хэрэглэхэд тайвширч, дуу хөгжим сонсоход гоё мэдрэмж төрж байсан. Би өмнөх өдөр нь буюу 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сансарын туннел дээр алхаж явахдаа зүс мэдэх Бишрэлт гэх залуугаас авсан. Ямар нэг мөнгө төгрөг өгөөгүй, надаас авах уу гэхээр нь тэгье гээд аваад цүнхэндээ хийсэн байсан. Бишрэлтийн талаар нэрнээс өөр зүйл огт мэдэхгүй. Би гэм буруугаа хүлээж байна. Би ахиж ийм зүйл хэрэглэж бусад найз нөхөд, дүү нартаа буруу үлгэр дуурайлал үзүүлэхгүй гэж бодож байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 195-196 дугаар тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг учрал болсон гэх газар нь Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байна. Тус хорооны нутаг дэвсгэрт байрлах eva hotel гэсэн бичиглэлтэй ертөнцийн зүгээр хойш харсан саарал төмөр, хүрээтэй шилэн хаалгатай 2 давхар цайвар шаргал өнгийн зочид буудлын гадна ирэв. 201 гэсэн тэмдэглэгээтэй хар хөх өнгийн хаалгаар дотогш ороход 1 өрөө зохион байгуулалтай байх ба өрөөний зүүн талын хана дагуу улбар шар өнгийн ширээ, хөх өнгийн буйдан түүний урд хэсэгт улбар шар өнгийн ширээ, ширээн дээр ... тамхины дотор талын мөнгөлөг шатаж шарласан цаас 2 хэсэг байхыг криминалистикийн шинжээч ахмад Г.Батбаатар 16 гэж дугаарлан гэрэл зургийн аргаар бэхжүүлж шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав. Мөн ягаан өнгийн аяган дотор ногоон өнгийн нунтаг зүйл, түүний хажууд гялгар ууттай өвс мэт зүйл байхыг шинжилгээнд хүргүүлэхээр ягаан аяганы хамт шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 5-8 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хавтаст хэргийн 13-14 дүгээр тал/,
Биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 15-19 дүгээр тал/,
Гэрч Х.Тэлмэнгийн “Өвс татаж үзмээр байна гэж ярилцахад Төгөлдөр өөрийн үүрч явсан цүнхнээсээ жижиг нэг удаагийн тортой өвс гаргаж ирсэн. Тэр өвснөөс татахаар болсон. Уг өвсийг яаж татахаа мэдэхгүй тамхины ишинд хийж татахаар болоод би гадагшаа гарч 1 хайрцаг Улаан шонхор нэртэй тамхи, 1 том пиво авч орж ирээд тамхиа задлан 4 ширхэг янжуурын дотор талын тамхийг асгаад дотор нь нөгөө өвснөөс хийгээд Төгөлдөр, Батнягт, Мөнхбат бид 4 буудлын цонхон дээр зогсож байгаад татацгаасан. Татаж дууссан бид хэдэд ямар нэгэн нөлөө үзүүлээгүй гайхаад байж байтал гаднаас цагдаагийн ажилтнууд орж ирээд цагдаагийн газар луу дагуулж авчирсан. Үлдэгдэл жоохон өвс нь буудлын өрөөний ширээн дээр үлдсэн байсныг цагдаа нар хурааж авсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар тал/,
Гэрч Б.Батнягтын “Би орон дээр хэвтэж жоохон зүүрмэглэж байхад Төгөлдөр цүнхнээсээ өвс гаргаж ирээд хэрэглэж үзэх үү гэж хэлэхэд ... Тэлмэн шууд авчирсан тамхиа задлаад 2-3 ширхэг янжуур гаргаж ирээд дотор тамхийг унагаж хоосон болгоод дотор нь Төгөлдөрөөс гаргаж өгсөн нунтаг ногоон өнгийн өвсийг хоосон тамхиндаа хийгээд бид хэдэд нэг нэг ширхгийг өгөөд буудлын өрөөний цонхон дээр бөөнөөрөө асаагаад татсан би нэлээн хэд сороод миний нойр хүрээд байхаар нь шууд унтаад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр тал/,
Гэрч Б.Мөнхбатын “Төгөлдөрийн гаргаж өгсөн өвснөөс хийгээд янжуур тамхи шиг чигжиж хийгээд Төгөлдөр, Батнягт надад өөртөө нэг нэгийг өгсөн.Тэгээд шууд буудлын өрөөний цонхон дээр асааж татсан. Тэгээд татаж байсан чинь Батнягт ямар ч өөрчлөлт алга миний нойр хүрээд байна гээд орон дээр хэвтээд өгсөн ... Төгөлдөр энэ талаар бид хэд ямар нэгэн зүйл хэлээгүй. Гэнэт л татаж үзэх үү гээд өвс цүнхнээсээ гаргаж ирсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар тал/,
Гэрч Л.Түвшинтөрийн “Төгөлдөр нэг өвс гаргаж ирэхэд ... Тэлмэн тамхи гаргаж ирээд янжуурын дотор талын тамхийг гаргаад Төгөлдөрийн гаргаж өгсөн нунтаг ногоон өнгийн өвсийг янжуур руугаа хийгээд Төгөлдөр, Мөнхбат хоёрт өгөөд тамхи татаж байгаа юм шиг өрөөний цонхны хажуу талд татаад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 5466 дугаартай шинжээчийн “Шинжилгээнд ирүүлсэн №1 гэж дугаарласан зиплок гялгар ууттай ургамал мэт зүйл, №13 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай цайван ягаан өнгийн шаазан аяга зүйл бүрээс делта-9 тетрагидроканнабинол илэрч байна. Энэ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтдаг болно. №1 гэж дугаарласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 19.7 грамм, цэвэр жин нь 15.9 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин 15.4 грамм болов” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 66-75 дугаар тал/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн тусгай шинжилгээний газрын химийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 5036 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн Тэлмэн УК00232415 2021.10.22, Батнягт ТЮ00281819 2021.10.22, Төгөлдөр УА00322810 2021.10.22, Мөнхбат 2021.10.22 гэж хаягласан 4 ширхэг шээсний дээж тус бүрээс тетрагидроканнабинол /ТНС/ илэрсэн. Каннабисын төрлийн ургамал болон түүний түүхий эдийг хэрэглэсэн тохиолдолд дээрх бодис шээсэн илрэх боломжтой” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 83-86 дугаар тал/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 1049 дугаартай “М.Т нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. М.Т нь мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралтай гэх шинж тэмдэггүй байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 97-98 дугаар тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 119 дүгээр тал/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 164 дүгээр тал/, Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 165 дугаар тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч М.Т нь 2021 оны 10 дугаар сарын 21-нээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ева центр ХХК-ий “Ион” зочид буудлын 201 тоот өрөөнд дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 15.9 грамм өвс буюу хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаадах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох прокурорын тогтоол, гэрч Х.Тэлмэн, Б.Батнягт, Б.Мөнхбат, Л.Түвшинтөр, яллагдагч М.Т нарын мэдүүлэг, Хэргийн газрын үзлэгээр хураан авсан өвс мэт зүйлийг делта-9 тетрагидроканнабинолын агууламжтай болохыг тогтоосон, уг өвс мэт зүйлийг татаж хэрэглэсэн гэх Х.Тэлмэн, Б.Батнягт, Б.Мөнхбат, М.Т нарын шээсэнд делта-9 тетрагидроканнабинол бодис илэрсэн болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар гэрч Х.Тэлмэн, Б.Батнягт, Б.Мөнхбат, Л.Түвшинтөр, шүүгдэгч М.Т нар 20-21 настай багын найз нөхдийн харилцаатай бөгөөд эхлээд Х.Тэлмэн, Б.Батнягт, Л.Түвшинтөр нар зочид буудлын өрөөнд пиво ууцгаасан, Б.Батнягт нь анагаах чиглэлээр сурдаг оюутан ба Х.Тэлмэн, Б.Батнягт нар мансуурах зорилгоор өвчин намдаах үйлчилгээтэй эмийг натри шингэнд найруулан судсаараа хийсэн, ийм байдалтай байхад Б.Мөнхбат, М.Т нар нэмж ирсэн, улмаар М.Т урьд өдөр нь хүнээс авсан байсан гэх мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй өвсийг цүнхнээсээ гаргаж ирсэн, татах, сорох, хэрэглэхийг санал болгосон, Х.Тэлмэн гарч тамхи авсан, Х.Тэлмэн, Б.Батнягт, Б.Мөнхбат, М.Т нар тамхины доторхыг асган оронд нь өвсийг хийж татацгаасан, Л.Түвшинтөр өвснөөс татаж хэрэглээгүй,
Хэргийн газрын үзлэгээр тэдний татсан өвсний үлдэгдлийг хураан авсан, шинжилгээгээр уг хураан авсан өвснөөс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй бодис илэрсэн, мөн өвсийг татаж хэрэглэсэн Х.Тэлмэн, Б.Батнягт, Б.Мөнхбат, шүүгдэгч М.Т нараас дээрх бодис илэрсэн, Х.Тэлмэн, Б.Батнягт, Б.Мөнхбат нарыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмаар шалгуулахаар шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогджээ.
Шүүгдэгч М.Тийн мансуурсан зөрчилд Зөрчлийн тухай хуулиар зохих арга хэмжээ авхуулах нь зүйд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол” гэж уг гэмт хэргийн шинжийг зааж өгсөн.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг Мансууруулах эмийн тухай 1961 оны НҮБ-ын Конвенц, Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай 1971 оны НҮБ-ын Конвенцын жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгох”-оор тодорхойлжээ.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч М.Тийн байрласан гэх зочид буудлаас хураан авсан “өвс” мэт зүйлээс Делта-9 тетрагидроканнабинол илэрч, энэ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад орсон байна.
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд иргэний хувьд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг ашиглахыг хориглодог.
“Хадгалсан” гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг биедээ авч явах, эсхүл орон байр, агуулах сав, тусгайлан бэлтгэсэн газар зэрэгт байлгахыг ойлгох бөгөөд М.Т нь зочид буудлын өрөөнд мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй өвсийг цүнхэндээ хийн авч очсон үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” гэх шинж хангагджээ.
Шүүгдэгч М.Т нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлан мэдэж байсан боловч түүнийг зориуд хийсэн тул уг гэм хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хадгалсан үйлдэл болон хадгалсан өвсийг татаж мансуурсан хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Нийслэлийн Прокурорын газраас М.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байна.
Иймд шүүгдэгч М.Тийг “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Өсвөр насны залуус болохын хувьд гэнэн томоогүй сэтгэхүйгээрээ хуулиар хориглосон үйлдэл болохыг мэдсээр байж сонирхлын журмаар мансуурах мэдрэмж авах хүсэл сонирхол нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.
Уг гэмт хэргийн улмаас заавал материаллаг хохирол шаардахгүй, хэлбэрийн шинжтэй гэмт үйлдлээр төгсдөг онцлогтой ба хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээд болон учирсан бодит хохирол байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодисын хамааралгүй болох нь тогтоогдсон, түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал дүгнэлт гаргасан бол шүүгдэгч М.Т, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс хорихоос өөр төрлийн ял оногдуулах талаас санаг гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хорих ял оногдуулах сонгох санкцитай хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч М.Тт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч М.Тийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.
Тус гэмт хэргийн хор уршгийн шинж чанарыг авч үзвэл, хүн амын эрүүл мэнд, нийгмийн аюулгүй байдал, эдийн засаг, хүний удмын генийн санд хор уршиг учруулдаг, нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь мэдрэлийн системийг гэмтээж, уураг тархины хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хараат байдлыг бий байдлыг бий болгож, улмаар үнэт зүйлсийн тухай үнэлэмжийг өөрчилж, ёс суртахуунгүй, оюун санааны эрхэм дээд зорилго, амьдралын үнэт зүйлгүй болгож, хэрэгцээгээ хангахын тулд хууль бус үйлдэл хийж, олон нийтийн аюулгүй байдалд асар их хор уршиг, хохирол учруулдаг шинжтэй.
Хэдийгээр М.Т нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн боловч олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг үйлдэгддэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учрах хор уршиг ихтэй гэмт хэрэгт хорихоос өөр төрлийн ял сонгон хэрэглэх нь тохиромжгүй юм.
Гэм буруугаа буруугаа анхнаасаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгэлгүй, гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг ухамсарлан ойлгосон, дүгнэлт хийсэн гэх хувийн байдал, шөнийн цагаар, буудлын өрөө ашиглан сонирхлын журмаар мансуурах зорилгоор өвсийг зориудаар биедээ авч явсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг М.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт зааснаар М.Тийн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон уутны хамт 19.6 грамм өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 23 ширхэг эмний капсул, эмний хайрцаг, бохирлогдсон 7 ширхэг хөвөн, 5 ширхэг тариур, мөнгөлөг цаас, шингэн уусмал Натри хлорид, шаазан аяга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж, энэ талаарх баримтыг шүүхэд тэр даруй ирүүлэхийг хыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон прокурорт тус тус даалгаж байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. М.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дах хэсэгт зааснаар М.Тт оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцсон уутны хамт 19.6 грамм өвс гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, 23 ширхэг эмийн капсул, эмийн хайрцаг, бохирлогдсон 7 ширхэг хөвөн, 5 ширхэг тариур, мөнгөлөг цаас, шингэн уусмал Натри хлорид, шаазан аяга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст, эд мөрийн баримт устгасан талаарх баримтыг шүүхэд тэр даруй ирүүлэхийг даалгаж хяналтын прокурорт тус тус даалгасугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, М.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл М.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ