Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1546

 

 

 

 

 

 

2022         10         24                                 2022/ШЦТ/1546

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн,

улсын яллагч К.Чимгээ,

хохирогч Б.Ц, түүний өмгөөлөгч Г.Нямсүрэн,

шүүгдэгч Л.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ад холбогдох эрүүгийн 2206 00000 3031 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, дүүгийн хамт Л.А-д

 

Холбогдсон хэргийн талаар:

    Л.А нь 2022 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Банана нэртэй бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа хохирогч Б.Цтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Л.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Banana бааранд үйлчлүүлж байгаад зөөгчид нь essa пивоны шилээр цохиулсан. Сүүлийн 10 хоног байнга толгой өвдөөд хэцүү байна. Би гомдолтой” гэв.

Хавтаст хэргээс

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

Хохирогч Б.Цгийн “2022 оны 09 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байрлах караокед найз Дагийтай хамт дуулж байгаад хүний нэг нэг лааз пиво уусан. Тэгээд тэндээсээ гараад Багана нэртэй бааранд орсон. Бид хоёр нэг шил 0.5 хэмжээтэй архи болон хүний 2 лааз пиво уусан. Тухайн баарны зөөгч болох Анударь гээд эмэгтэй дээр очоод юм асуухад намайг түлхээд надтай маргалдаж байгаад намайг Эсса нэртэй пивоны шилээр цохисон. Тэгээд миний нүдний дээд талд хавдар үүсгэсэнд гомдолтой байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн 12839 дугаартай шинжээчийн “Б.Цгийн биед зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн Хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

Яллагдагч Л.Анударийн “Би яллагдагчаар татсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна ... нэг согтуу эмэгтэй ирээд цүнхээ алга болгочихлоо камер шүүгээд өг гэхээр нь би шүүдэг хүн бишээ гэж хэлэхэд текний хажуугаар шахаад орох гээд байхаар нь би түлхээд явуулсан чинь намайг зөрүүлээд түлхсэн. Тэгээд миний уур хүрээд барьж байсан пивоны шилээр цохьсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

Шүүгдэгч Л.Анударийн хувийн байдалтай холбоотой Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 14 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Хохирогч Б.Цгаас шүүхийн шатанд гаргаж өгсөн “Талим оптикал нүдний шил хараа зүйн төв”-өөс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр харааны шил худалдан авсан талаарх баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Л.А нь 2022 оны 09 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Банана нэртэй бааранд зөөгчөөр ажиллаж байхдаа хохирогч Б.Цтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдан толгойн тус газарт пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Ц, яллагдагч, шүүгдэгч Л.А нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч Л.А  нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Л.Анударийн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Б.Ц нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч Б.Цгийн мэдүүлэгт авагдсан Л.Анударийн үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул Л.Анударийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Цгийн эрүүл мэндэд зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлийн улмаас түүний нүдний хараа “- 0.5” болсон гэж шууд үзэж дүгнэх боломжгүй, шинжээчийн дүгнэлтэд энэ талаар огт тусгаагүй, нөгөөтээгүүр захилгын хуудас гэх баримт нь тамга тэмдэггүй, захиалга авсан ажилтан хэсэгт Ш, оптехникч хэсэгт Б гэсэн бичвэртэйн нэр бичигдээгүй зэргээр нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул үүнийг хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэв.

Хохирогч Б.Ц нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Л.Анудариас нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.           

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Л.А нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Ад 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч Л.А нь хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлснийг дурдах нь зүйтэй.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

  Шүүгдэгч Л.Анударийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

  Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй гэх хувийн байдал, олон нийтийн газарт үйлчлүүлэгчдээ халдаж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Л.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Л.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Ад 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Б.Ц нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Н.Золбоогоос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

   5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.А нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Л.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ