Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1028

 

 

 2022        11          02                                      2022/ШЦТ/1028    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 185/2022/0632/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

улсын яллагч Э.Булганчимэг,

шүүгдэгч Б.Т /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Т-д холбогдох эрүүгийн “2109012440861” дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, *** ХХК-д менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, ***тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, ***тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 439 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, Б.Т /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Т нь 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэрт “А***” ББСБ-ын банк хоорондын системийн доголдлын улмаас андуурагдан шилжүүлэгдсэн гүйлгээ болох 3.879.800 төгрөгийг бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний дансанд 3.879.800 төгрөг орсон нь үнэн. Надад карт байгаагүй тул би буцааж шилжүүлж чадаагүй. Миний буруу. Би хохирлыг 3 сарын дотор төлж барагдуулах боломжтой.” гэв.

Хавтаст хэргээс:

Хаан банкны 5758*** тоот Ц.С-н эзэмшлийн дансны 2021.08.06-2021.09.01-ний хооронд гүйлгээний дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

Хохирогч А*** ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр А*** ББСБ-ын харилцагч Б.Т А*** апп-ын 1100*** данс эзэмшдэг бөгөөд 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг 03 минутаас 2021 оны 8 дугаар сарын 06-ны 10 цаг 40 минут хүртэлх хугацаанд банк хоорондын гүйлгээний системийн доголдол үүсэж, нийт 23 удаагийн давтамжтай гүйлгээгээр Б.Т нь мэдсээр байж санаатайгаар өөрийн эхнэр Ц.С-н Хаан банкны 5758*** тоот данс, мөн Хаан банкны 5747*** тоот дансруу 2 удаагийн гүйлгээгээр 19800 төгрөг шилжүүлсэн ба тухайн мөнгө өөрт нь орох ёсгүй мөнгө гэдгийг мэдсээр байж санаатайгаар завшсан. Тухайн үед Б.Т гэх харилцагчтай холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл өгч буцаалт хийх талаар хэлэхэд 831.800 төгрөгийг буцааж А*** ББСБ-ын дансанд хийсэн. Одоо Б.Т гэх хүнээс 3.048.000 төгрөг нэхэмжилж байна..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал)

Гэрч Ц.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би ХААН банкны 5758*** тоот данс болон тэтгэмжийн данс эзэмшдэг. ...2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр миний 5758*** тоот дансанд 3.860.000 төгрөг орсон байна. Тэгэхээр нь би хамтран амьдрагч Б.Т-с ямар учиртай мөнгө орж ирсэн талаар асуухад зарсан машины үлдэгдэл мөнгө орсон гэж хэлэхэд манай хамтран амьдрагч Б.Т уг мөнгийг өөрийнхөө интернэт банкаар орж шилжүүлж ашигласан. Уг мөнгийг юунд ашигласан талаар мэдэхгүй..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 50 дахь тал)

Яллагдагч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Миний А*** Апп-ын дансанд 2021 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн орчим 3.860.000 төгрөг орж ирсэн. Би тухайн RUV24 маркийн тээврийн хэрэгсэл хүнд зарж борлуулж, 4.500.000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тухайн үед миний машины мөнгө орж ирлээ гэж бодоод эхнэр С-н Хаан банкны 5758*** тоот данс руу 3.860.000 шилжүүлж өмнө нь машин худалдаж авсан хүний данс руу 3.000.000 төгрөгийг нь шилжүүлсэн. Үлдэгдэл 860.000 төгрөгийн 400.000 төгрөгийг хүнээс машины үрүүлийн аппарат авсан мөнгөө төлсөн. Үлдэгдэл 460.000 төгрөгийг хэрэглээндээ хэрэглэж үрж дуусгасан..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд:

Гэм буруугийн тухайд:

Шүүгдэгч Б.Т нь 2021.08.06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт А*** ББСБ-ын банк хоорондын системийн доголдлын улмаас андуурагдан шилжүүлэгдсэн алдаатай гүйлгээ болох 3.879.800 төгрөгийг бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш буюу 3.048.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд энэ гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг мөн болно. Мөн шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаах дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь тухайн эрүүгийн хэрэгт хамаарал бүхий, ач холбогдолтой,  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан ба нотлох баримтууд нь шүүгдэгч Б.Т-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзсэн бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн хууль ёсны эрх ашгийг хязгаарласан, зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Т-н хувьд алдаатай гүйлгээ болохыг мэдсээр байж түүнийг авч завшиж ашиг хонжоо гарган амар хялбар аргаар амьдрах гэсэн явуургүй, шунахай зан байдал нь шууд  нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч Б.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол төлбөрийн тухайд:

Хохирогч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нь “хохирол төлбөр болох 3.048.000 төгрөгийг гэм буруутай этгээд Б.Т-с гаргуулж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Т-с 3.048.000 төгрөгийг гаргуулж, хохирогч А*** ББСБ-д олгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдсон тул шүүгдэгчид эдгээр зүйл ангид заасан ял шийтгэлийг оногдуулах хууль зүйн  үндэслэлтэй байна.  

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Т-д 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Т-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй зэрэг байдлуудыг харгалзан түүнд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон оногдуулсан ялаас хасаж тогтоов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.Т-г алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоосугай.                    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Б.Т-н энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон 28 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасаж, Б.Т-н биечлэн эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 496 /дөрвөн зуун ерэн зургаа/ цагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т нь түүнд оногдуулсан 496 /дөрвөн зуун ерэн зургаа/ цагийн хугацаагаар  нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.  

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-с 3.048.000 /гурван сая дөчин найман мянга/ төгрөгийг гаргуулж, хохирогч А*** банк бус санхүүгийн байгууллагад олгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт тус шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.Т-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах болон Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарч явахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.БОЛДБААТАР