| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2018/00413/И |
| Дугаар | 535 |
| Огноо | 2018-07-24 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 535
2018 оны 08 сарын 16 өдөр Дугаар 153/ШШ2018/00535 Ховд аймаг
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 12-10 тоотод оршин суух, ....... регистрийн дугаартай, И овогт Д-н Пийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн 03-04 тоотод оршин суух, ........ регистрийн дугаартай, О овогт Б-ийн Мт холбогдох охин П.А-ий эцэг мөн болохыг тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.П, хариуцагч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д. П шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 оноос эхлэн Б. Мтэй Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 12-10 тоотод хамт амьдарч байсан. 2015 оны 1 дүгээр сард охин П.Амин-Эрдэнэ мэндэлсэн. Одоо 3 настай. 2014 оны 6 дугаар сард надад хүүхэдтэй болсон гэж мэдэгдсэн. 2014 онд танилцснаас хойш утсаа салгаад алга болчихдог байсан. Надтай танилцахаас өмнө 2, 3 хүнтэй уулздаг байсныг нь би тухайн үед мэдсэн юм. Б. М нь охин П.А-ийг төрөхөөс өмнө миний хүүхэд биш гэж хэлж байсан. Одоо бид хоёр таархаа больсон бөгөөд хэрүүл зодоон хийдэг болсон, сүүлдээ нэг нэгнийгээ гэмтээх юм шиг байна. Иймд би энэ хүнээс салъя гэж бодож байгаа бөгөөд бид хоёрт гэрлэлтийн батлах байхгүй. Хуримаа хийсэн боловч гэрлэлтээ батлуулаагүй. Иймд Д. П намайг 2015 оны 01 дүгээр сард төрсөн охин П.Аий эцэг мөн эсэхийг тогтоолгохоор, мөн охин П.Амин-Эрдэнэ нь Б. Мийн аав, ээжтэй нь хөдөө байдаг бөгөөд, тус байгаа газар нь Б. Мийн төрсөн дүү нь гэх хүн хамт байдаг. Түүний дүү нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байдаг. Б. М нь охиноо эргэж тойрдоггүй бөгөөд, одоо 3 сарын хугацаатай БНАСУ-руу гэрээгээр явах гэж байгаа тул охин П.А өөр дээрээ авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б. М нь охин П.А эцэг эх дээрээ орхичихоод яваад байна. Тэрээр өөрөө охиноо асрахгүй байна. Б. М нь мөн муу зуршилтай, хулгай хийдэг. Би охиноо ийм хүний хажууд өсгөмөөргүй байна гэв.
Хариуцагч Б. М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би охиноо Д. П ийн хүүхэд биш гэж хэлж байсан удаа байхгүй, Д. П нь охин П.Амин-Эрдэний эцэг мөн. Одоо миний охин миний аав ээж дээр байгаа бөгөөд хамт байгаа дүү маань оюуны хосдолтой биш, зүгээр нэг гар нь татдаг өвчтэй байгаа юм. Би охиноо аав ээж дээрээ байлгадаг ч гэсэн байнга эргэж тойрдог. Миний охин цэцэрлэгт явдаг байсан бөгөөд одоо цэцэрлэг амарсан, мөн би Ховд аймгийн төвд ажил хийж байгаа болохоор охиноо аав, ээж дээрээ байлгаж байгаа. Удахгүй цэцэрлэг орохоор охиноо авна. Иймд охин П.Амин-Эрдэнийг өөрийн асрамжид байлгана. Би ямар нэгэн муу зуршлгүй, би хулгай хийдэггүй. Намайг дандаа ингэж хэлээд байдаг. Д. П бид хамт амьдарч байх хугацаанд тэрээр хүүхдийн дэргэд намайг удаа дараа зодож байсан. Би хамгийн сүүлд 2018 оны 4 дүгээр сарын 08-ны шөнө зодуулаад эмнэлэгт хэвтэж байсан. Д. П нь энэ асуудлаас болж шүүхээс торгуулийн арга хэмжээ авагдаж байсан. Бид цаашдаа хамт амьдрах боломжгүй болсон тул 2018 оны 04 дүгээр сараас эхлэн тусдаа амьдарч байна гэв.
Хариуцагч Б. М нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийн талаар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2014 оноос эхлэн Д. П тай үерхэж эхэлсэн бөгөөд, 2015 оноос эхлэх хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр охин П.Амин-Эрдэнэ төрсөн. Бид хамт 2018 оны 4 дүгээр сар хүртэл хамт амьдарч байх хугацаанд Д. П нь надад удаа дараа гар хүрч байсан. Энэ асуудлаараа мөн Ховд амйгийн Цагпдаагийн байгууллагаар шалгагдаж байсан бөгөөд бид цаашдаа хамт амьдрах боломжгүй болсон тул охин П.Амин-Эрдэнээ өөрийн асрамжинд авч, Д. П аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан.Иймд шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Нэхэмжлэгч Д. П хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Бид хамт 2015 оноос эхлэн гэр бүл болж 2017 оны 1 сард гэр бүлийн маргаанаас болж салаад, 2017 оны 08 сард буцаж нийлээд 2018 оны 4 дүгээр сар хүртэл хамт амьдарч байгаад гэр бүлийн таарамжгүй харилцаанаас болж салсан. Би охиноо 2018 оны 3 дугаар сараас хойш хараагүй. Урьд нь хамт амьдарч байх хугацаандаа Б. М нь охиноо удаа дараа эцэг эх дээрээ орхиж Улаанбаатар хотруу явж байсан. Би охиноо өөрөө очиж авч байсан. 2018 оны 3 дугаар сард Б. М гэртээ согтуу ирэхээр нь охиноо аваад ирэх талаар хэлсэн чинь агсан, согтуу тавиад, аяга таваг хагалаад байхаар нь би гар хүрсэн. Энэ асуудлаас болж би Цагдаагийн байгууллагаар шалгагдаж, 2018 оны 5 дугаар сард шүүхээс торгуулийн арга хэмжээ авагдсан. Хамгийн сүүлд би 2018 оны 5 дугаар сард эцэг тогтоох шинжилгээ өгөхөд охиноо харсан. Би охинтойгоо утсаар ярих болгонд охин уйлдаг байсан. Би охинтойгоо уулзмаар байна гэж Б. Мтэй удаа дараа ярихад, уулзуулдаггүй байсан. Би Б. Мийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв Б. М нь П.Амин-Эрдэний ээж нь мөн юм бол хүүхдээ өөрөө харж хандах хэрэгтэй. Гэтэл Б. М нь охинийг өөрийн аав ээж дээр байнга орхиж явдаг. Би охинтойгоо уулзмаар байна гэж Б. Мт хэлэхэд Б. М уулзуулдаггүй байсан. Иймд охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна. Харин хүүхдийн тэтгэлэгийн талаар би охиндоо мөнгө төгрөг өгнө, тэтгэлэг өгнө, харин энэ мөнгийг Б. М охин П.Амин-Эрдэнэд зориулж зарцуулах ёстой гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д. П нь хариуцагч Б. Мт холбогдуулан охин П.Амин-Эрдэний эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж, хариуцагч Б. М нь нэхэмжлэгч Д. П ид холбогдуулан охин П.Амин-Эрдэнийг өөрийн асрамжинд авах, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Нэхэмжлэгч Д. П, хариуцагч Б. М нар 2014 оноос эхлэн хамт амьдарч, хуримаа хийсэн байх бөгөөд харин гэрлэлтээ батлуулаагүй, тэдгээрийн дундаас 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр охин П.Амин-Эрдэнэ төрсөн болох нь төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.
Мөн нэхэмжлэгч Д. П нь 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин П.Амин-Эрдэнийн төрсөн эцэг мөн болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 5331 дугаартай шинжээчийн дүгнэлт, зохигчдын тайлбараар нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч Д. П ийн 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин П.Амин-Эрдэний эцэг мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хариуцагч Б. М нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа “Манай охин надтай хамт байх хугацаандаа цэцэрлэгт явж байсан, одоо цэцэрлэг амарсан байгаа. Би Д. П тай хамт амьдарч байх хугацаанд хүүхдийн дэргэд Д. П нь намайг удаа дараа зодож байсан. Би хамгийн сүүлд 2018 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө зодуулаад эмнэлэгт хэвтэж байсан. Д. П нь энэ асуудлаас болж шүүхээс торгуулийн арга хэмжээ авагдаж байсан тул охиноо би өөрийн асрамжид авна” гэж тайлбарлалаа.
Харин нэхэмжлэгч Д. П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Б. М нь охин П.Амин-Эрдэнэг өөрөө асардаггүй, эцэг эх дээрээ байлгадаг, тэрээр хулгай хийдэг, хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй тул би охин П.Амин-Эрдэнийг өөрийн асрамжид авна” гэж тайлбарлалаа.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх... асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан байна. Охин П.Амин-Эрдэнэ нь төрснөөс хойш эх Б. Мийн асрамжид байсан, эцэг Д. П нь охин П.Амин-Эрдэнэд халамжтай болох нь шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байгаа боловч эх Б. М нь хулгай хийдэг, хүүхдээ өөрөө асардаггүй эцэг эх дээрээ орхичихдог, Б. М нь хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Иймд хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, хүүхдийн өссөн орчин зэргийг харгалзан үзэж охин П.Амин-Эрдэнэг эх Б. Мийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Нөгөө талаар охин П.Амин-Эрдэнэг эх Б. Мийн асрамжид үлдээсэн ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэнэ.
Нэхэмжлэгч Д. П нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-д заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул нэхэмжлэгч Д. П аас охин П.Амин-Эрдэний тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд хариуцагч Б. Мийн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба охин П.Амин-Эрдэнэг эх Б. Мийн асрамжид үлдээсэн нь эцэг, эхийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эх Б. М нь охин П.Амин-Эрдэнэг хүссэн цагт нь эцэг Д. П тай уулзуулж байх, эцэг Д. П нь мөн хүссэн цагтаа буюу хүүхдийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр цаг хугацаа, нөхцөл байдалд охин П.Амин-Эрдэнэтэй уулзаж байх эрхтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин П.Амин-Эрдэнийн эцэг Илжигэн овогт Дашзэвэгийн П мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин П.Амин-Эрдэнийг эх Б. Мийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар охин П.Амин-Эрдэнийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг Д. П аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б. Мт даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д. П ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б. Мийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА