Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2021/00948

 

2021           09            07                                          001/ХТ2021/00948

 

 

 

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00794 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 962 дугаар магадлалтай,

 

“.........” ХХК-ийн нэхэмжлэлтэй                           

.........т холбогдох

 

2019.12.30-ны өдөр “.........” ХХК-ийн данснаас мөнгө татсан ажиллагаа нь хууль бус болохыг тогтоолгож, уг ажиллагааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, түүний өмгөөлөгч С.Ганзул нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Түмэндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Б.Энхтуяагийн нэхэмжлэлтэй, “.........” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалинд 30,206,493 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг 2019.10.08-ны өдөр хэлэлцсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, тус шүүхийн 102/ШШ2019/02649 дугаартай шийдвэр гарсан. Дээрх шүүхийн шийдвэрт 2019.12.19-ний өдрийн 1187 дугаар бүхий шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж, улмаар шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж 2019.12.30-ны өдөр “.........” ХХК-ийн Хаан банкны ......... данснаас 30,755,476 төгрөгийг татан авсан үйл ажиллагаанд гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа нь төлбөр авагчийн талд хэт үйлчилж, шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа тодорхой бие даасан үе шатуудыг дамжин хэрэгжиж байхаар зохицуулсан. Гэтэл дээрх ажиллагааг явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тойргийн шийдвэр гүйцэтгэгч Ч.Энхтуяа нь хуульд заасан шат дараалсан процесс ажиллагааг хэрэгжүүлээгүй ба төлбөр төлөгч “.........” ХХК-д хуульд зааснаар мэдэгдэх хуудас өгөөгүй, дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох арга хэмжээг хэрэгжүүлээгүй. Мөн “.........” ХХК болон удирдах албан тушаалтантай утсаар болон цахилгаан факсаар холбогдож Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2019/02649 дугаартай шийдвэрт гүйцэтгэх ажиллагаа эхэлсэн гэдгийг хэлэхгүйгээр 2019.12.30-ны өдөр компанийн данснаас мөнгө татсанд гомдолтой байна. Өөрөөр хэлбэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тухайн шийдвэр үйл ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, ... бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах, эсхүл гаргасан шийдвэр болон түүнийг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулна, мөн хуулийн 14.2 дахь хэсэгт Энэ хуулийн 14.1-д зааснаас гадна төлбөр төлөхийг шаардах, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэх, эсхүл тодорхой ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг төлбөр төлөгч, төлбөр авагч, ... бусад этгээдэд даалгах, цалин хөлс, бусад орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө, 14.5 дахь хэсэгт Мэдэгдэх хуудсыг түүнд заасан хүлээн авагчид гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ. Хуулийн этгээдэд өгөх мэдэгдэх хуудсыг тухайн хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий ажилтанд гардуулан өгч, гарын үсэг зуруулж, гардуулсан он, сар, өдөр, цагийг тэмдэглэнэ гэж тус тус заасанд харшилж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.12.30-ны өдрийн шийдвэр, үйл ажиллагаа нь хууль бус гэж үзэх үндэслэл нь дээр дурдсан хууль тогтоомжийг зөрчсөн үйлдлээр илрэхээс гадна, дор дурдсан баримтаар нотлогдоно гэж үзэж байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2019.12.30-ний өдрөөр огноолсон 4/29155 тоот албан бичгийг “.........” ХХК-д 2019.12.31-ний өдрийн 11 цаг 50 минутад шуудангаар хүргүүлсэн. Шуудан хүргэгч нь компанийн жижүүрт албан бичгийг үлдээсэн байсныг 2020.01.02-ны өдөр “.........” ХХК-ийн удирдлага хүлээн авсан. Уг албан бичигт ... нийт 30,755,476 төгрөгийг тус газрын Төрийн банкан дахь .........тоот дансанд 2020.01.02-ны дотор шилжүүлж, хариу ирүүлэхийг мэдэгдье гэсэн атлаа “.........” ХХК-аас хариу өгөхийг хүлээхгүйгээр яаравчлан 2019.12.30-ны өдрийн 16:00 минутад “Тэн-Хун” ХХК-ийн данснаас 30,755,476 төгрөгийг татсан нь хууль бус ажиллагаа болсон. Иймд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын хууль бус дээрх үйл ажиллагаанд холбогдуулан нэхэмжлэл гаргаж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж 2019.12.30-ны өдөр “.........” ХХК-ийн данснаас мөнгө татсан ажиллагаа нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийг зөрчсөн хууль бус ажиллагаа болохыг тогтоолгож, уг ажиллагааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.08-ны өдрийн 2649 дүгээр шийдвэрээр “.........” ХХК-аас 30,515,476 төгрөгийг гаргуулж Б.Энхтуяад олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2019.12.30-ны өдрийн 20250078 дугаар тогтоолоор үүсгэсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч “.........” ХХК-ийн 362073 дугаарын утсаар тус компанийн менежер Өлзийсайхантай ярьж шүүхийн шийдвэрийг танилцуулж, шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн. Тус газрын 2019.12.30-ны өдрийн 2/29155 дугаар албан бичгээр шүүхийн шийдвэр биелүүлэх хугацаатай мэдэгдлийг төлбөр төлөгч “.........” ХХК-ийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо Богд ар хороолол 2А байрны 14 тоот хаягаар баталгаат шуудангаар хүргүүлж, мөн өдрийн төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцан данс битүүмжлэх хасалт хийх тухай 148/20250078 тоот тогтоолыг арилжааны банкуудад хүргүүлэхэд “.........” ХХК-ийн Хаан банк нь дахь харилцах данснаас төлбөрийн дүн болох 30,755,476 төгрөгийн хэмжээгээр Төрийн банк дахь тус газрын төлбөрийн дансанд байршуулсан. Төлбөр төлөгч “.........” ХХК-ийн харилцах боон хадгаламжийн дансыг 2019.12.21-ний өдрийн 20250078/02 тоот тогтоолоор сэргээж, төлбөрийн 28,237,126 төгрөгийг төлбөр авагч Б.Энхтуяагийн Хаан банк дахь даатгалын хэлтсийн дансанд 2020.02.20-ны өдөр тус тус шилжүүлж 2020.02.28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Мэдэгдлийг хүргүүлээд 2019.12.30-ны өдөр Төлбөр төлөгчийн банк дахь хадгаламжийн болон харилцах данс битүүмжлэх, хасалт хийх тухай 148/20250078 тоот тогтоолыг арилжааны банкнуудад хүргүүлэхэд “.........” ХХК-ийн Хаан банкин дахь харилцах данснаас төлбөрийн дүн болох 30,755,796 төгрөгийн хэмжээгээр Төрийн банкин дахь тус газрын төлбөрийн дансанд байршуулсан. Төлбөр төлөгч “.........” ХХК-ийн харилцах болон хадгаламжийн дансыг 2019.12.21-ний өдрийн 2050078/02 тоот тогтоолоор сэргээж, төлбөрийн 28,237,126 төгрөгийг төлбөр авагч Б.Энхтуяагийн Хаан банкин дахь дансанд 2,518,350 төгрөгийг Төв аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн дансанд 2020.02.20-ны өдөр тус тус шилжүүлж, 2020.02.28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосон. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00794 дүгээр шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч .........т холбогдох 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ......... ХХК-ийн данснаас мөнгө татсан ажиллагаа нь хууль бус ажиллагаа болохыг тогтоолгож, уг ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэгч ......... ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ......... ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 962 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00794 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Оюунболд, түүний өмгөөлөгч С.Ганзул нар хяналтын гомдолдоо: Магадлалд: “...Хариуцагч байгууллага нь шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээний талаар төлбөр төлөгчид хуульд заасан хугацаанд мэдэгдсэн, түүний гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар мэдэгдээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасан журмаар хүргүүлсэн байна” гэх үндэслэлийг дурьдаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-т заасныг удирдлага болгон хяналтын журмаар дараах гомдлыг гаргаж байна .Үүнд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгч “.........” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх эрхийг сэргээж шийдвэрлэсэнгүйд гомдолтой байна. Нэхэмжлэгч болон өмгөөлөгчийн зүгээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тойргын шийдвэр гүйцэтгэгчийн 2019.12.30-ны өдөр “.........” ХХК-ийн хадгаламжийн болон харилцах дансыг битүүмжлэх, хасалт хийх тухай тогтоол үйлдэхээс өмнө шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулинд заасан шат дараалалсан процесс ажиллагааг хэрэгжүүлээгүй, “.........” ХХК-ийн үндсэн хуулиар хамгаалагдсан халдашгүй, чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх зэрэг эрхийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т хуульчилсан төлбөр төлөгч “.........” ХХК-ийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж, тайлбар авах, холбогдох баримт бичиг гаргуулан авах зэрэг ажиллагааг хэрэгжүүлээгүй. Мөн тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т хуульчилснаар “.........” ХХК-д 2019.12.30 “хугацаатай мэдэгдэх хуудас буюу ... нийт 30,755,476 төгрөгийг тус газрын Төрийн банкин дахь .........тоот дансанд 2020.01.02-ны дотор шилжүүлж, хариу ирүүлэхийг мэдэгдье” гэх мэдэгдлийг хүргүүлсэн атлаа тус хуулийн 14.5-т зааснаар “Тэн-Хун” ХХК-ийн удирдах албан тушаалтан, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулж, он, сар, өдөр цагийг тэмдэглэнэ гэж зааснаар буюу хуульд нийцүүлсэн байдлаар мэдэгдэх хуудсыг өгөөгүй. Шууданд хийсэн мэдэгдэх хуудас “.........” ХХК-ийн байран дээр 2020.01.02-ны өдөр жижүүр ирсэн байсан. 2019.12.30-ны өдөр “.........” ХХК-ийн менежер н.Өлзийсайхантай утсаар ярихдаа “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг баталгаажуулах арга” хэмжээ авагдсан тухай огт мэдэгдээгүй,түүнчлэн Өлзийсайхан бол Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-т заасан компанийн эрх бүхий албан тушаалтан биш учир “.........” ХХК-д мэдэгдэх хуудсыг хуульд заасан аргаар хүргүүлж, мэдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй. Гэтэл Нийслэлийн давж заалдах шатны шүүх тус үйл баримтыг мушгин гуйвуулж буюу “... Хариуцагч байгууллага нь ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 14.3 дахь хэсэгт заасан журмаар хүргүүлсэн байна” гэж хуулийг буруу тайлбарлан дүгнэсэн. Иймд магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, хяналтын гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Нэхэмжлэгч “.........” ХХК нь хариуцагч .........т холбогдуулан 2019.12.30-ны өдөр “.........” ХХК-ийн данснаас мөнгө татсан ажиллагааг хууль бус гэж үзэж, уг ажиллагааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хоёр шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.10.08-ны өдрийн 102/ШШ2019/02649 дугаар шийдвэрээр “.........” ХХК 30,206,493 төгрөгийг Б.Энхтуяад төлөх үүргээ биелүүлээгүй тул шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдсан, 2019.12.30-ны өдөр төлбөр төлөгчийн банкин дахь харилцах дансны гүйлгээг хааж, эзэмших эрхэд хязгаарлалт хийх арга хэмжээг авсан, 2020.02.20-ны өдөр төлбөрийг төлбөр авагчид шилжүүлж, 2020.02.28-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон үйл баримтыг шүүх хэрэгт байгаа баримтад тулгуурлан тогтоосон байна.

 

Хариуцагч нь гүйцэтгэх хуудсыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн, мөн өдрөө төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-т заасан “шийдвэр гүйцэтгэгч иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолыг хүлээн авсан даруйд хуулийн 44 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авна.” гэсэн заалтыг зөрчөөгүй тул “...тайлбар гаргах, холбогдох баримт бичиг гаргаж өгөх, үзэл бодлоо илэрхийлэх төлбөр төлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн, шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй...” гэх нэхэмжлэгчийн хяналтын гомдол үндэслэлгүй байна.

 

Төлбөрийн хэмжээнд дансны гүйлгээг хааж, хязгаарлалт тавьсан ажиллагааг “.........” ХХК эс зөвшөөрч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасны дагуу ахлах шийдвэр гүйцэтгэгч болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж шийдвэрлүүлсэн ба эхлээд төлбөр төлөгчид мэдэгдэж, тайлбар гаргах, баримт өгөх боломжоор хангасны дараа ажиллагааг явуулах байсан гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй юм.

 

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо зохигчийн хооронд үүссэн  маргааныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн үндэслэлтэй хянан шийдвэрлэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2020/00794 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 962 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                 Х.СОНИНБАЯР

 

                                        ШҮҮГЧИД                                                  Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                           П.ЗОЛЗАЯА

 

                                                                                                           Б.МӨНХТУЯА

 

                                                                                                           Б.УНДРАХ