Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 982

 

Д.С-д холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Оюунчулуун даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор А.Мөнхзул,

шүүгдэгч Д.С-,

нарийн бичгийн дарга Г.Алтанзул нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 883 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Д.С-гийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1908017290933 дугаартай хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Боржигон овгийн Д.С-, 1980 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, слесарь мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягийн бүртгэлтэй,

             - Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 1/69 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн шүүхийн 2012 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 16 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 1 жил 5 сар 16 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

            Д.С- нь 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө цаг” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр иргэн Э.Амгаланбаатарын толгойн тус газарт  пивоны шилээр цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.С-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.            

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.С- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.С- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие тогтсон ажлын байргүй боловч хувиараа хүмүүстэй нийлж бригад болж ажилладаг. Шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял нь намайг ажил хөдөлмөр эрхлэхэд саад учруулахаар байх тул уг ялыг өөрчилж өгнө үү...” гэв.

Прокурор А.Мөнхзул тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүх Д.С-гийн үйлдсэн хэргийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, түүний гэм буруу, хувийн байдалд тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад:

            Д.С- нь 2019 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өнө цаг” караоке бааранд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр иргэн Э.Амгаланбаатарын толгойн тус газарт пивоны шилээр цохиж, нүүр, цээж, хэвлий, гар зэрэг биеийн бусад хэсгүүдэд нь шилний хагархайгаар зүссэний улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, дээд уруул, доод эрүүнд шарх, дээд уруул, эрүүний зөөлөн эдийн няцрал, дух, хэвлий, баруун гарын алга, чихний дэлбэнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт тогтоогдсон байна.

Хохирогч Э.Амгаланбаатар нь “...02 цагийн үед бие засах гээд үүд рүү очтол хойноос нэг залуу “Хүүе” гэж дуудахаар нь эргээд хартал намайг барьж аваад толгой руу шилээр цохисон. Тэгээд би тэр залуутай шалан дээр ноцолдсон. Би нүүрээ хартал эрүү, хамарны доор мөн гэдэс, хуруу зэргээс цус алдаж байсан. Тэр залуу толгойд пивоны шилээр 2 удаа цохисон. Миний биеийн бусад газрыг хагарсан шилээр зүссэн...” /хх-ийн 10-12/ гэж тухайн цаг хугацаанд болсон үйл явдал, өөрийн биед учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн байх бөгөөд түүний мэдүүлэг нь:

- гэрч П.Батзоригийн “...Амгаланбаатар бие засах гээд ширээнээс босоод явсан. Төд удалгүй цус нөж болчихсон “Намайг үүдэнд нэг хүн шилээр зүсчихлээ” гээд ирсэн. Тэр залуу угаалгын өрөөний цонхоор зугтаачихсан. Тэгээд Амгаланбаатар бид хоёр “Өнө цаг” төвийн ойр орчмоор хайж байгаад тэр залууг гудамжнаас олж цагдаад хүлээлгэж өгсөн...” /хх-ийн 15-16/,

- гэрч С.Мянганцэцэгийн “...2 дугаар ширээнд сууж байсан намхан ах үүдний хэсэг рүү явж байхад 5 дугаар ширээнд сууж байсан өндөр туранхай ах ширээн дээр байсан пивоны шил аваад босож байх шиг байсан. Тэгсэн нөгөө намхан ахыг очоод цохиод авах шиг болсон. Тэгээд тэр хоёр хоорондоо зодолдож эхлэхэд тэнд үйлчлүүлж байсан хүмүүс салгасан...” /хх-ийн 26/,

- шүүгдэгч Д.С-гийн “...найз Жавхлантөгс тасарчихаар нь буйдан дээрээс өргөж авч гарах гэтэл нэг танихгүй согтуу залуу ирчихээд “Чи согтуу хүн зүгээр байлгаач” гээд хэл амаар өдөөд байхаар нь пивоны шил бариад араас нь очиж толгойн тус газар нь цохисон. Тэгээд нөгөө залуутай зодолдож байхад тэнд үйлчлүүлж байсан хүмүүс бид хоёрыг салгасан. Нөгөө залуу 00-ын өрөөнд орж цусаа угаах гэж байхад нь би цонхоор гараад зугтаачихсан. Намайг зугтааж байхад нөгөө залуутай хамт явсан нэг залуу нь миний араас хөөгөөд бариад авсан...” /хх-ийн 67-68/ гэсэн мэдүүлэг,

- хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүх эмнэлгийн шинжээчийн 3655 дугаартай дүгнэлт /хх-ийн 28/ зэргээр давхар нотлогджээ.

Хэрэгт нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээрийг үндэслэн Д.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Шүүхээс Д.С-гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх нь эрүүгийн хариуцлагын нэг зорилго бөгөөд ялын цээрлэл нь гэмт хэрэг үйлдсэн хүний аливаа эрхийг хязгаарлах байдлаар хэрэгждэг тул үйлдсэн хэрэгтээ гэмшиж, улмаар хүмүүжих гэсэн эрмэлзэлийг төрүүлдэг ач холбогдолтой.

Өөрөөр хэлбэл, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хүсэл зоригт нийцүүлэх албагүй юм.

Нөгөөтэйгүүр хавтаст хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлогын байдлыг тодорхойлсон баримт нотолгоо авагдаагүй байх тул “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж өгөхийг...” хүссэн шүүгдэгч Д.С-гийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 883 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.С-гийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.ОЮУНЧУЛУУН

                               ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                               ШҮҮГЧ                                                                        Н.БАТСАЙХАН