Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 366

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарангэрэл ,

улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Мөнхцэцэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга,

шүүгдэгч Т.Төртүвшин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанд Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Төртогтохын Төртүвшинд холбогдох эрүүгийн 201619000743 дугаартай хэргийг 2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол улсын иргэн, 1997 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг Жавхлант суманд төрсөн, халх, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт Дархан аймгийн Дархан-Уул сумын 8 дугаар баг, 17 дугаар хороолол 14 дүгээр байр, 32 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигин овогт Төртогтохын Төртүвшин /РД:МУ97081014/ гэв.

 

            Холбогдсон хэргийн талаар:/яллах дүгнэлтэнд дурдагдсанаар/

Шүүгдэгч Т.Төртүвшин нь 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг “Буугаад мордъё” зоогийн газрын хатуу хучилттай зам дээр 22-08 ДАР улсын дугаартай Тоёото Приус-11 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг мөн 9 дүгээр бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж М.Мөнхбаясгалангийн биед хүнд, М.Мандахай, Г.Энхбаяр нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Төртүвшин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Дархан-Уул аймгаас ээжийнхээ машинтай хохирогч М.Мөнхбаясгалан, М.Мандахай, Г.Энхбаяр нарын хамт Улаанбаатар хотод ирээд Төв аймгийн газар нутаг болох Борнуур сумын “Буугаад мордъё” зоогийн газрын ойролцоох зам дээрх нүхийг тойрох гэж байгаад зам тээврийн осол гаргаж замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн. Ээжийн эзэмшлийн машинд 4 сая гаруй төгрөгийн хохирол учруулж, хохирогч нарын эмчилгээний зардалд 5-6 сая төгрөг төлж өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ хүнд байдалд оруулсан. Миний буруутай үйл ажиллагаанаас болж зүгээр явж байсан гурван хүнийг хохирогч болгосондоо харамсаж байна. Өөрийн санамсар болгоомжгүй байдлаас болж өөрийгөө хохирогч болгосондоо гэмшиж байна. Цаашдаа алдаа гаргахгүй гэв.

           

            МӨН МӨРДӨН БАЙЦААЛТАНД:

Насанд хүрээгүй хохирогч М.Мөнхбаясгалан мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Би 2016 оны 09 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор “Тоёото Приус-11” маркийн 22-08 ДАР улсын дугаартай автомашинд суугаад явсан юм. Тухайн үед би автомашины зүүн хойд талд суусан жолооч нь дараа нь сонсоход Түвшинтөр гэх залуу байсан жолоочийн хажуу талд буюу зүүн урд талын суудалд нэг ах, баруун хойд талын суудалд мөн нэг танихгүй эгч дөрвүүлээ явж байсан. Бид нар Төв аймгийн Борнуур сумын нутаг “Буугаад мордоё” зоогийн газар өнгөрөөд асфальтан хучилттай замд явж байхад замын эргэлтэн дээр жолооч замаасаа гараад машин нь онхолдсон. Тэгээд бид нар машинаасаа гараад Борнуур сумын эмнэлэгт үзүүлээд дараа нь Улаанбаатар хот руу гэмтлийн эмнэлэгт үзүүлэхээр явсан. Гэмтлийн эмнэлэгт зураг авахуулж хүзүүндээ хүзүүвч зүүгээд дараа нь Дархан-Уул аймгийн Саран-Энх хувийн эмнэлэгт 19 хоног хэвтэн эмчлүүлсэн. Өөр зүйл мэдэхгүй байна. Миний сууж явсан автомашины жолооч хурд хэтрүүлсэнээс болж эргэлтэн дээр эргэж чадалгүй замаасаа гараад онхолдсон гэж үзэж байна. Тухайн үед би гар утсаараа оролдоод явж байсан. Цаг агаарын хувьд хэвийн нартай өдөр байсан. Замын хувьд зүгээр асфальтан хучилттай өдрийн 12 цаг өнгөрч байсан. Суудлын бүс хэрэглээгүй байсан. Т.Төртүвшин архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би хүзүүндээ си нэг нугалмын зөрүүтэй хугаралтай, одоо болтол гүйцэт идээгүй байгаа, 3 сар хүзүүндээ хүзүүвч зүүх шаардлагатай гэсэн. Намайг анх зам тээврийн осолд орсноос хойш эмнэлэгт оношлогоо үзүүлэх, эмчилгээнд хэрэглэсэн эм тариа болон унааны зардлыг Төртүвшингийн ээж тэр даруйд нь өөрсдөө өгсөн. Иймд надад баримтаар нэхэмжлэх зүйл алга. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ /хх-20 тал/,

Хохирогч М.Мандахай мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орохоор Төртүвшин гэх залуугийн Тоёото Приус-11 маркийн 22-08 ДАР улсын дугаартай автомашинд суугаад явсан юм. Бид нар Төв аймгийн Борнуур сумын нутаг Буугаад мордоё зоогийн газар жоохон өнгөрөөд асфальтан хучилттай замд явж байхад ойролцоогоор 12-13 цагийн үед санагдаж байна миний сууж явсан автомашин онхолдсон. Би нэг сэрэхэд урд талд жолоочийн талд сууж сууж байсан хүний өвөр дээр сууж байсан. Би автомашин онхолдох үед доошоо харж явсан тул юунаас болсоныг сайн мэдээгүй. Тэгээд удаагүй сумын эмнэлэгт үзүүлээд дараа нь Улаанбаатар хот руу найзуудыгаа дуудаад явсан юм. Өөр зүйлийг мэдэхгүй байна. Миний сууж явсан автомашин хурд хэтрүүлсэнээс болж зам тээврийн осол гаргасан гэж бодож байна. Намайг сүүлд Урьхан дээр зогсох үед нь түүний автомашиныг миллийг харахад 120 км/цагийн хурдтай явсан. Онхолдох үед ч гэсэн тэр энерцээрээ 100-120 км/цагийн хурдтай явж байсан. Зогсоох арга хэмжээ авсан эсэхийг мэдэхгүй байна. Цаг агаарын хувьд хэвийн өдөр нартай байсан. Замын хувьд зүгээр асфальтан хучилттай байсан. Тухайн үед би жолоочийн ард талд буюу зүүн хойд талд сууж явсан. Баруун хойд талын суудалд Мөнхбаясгалан гэх хүүхэд, баруун урд талын суудалд Энхбаяр гэх миний танихгүй хүмүүс л сууж явсан. Миний санаж байгаагаар хойд талд сууж явсан хүмүүс бүгд суудлын бүс зүүгээгүй байсан. Т.Төртүвшин архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.Ослын улмаас баруун талын хэсгээрээ буюу хацар, хүзүү, мөр хэсэгт зулгаралт үүссэн байсан. Одоо биеийн байдал хэвийн байна. Миний оношлогоо болон эмчилгээнд хэрэглэсэн 400 000 төгрөгийг Төртүвшингийн ээж нь гэх хүн хамт явж байгаад өгсөн. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл алга гэжээ /хх-25 тал/,

Хохирогч Г.Энхбаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: Би 2016 оны 09 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот орох ажилтай нутгийн танил Төртүвшингийн жолоодож явсан “Тоёото Приус-11” маркийн 22-08 ДАР улсын дугаартай автомашинд суугаад өглөө 10-11 цагийн үед гарсан юм. Тэгээд бид нар Төв аймгийн Борнуур сумын нутаг “Урьхан” өнгөрөөд “Буугаад мордъё” зоогийн газар жаахан өнгөрөөд явж байхад Төртүвшин замын хонхорхойг тойрч донсолгоо гаргах гээд зүүн, баруун хоёр тийш дараад хурд ихтэй явж байсан тул замаас гараад замын хажуу тал руу унаад онхолдсон. Тухайн үед цаг 1200 цаг өнгөрөөд 1300 цаг болж байсан санагдаж байна. Би зам тээврийн осол үед ухаан алдаад нэг сэрэхэд машин дотороо суудал дээрээ сэрсэн. Миний өвөр дээр хойд талд сууж байсан охин шидэгдэж ирсэн байдалтай сууж байсан. Намайг нэг өнгөрч явсан жолооч өргөж гаргасан. Дараа нь бид нар сумын эмнэлэг орж эмнэлгийн тусламж авсан. Өөр зүйлийг мэдэхгүй байна. Тухайн үед Төртүвшин хурд хэтрүүлээд замын донсолгоо гаргах гэж дараад замаас гараад онхолдсон. Тэрийг анзаарч хараагүй ямар ч байсан нэлээд хурдтай явж байсан. Цаг агаарын хувьд хэвийн тогтуун нартай өдөр байсан. Замын хувьд асфальтан хучилттай байсан. Шулуун бага зэрэг хонхорхойтой зам байсан. Т.Төртүвшин зогсоох арга хэмжээ аваагүй. Би тухайн үед Төртүвшингийн жолоочийн хажуу талын суудалд суудлын бүс хэрэглэсэн байсан. Хойд талын суудалд 2 танихгүй эрэгтэй, эмэгтэй хүн байсан. Т.Төртүвшин архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Ослын улмаас миний цавиндаа бэртэл авсан, мөн баруун талын гар зулгарсан, дагзандаа оёдол тавьсан. Миний тухайн үед тархи, аарцагны зураг авахуулсан төлбөрийг төлсөн. Надад яг одоо гаргаж өгөх баримт алга. Эмнэлэгт хэвтээгүй. Найз нөхөдийн холбоотой. Бид хоёр бие биенийгээ 10 жилд байхаасаа хойш мэднэ. Тухайн үед бид хоёр хот орох хувийн ажилтай болоод ярилцаж байгаад замаасаа Дарханаас замын 2 хүн аваад гарсан юм. Би оюутан тул шүүх хуралд суумааргүй байна гэжээ /хх28-29 тал/,

Иргэний нэхэмжлэгч Д.Болор-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: ..Миний хувьд мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл алга. Хэргийн хувьд тухайн үед байгаагүй тул мэдэх зүйл байхгүй. Манай хүү Төв аймгийн Борнуур сумын нутаг Буугаад мордъё зоогийн газрын асфальтан хучилттай замд 2016 оны 09 сарын 24-ний өдөр иргэн миний эзэмшлийн автомашиныг жолоодож яваад онхолдсон талаараа 15 цагийн үед над руу утсаар ярьсан. Өөр зүйл болоогүй. Уг тээврийн хэрэгслийн бичиг баримт нь “Хаан” банкны нэр дээр байдаг боловч эзэмшигч нь би өөрөө байгаа юм. Учир нь уг автомашиныг би 2014 оны 6 сард 7200000 төгрөгөөр худалдан авсан юм. Банкнаас 6000 000 төгрөг зээлсэн бөгөөд зээлийг 2017 оны 06 сард төлж дуусна. Зээлийн төлөлт хугацаандаа хийгдэж байгаа. Хаан банкнаас уг хэрэгт намайг иргэний нэхэмжлэгчээр оролцохыг зөвшөөрсөн. Ослын улмаас тээврийн хэрэгслийн Урд буфер, урд, хойд салхины шил, капут, баруун зүүн талын крыло, гэрэл, баруун толь, баруун талын хаалга хойд талын гэрэл дохио зэрэг нэлээд олон эд зүйл эвдэрсэн ослын улмаас 4021000 төгрөгийн эвдрэлийн үнэлгээ гарсан. Миний хувьд төрсөн хүүгээсээ гомдол санал нэхэмжлэх зүйл алга. Бусад хүмүүсийн хохирлыг барагдуулах тал дээр ярилцаж байгаа. Миний хүү 2016 оны 07 сарын 21-ний өдөр цэргээс халагдсан юм. Түүнээс хойш хааяа, хааяа унаж хэрэглэдэг байсан. Автомашин техникийн хувьд бүрэн бүтэн байсан бөгөөд 2016 оны 06 сарын 10-ны өдөр үзлэг оношлогоонд албан ёсоор хамрагдсан байсан гэжээ /хх-32 тал/,

 

            БУСАД БАРИМТ СЭЛТ

-гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/,

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09 тал/,

            -зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-10 тал/,

            -осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-11 тал/,

            -гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-14 тал/,

            -Самсунг Нөт-4 маркийн гар утас битүүмжилсэн “эд хөрөнгө битүүмжлэх тогтоол” /хх-15 тал/,

            -Хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-16 тал/,

            -битүүмжилсэн эд зүйлийн гэрэл зургийн үзүүлэлт /хх-17 тал/,

           

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн №13430 тоот шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

            1. Мөнхбаясгалангийн биед аман хүзүүний урд нумын зөрүүтэй хугарал гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь авто ослын үед үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

            4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна гэжээ /хх-37 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 28-ны өдрийн №1029 тоот шинжээчийн дүгнэлтэд

1.Г.Энхбаярын биед тархи доргилт, хуйхны шарх, зүүн нүдний зовхи, баруун бугалга, шуу, сарвуу, зүүн цавьны орчимын цус хуралт, зулгаралтын гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь зам тээврийн ослын үед хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр

3.Уг гэмтэл нь ГЗТЖ-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно.

4.Г.Энхбаярын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ /хх-40 тал/,

 

-“Бан Хас” ХХК-ны автомашин техникийн үнэлгээ, автомашин эвдрэл хохирлын үнэлгээ /хх-42-43 тал/,

-гэрэл зургийн үзүүлэлт /хх-44-45 тал/,

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 30-ны өдрийн №13460 тоот шинжээчийн дүгнэлтэд /шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/

1.Мандахайгийн биед баруун хөмсөг дух, баруун хацарт зулгаралт, баруун сарвуунд цус хурал, зулгаралт, нуруу, зүүн сарвууны 4 хуруунд зулгаралт, баруун шилбэ, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ /хх-50 тал/,

 

-2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №00000108 тоот шинжээчийн дүгнэлтэнд

1.Тоёото Приус маркийн 22-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Төртогтох овогтой Төртүвшин нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “ жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг, 9 дүгээр бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөнөөс автомашинаа онхолдуулсан гэж үзэв.

2.Тоёото Приус маркийн 22-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Төртогтох овогтой Төртүвшин нь хэдэн км/цаг-н хурдтай явсныг тогтоох боломжгүй.

3.Аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээг авах нь зам тээврийн ослоос сэргийлэх, ослоос гарч болох хохирлыг багасгах хамгийн оновчтой арга гэж үздэг. Зам дээрх аюул, саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас түүнд тохирсон арга хэмжээг жолооч өөрөө зөв сонгох ёстой.

4.Зам тээврийн осол болоход замын болон цаг агаарын нөхцөл байдал нөлөөлөөгүй байна.

 

-эд зүйлийн үнэлгээ /хх-55 тал/,

-“Хаан” банкны 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 16/82 дугаар албан бичиг /хх-66 тал/,

-Зээлийн гэрээний хуулбар /хх-67-71 тал/,

-22-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-72 тал/,

-Насанд хүрээгүй хохирогч М.Мөнхбаясгалан, түүний хууль ёсны төлөөлөгч Х.Алтанцэцэг нарын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан тодорхойлолт /хх-74-75 тал/,

-Дархан-Уул аймгийн Дархн сумын 8 багийн засаг даргын тодорхойлолт /хх-79 тал/,

-М.Мөнхбаясгалангийн өвчний түүхийн хуулбар /хх-88-90 тал/,

-22-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-95 тал/,

-Бичиг баримт түр хураан авсан тэмдэглэл /хх-96 тал/

-“Хаан” банкны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 16/96 дугаар албан бичиг /хх-103 тал/,

 

            -шүүгдэгч Т.Төртүвшингийн ял шийтгэлийн хуудсыг шалгахад “ял шийтгэлгүй” гэх лавлагаа /хх-104 тал/,

 

- шүүгдэгч Т.Төртүвшинг 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сэжигтнээр /хх-61-62 тал/, 2016 оны 10 дугаар сарын 22-ны өдөр яллагдагчаар /хх-63-64 тал/ тус тус байцаасан тэмдэглэлүүд зэрэг нотлох баримтуудыг яллах болон өмгөөлөх талууд сонгох замаар шинжлэн судлав.

 

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай бөгөөд дараах үндэслэл тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Т.Төртүвшин нь 2016 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Төв аймгийн Борнуур сумын нутаг “Буугаад мордъё” зоогийн газрын хатуу хучилттай зам дээр 22-08 ДАР улсын дугаартай “Тоёото Приус-11” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр бүлгийн 9.1 “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг мөн 9 дүгээр бүлгийн 9.2 “жолооч хөдөлгөөнд аюул саад болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж М.Мөнхбаясгалангийн биед хүнд, М.Мандахай, Г.Энхбаяр нарын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч М.Мөнхбаясгалан, хохирогч М.Мандахай, Г.Энхбаяр нарын мэдүүлсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-02 тал/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-09 тал/, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-10 тал/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-11 тал/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-12-14 тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн №13430 тоот шинжээчийн дүгнэлт, 2016 оны 09 сарын 28-ны өдрийн №1029 тоот шинжээчийн дүгнэлт, 2016 оны 09 сарын 30-ны өдрийн №13460 тоот шинжээчийн дүгнэлт, “Бан Хас” ХХК-ны автомашин техникийн үнэлгээ, автомашин эвдрэл хохирлын үнэлгээ /хх-42-43 тал/, 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №00000108 тоот шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгч Т.Төртүвшингийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт холбогдсон хэргийнхээ талаар өгсөн мэдүүлгүүд мөн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Т.Төртүвшинийг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт заасан гэмт  хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

        

Шүүгдэгч Т.Төртүвшинд ял шийтгэл оногдуулахдаа: Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт “анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 55.1.3 “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн”, 55.1.9 дэх хэсэгт “үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно.

           

Хохирлын талаар:

 

 

Мөрдөн байцаалтын шатанд насанд хүрээгүй хохирогч М.Мөнхбаясгалан, хохирогч Г.Энхбаяр,  М.Мандахай, иргэний нэхэмжлэгч Д.Болор-Эрдэнэ нар нь нэхэмжлэх зүйлгүй, хохирол гомдолгүй гэсэн байх энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх гэм хорын хохиролгүй байна.

 

Битүүмжлэгдсэн эд хөрөнгийн талаар:

Төв аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч С.Эрдэнэбилэгийн “Т.Төртүвшингийн эзэмшлийн Самсунг Нөт-4 маркийн гар утас битүүмжилсэн” 2016 оны 10 сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болох нь зүйтэй байна.

 

Хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн Т.Төртүвшингийн №1072772 тоот жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, 22-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00982313 тоот гэрчилгээг иргэний нэхэмжлэгч Д.Болор-Эрдэнэд буцаан олгох нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.Төртүвшин нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-1.4, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Боржигин овогт Төртогтохын Төртүвшинг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас 1 хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар Т.Төртүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч,  1 /нэг/  жил 6  /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Төртүвшинд оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар ялтан Т.Төртүвшингийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасах нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн 22-08 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийн №00982313 дугаар бүхий гэрчилгээг Д.Болор-Эрдэнэд буцаан олгож, №1072772 дугаартай жолоочийн үнэмлэхийг харъяа шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Ариунтуяад даалгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар “Самсунг Нөт-4 маркийн гар утас” битүүмжилсэн  2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан Т.Төртүвшин нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, насанд хүрээгүй хохирогч М.Мөнхбаясгаланд 4600000 төгрөг, хохирогч Г.Энхбаярт 160000 төгрөг, хохирогч М.Мандахайд 450000 төгрөг тус тус төлсөн болохыг тус тус дурдсугай.

8.Монгол улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Т.Төртүвшинд оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

9. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4,  мөн хуулийн 61 дүгээр зүйлийг 61.5 дах хэсэгт тус тус зааснаар ялтан Т.Төртүвшин нь тэнсэнгийн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн  Цагдаагийн газарт үүрэг болгож, тэнсэгдсэн ялтан Т.Төртүвшин нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг Т.Төртүвшинд танилцуулсугай.

 

10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан Т.Төртүвшинд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ц.ОТГОНЖАРГАЛ