Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2021/0155

 

2021 03 04 128/ШШ2021/0155

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Ганбат даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: П.М /РД:.../

Хариуцагч: ....  дүүргийн Санхүү төрийн сангийн ажилтан нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х .

Гомдлын шаардлага: Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 145...  тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах[1]

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч П.М , хариуцагч Б.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Баасанжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Гомдол гаргагч С.М  шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан гомдолдоо: П овогтой М бие 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн ...  тойрогт бие даан нэр дэвшиж өрсөлдсөн билээ. Энэхүү сонгуульд нэр дэвшихтэй холбоотой сонгуулийн сурталчилгааг хуулийн хугацаанд хийж дуусгасан. Сонгуульд нэр дэвшсэнтэй хуулийн дагуу санхүүгийн тайланг хүргүүлэх гэтэл төрийн үйлчилгээний албан хаагчийг хууль зөрчиж Монгол Улсын Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгээс ажлаас халагдсан юм. Ажлаас үндэслэлгүйгээр халагдсантай холбоотой шүүхэд гомдол гаргаж шийдүүлэх гэж хугацаа алдсанаас болж, сонгуулийн санхүүгийн тайланг тогтсон хугацаанд хүргэж чадаагүй болно. Санхүүгийн тайлан өгөх гэж биш, амжиргааны эх үүсвэр ажлаас халагдсантай холбоотой хэрэгт шүүхээр явах шаардлага үүссэн юм. Би 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажлаас цалингүй чөлөө авч сонгуулийн сурталчилгаагаа хийсэн. Гэвч байгууллагын удирдлагаас сонгуульд нэр дэвшсэн явдалтай холбоотой улс төрийн шийдвэр гаргаж ажлаас халах болсон тухай сонссон. Үүнээс үүдэж Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн захиргааны шийдвэрийг татгалзуулах гэж цаг алдсан. Сонгуулийн тухай хуулиар 2020 оны 6 дугаар сарын ... -ны өдрийн дотор сонгуулийн тайланг үндэсний аудитын газарт хүргүүлж чадаагүй болно. Ингээд 2020 оны 12 дугаар сарын сүүлийн долоо хоногт ....  дүүргийн Засаг даргын тамгын газраас мэдүүлэг өгөхийг утсаар хэлсэн. Гэвч миний эхнэр Э.Г нь халдвартай орчинд ажилласан тул манай гэр бүл хөл хорионд орсон. Хорионд байсантай холбоотой мэдүүлэг өгч чадахгүй гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дүгээр зүйлийн мэдүүлэг авах 13.2 заалтын дагуу мэдүүлэг өгөх боломж П.М-т олдоогүй юм. Гэтэл дээрх 4.8 дугаар зүйлийг эсрэгээр П.М зөрчсөн гэж ....  дүүргийн санхүү, төрийн сангийн ажилтан үзсэн. Үүний улмаас мэдүүлэг өгөөгүй гэдэг шалтгаанаар Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ....  дүүргийн Санхүү, төрийн сангийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х  2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр торгох шийтгэл оногдуулсан байна. П-ийн М  миний бие дээрх торгууль шийтгэлийг зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 зүйлийн 13.2 заалтыг үндэслэж эс зөвшөөрч байгаа түл шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 188 дугаартай Гамшгийн тухай хуулийг үндэслэж, бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх хугацааг 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл сунгана гэсэн тогтоол гарсан. Манай улсад 3 дугаар сард Ковид-19 халдварт өвчний тохиолдол батлагдсан. Түүнээс хойш тодорхой хэмжээний өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. П-ийн М  миний бие 5 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын аудитын ерөнхий газраас сонгуулийн мөрийн хөтөлбөрийг батлуулж нэр дэвших үйл ажиллагаа явагдсан. Түүнээс өмнө 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Шинжлэх ухааны академи физик технологийн хүрээлэнд .... гэдэг албан тушаалд ажиллаж байсан. Дөнгөж ажилдаа ороод удаагүй байхад цар тахлын бэлэн байдал зарлаж ажил үүргийн ердийн горимоор ажиллах боломжгүй болсон. Ингээд миний бие ажилд томилсны дараа 3 сарын туршилтын хугацаа 4 дүгээр сарын сүүлээр ажилд жинхлэх тушаал гарах ёстой байсан. Гэтэл миний ямар буруугүй үйлдлээс болоод Засгийн газрын даргын гаргаж өгсөн тогтоолоос болж Шинжлэх ухааны академи үндэсний хүрээлэн намайг ажилд жинхлэх асуудлыг хэлэлцэх боломжгүй болсон. Ингээд миний бие энэ хугацаанд улс орны байдал ялангуяа өөрийн мэргэжил ур чадварыг ашиглан улс төрийн, Улсын Их Хуралд бие даан нэр дэвших асуудал явагдсан. Сонгуулийн үйл ажиллагаа 6 дугаар сарын 02-ны өдөр эхэлж, 6 дугаар сарын 24-ний өдөр санал авах хугацаа дууссан. 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр П.М-ын асуудлыг Шинжлэх ухааны академи дээр шийднэ гээд өглөө 8 цагаас хуралтай гэсэн. Гэвч онц байдал зарласантай холбоотойгоор Шинжлэх ухааны академи дээр П.М-ын ажилд томилох асуудлыг шийдэх ирц бүрэлдэхээ больсон. Энэ бол миний буруу биш тэнд оролцох ёстой олон түмний хуралдаа ирж оролцоогүйтэй холбоотой юм. 2020 оны 65 дугаар сарын 25, ... -ны өдрүүдэд аль аль нь хурал зарлаад нэг ч хүн ирээгүй. Үүнээс болоод миний бие аудитын ерөнхий газарт тайлан хүргүүлэх боломжгүй болсон. Үндсэндээ Шинжлэх ухааны физик технологийн хүрээлэн, ажилд томилох П.М-ын амь амьдралыг шийдэх хурлыг ердийн нөхцөлд зохион байгуулсан бол Аудитын ерөнхий газар тайланг оройтуулсан гэдэг зүйл заалт байх ёсгүй байсан. Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасантай санал нийлэхгүй байна. Учир нь тус хуулийн заалтыг харахад санал өгснөөс хойш 2 хоногийн дотор эцсийн тайлангаа өгөх тухай заасан байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын ... -ны өдөр гэсэн хугацаанд өгөх боломжгүй байсан.

Иймд Гамшгаас хамгаалах тухай хуулийн нөхцөл байдлыг авч үзвэл П.М нь Аудитын ерөнхий газарт өгөх тайланг оройтуулсан эсхүл хоцроосон гэдэг асуудал нь хуулийн хувьд зөвшөөрөх боломжгүй байна.

Хариуцагч Б.Х  шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Улсын Их Хурлын 2020 оны ...  дугаар тойрогт нэр дэвшигч П.М нь сонгуулийн зардлын дансны явцын болон эцсийн санхүүгийн тайланг өгөөгүй болохыг Монголын Улсын Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичиг, https://audit.mn/ сайт дээр нэр дэвшигчдийн мэдээллийн дагуу Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлийг зөрчсөн болох нь нотлогдсон.

Гомдол гаргагч П.М нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэл Үүнтэй ажлаас үндэслэлгүйгээр халагдсантай холбоотой шүүхэд гомдол гаргаж шийдүүлэх гэж хугацаа алдсанаас болж сонгуулийн санхүүгийн тайланг тогтсон хугацаанд хүргэж чадаагүй болно тухай зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч дурдсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна" заасныг 17.1 дүгээр зүйлийн 27-д зааснаар хүнийг хорин мянган нэгж буюу хорин сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан.

Гомдол гаргагч нь Улсын Их Хурлын 2020 оны ...  дугаар тойрогт нэр дэвшиж байсан ба санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд Аудитын ерөнхий газарт хүргүүлээгүй нь Төсвийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.25, 25.2 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн. Тухайн зөрчил нь онцлог ба тодорхой цаг хугацаа заасан сонгууль дууссанаас хойш 30 хоногийн дотор буюу 7 дугаар сарын 24-ний өдрийн дотор сонгуулийн зардлын эцсийн тайланг өгөх байсан. Аудитын байгууллагаас дүгнэлт гаргуулаад төрийн аудитын байгууллага буюу Үндэсний аудитын байгууллагад хүргүүлэх үүргийг Сонгуулийн хуульд заасан байдаг. Нөгөө зөрчил нь сонгууль явагдах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн зардлын явцын тайланг Үндэсний аудитын газарт хүргүүлнэ гэж заасан нь 6 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон. Сонгууль 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дууссан ба явцын тайланг сонгууль эхлэхээс 3 хоногийн өмнө өгөх ёстой бөгөөд энэ хугацаа нь 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Мөн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргагч ажлаас халагдсантай маргаж шүүхээр явж байсан гэх боловч энэ нь цагдан хоригдох, орж гарч чадахгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж үзэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх иргэн П.М-аас ....  дүүргийн Санхүү төрийн сангийн ажилтан нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х д холбогдуулан гаргасан Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 145...  тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах[2] тухай шаардлага бүхий гомдлыг 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2021 оны 02 дугаар сарын 04-ны өдөр захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна[3].

Гомдол гаргагч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гомдол гаргагч П.М нь 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн ...  тойрогт бие даан нэр дэвшиж өрсөлджээ. Гомдол гаргагч П.М-ыг Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.4-т заасан сонгуулийн зардлын зарцуулалтын тайланг хуульд заасан хугацаанд багтаан төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлийг зөрчсөн зөрчилд нь улсын байцаагчаас 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 145...  дугаар шийтгэлийн хуудсаар 20.000.000₮ /хорин сая/ төгрөгөөр торгон шийтгэл оногдуулжээ.[4]

Гомдол гаргагч нь гомдлын шаардлагын үндэслэлээ, Сонгуульд нэр дэвшсэнтэй холбогдуулан хуулийн дагуу санхүүгийн тайланг хүргүүлэх гэтэл төрийн үйлчилгээний албан хаагч намайг хууль зөрчиж Монгол Улсын Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгээс ажлаас халсан. 2020 оны 6 дугаар сарын 25, ... -ны өдөр П.М миний асуудлыг Шинжлэх ухааны академи дээр шийднэ гээд өглөө 8 цагаас хурал зарласан. Гэвч онц байдал зарласантай холбоотойгоор ирц хүрэхгүй больсон. Үүнээс болоод миний бие аудитын ерөнхий газарт тайлан хүргүүлэх боломжгүй болсон. ...Ажлаас үндэслэлгүйгээр халагдсантай холбоотой шүүхэд гомдол гаргаж шийдүүлэх гэж, Шинжлэх ухааны академийн физик технологийн хүрээлэнгийн захиргааны шийдвэрийг татгалзуулах гэж хугацаа алдсанаас болж, хуулийн хугацаанд нь ... Сонгуулийн тухай хуулиар 2020 оны 6 дугаар сарын ... -ны өдрийн дотор сонгуулийн тайланг үндэсний аудитын газарт хүргүүлж чадаагүй болно. ... Манай гэр бүл хөл хорионд орсонтой холбоотой мэдүүлэг өгч чадахгүй гэж мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дүгээр зүйлийн мэдүүлэг авах 13.2 заалтын дагуу мэдүүлэг өгөх боломж П.М-т олдоогүй. Гэтэл дээрх хуулийн 4.8 зүйлийг П.М зөрчсөн гэж ....  дүүргийн санхүү, төрийн сангийн ажилтан үзсэн. Үүний улмаас мэдүүлэг өгөөгүй гэдэг шалтгаанаар Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар ....  дүүргийн Санхүү, төрийн сангийн ажилтан, нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х  2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр торгох шийтгэл оногдуулсан байна.

Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасантай санал нийлэхгүй байна. Учир нь тус хуулийн заалтыг харахад санал өгснөөс хойш 2 хоногийн дотор эцсийн тайлангаа өгөх тухай заасан байсан бөгөөд 2020 оны 6 дугаар сарын ... -ны өдөр гэсэн хугацаанд өгөх боломжгүй байсан. Иймд Гамшгаас хамгаалах тухай хуулийн нөхцөл байдлыг авч үзвэл П.М нь Аудитын ерөнхий газарт өгөх тайланг оройтуулсан эсхүл хоцроосон гэдэг асуудал нь хуулийн хувьд зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

Хариуцагчийн зүгээс гомдлын шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ; Улсын Их Хурлын 2020 оны ...  дугаар тойрогт нэр дэвшигч П.М нь сонгуулийн зардлын дансны явцын болон эцсийн санхүүгийн тайланг өгөөгүй болохыг Монголын Улсын Үндэсний аудитын газрын 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2880 дугаар албан бичиг, https://audit.mn/ сайт дээр нэр дэвшигчдийн мэдээллийн дагуу Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлийг зөрчсөн болох нь нотлогдсон.

Гомдол гаргагч П.М нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн шүүхэд гаргасан гомдолдоо Үүнтэй ажлаас үндэслэлгүйгээр халагдсантай холбоотой шүүхэд гомдол гаргаж шийдүүлэх гэж хугацаа алдсанаас болж сонгуулийн санхүүгийн тайланг тогтсон хугацаанд хүргэж чадаагүй болно тухай зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрч дурдсан байна.

Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4-д Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна" заасныг 17.1 дүгээр зүйлийн 27-д зааснаар хүнийг хорин мянган нэгж буюу хорин сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан. Гомдол гаргагч нь Улсын Их Хурлын 2020 оны ...  дугаар тойрогт нэр дэвшиж байсан ба санхүүгийн тайлангаа хуульд заасан хугацаанд Аудитын ерөнхий газарт хүргүүлээгүй нь Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дугаар зүйлийг зөрчсөн. Тухайн зөрчил нь онцлог ба тодорхой цаг хугацаа заасан сонгууль дууссанаас хойш 30 хоногийн дотор буюу 7 дугаар сарын 24-ний дотор сонгуулийн зардлын эцсийн тайланг өгөх байсан. Нөгөө зөрчил нь сонгууль явагдах өдрөөс 3-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн зардлын явцын тайланг Үндэсний аудитад хүргүүлнэ гэж заасан нь 6 дугаар сарын 20-ны өдрөөр дуусгавар болсон. Сонгууль 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр дууссан ба явцын тайланг сонгууль эхлэхээс 3 хоногийн өмнө өгөх ёстой бөгөөд энэ хугацаа нь 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр дууссан. Мөн 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр гомдол гаргагч ажлаас халагдсантай маргаж шүүхээр явж байсан гэх боловч энэ нь цагдан хоригдох, орж гарч чадахгүй байх, хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй гэж үзэж байна гэжээ.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйл. Сонгуулийн зардлын тайлан, 57.3. ... нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ., 58 дугаар зүйл. Сонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал, 58.4. Нэр дэвшигч, нам, эвсэл авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ., Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл. Сонгуулийн хуулийг зөрчих, 25. Нам, эвсэл, нэр дэвшигч нь сонгуулийн зардлын тайлангаа хуульд заасан хугацаанд төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, ... торгоно., 27. Нэр дэвшигч, ... хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс 3 хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй бол хүнийг хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр, ... торгоно., Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйл. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал 6. Дараахь эрх бүхий албан тушаалтан доор дурдсан харьяаллын дагуу зөрчлийг шалган шийдвэрлэнэ:, 6.22. нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 17.1 дүгээр зүйлийн 25, 27 дахь хэсэгт заасан зөрчил гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтуудыг агуулгаас үзвэл, Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайланг санал авах өдрөөс гурав хоногийн өмнө нийтэд ил тод мэдээлж, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол хорин мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 20.000.000 /хорин сая/ төгрөгөөр торгох, мөн нэр дэвшигч нь санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх үүрэгтэй байх бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй бол арван мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай байх бөгөөд дээрх шийтгэлийг нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч оногдуулахаар зохицуулжээ.

Маргаан бүхий тохиолдлын тухайд, гомдол гаргагч П.М нь Улсын Их Хурлын сонгуулийн ...  дугаар тойрогт бие даан нэр дэвсэн байх бөгөөд Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., 58 дугаар зүйлийн 58.4.-т заасан авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын болон эцсийн тайланг төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ талаар Монгол Улсын Ерөнхий Аудитороос Сангийн яаманд хүргүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Зөрчил шилжүүлж, шийдвэрлүүлэх тухай 2880 дугаар албан бичиг, түүний хавсралтаар тогтоогдож байна[5].

Хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар гомдол гаргагч нь сонгуулийн хуульд заасан авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын болон эцсийн тайланг төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлээгүй үйл баримт тогтоогддог бөгөөд хэргийн оролцогч нар тухайн үйл баримттай маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Гомдол гаргагчаас тайлангуудыг хуулийн хугацаанд хүргүүлээгүй үндэслэлүүдээ Миний бие өөрөө санхүүгийн мэргэжилтэй хүн биш учраас явцын тайлан гаргаж чадаагүй, эцсийн тайлантайгаа хамт гаргаж өгнө гэж бодож байсан. Миний бие өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалаасаа үндэслэлгүйгээр халагдсан байсан үүнтэй холбоотой асуудлаар шүүхэд хандаж шийдвэрлүүлсэн. Ингэж шүүхээр явж байсан хугацаанд авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын эцсийн тайланг төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлэх хуулийн өнгөрсөн байсан. Ийм үндэслэлүүдээр тайлангуудыг хуулийн хугацаанд хүргүүлээгүй. гэж тайлбарладаг бөгөөд дээрх үндэслэлүүд нь гомдол гаргагчийг хүндэтгэн үзэх шалтгаантай байсан байна гэж үзэх үндэслэлгүй бөгөөд сонгуульд нэр дэвшигч нь сонгуулийн хуульд заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Хариуцагчаас маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйл. Шийтгэл оногдуулах үндэслэл, 4. Нэг үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна" гэж заасныг баримтлан гомдол гаргагчийн гаргасан Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27-д заасан зөрчлүүдэд тус хуулийн 17.1 дүгээр зүйлийн 27-д заасан шийтгэлийг оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн шийтгэл оногдуулах үндэслэл, зарчимтай нийцжээ.

Иймд дээрх үндэслэлүүдээр гомдол гаргагчийн ....  дүүргийн Санхүү төрийн сангийн ажилтан нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х д холбогдуулан гаргасан Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 145...  тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 58 дугаар зүйлийн 58.4, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 25, 27-д заасныг тус тус баримтлан иргэн П.М*******аас ....  дүүргийн Санхүү төрийн сангийн ажилтан нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагч Б.Х д холбогдуулан гаргасан Нягтлан бодох бүртгэлийн улсын байцаагчийн 2021 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 145...  тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ГАНБАТ

 

 

 

 

 


 

 

[1] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 12-13 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 55 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 23-25 дугаар хууда