Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 08

 

 

 

 

Д.Атарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2017/00548 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Зэрэг сумын Бургасан багт оршин суух, Бурхад овогт Домоогийн Атарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 4-30 тоотод оршин суух, Тарвагтайхан овогт Адъяагийн Батбаатард холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Атар түүний өмгөөлөгч Д.Хуягбаатар, хариуцагч А.Батбаатар, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол 5,743,000 /таван сая долоон зуун дөчин гурван мянга/ төгрөг гаргуулах тухай

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие 2017 оны 08 сарын 22-ны өдөр Зэрэг сумаас Ховд аймагт ирж Жаргалант сумын Тахилт багийн нутаг дэвсгэрт орших 10-р цэцэрлэгийн урд талын 4-н замын уулзвар дээр өөрийн эзэмшлийн Нопdа НRV маркийн 47-51 ХОҮ улсын дугаартай авто машинтай явж байтал баруун гар талаас Соната маркийн 41-78 УБХ улсын дугаартай саарал өнгийн авто машины жолооч А.Батбаатар нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрэм зөрчиж туслах замаас хурд хэтрүүлэн ирж мөргөж авто тээврийн осол гарган хохирол учруулсан юм.Миний нэхэмжилсэн 5,743,000 төгрөг нь миний машиныг засах, эвдэрсэн эд ангийг авах мөнгө юм. Эвдрэл гарснаас хойш би 3 сарын хугацаанд 150 км цаг 7 хоног болгон ирдэг байсан ч би тэр мөнгийг нэхэмжлээгүй. Зөвхөн машиндаа гарсан хохирлыг аль болох бага хэмжээгээр нь үнэн бодитоор нь оруулсан.... 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан Авто машины эвдрэл үнэлсэн тухай тайлан-ийн дүгнэлтэд тусгагдсан 1,840,000 төгрөгөөс баруун урд тэнхлэгийн эд ангиуд бүтнээрээ 500,000 төгрөг, урд карказ их бие 550,000 төгрөгийг тус тус хасаж 790,000 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Авто машины эвдрэл үнэлсэн тухай тайлан-ийн дүгнэлтэд тусгагдсан 2,845,000 төгрөгийг нэмээд 3,635,000 төгрөг, үүн дээр журмын хашааны 15,000 төгрөг, авто тээврийн төвд үнэлгээ тогтоолгоход 88,000 төгрөг, үнэ тогтоолгоход 20,000 төгрөг, Хаан засвараар засвар хийлгэхэд гарах зардал 1,985,000 төгрөг нэмэгдээд 5,743,000 төгрөгийг гаргуулна уу гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбар: Би тэр өдөр хойноос Өлөнгийн цехийн тийшээ явж байгаад бараа оруулчихаад хөдлөхөд тэр машин байхгүй байсан. Намайг уулзвар нэвтрээд гарчихсан байхад гэнэт ирээд мөргөсөн. Цагдаа нар болон шинжээч нар гол зам, туслах замынхаа дүрмээр гол замынхаа машинд зам тавьж өгөөгүй гэдэг үндэслэлээр буруутгасан....Мөнхцоож гэдэг хүнтэй ярихад 1,840,000 төгрөгийн үнэлгээ гаргасан байсан ч дахин үнэлгээ гаргуулаад 2,845,000 төгрөгийн үнэлгээ гаргасан байна гэж хэлсэн. Хэрвээ би мөргөсөн бол миний машины урд тал гэмтэлтэй байх ёстой. Гэтэл миний машины урд тал зүгээр байгаа. Зөвхөн машины хойд хаалга, бөгс гэмтсэн. Намайг хүчиндээ мөргөөд тэр хурд нь тэр чигээрээ айлын гадна байсан үүдний амбаар мөргөсөн....Автомашиныг журмын хашаанд хүргүүлсэн төлбөр 15,000 төгрөгийг хариуцагч гаргасан. Үүнд маргахгүй...1,843,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2017/00548 дугаар шийдвэрээр 1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.1-д заасныг баримтлан хариуцагч А.Батбаатараас 1,840,000 /нэг сая найман зуун дөчин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Атарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,903,000 /гурван сая есөн зуун гурван мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Атарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107,000 /нэг зуун долоон мянга/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Батбаатараас улсын тэмдэгтийн хураамж 44,390 /дөчин дөрвөн мянга гурван зуун ер/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Атарт олгосугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдсан гомдлын агуулга: Шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийн зүйл заалтыг хэрэглээгүй буюу Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийг шийдвэрийн үндэслэл болгоогүй нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Мөн Д.Атарын автомашинд хэдэн төгрөгийн хохирол учирсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Д.Атарт учирсан хохирол нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон байхад шүүх хэдэн төгрөгийн хохирол учирсан талаарх баримт хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Шийдвэрийн үндэслэл болсон автомашиндаа засвар хийлгээгүй, хэдэн төгрөгийн засварын зардал гарах эсэх нь тодорхойгүй байхад хохирол нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иргэний хуулийн 510 дугаар зүйлд зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан байна. Өөрөөр хэлбэл А.Батбаатар нь Д.Атарын автомашиныг засаж өгөөгүй ба учирсан хохирлоо мөнгөөр төлүүлэхээр шүүхэд хандаж байхад шүүхээс Д.Атарыг автомашиндаа засвар хийлгээгүй хохирол нэхэмжилж байгаа нь бодит байдалд нийцэхгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Д.Атар нь хариуцагч А.Батбаатарт холбогдуулан гэм хорын хохирол 5,743,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Хариуцагч А.Батбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаас 1,840,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө үлдэх 3,903,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

            Хариуцагч А.Батбаатар нь 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдөр өөрийн өмчлөлийн 41-78 УБХ улсын дугаартай Соната маркийн автомашиныг жолоодож яваад уулзвар нэвтрэх журам зөрчсөний улмаас нэхэмжлэгч Д.Атарын өмчлөлийн 47-51 ХОҮ улсын дугаартай автомашинд хохирол учруулсан гэх үйл баримт болон гэм буруу, шалтгаант холбоо байгаа эсэх талаар талууд маргаагүй байна.

            Харин нэхэмжлэгч Д.Атарын автомашинд учирсан хохирол, түүний үнэлгээний талаар талууд маргасан байна.

            Цагдаагийн байгууллагад Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Д.Атарын автомашинд учирсан хохирлын талаар 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээгээр нийт 10 эд зүйлийн үнэ 1,840,000 төгрөгийн хохирол учирсан байна гэж, 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээгээр нийт 6 эд зүйлийн үнэ 2,845,000 төгрөгийн хохирол учирсан талаар шинжээчийн хоёр дүгнэлт гарчээ.

            Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ тодруулахдаа 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гарсан “авто машины эвдрэл үнэлсэн тухай тайлан”-гийн дүгнэлтэнд тусгагдсан 1,840,000 төгрөгөөс баруун урд тэнхлэгийн эд ангиуд бүтнээрээ 500,000 төгрөг урд карказ их бие 550.000 төгрөг нийт 1,050,000 төгрөгийг хасаж үлдсэн 790,000 нэхэмжилж байгаа.

Учир нь 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр гарсан “авто машины эвдрэл үнэлсэн тухай тайлан”-гийн дүгнэлтэнд тусгагдсан нийт 2,845,000 төгрөгийн үнэлгээнд дээрх хоёр эд зүйл нь “Кузов” их засвар нэрээр 2,500,000 төгрөгөөр үнэлэгдэж орчихсон байгаа гэжээ.

Ингээд анхны шинжээчийн дүгнэлтийн үнэлгээ 790,000 төгрөг, сүүлчийн шинжээчийн дүгнэлтийн үнэлгээ 2,845,000 төгрөг, автомашинаа засуулахад гарах зардал 1,985,000 төгрөг, үнэлгээний төлбөр 20,000 төгрөг, үнэлгээний төлбөр 88,000 төгрөг, автомашиныг журмын хашаанд хүргэхэд гарсан зардал 15,000 төгрөг /хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрдөг/ нийт 5,743,000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Харин давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах журмаар гомдол гаргасны дараа даатгалаас эхний дүгнэлтээр гарсан 1,840,000 төгрөг нь бэлэн мөнгөний шимтгэл бодогдоод 1,656,000 төгрөг миний данс руу орсон тул 1,656,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэв. 

Давж заалдсан гомдлын дагуу хэрэгт авагдсан, дээр дурдсан нотлох баримтуудын хууль зүйн болон бодит үндэслэлийг дүгнэвэл: Хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтийг нэг хүн гаргасан боловч 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн үнэлгээгээр нийт 10 эд зүйлийн үнэ 1,840,000 төгрөгийн хохирол учирсан байна гэх дүгнэлтийг 2017 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд  нэрлэж заасан 10 эд зүйлийг цагдаагийн байгууллагаас автомашинд үзлэг хийж шинжээчээр үнэлүүлэхээр тогтоолд дурдсаныг үнэлсэн байна.

Харин 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээгээр нийт 6 эд зүйлийн үнэ 2,845,000 төгрөгийн хохирол учирсан гэх шинжээчийн дүгнэлтийг 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолд нэрлэж заасан 6 эд зүйлийг автотээврийн төвийн техникийн хяналтын үзлэгийн инженерийн автомашинд үзлэг хийснийг шинжээчээр үнэлүүлэхээр тогтоолд дурдсаныг үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн эд зүйлийн жагсаалтыг 2 өөр газраас хийсэн үзлэгээр жагсааж ирүүлсэн эд зүйлүүдийн үнийг шинжээч тогтоосон байна. Гэтэл анхан шатны шүүх 2 удаагийн шинжээчийн дүгнэлтийг нэг шинжээч гаргасан байх бөгөөд нэмэлт эсвэл дахин шинжилгээ болох нь мэдэгдэхгүй эргэлзээтэй гэж дүгнэсэн нь буруу байна.

Иймд 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн үнэлгээгээр нийт 6 эд зүйлийн үнэ 2,845,000 төгрөгийн хохирол учирсан гэх шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан хохирлын үнээс “Кузов” их засвар нэрээр үнэлэгдсэн 2,500,000 төгрөгийг хасаж, /2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн дүгнэлтэд баруун урд тэнхлэгийн эд ангиуд бүтнээрээ, урд карказ их бие нэрээр орж үнэлэгдсэн тул/ үлдэх 345,000 төгрөг дээр  үнэлгээний төлбөр 20,000 төгрөг, үнэлгээний төлбөр 88,000 төгрөг, автомашиныг журмын хашаанд хүргэхэд гарсан зардал 15,000 төгрөг /хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрдөг/ нэмж нийт 468,000 төгрөгийг хариуцагч А.Батбаатараас гаргуулж, нэхэмжлэгч Д.Атарт олгох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Батбаатарын автомашинаа засварлуулахад гарах зардал 1,985,000 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 1,656,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг,  дурдах нь зүйтэй.Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хүлээн авч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77,400 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангийн зохих данснаас гаргаж нэхэмжлэгч Д.Атарт буцаан олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 153/ШШ2017/00548 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлийн 228.1.-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагч А.Батбаатараас 468000 /дөрвөн зуун жаран найман мянга / төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Атарт олгож, нэхэмжлэгч нь 1.656.000 төгрөгнөөс татгалзсаныг дурдаж, илүү нэхэмжилсэн 3.619.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтыг “Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1.-т заасныг баримтлан “нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 107000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Батбаатараас 14690 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Атарт олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр нь үлдээсүгэй.

 

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн  59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77400 төгрөгийг төрийн сангийн 100160000941 тоот данснаас гаргаж шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч Д.Атарт буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Н.ТУЯА

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

                                  

М.НЯМБАЯР