Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1549

 

 

2022         10         24                                 2022/ШЦТ/1549

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн,

улсын яллагч А.Ариунаа,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа,

шүүгдэгч Т.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Гт холбогдох эрүүгийн 2203 00379 0421 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймаг Түшиг суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, Т.Г-д

Холбогдсон хэргийн талаар:

Т.Г нь 2022 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн зам Хангамжийн автобусны буудлын замд Toyota Prius маркийн 73-25 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 5.2 дахь хэсэгт заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2 дэх хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Мягмар-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний бие хохирогч Б.Мягмар-Эрдэний төрсөн дүү бөгөөд өнөөдрийн шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. Би уламжлалтын их эмч мэргэжилтэй. Одоо бариа заслын төв ажиллуулдаг. Гэмтлийн эмнэлэгт 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр дуудагдаж  очсон. Миний ах 2 сар хэвтрийн байдалтай байна. Ах осол гарах үед толгойдоо гэмтэл авсны улмаас үе үе ухаан алдаад байгаа. Тийм учраас толгойн зураг авхуулах шаардлагатай. Одоо 8 сая төгрөг нэхэмжилж байна. Үүнээс 2-3 сая төгрөг нь эмчилгээний зардалтай холбоотой, 4-5 сая төгрөг нь ажилгүй байсан хугацааны цалин орлого. Ах дуудлагын жолоочийн кампанид өдөрт 60.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэв.

Хавтаст хэргээс

Цагдаагийн байгууллагад хүлээн авсан “73-25 УБД хар өнгийн Приус 30 маркийн машин хүн мөргөсөн” гэх дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4-10 дахь тал/,

Хохирогч Б.Мягмар-Эрдэнийн “Тэгээд хэсэг алхаж байгаад зам гарахаасаа жаахан айгаад 2 тал руугаа харахад ямар ч машины гэрэл харагдаагүй байхаар нь би зам хөндлөн гүйгээд гарч байхад байтал урдаас гэрэл анивчаад намайг мөргөсөн. Би мөргүүлээд газарт унахад жолооч эмэгтэй машинаасаа бууж ирээд зүгээр үү ахаа гээд намайг татаад байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

Хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаагийн “Ах Мягмар-Эрдэнэ өөрөө босоод явах чадваргүй, хэвтрийн байдалтай хүний асаргаанд байгаа учраас би төрсөн ахынхаа өмнөөс энэ хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүсэлтэй байна. Ахын эмчилгээнд зарцуулсан 2 сая орчим төгрөг, 3-4 сарын цалин, цаашид эмчилгээ хийлгэх зардалд нийт 8.000.000 төгрөгийг бидний зүгээс нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 9375 дугаартай “Б.Мягмар-Эрдэнийн биед баруун шилбэний шаант болон тахилзуур, баруун 7 дугаар хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой, тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 16-17 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 650 дугаартай шинжээчийн “Б.Мягмар-Эрдэнийн биед баруун шилбэний шаант, тахилзуур яс, баруун 7 дугаар хавирга, баруун шуу, богтос ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой хуучин гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр буюу авто осолд орох үед үүсгэгдэх боломжтой” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-20 дахь тал/,

Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ-ийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “Тоуота Приус XW 30 маркийн 73-25 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн ойрын гэрэл, баруун ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй эвдрэл гэмтэлтэй байна. Ойрын гэрлийн тусгалын хүч стандартын шаардлага хангахгүй байгаа нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 498 дугаартай “Toyota pruis 30 маркийн 73-25 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ц.Ганцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 жолооч дараах үүргийг хүлээнэ, а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” мөн дүрмийн хавсралтын 5.2-т заасан “хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2 Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Мягмар-Эрдэнэ нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн зааллт зөрчөөгүй байна” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Хохирогч Б.Мягмар-Эрдэнээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /хавтаст хэргийн 89-150 дахь тал/,

Хохирогч Б.Мягмар-Эрдэний өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 42-46 дахь тал/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч Б.Мягмар-Эрдэнэд 242.500 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаарх баримт /хавтаст хэргийн 85 дахь тал/,

Toyota pruis 30 маркийн 73-25 УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл Монголын санхүүгийн групп ББСБ-ын эзэмшилд бүртгэлтэй талаарх лавлагаа /хавтаст хэргийн 154 дэх тал/,

Монголын санхүүгийн групп ББСБ-ын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 111/151 дугаартай “Т.Г нь Toyota pruis 30 маркийн 73-25 УБД улсын дугаартай авто машин барьцаалан авсан зээлээ 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулсан тул тухайн авто машин дээр гарсан ослын тохиолдол манайд хамааралгүй болго” гэх албан бичиг /хавтаст хэргийн 79 дэх тал/,

Т.Гийн жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 38, 155 дахь тал/,

            Яллагдагч Т.Гийн “2022 оны 07 дугаар сарын 01-ний өдөр би гадуур такси үйлчилгээнд явж байсан юм. Тухайн өдрийн 22 цаг 40 минутын орчимд би өөрийн эзэмшлийн Тоёота Приус 30 маркийн 73-25 УБД улсын дугаартай хар өнгийн машинтай ганцаараа Баянзүрх дүүргийн нутаг Улиастайн гүүр даваад хотын төв рүү замын хоёрдугаар эгнээгээр явж байтал замын эсрэг урсгалтай талаас нэг хүн гарч ирсэн. Би тэр хүнийг хараад сигналдаад явж байсан хоёрдугаар эгнээнээсээ нэгдүгээр эгнээ рүү хагас орох үед тэр хүн машин руу огцом гүйгээд ороод ирсэн. Тэр хүн машины зүүн урд хэсэгт мөргөгдөөд газарт унасан. Тэгээд би машинаасаа буугаад тэр хүн дээр очоод ахаа босоорой зүгээр үү гэж асуухад тэр хүн газарт хэвтээд босохгүй байсан. Би өөрийнхөө гар утсаараа цагдаад дуудлага өгсөн. Мөн 10 минутын дараа түргэн ирсэн. Дараа нь цагдаа нар ирж хэмжилт хийсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

Дүрс бичлэг бүхий CD-нд үзлэг хийсэн “Бичлэг эхлэхэд явган зорчигч Б.Мягмар-Эрдэнэ нь цэнхэр өнгийн цамцтай, цагаан өнгийн шорттой зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр баруунаас зүүн чиглэлд баруун гартаа эд зүйлс барьсан алхаж байв. Бичлэгийн 13 дахь секундэд уг жижиг суудлын тээврийн хэрэгсэл хөдлөөд явав. 1 минут 05 секундэд явган зорчигч Б.Мягмар-Эрдэнэ зорчих хэсгийн голын чигээрээ алхаад зүүнээс баруун чиглэлд явах зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр явж байсан жижиг суудлын тээврийн хэрэгсэл явган зорчигчийг мөргөөд газарт унагаж байв. Уг тээврийн хэрэгслийн баруун талаар цагаан өнгийн автобус хашлага даваад чигээрээ явснаар бичлэг дуусав” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 152 дахь тал/,

Дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 153 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Гээс гаргаж өгсөн хохирогчийн эмчилгээний зардалд 1 сая төгрөг шилжүүлсэн талаарх 1 хуудас баримт,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохиролтой холбоотойгоор гаргаж өгсөн 61 хуудас баримт

Шүүгдэгч Т.Гийн хувийн байдалтай холбоотой

Гэрч С.Атарцэцэгийн “Миний охин Ганцэцэг нь манай 3 дахь хүүхэд бөгөөд хичээл номондоо сайн, хүнтэй эвсэг харьцдаг. Миний охин Сэлэнгэ аймгийн Зэлтэр суманд 1988 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн. Багадаа Сэлэнгэ аймгийн Түшиг суманд 8 дугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод орж ирээд нярав, нягтлангийн дамжаанд суралцан төгссөн. Ямар нэгэн их сургуульд сураагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73 дахь тал/,

Гэрч Д.Тойгийн “Миний охин Ганцэцэг нь гайгүй зан ааштай, багадаа Сэлэнгэ аймгийн Түшиг сум буюу Зэлтэрийн сангийн аж ахуйд 8 дугаар ангиа төгссөн. Тэгээд Улаанбаатар хотод ирээд нярвын курс дамжаанд суралцаж төгсөөд хувийн байгууллагад ажиллаж байгаад одоо өөрийнхөө Toyotа Pruis 30 маркийн 73-25 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслээр таксинд явдаг” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76 дахь тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 40 дэх тал/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч Ц.Ганцэцэг нь 2022 оны 07 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улиастайн зам Хангамжийн автобусны буудлын замд Toyota Prius маркийн 73-25 УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 дэх хэсэгт заасан “Жолооч эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 5.2 дахь хэсэгт заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 12.2 дэх хэсэгт заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Мягмар-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Мягмар-Эрдэнэ, яллагдагч, шүүгдэгч Т.Г нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил тогтоосон мөрдөгчийн магадлагаа, Авто тээврийн Үндэсний төвийн шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

  Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Т.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлөхөө илэрхийлсэн бол хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаагийн зүгээс гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлүүлж, гэм хорын хохирлыг цаашид нэхэмжлэхээ илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Авто тээврийн хэрэгслийн жолооч гэж авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамаарна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойсон байдаг. 

Шүүгдэгч Т.Г нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Т.Гийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.

Тээврийн прокурорын газраас Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэжсэгт заасан гэмт х нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд хохирлын талаарх баримтыг нэг бүрчлэн шинжлэн судалж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан 8.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар 922.000 төгрөгийн хохирол тогтоогдож байна /хавтаст хэргийн 149-150, 236 дахь тал/,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирогч Б.Мягмар-Эрдэний дуудлагын жолоочоор өдрийн 60.000 төгрөгийн цалинтай ажилладаг байсныг 3 сараар тооцож 5.400.000 төгрөг нэхэмжилж Хязгааргүй сервис ХХК-ий тодорхойлолт /хх-52/, Б.Мягмар-Эрдэний эзэмшлийн дансны хуулга /хх-89-131/ зэрэг баримтыг гаргаж өгсөн бөгөөд уг баримтаар ажиллаагүй хугацааны цалин хөлсийг гаргуулах боломжгүй,

Мөн Дүүрэнзаяа, Гантуяа нарын нэр дээрх И баримтын бүртгэлийн эрүүл мэнд цэсэнд бүртгэсэн баримтуудын хуулбарыг /хавтаст хэргийн 132-146, 176-235/ энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролтой хамааралтай гэж үзэх үндэслэлгүй байна.    

             Шүүгдэгч Т.Г нь хохирогч Б.Мягмар-Эрдэнийн эрүүл мэндийн хохиролд 1.000.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, энэ тогтоолоор хохирогч Б.Мягмар-Эрдэнэ түүний хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гээс 242.500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олговол зохино.

Хохирогч Б.Мягмар-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа нар нь энэ гэмт хэргийн улмаас ажиллаагүй хугацааны цалин хөлс орлого, зарим эм тариа авч эмчилгээ хийлгэсэн болон цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Т.Гээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.       

  

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Т.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч Т.Г үүнтэй маргаагүй болно.

Т.Гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс Т.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, бага насны хүүхэдтэй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа анхнаасаа сайн дугаараа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, учруулсан хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Т.Гт тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалах нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

   Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Т.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Гт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

           4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт зааснаар Т.Гээс 242.500 /хоёр зуун дөчин хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

5. Хохирогч Б.Мягмар-Эрдэнэ, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаа нар  нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Т.Гээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

   6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцогдсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

   7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Г нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.     

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Т.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Г.ХАТАНЦЭЦЭГ