Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1541

 

2022         10         24                                 2022/ШЦТ/1541

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн,

улсын яллагч А.Ариунаа,

хохирогчийн өмгөөлөгч М.Одбаяр

шүүгдэгч Э.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Тээврийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.От холбогдох эрүүгийн 2203 00395 0418 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1991 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, санхүү, менежмент мэргэжилтэй, Прайм синеплекс энканто ХХК-нд нягтлан бодогч ажилтай,  ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо Автозамчдын гудамж 56б байрны 5 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ямаатынх овогт Энхбаярын Оюунбилэг /РД:УП91102308/.

Холбогдсон хэргийн талаар:

            Э.О нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто хотхоны баруун талын зам дээр Lexus 450 маркийн 65-77 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчиж ухрах үйлдэл хийсний улмаас явган зорчигч Ч.Оюунсувдыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Цагдаагийн байгууллагад хүлээн авсан “65-77 УБЭ машин ухарч байгаад хүн мөргөсөн” гэх дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6-10 дахь тал/,

Хохирогч Ч.Оюунсувдын “Би 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр би гэрээсээ гараад Сансар орох зорилгоор Энкантогийн баруун талын замаас урдаас хойш явах урсгалд нь зогсоол руу орох урсгалд нь зогсоод такси барихаар гараа өргөөд урагшаа чиглэлд Богд уул чиглэлд хараад замаас дотогш 1 метр орчим зайтай зогсож байсан. Тэгтэл миний араас хүчтэй цохих шиг болоод би гэнэт урагшаа өвдгөөрөө болон гараараа газарт тулаад унасан. Би эргээд хартал нэг хар машин зогсож байсан бөгөөд хүнгүй машин өнхөрч ирээд мөргөчихлөө гэж бодоод мөлхөөд машин хажууд гартал машин дотор хүн байсан. 1 минут орчмын дараа жолооч бууж ирээд зүгээр үү гэхээр нь чи намайг мөргөчихлөө гэхэд эмнэлэг явъя гээд машиндаа суулгаад явсан. Гэмтэл дээр очоод томографийн зураг авуулахад  ахар сүүлийн 3 үе хугарсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 9639 дугаартай “Ч.Оюунсувдын биед ахар сүүлний 2, 3, 4 дүгээр нугалмуудын их биеийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр буюу авто ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 624 дугаартай “65-77 УБЭ улсын дугаартай Lехus 450 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Э.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Э.О нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/,

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 04/3987 дугаартай “Хавсралтад дурьдсан нэр бүхий иргэдийн 2022 оны 01 дүгээр сарын 07-ны дугаар сар хүртэл хугацаанд эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт болон тусламж, үйлчилгээ авсан төлбөрийн талаарх мэдээллийг хавсралтаар хүргүүлж байна” гэх албан бичиг /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн Ч.Оюунсувдад 161.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн талаарх баримт /хавтаст хэргийн 53-55 дахь тал/,

Шүүгдэгч Э.Оээс Эрүүл мэндийн даатгалын санд 161.000 төгрөг шилжүүлсэн баримт /хавтаст хэргийн 53-56 дахь тал/,

Э.Оийн эзэмшлийн Lexus GS 450 h маркийн 65-77 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 17 дахь тал/,

Яллагдагч Э.Оийн “Би өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийг эмнэлэг рүү дагуулан явж КТГ авахуулсан. Гэмтлийн эмчийн бичсэн эмийг авч өгсөн. Түүнтэй холбогдож биеийг нь асуухаар битгий над руу залга гээд уурлаад байдаг. Миний хувьд хохирогчид баримтаар тогтоогдсон хохирлыг төлж барагдуулахад татгалзах зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Шүүгдэгч Э.Оийн хувийн байдалтай холбоотой

Гэрч Д.Цэнд-Аюушийн “Э.О бид хоёр 2006 онд анх танилцаж байсан. Түүнээс хойш одоог хүртэл найзалж байна. Садан төрлийн холбоо байхгүй. Миний найз эмх цэгцтэй, шударга, хувийн зохион байгуулалт сайтай, цаг маш сайн баримталдаг. Нийтэч, нээлттэй, бусдад тусархуу гэр бүлдээ халамжтай сайн ээж байгаа юм. Найз нөхдийн дунд нэр хүнд сайтай хүн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Гэрч О.Идэрийн “Түүнийг манайд бэр болж ирснээс хойш буюу 2012 оноос хойш таньдаг болсон. Тэр нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Манай бэр эгч нь хорт муу зуршилгүй, түргэн уурладаггүй, аливаа зүйлийг ухаалгаар шийддэг. Спортоор хичээллэдэг, сахилга бат тууштай зан чанартай, Гэр бүлдээ халамжтай сайн ээж” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Прайм синеплек энканто ХХК-ий “Э.О нь манай компанид нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд 1.300.000 төгрөгийн цалин авдаг нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 61 дэх тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дэх тал/, иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 62 дахь тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/, жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 65 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 66 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 67 дахь тал/,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.Оюунсувдын өмгөөлөгчөөс гаргаж өгсөн хохирлын талаарх баримт 6 хуудас баримт,

Шүүгдэгч Э.Оээс гаргаж өгсөн хохирол төлсөн талаарх баримт 6 хуудас зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлтийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

            Шүүгдэгч Э.О нь 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто хотхоны баруун талын зам дээр Lexus GS450h маркийн 65-77 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 10.14 дэх хэсэгт заасан “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчиж ухрах үйлдэл хийсний улмаас явган зорчигч Ч.Оюунсувдыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Ч.Оюунсувд, яллагдагч, шүүгдэгч Э.О нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил тогтоосон мөрдөгчийн магадлагаа зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Э.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн өмгөөлөгчөөс гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг, гэм хорын хохирлыг цаашид нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэх байр суурь илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.

Авто тээврийн хэрэгслийн жолооч гэж авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамаарна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойсон байдаг. 

Шүүгдэгч Э.О нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн болгоомжгүй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд Э.Оийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай шууд шалтгаант холбоотой байна.

Тээврийн прокурорын газраас Э.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул Э.Оийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

            Шүүгдэгч Э.О нь хохирогч Ч.Оюунсувдын эрүүл мэндийн хохиролд 2.441.710 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт 161.000 төгрөгийг тус тус төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

Хохирогч Ч.Оюунсувд нь энэ гэмт хэргийн улмаас биеийн нуруу нугасан тус газартаа гэмтэл авсан байх тул энэ гэмтэлтэй хохиролтой холбоотой цаашид хохирол гарсан тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу Э.Оээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.           

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.О гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, Э.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Э.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч Э.О хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг дурдвал зохино.

Э.Оийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс Э.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг тодорхойгүй гэх шинж чанар, эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой, гэм буруугаа анхнаасаа сайн дугаараа хүлээн зөвшөөрч дүгнэлт хийсэн гэх хувийн байдал, учруулсан хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Э.Оийн цалин хөлс, бусад орлого болох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Ямаатынх овогт Энхбаярын Оюунбилэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.От 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.От шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц ер /90/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.О  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

   5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Э.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

6. Хохирогч Ч.Оюунсувд нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар Э.Оээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Э.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.ХАТАНЦЭЦЭГ