Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1595

 

2022        11        01                                2022/ШЦТ/1595

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Нямсүрэн,

улсын яллагч М.Ариунцэцэг,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарангэрэл,

өсвөр насны шүүгдэгч *******, түүний хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэг, өмгөөлөгч Л.Бурмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн өсвөр насны яллагдагч *******ид холбогдох эрүүгийн 2206 02835 2844дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

            Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2005 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймаг Баянхонгор суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *******

Холбогдсон хэргийн талаар:

            Өсвөр насны *******ийг 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнүүн хотхоны сагсан бөмбөгийн талбай дээр үл ялих зүйлээр шалтаглан хамт тоглож байсан 15 настай хохирогч С.Билгүүнбаярын хамар тус газарт гараараа 1 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, тайлбар болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.

Өсвөр насны шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Нэмж ярих зүйлгүй” гэх мэдүүлэг,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: Би 4 хүүхэдтэй. Буман-Аюуш миний 3 дахь хүүхэд. Би хүүгээрээ их бахархаж байсан. Он гараад гадаадад сурах зорилгоор 3 жил хөдөлмөрлөж байсан. Одоо явж чадахгүй болсон. Маш их харамсаж байна. Би гарсан хохирол, төлбөрийг нь төлнө” гэх мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарангэрэлийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 19-20 цагийн үед би гэртээ байсан. Тухайн үед сагсны талбайд хэн хэн байсан талаар би хүүхдүүдээс асуусан. Тийм айхтар хараалын зүйл хэлээгүй байсан. Хүүхэд орж ирээд цус тогтохгүй байсан учраас манай ээж эмнэлэг, цагдаагийн газар дуудсан. Эмнэлгт үзүүлэхэд хүүхдийн хамар хугарсан байсан. Эх нялхасын эмнэлэгт эмчилэгээ хийлгэсэн. Эмчилэгээ хийлгэх үед байнга антиботик, өвчин намдаах эм авч өгсөн. Би 500.000 төгрөг нэхэмжилж байна. Би зарим зардал дээр баримт зардуулж чадаагүй. Баримттайгаар 354,000 төгрөг нэхэмжилсэн. Үлдсэн мөнгийн нэхэмжилж байна. Мөн хүүхэд 18 насанд хүрээд хамар тэгшлэх хагалгаанд орох учраас цаашид гарах зардалыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Өсвөр насны яллагдагч *******ийн “2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 20 цагийн үед би найз Пунцагийн хамтаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнүүн хотхоны сагсны талбайд очсон. Бид хоёрыг очих үед сагсны шидээн дээр 10 орчим хүүхэд байсан. Бид нар хоорондоо баг хуваагдаж тоглож байтал надтай 1 баг болж тоглосон Билгүүн гэх хүүхэд бид 2 хоорондоо маргалдаад, Билгүүн над руу хараалын үг хэлээд байхаар нь би зүүн гараараа Билгүүний шанаа хэсэг рүү 1 удаа алгадсан. Тэгээд Билгүүн гэх хүүхэд цаашаа яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогч С.Билгүүнбаярын “2022 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн орой 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнүүн хотхоны гадна байрлах сагсны талбай дээр тоглож байтал урд нь зүс харж байсан 17 орчим насны Бумаа гэдэг хүүхэд ирээд тэнд тоглож байсан хүүхдүүдийг дээрэлхээд бөмбөг зөөлгөөд байсан. Тэгээд Бумаа тоглож байгаад бөмбөгөө дамжуулаач гэхээр нь би эргэж хараад юу гээд байгаа юм бэ гэж хэлтэл Бумаа надад хэлээд байгаа юм уу гэж хэлээд миний хамар руу гараа атгаж байгаад 1 удаа цохисон. Тэгтэл миний хамраас цус гарахаар нь хамраа дараад гэр рүүгээ орсон. Тэгтэл эмээ, ээж 2 мэдээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөнгэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14 дэх тал/,

Гэрч Ш.Дэлэгпунцагийн “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Тэнүүн хотхоны сагсны талбай дээр сагс тоглож байтал Буман-Аюуш 1 баг болсон хүнтэйгээ буюу Билгүүнээ гэдэг хүүхэдтэй маргалдаад байхаар нь очоод салгахын хооронд Буман-Аюуш нь Билгүүнийг гараараа 1 удаа цохисон. Тэгтэл Билгүүнээ гэдэг хүүхдийн хамраас цус гараад хоорондоо хэрэлдээд байхаар нь Буман-Аюушийг болиулж салгаад одоо цаашаа яваа гэж хэлэхэд тэр хүүхэд гэртээ харьсан. Тэгтэл Билгүүнээ гэдэг хүүхдийн ээж над дээр ирээд чи Бумаа гэдэг хүүхдийн найз нь юм уу, чи яагаад манай хүүхдийг алгадаж байгаа юм гэхээр нь би яагаа ч үгүй цохисон хүүхэд нь цаагуур чинь байгаа гэж хэлсэн. Бумаа, Билгүүнээ 2 сагс тоглож байгаад сагсны довтолгооноос болж хэрэлдсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 8575 дугаартай “С.Билгүүнбаярын биед хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Гэмт хэрэг үйлдэгдэх үед ******* нь 17 нас 02 сар 19 хоногтой байсан талаарх мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл /хавтаст хэргийн 27 дахь тал/, 

Өсвөр насны шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Бурмаагаас дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарангэрэлд хохирлын 354.000 төгрөг хүлээлгэн өгсөн талаарх баримт,

Нийслэлийн Ерөнхий боловсролын 51 дүгээр сургуулийн 12в ангийн сурагч *******ийн “Тус сурагч нь суурь хүмүүжил сайн цаг сайн баримталдаг, сурах арга барил сайтай хичээл сургалтын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Анги хамт олны дунд нэр хүнд сайтай хамт олны дунд зохион явагддаг үйл ажиллагаанд идэвхтэй манлайлан оролцдог ангийн манлайлагч сурагчдын нэг болно” гэх тодорхойлолт,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 34 дэх тал/,

Төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн насанд хүрээгүй хохирогчийг эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн талаарх 5 хуудас баримт болон бусад такси хөлсөлсөн, худалдан авч хэрэглэсэн эм, утасны төлбөр зэрэг баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

  Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно. 

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

  Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг хамруулан, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийлээ.

Өсвөр насны хүнд холбогдох хэргийг шүүхээр хянан шийдвэрлэхэд түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нэр төрийг хүндэтгэх харьцах, зайлшгүй өмгөөлөгчтэй оролцуулах, шүүх хуралдааныг шуурхай, богино хугацаанд хаалттай явуулах, түүний хүмүүжих алдаагаа засах боломж олгоход анхаарах зэрэг нийтлэг шаардлагыг баримтлан, уг ажиллагаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасан тусгай журмыг удирдлага болгон хэрэгжүүлсэн болно.

Гэм буруугийн шүүх хуралдаанд өсвөр насны шүүгдэгч ******* түүний өмгөөлөгч Л.Бурмаа нарын зүгээс өөрийн үйлдэл, гэм буруу, хэргийн зүйлчлэл, учруулсан хохирлыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүрэг 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэнүүн хотхоны сагсан бөмбөгийн талбай дээр үл ялих зүйлээр шалтаглан хамт тоглож байсан 15 настай хохирогч С.Билгүүнбаярын хамар тус газарт гараараа нэг удаа цохисны улмаас эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан насанд хүрээгүй хохирогч С.Билгүүнбаяр, гэрч Ш.Дэлэгпунцаг, өсвөр насны яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн гэмтлийн зэрэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, нас тоолсон ажиллагааны тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч ******* болон насанд хүрээгүй хохирогч С.Билгүүнбаяр нар урьд харилцан бие биенээ зүс таних бөгөөд байрны гаднах сагсан бөмбөгийн талбай дээр 1 багт хуваагдан тоглож байсан, тоглох явцад бөмбөг дамжуулсангүй гэх асуудлаас болж үг сөрж маргалдсан, өсвөр насны шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч С.Билгүүнбаярын хамар хэсэгт гараараа 1 удаа цохисон гэх үйл баримт тогтоогдлоо.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Өсвөр насны шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Өсвөр насны шүүгдэгч *******ийн насанд хүрээгүй хохирогч С.Билгүүнбаярын хамар руу гараараа цохисон идэвхтэй үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон байх бөгөөд үүгээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангажээ.

Насанд хүрээгүй хохирогч мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй ба уг мэдүүлгүүд давхар насанд хүрээгүй гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдсон, шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, үндэслэлтэй, *******ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон тул өсвөр насны шүүгдэгч *******ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөлийн хувьд хүүхдүүдийн хоорондох зохисгүй харилцаа хандлага, үе тэнгийнхний дээрэлхэлт, насны зөрүүтэй байдал зэрэг нь нөлөөлжээ.    

             Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарангэрэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч баримтаар 354.000 төгрөгийн хохирол тогтоогдсон бөгөөд үүнийг өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Хохиролд нэхэмжилсэн утасны төлбөр, таксины төлбөр, бусад баримтгүй зардал зэргийг хохиролд тооцохгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарангэрэл нь цаашид хүүхдээ 18 нас хүрэхээр хамрын хазалтыг эмчлүүлэх шаардлагатай гэсэн тул энэ талаарх гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэгээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.      

    

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

           Өсвөр насны шүүгдэгч  *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, гэмт хэрэг үйлдэхдээ 14 насанд хүрсэн буюу эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуун, сэтгэцийн онцлогийг харгалзан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах, шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг  хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна” гэж заасан зорилгын хүрээнд

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ бүлэгт заасан журмын дагуу ял оногдуулж, оногдуулсан ял дээр нэмж эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж заасны дагуу өсвөр насны шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасан бол, Өсвөр насны шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Л.Бурмаагаас ялаас чөлөөлж өгнө үү гэсэн санал гаргасныг тус тус дурдах нь зүйтэй.

*******ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

НҮБ-ын 1990 оны "Насанд хүрээгүй хүмүүсийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зарчмууд" /Риядын заавар/[1]-д “Бусдад ноцтой хор хохирол учруулаагүй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй байх, ял оногдуулахаас аль болох зайлсхийх, хүүхдийг гэмт хэрэгтэн, хууль зөрчигч хэмээн нэрлэж цоллохоос зайлсхийх, нийгмийн амьдралд оруулахад сайтар бэлтгэх, хувийн зан чанарыг хөгжүүлэхэд анхаарах, боловсрол олгох, мэргэжлээ сонгох, хөдөлмөр эрхлэх, мэргэших боломжийн талаар зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, дарамт учруулахгүй байх, сахилгын чанга хатуу арга хэмжээ хэрэглэхгүй байх” гэж заажээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өсвөр нас гэдгийг “хүүхэд ахуй нас болон орь залуу насны хооронд орших үе шат бөгөөд 10-19 насныхан” гэж тодорхойлсон байна. Өсвөр нас гэдэг нь бага наснаас хойш, насанд хүрэхээс өмнөх амьдралын хугацаа, хүүхэд нас болон насанд хүрэгчдийн хоорондох завсрын, шилжилтийн үе бөгөөд энэ үед бие махбод, өсөлт бойжилт, сэтгэл зүй, оюун санааны хувьд насанд хүрэхэд чиглэсэн олон өөрчлөлт гардаг,

Өсвөр насны хүүхдийн хувьд үйлдсэн хэргийнхээ нийгмийн хор аюулын шинж чанарыг ойлгож ухамсарлаагүй, өөрийнхөө үйлдлийг хянах чадвар бүрдэж амжаагүй, бүрэн төлөвшөөгүй сэтгэхүйгээрээ гэмт хэрэг үйлддэг онцлогтой бөгөөд өсвөр насны хүүхдийг нийгмээс тусгаарлахгүйгээр, нийгмийн амьдрал дунд нь хүмүүжүүлэх, ухамсарлуулах, алдаагаа засах боломж олгох, өөрийг нь биш үйлдсэн гэмт хэргийг шүүмжлэх нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

   Өсвөр насны шүүгдэгч *******ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй зан төлөв, хандлага, гэм буруугаа ухамсарлаж буй байдал, ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид амжилттай суралцаж байгаа, гадаадад суралцахаар шалгалт өгсөн, хүлээгдэж байгаа гэх хувийн байдал,

   Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршиг арилаагүй гэх шинж чанар,

   Олон нийтийн газар буюу тоглоомын талбайд бөмбөг дамжуулсангүй гэдгээр шалтаглан үе тэнгийн хүүхдийг дээрэлхэж харьцаж биед нь хүч хэрэглэн халдсан гэх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  

   Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч *******ид 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж,

   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

  Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Өсвөр насны шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэсүгэй.

  3. Өсвөр насны шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 15 /арван тав/ хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаас чөлөөлсүгэй.

            4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний хууль ёсны төлөөлөгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

5. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Сарангэрэл нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Батцэцэгээс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.      

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл өсвөр насны шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд насанд хүрээгүй хохирогч, өсвөр насны шүүгдэгч, тэдгээрийн түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

             

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ХАТАНЦЭЦЭГ

 

[1] НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1990 оны 45/112 дугаартай тогтоолоор баталсан.