| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/1546/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1596 |
| Огноо | 2022-11-01 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Чинзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1596
2022.11.01 2022/ШЦТ/1596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн,
улсын яллагч Б.Чинзориг,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэрэн-Очир, түүний өмгөөлөгч Г.Бадамханд,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2203 00433 0449 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, охины хамт Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Жаст 50 дугаар байрны 187 тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 88а байрны урд замд Nissan juke маркийн 80-60 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан 9 настай Х.Мөнхбаганыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогчийн хууль Г.Цэрэн-Очирын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай ач 3 сар доголон байгаа. Хоёр жилийн дараа эдгэрнэ гэсэн. Хичээлдээ 10 орчим хоног явсан. Хичээлийн хоцрогдолд орсон тул сургалтад суулгана. Мөн ээж нь гурван сарын хугацаанд хүүхдээ асраад ажилдаа яваагүй. Тийм учраас ээжийнх нь гурван сарын хугацаанд ажилгүй байсан үеийн цалинг нэхэмжилж байна. Нийт 5.300.000 төгрөг нэхэмжилснээс 1.000.000 төгрөгийг авсан“ гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
Хэргийн газрын үзлэг хийсэн “Осол хэрэг нь Баянзүрх дүүргийн Цагаан хуарангийн гудамж 88а байрны урд замын зохицуулагддаггүй явган хүний гарцан дээр болсон байв. Ослын газарт очиход осол болсон гэх зам дээр зам тээврийн ослын ямар нэг ул мөр үүсээгүй, 80-60 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ослын газраас хөдөлгөж байрлуулсан байсан тул ослын газрын орчинд байрлах Их Бодь констракшн ХХК-ий хяналтын камерт бичигдсэн ослын үеийн бичлэгийг үндэслэн ... хүн мөргөсөн А цэг, хүн унасан Б цэг, үл хөдлөх цэгээр осол болсон замын хойд хэсэгт байрны №16 дугаартай гэрэлтүүлгийн шонг авч В үсгээр тэмдэглэн хэмжилтийг хийв ... үзлэгийн явцад жолооч *******ыг драгер багаж үлээлгэхэд 0.00 хувь байсныг гэрэл зургаар баримтжуулсан ... Зам орчны байдалд үзлэг хийхэд асфальтан гадаргуутай, шулуун тэгш, хуурай, зохицуулагддаггүй явган хүний гарцтай, үзэгдэх орчин чөлөөтэй, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээ явган хүний замтай, хашлагатай, хайсгүй зам байв. Хэмжилтийн бүдүүвч зураг хийсэн” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 4-10 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “Бичлэгийн баруун дээд хэсэгт 2022-07-21 12:56:10 гэсэн бичиглэл байх ба 12:56:21 минутад замын зорчих хэсгийн хойд хэсэгт буюу явган хүний зохицуулдаггүй гарцан дээр 2 хүүхэд ирж зогсон зүүн баруун тийш чиглэн явж байгаа бүхээгтэй авто машиныг өнгөрөөн 12:45:25 секундэд хүүхэд уг машины араар гарцаар гүйж зам руу орох үед баруун зүүн тийш чиглэлтэй улаан өнгийн Nissan juke маркийн машин явж гарц руу орж ирэхэд хүүхэд машины зүүн хойд хэсэгт мөргөж унаж байв” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,
Дүрс бичлэг бүхий CD-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 13 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэрэн-Очирын “2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 13 цаг өнгөрч байхад Хатанбаатар над руу залгаад хүү Мөнхбагана машинд мөргүүлчихлээ. Гэмтлийн эмнэлэг рүү аваад явж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэрээсээ гараад гэмтлийн эмнэлэг дээр очиход Мөнхбаганыг аваад оччихсон байсан бөгөөд эмчид үзүүлж рентген зургийг нь авуулахад зүүн талын хөл нь шагайны дээд хэсгээр хугарсан байсан тул яаралтай эмнэлэгт хэвтүүлж хагалгаанд оруулах шаардлагатай гэж хэлсэн. Ингээд хүү маань эмнэлэгт 7 хоног хэвтсэн бөгөөд энэ хугацаандаа хөлийн хагалгаанд орсон тэгээд гэмтлийн эмнэлгээс гараад гэртээ асаргаанд байгаа ... Ослоос үүдэн зүүн хөл нь хугарсан. Зүүн гарын тохойнд шалбарсан шархтай байсан өөр гэмтэл бол байхгүй ... Жолоочоос цаашид эмнэлэгт үзүүлэх эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Мөн одоо гарсан зардлуудыг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч Б.Отгоны “2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 12 цаг өнгөрөөд 13 цаг болж байх үед манай хүү ******* нь миний эзэмшлийн 80-60 УНУ улсын дугаартай машиныг жолоодоод би хажуу талынх нь суудал дээр суугаад явж байсан. Тухайн үед бид 2 Баянзүрх дүүргийн 14 хорооны нутаг дэвсгэр Цагаан хуаран гэх газраар явж байсан бөгөөд явган хүний зохицуулагдаагүй гарцан дээгүүр яг өнгөрөх үед машины зүүн хойд хэсэгт тас хийсэн чимээ гарахаар нь юу болов яав гээд эргээд харсан чинь 1 хүүхэд зам дээр уначихсан байсан. Тэр даруй хүү маань машинаа зогсоогоод хүүхэд рүү очиход хүүхдийн хөл нь эвгүй болчихсон уйлсан байдалтай байж байсан. Тэгэхээр нь хүү тэр хүүхдийг тэврээд машиндаа авчраад эмнэлэг рүү явах гээд хөдлөх гэхэд тэнд хүмүүс явуулахгүй болохоор нь машинаа тэнд орхиод такси бариад тэр хүүхдийн эгчтэй нь хамт Гэмтэл согог судлалын Үндэсний төв рүү явсан ... Батболд ойролцоогоор 20 орчим км цагийн хурдтай явсан ... цаанаас ирж байхад бол замын хажуу талд нэг ч хүн харагдаагүй. Тиймээс хурдаа хасалгүй яг явж байсан хурдаараа явсан бөгөөд тэр хүүхдийн тухайд чигээрээ гүйж орж ирээд машины зүүн хойд хэсэг рүү мөргөөд унасан байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 10289 дугаартай “Х.Мөнхбаганын биед зүүн тохойд зулгаралт, зүүн шаанд, тахилзуур ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэснг дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 тал/,
Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 906 дугаартай “Жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх заалт “ Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч Х.Мөнхбаганын хууль ёсны төлөөлөгч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 27.2 Замын хөдөлгөөнд оролцогчоос бусад иргэн, хуулийн этгээд дараах үүргийг хүлээнэ: а/10 хүртэл насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Дээрх осол нь жолооч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэснийг зөрчсөнөөс гарсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 80 дахь тал/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэрэн-Очирын өмгөөлөгч Т.Мөнх-Оргилоос дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хавтаст хэргийн 6-8 дахь тал/,
Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,
Авто тээврийн Үндэсний төв ТӨҮГ Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн “Уг авто тээврийн хэрэгсэл урд буфер бага зэрэг сэвтэй, хойд улсын дугаарын гэрэл асахгүй, зүүн кирло 10 см хэртэй хонхойсон, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 5900 сd, хол дээрээ 5500 cd, байгаа нь баруун гар талын хол, ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, урд копут зурагдсан, иж бүрдэл байхгүй авто тээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлага хангахгүй байна. Уг тээврийн хэрэгсэл нь 2021 оны техникийн хяналтын үзлэгт хамрагдан тэнцсэн ба 2022 оны техникийн хяналтын үзлэгт ороогүй байна” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 73 дахь тал/,
Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн эмчийн “Х.Мөнгөнбагана, 10 нас, эрэгтэй, 117 дугаар сургууль 4б ангийн сурагч, өвчтэй байсан, 2022 оны 09 дүгээр 01-ний өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хичээлээс чөлөөлсөн” гэх эмнэлгийн магадалгаа /хавтаст хэргийн 113 дахь тал/,
Мөнх-Очир трейд ХХК-ий “Дэлгэрцэцэг овогтой Ганцэцэг нь Мөнх-Очир трейд ХХК-нд 2018 оны 05 дугаар сарын 05-нд ажилчдын тогоочоор ажилд орж 2018 оны 10 дугаар сард үндсэн ажилтан болж одоог хүртэл тууштай ажиллаж байгаа нь үнэн. Тус ажилтан нь манай байгууллагаас өдрийн 5000 төгрөг буюу сарын 1.400.000 төгрөгийн цалин авч ажилладаг. Ажиллаж байх хугацаандаа алдаа гаргах ажил хэд сураггүй таслах гэх зэрэг хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаагүй болно. 2022 оны 07 дугаар сарын 21-ний тус ажилтны хүү зам тээврийн осолд өртөж хүнд гэмтэл авсны улмаас хагалгаанд орж асаргаа хэрэгтэй болсон. Иймд манай байгууллагаас ажилтны хүсэлт нөхцөл байдлыг харгалзан үзэж Д.Ганцэцэгт 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 сарын чөлөө олгов” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 114 дэх тал/,
Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой
Гэрч Н.Ариунзулын “Миний төрсөн ах Батболд нь 5 хүүхэдтэй айлын хамгийн том хүүхэд байгаа юм. Ах маань 1985 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймагт төрсөн. Төрсөн цагаасаа эцэг эхийн гар дээр өссөн бөгөөд 6 настайд нь аав ээж хоёр салж аавынхаа асрамжид өссөн. Орхон аймгийн Ерөнхий боловсролын сургуулийг төгсөөд бүрэн дунд боловсрол эзэмшин Их засаг их сургуульд эрхзүйч мэргэжлээр 3 жил суралцаж байгаад сургуулиа орхисон. Тэгээд хилийн цэрэгт 1 жил цэргийн алба хаасан. Одоо эхнэр, охины хамтаар амьдардаг. Ахын зан аашны хувьд уур уцааргүй, төлөв даруу, дөлгөөхөн хүнд их тусархуу, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй хүн. Өмнө гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Архийг бол огт хэрэглэдэггүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дахь тал/,
Гэрч Ж.Цолмонгийн “Би *******той 2014 онд танилцсан тэрнээс хойш үерхэж байгаад 2017 онд нэг гэрт орсон. Одоо бид хоёр дундаасаа 1 хүүхэдтэй. Манай нөхрийн хувьд өмнө нь хэрэгт болон осол аваарт холбогдож байгаагүй. Архийг би огт амсдаггүй. Зан аашны хувьд тайван, дөлгөөн, шударга зантай, гэр бүлдээ халамжтай сайн нөхөр, сайн эцэг байгаа юм. Ямарваа юманд сэтгэлээрээ ханддаг, зөөлөн сэтгэлтэй, хүүхдэд маш их хайртай хүн байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 108 дахь тал/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 106 дахь тал/,
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 105 дахь тал/,
Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 64 дэх тал/,
Жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 107 дахь тал/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 110-111 дахь тал/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******оос насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндийн хохиролд 1.000.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 1.501.000 төгрөг тус тус шилжүүлсэн баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Шүүгдэгч ******* нь ******* нь 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 88а байрны урд замд Nissan juke маркийн 80-60 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дэх хэсэгт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар зам хөндлөн гарч явсан 9 настай Х.Мөнхбаганыг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэрэн-Очир, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, эрүүл мэндийн хохирол тогтоосон шинжээчийн дүгнэлт, Замын хөдөлгөөний дүрмийн зөрчил тогтоосон мөрдөгчийн магадлагаа, эд мөрийн баримтаар тооцсон хяналтын камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, жолоодох эрхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлөхөө илэрхийлсэн бол, хохирогчийн өмгөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан хүүхдийг асарсан зардал, хичээлийн хоцрогдол арилгах зардал зэргийг нэхэмжилж, цаашид хохирол нэхэмжлэхээ илэрхийлж оролцсоныг дурдах нь зүйтэй.
Авто тээврийн хэрэгслийн жолооч гэж авто тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш хамаарна гэж Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь хэсэгт тодорхойсон байдаг.
Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг авто тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд *******ын үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, уг үйлдэл болон учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Тээврийн прокурорын газраас *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул түүнийг “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Асран хамгаалагчийн зүгээс 9 настай хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулсан байгаа нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болжээ.
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч Х.Мөнхбаганы эрүүл мэндийн хохиролд 1.000.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 1.501.000 төгрөгийг тус тус төлсөн тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Мөнх-Очир трейд ХХК-ий тодорхойлолт нь албан бланк дээр бичигдээгүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, хохирогч Х.Мөнхбаганад бичсэн эмнэлгийн магадалгаагаар гэмтлийн улмаас хичээлдээ яваагүй байдал тогтоогдсон боловч хичээл нөхөж хийлгэхэд гарсан зардлын баримт байхгүй байна.
Иймд насанд хүрээгүй хохирогчийн эх Д.Ганцэцэгийн 3 сарын хугацаанд авах байсан 4.200.000 төгрөгийн цалин хөлс, сургалтын хоцрогдол арилгах зардалд 1.100.000 төгрөг зэргийг нэхэмжилсэн шаардлагыг хэлэлцэхгүй орхив.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэрэн-Очир нь энэ гэмт хэргийн улмаас учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг, гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу *******оос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэн нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан, шүүгдэгч ******* улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг хүлээн зөвшөөрсөн байр суурь илэрхийлснийг дурдвал зохино.
*******ын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс *******ын эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэх хувийн байдал, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хор уршиг арилаагүй гэх шинж чанар, учруулсан хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******од тайлбарлан мэдэгдвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэрэн-Очир нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******оос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар тооцсон дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ