| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/03153/И |
| Дугаар | 00055 |
| Огноо | 2018-12-28 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 00055
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “Ч” ТББ/РД: -ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “М” ХМХ/РД: /-д холбогдох,
119 528 440 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч “Ч” ТББ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Ч” ТББ нь “М” ХМХ-тэй 2016 оны 10 сарын 20-ны өдөр “Үйлдвэрлэлийн гэрээ” байгуулан тэдний эрхлэн гаргадаг “Монголын мэдээ” сонинг өдөр тутам өөрийн цаас, бусад хэвлэх материалыг ашиглан хэвлэх ажлыг чанартай гүйцэтгэж ирсэн.
Талууд гэрээний дагуу тооцоо нийлж, төлбөрийн үлдэгдлийг баталгаажуулсан хэдий ч хариуцагч байгууллага нь эдийн засгийн нөхцөл байдал, сонин захиалгын борлуулалт, реклам сурталчилгааны тоо, хэмжээ бууснаар орлого муутай байна. Өр төлбөрийг яаралтай төлж барагдуулна хэмээн мэдэгдэж ирсэн.
Талуудын хооронд байгуулагдсан “Үйлдвэрлэлийн гэрээ”-ний төлбөрийн үлдэгдэл 2018 оны 11 сарын байдлаар 107 628 440 төгрөг болоод байна.
Мөн нэхэмжлэгч нь хариуцагчтай 2014 оны 1 сарын 1-ний өдөр “Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ” байгуулан өөрийн эзэмшилд байдаг СБД, 10-р хороо, 7-р хороолол, Хэвлэлийн хүрээлэнгийн 2 давхарын 209, 210, 211 тоот нийт 104 м.кв ажлын байрыг оффисийн зориулалтаар түрээслүүлсэн.
Энэхүү түрээсийн гэрээний төлбөрийн үлдэгдэл 2018 оны 11 сарын байдлаар 11 900 000 төгрөг болсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээнүүдийн дагуу үүргээ биелүүлж, төлбөрийн үлдэгдэлээ төлж барагдуулахыг хариуцагч талд удаа дараа сануулсан ч өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй.
Иймд “Үйлвэрлэлийн гэрээ”-ний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 107 628 440 төгрөг, “Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ”-ний дагуу төлөх төлбөрийн үлдэгдэл 11 900 000 төгрөг, нийт 119 528 440 /нэг зуун арван есөн сая таван зуун хорин найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг нэхэмжилж байгааг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч “М” ХМХ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ““Монголын мэдээ” сонин нь “Ч” ТББ-тай 2016 оны 10-р сарын 20-ны өдөр 7 хоногийн 5 өдөрт, жилд нийт 256 дугаарыг хэвлүүлэхээр Үйлдвэрлэлийн гэрээ байгуулсан болно. Үүнээс өмнө 1998 оноос эхлэн өнөөдрийг хүртэл тус хэвлэх үйлдвэрээр 20 дахь жилдээ тасралтгүй сониноо хэвлүүлж байгаа юм.
Талуудын байгуулсан Үйлдвэрлэлийн гэрээний 3.3 дахь заалтад “Захиалагч ЧХС-тай тогтвортой хамтран ажиллах тухай бичгээр гэрээ байгуулснаас хойш тасралтгүй 6 cap үйлчлүүлсэн бол байнгын үйлчлүүлэгчид зориулсан хөнгөлөлт урамшуулал эдлэх эрх үүснэ” гэж заасан бөгөөд энэ 20 жилийн хугацаанд ямар нэгэн хөнгөлөлт урамшуулал үзүүлж байгаагүй бөгөөд сүүлийн 6 жилийн хугацаанд 6 ч удаа хэвлэлтийн зардлын үнийг нэмээд байна.
Тухайлбал, 2012 онд 12 нүүр бүхий 1 ширхэг сонинг 252 төгрөгөөр хэвлэдэг байсан бол 2014 онд хоёр удаа үнээ нэмж 310 төгрөг, 2015 онд 345 төгрөг, 2016 онд 368 төгрөг, 2017 онд 438 төгрөг болгон нэмж байснаа 2018 онд огцом нэмж нэг ширхэг сонинг 509 төгрөгөөр хэвлэж байна. Үүнийг үйлчлүүлэгчдийн эрхийг хаан боогдуулсан, санал авах хэлэлцэх шаардлагатай асуудлыг хэдхэн хүн дур мэдэн асуудлыг шийдэж, хүчээр тулган, санхүүгийн хүндрэлд оруулж байгаа гэж үзэж байна.
“Ч” ТББ нь хэн нэг хүний хувийн компани биш бөгөөд чөлөөт хэвлэлийг дэмжих үүргээ биелүүлэх биш харин ч эсрэгээрээ ТУЗ-ийн гишүүн хэдхэн хүний үзэмжээр асуудлыг шийдэж, үйлчлүүлэгч сонин, хэвлэлийн редакциудыг дарамт шахалтад оруулж байна гэж үзэх үндэслэл байна.
“Ч”-г анх 1997 онд Дани улсын Засгийн газраас Монгол Улсад чөлөөт хэвлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор, Монгол Улсын Засгийн газарт буцалтгүй тусламж болгон хэвлэх үйлдвэр байгуулж өгсөн байтал өдгөө “Ч” ТББ, түүний Удирдах зөвлөл нь чөлөөт хэвлэлийг дэмжих биш, өөрсдийн үзэмжээр үнээ нэмж, өдөр тутмын хэд хэдэн сонин, орон нутгийн хэвлэлүүдийг хэвлэлтийн зардлын өр төлбөрөөр дарамталсаар ирснийг энд хэлэх хэрэгтэй.
Өнөөдөр цаасан хэвлэлийн зах зээл, сонины захиалга борлуулалт эрс буурч байгаатай холбогдуулан хэвлэлтийн өндөр өртөгтэй зардлыг төлж барагдуулахад ихээхэн чирэгдэл учирч байна. Сонины хэвлэлтийн зардлыг боломжийн хэрээр, бэлэн мөнгөний багахан хэмжээний орлогоос бага багаар төлж байгаа ч хэвлэлтийн зардал өндөр байгаагаас өр төлбөр нэмэгдсээр байдаг. “Ч” нь үнээ нэмж буй шалтгааныг үйлдвэрлэлд шаардагдах орц материалын үнийн өсөлттэй холбон тайлбарладаг ч адил төрлийн үйлчилгээ эрхэлж, үйл ажиллагаа явуулдаг бусад хэвлэх үйлдвэрүүд харьцангуй хямд үнээр сонин хэвлэдгийг ч бас анхаарч үзэх хэрэгтэй болов уу.
“Монголын мэдээ” сонин, “Ч” ТББ-ын хооронд байгуулсан Үйлдвэрлэлийн гэрээний 3.7 дахь “Удаан хугацаанд тогтвортой хамтран ажиллаж байгаа /тогтмол үйлчлүүлэгч/ захиалагч хүндэтгэн үзэх шалтгаанаар тухайн дугаарын хэвлэлтийн зардлыг дараа төлөхөөр хүсэлт гаргасан бол энэ тухай хавсралт гэрээ байгуулан шийдвэрлэнэ. Хавсралт гэрээнд хэвлэлтийн зардлыг төлөх хугацаа, хэлбэр болон бусад үүргийг тодорхой заах бөгөөд нэмэгдүүлсэн төлбөртэй байна” гэх заалтын дагуу “Монголын мэдээ” сонины зүгээс хэд хэдэн удаа албан тоот явуулж, хэвлэлтийн зардлын өрийг бага багаар барагдуулахаар хүсэлт гаргасан бөгөөд хавсралт гэрээ байгуулах саналыг “Ч”-аас гаргаагүй болно.
Мөн дээрх Үйлдвэрлэлийн гэрээний 3.7 дахь “Захиалагч 3.6-д заасан хавсралт гэрээ байгуулаагүй боловч захиалгат ажлын төлбөрийг төлөөгүй хугацаа хойшлуулсан бол хавсралт гэрээнд заасан нэмэгдүүлсэн төлбөр болон төлбөрийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх алданги тооцно. Алдангийн нийт хэмжээ төлөгдвөл зохих үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэх заалтын үүргийн гүйцэтгэлийг хангах зорилго бүхий Батлан даалтын гэрээг 2016 оны 10-р сарын 20-ны өдөр “Ч”-гийн гүйцэтгэх захирал, тухайн үеийн “Монголын мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч нар байгуулсан байна.
Энэ гэрээний 1.2-т “Батлан даалтын дээд хэмжээ үндсэн гэрээгээр тохиролцсон нийт дугаарын хэвлэлтийн зардалтай тэнцэхүйц үнийн дүн бүхий байх бөгөөд үндсэн үүрэг /өр/, алданги, торгууль, хүү, гэрээ дуусгавар болохтой холбогдон гарах зардал, шүүхийн зардлыг Захиалагч үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Батлан даагч хариуцна” гэж заасан бөгөөд энэ үүргийг хангуулах тал дээр “Ч” ажиллаагүй байна.
“Монголын мэдээ” сонин нь сүүлийн 10 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчийн талаас санхүү, хөрөнгөний ямар ч дэмжлэггүйгээр явж ирсэн бөгөөд сонины захиалга борлуулалтын орлогоор сэтгүүлчдийн цалин, татвар, нийгмийн даатгалын шимтгэлүүдийг төлж ирсэн бөгөөд хэвлэлтийн зардлын өр төлбөр нэмэгдэж, хуримтлагдсаар ирсэн нь үнэн. Өр төлбөрийн хэмжээ нэмэгдэж, хуримтлагдахад “Ч”-гийн тодорхойгүй шалтгаанаар байнга нэмэгддэг үнийн тарифтай холбож үзэх нь зүйтэй. Цаашид сонин дээрх өр төлбөрийг төлж барагдуулах, багасгахад анхаарч байгаа болно.” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч “Ч” ТББ хариуцагч “М” ХМХ-д холбогдуулан үлдэгдэл төлбөрт 107 628 440/нэг зуун долоон сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг, түрээсийн үлдэгдэл төлбөрт 11 900 000/арван нэгэн сая есөн зуун мянга/ төгрөгийг, бүгд 119 528 440/нэг зуун арван есөн сая таван зуун хорин найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 30 минутад товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “М” ХМХ-д 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр баталгаат шуудангаар мэдэгдсэн боловч хариуцагч “М” ХМХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнзаяа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “М” ХМХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сайнзаяагийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Хариуцагч “М” ХМХ нь өр төлбөрийн хэмжээ нэмэгдэж, хуримтлагдахад тодорхойгүй шалтгаанаар байнга нэмэгддэг үнийн тарифтай холбож үзэх нь зүйтэй гэх тайлбар ирүүлсэн.
Шүүх дор дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Үйлдвэрлэлийн гэрээ” байгуулсан болох нь Гэрээгээр нотлогдож байна.
Тус гэрээний 1-ийн 1.1, 1.3-т зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийн дагуу “Монголын мэдээ” нэртэй сонинг өдөр тутам, жилд 256/хоёр зуун тавин зургаа/ дугаарыг өөрийн цаас, бусад хэвлэх материалыг ашиглан хэвлэх ажлыг гэрээт хугацааны туршид гүйцэтгэж хариуцагчид хүлээлгэн өгөх, хариуцагч нь хэвлэлтийн зардлыг гэрээгээр тохиролцсон хэлбэр, хугацаанд бүрэн төлөх үүргийг тус тус хүлээсэн тус гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан Ажил гүйцэтгэх гэрээний шинжтэй байх тул Ажил гүйцэтгэх гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь ... гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ... хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
Зохигчийн байгуулсан Гэрээ нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт нийцсэн байх тул хүчин төгөлдөр гэж үзнэ.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас Гэрээний үлдэгдэл төлбөрт 107 628 440/нэг зуун долоон сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т “... гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно.” гэж заасан.
Гэрээний 3-ын 3.4-т “... Захиалагч сонины эхээ шилжүүлэн захиалга өгөхдөө хэвлэлтийн зардлын төлбөрийг бэлнээр, эсвэл дансаар заавал тушаасан байна.” гэжээ.
Хариуцагч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт нэхэмжлэгчид 107 628 440/нэг зуун долоон сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Мы өрийн тооцоо, 2018 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн Тооцоо нийлсэн акт, 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн Тооцоо нийлсэн актаар нотлогдож байна.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 107 628 440/нэг зуун долоон сая зургаан зуун хорин найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Зохигчид Гэрээг 2016 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хугацаатай байгуулсан байх боловч Гэрээний 7-ын 7.6, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар талууд Гэрээг дуусгавар болгох санал гаргаагүй, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авч, нэхэмжлэгч нь хариуцагчийн сонинг хэвлэж байсан байх тул Гэрээний хугацааг тодорхой бус хугацаагаар сунгасан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөрт 11 900 000/арван нэгэн сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ” байгуулсан Гэрээгээр нотлогдож байна.
Гэрээний 1-ийн 1.1, 2-ын 2.4, 6-ийн 1-т зааснаар нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, Их тойруу-54, “Ч” хэвлэх үйлдвэрийн 2-р давхрын 209, 210, 211 тоот 104/нэг зуун дөрөв/ м.кв талбайтай 3/гурав/ өрөөг оффисийн зориулалтаар хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь сарын түрээсийн төлбөрт 1 700 000/нэг сая долоон зуун мянга/ төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь гэрээгээр нотлогдож байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад ... зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан.
“Ажлын байрны зориулалтаар өрөө тасалгаа түрээслэх гэрээ” нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан Түрээсийн гэрээний шинжтэй байх тул тус гэрээг Түрээсийн гэрээ/цаашид “Гэрээ” гэх/ гэж үзнэ.
Гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь 104/нэг зуун дөрөв/ м.кв талбайтай өрөөг хариуцагчид шилжүүлсэн талаар зохигчид маргаагүй болно.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт зааснаар 104/нэг зуун дөрөв/ м.кв талбайтай өрөө нь хэвлэх үйлдвэрийн байрны нэг хэсэг тул зохигчийн байгуулсан Гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчид түрээсийн төлбөр төлөх үүрэгтэй талаар маргаагүй болно.
Гэрээнд зааснаар хариуцагч нь 104/нэг зуун дөрөв/ м.кв талбайтай өрөөний 2018 оны 5 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх түрээсийн төлбөрт 11 900 000/арван нэгэн сая есөн зуун мянга/ төгрөгийг төлөх үүрэгтэй болох нь Гэрээ болон Мы өрийн тооцоогоор нотлогдож байна.
Иргэний хуулийн 319 дүгээр зүйлийн 319.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас түрээсийн үлдэгдэл төлбөрт 11 900 000/арван нэгэн сая есөн зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 296 дугаар зүйлийн 296.1, 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт зааснаар зохигчид Гэрээг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс тодорхой бус хугацаагаар тухайн нөхцөлөөр сунгагдсанд тооцно.
Шүүх Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 319 дүгээр зүйлийн 319.1, 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М” ХМХ-с бүгд 119 528 440/нэг зуун арван есөн сая таван зуун хорин найман мянга дөрвөн зуун дөч/ төгрөгийг нэхэмжлэгч “Ч” ТББ-д олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ