| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2022/1637/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/1681 |
| Огноо | 2022-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Мөнх-Амгалан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1681
2022 11 14 2022/ШЦТ/1681
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Т.Мөнх-Амгалан,
хохирогч И.Азжаргалын өмгөөлөгч З.Даваажаргал,
шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Н.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ж танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 2206 04161 3361 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Говь-Алтай аймаг Есөнбулаг суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо Консул 8 дугаар гудамжны 229 тоотод оршин суух хаягтай,
урьд Говь-Алтай аймгийн шүүхийн 1998 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 49 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Говь-Алтай аймгийн шүүхийн 1999 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 46 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жил 9 сар 6 хоногийн хугацаагаар хорих ял,
Говь-Алтай аймгийн шүүхийн 1999 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, *******
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2022 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино бааранд хохирогч И.Азжаргалын хөлөн тус газарт пивоны шилээр онож эрүүл мэндэд баруун шагай орчимд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *******олд-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр манай 2 найз казино бааранд байна гээд намайг дуудсан. Би орой ажлаа тараад ойрхон явж байсан тул явж орсон. Тэгээд бид хэд хэдэн пиво уусан. Хаахын алдад 1 залуу ирснээ наад 2 хүүхнээсээ нэгийг нь өгчих гээд шууд ширээн дээр ирсэн. Үгүй чи цаашаа яв гээд намайг хэд хэд цохиод зугтаагаад гараад явсан. Тэгэхээр нь би араас нь гарч ирээд шил байхаар нь аваад шидсэн. Шил шидээд хүн оносон үгүйг мэдэхгүй байна. Тэгээд эргээд буугаад явахад надтай зөрөөд хоёр, гурван хүн явсан” гэх мэдүүлэг,
Хавтаст хэргээс
“Казино бааранд 2022 оны 04 дүгээр сарын 25-ны шөнө 02 цаг 45 минутын үед үл таних хүн пивоны шил шидэж гэмтэл учруулсан” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хохирогч И.Азжаргалын “Би 2022 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө миний ажилладаг Казино нэртэй бааранд үйлчлүүлж байсан 2 залуу хоорондоо зодолдоод байхаар нь би доошоо нэг давхар луу буугаад хамгаалагчаа дуудаад дээшээ 2 давхар луу шатаар гарч байтал зодолдож байсан 2 залуугийн нэг нь пивоны шил шидсэн чинь намайг оноод миний баруун хөлийн шагай гэмтсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “И.Азжаргалын биед баруун шагай орчимд зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн “... 3 дахь фолдерыг нээж үзэхэд 39 секундийн тус баарны үүд хэрэг рүү харсан бичлэг байх ба уг бичлэгийн 5 дахь секундэд доод хаалганаас нэг эмэгтэй дээш шат руу гүйн гарч байхад дээд баарны үүднээс 1 залуу хаалга хаан доош гүйж байгаа дүрсийг 5 дугаар зургаар харуулав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд тус бичлэгийн 09 дэх секундэд үл таних 1 залуу баарны хаалга онгойлгон доош гүйх залуу руу гартаа барьсан бор зүйлийг доош шидэж байх дүрсийг 6 дугаар зургаар харуулав” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 65-69 дэх тал/,
Хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхэг, үүнийг ийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 64 дэх тал/,
Яллагдагч *******олд-Эрдэнийн “Надад тогтоолд гаргах ямар нэгэн санал хүсэлт болон хүлээн зөвшөөрөхгүй гэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 77 дахь тал/,
Хохирогч И.Азжаргалын өмгөөлөгч Ц.Даваажаргалаас хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эмчилгээний зардалтай холбоотой 5 ширхэг баримт,
Бөртэ гүнж ХХК-ний “И.Азжаргал нь бармены албан тушаалд ажилладаг. 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл гэмтлийн улмаас ажиллаж чадаагүй” гэсэн тодорхойлолт,
2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,
2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Хурд Мед Рентген оношилгоо “И.Азжаргалын Шагайн ясны зурагт баруун хөлийн шагайн үений зай бага зэрэг нарийссан. Үелэх хэсгийн гадаргуу бага зэрэг хатуурсан. Өсгий ясны гадаргуу хатуурч зузаарсан үеэр хугарал мултралгүй” гэсэн тодорхойлолт,
И.Азжаргалын эзэмшлийн Хаан банкны дансны хуулга,
Шүүгдэгч *******олд-Эрдэнийн өмгөөлөгч Н.Нямдорж хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хохирогч И.Азжаргалын “Би тухайн хүмүүстэй маргалдаагүй, тэр 2 залуу нэг рүүгээ пивоны шил шидээд маргалдаж байхад намайг санаандгүй оносон. Тэр 2 залуу согтсон байсан. Ширээн дээр сууж байгаад гэнэт л хоорондоо зодолдоод эхэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
*******олд-Эрдэний гэрчээр өгсөн “найз Отгончимэг над руу залгаад Миний найз хаана яваа юм, би 10 жилийн ангийнхаа хүүхэнтэй сансрын энд байдаг Казино нэртэй бааранд орж байна чи завтай ойрхон байвал хүрж ирээд хамтдаа жаахан сууцгаах уу гэхээр нь ... очсон. Тэр бааранд ороод ... ямарч байсан 5 шил пиво уусан ... гэнэт огт танихгүй жаахан халамцуу нэг залуу миний сууж байсан ширээн дээр ирээд миний өөдөөс нэг хүүхнээ надаа өгчих гэхээр нь би тэр залууг зайл гэж хэлтэл шууд миний нүүр хэсэг хүү цохиж авснаа баарны үүд хэсэг рүү гүйхээр нь би араас нь гүйж байхдаа хажуугийн ширээн дээрээс пивоны шил аваад тэр залуугийн араас шидчихсэн ... пивоны шил 2 давхрын шатан дээрээс шидсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
“Хохирогчийн биед учирсан гэмтлийг санаатай учруулсан, гэмт хэрэг үйлдэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 30.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналыг Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргаж байна” гэх мөрдөгч А.Бямбажавын санал /хавтаст хэргийн 52 дахь тал/,
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Сайнхүүгийн 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 4308 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын ерөнхий прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 250 дугаартай “Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоолыг хүчингүй болгох тухай” тогтоол /хавтаст хэргийн 61-62 дахь тал/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогчийн хөлийг оносон дүрс бичигдээгүй гэх /хавтаст хэргийн 65-68 дахь тал/,
Шүүгдэгч *******олд-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 25 дахь тал/,
Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 23 дахь тал/,
Шийтгэх тогтоолын хуулбарууд /хавтаст хэргийн 28-34 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хэргийг хэрэгсэхгүй болгож *******олд-Эрдэнийг цагаатгах байр суурь илэрхийлж оролцсоныг тэмдэглэх нь зүйтэй.
Хяналтын камерын бичлэгээс үзэхэд ******* нь хаалгаар гүйж гарч ирээд 2 давхраас шатны доор хэд хэдэн хүн явж байгааг харсан атлаа гартаа барьсан пивоны шилийг шидсэн байх бөгөөд энэ үйлдэлдээ санаатай хандсан гэж үзэх үндэслэлтэй байна. Хэдийгээр бичлэгт хохирогчийн хөлийг онож байгаа нь харагдахгүй боловч, шидэх үйлдлийн үед хохирогч нэг давхраас шатаар дээш өгсөж байгааг нь харагддаг.
Хохирогчоос шилжих шөнө болсон гэмт хэргийн шинжтэй үйлдлийг 25-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдээлж, тухайн өдөртөө хохирогчоор мэдүүлэг өгч, шүүх эмнэлэгт үзүүлсэн ба шинжээчээс учирсан гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл гэж тогтоосон байх тул үйлдэл, хохирол 2 хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 04 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэг 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Казино бааранд хохирогч И.Азжаргалын хөлөн тус газарт пивоны шилээр онож эрүүл мэндэд баруун шагай орчимд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч И.Азжаргал, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, эд мөрийн баримт зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа зориуд хийж, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******олд-Эрдэнийн шил шидсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.
Хохирогч И.Азжаргал нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, *******олд-Эрдэний үйлдэл нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******олд-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдал, үл ойлголцон харилцаа хандлага нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ.
Хохирогч И.Азжаргалаас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1.719.190 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч баримтаар 99.190 төгрөгийн хохирол тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эс 99.190 төгрөг гаргуулж хохирогч И.Азжаргалд олгохоор шийдвэрлэв.
Хохирогч И.Азжаргал нь хуульд заасны дагуу өмгөөлүүлэх эрхийн хүрээнд сайн дураараа эрх зүйн туслалцаа авсан, насанд хүрээгүй хохирогч эсхүл төлбөрийн чадваргүй гэх үзүүлэлтэд хамаарахгүй тул өмгөөлөгчийн хөлсөнд нэхэмжилсэн 500.000 төгрөгийг хэрэгсэхгүй болголоо.
Гэмтлийн улмаас 14 хоног ажлаа хийгээгүй гэх боловч энэ хугацаанд цалин хөлс авсан эсэх нь тодорхойгүй, бусад баримт буюу дансны хуулгаар тогтоогдоогүй байх тул энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу *******эс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч *******олд-Эрдэнийн өмгөөлөгч Н.Нямдоржоос 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал тус тус гаргасныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч *******олд-Эрдэнийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүхээс эрхэлсэн тодорхой ажилгүй гэх хувийн байдал, согтуугаар олон нийтийн газарт үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол, хор уршиг учирсан гэх шинж чанар зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалахаар тусгалаа.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******олд-Эрдэнийг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар *******эс 91.190 /ерэн нэгэн мянган нэг зуун ер/ төгрөг гаргуулж хохирогч И.Азжаргалд олгосугай.
5. Хохирогч И.Азжаргал нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******эс нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.
7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ