| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэнгээгийн Хишигбат |
| Хэргийн индекс | 181/2018/03303/И |
| Дугаар | 00303 |
| Огноо | 2019-01-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 29 өдөр
Дугаар 00303
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.С/РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: МСургуульд холбогдох,
Цалин хөлс 12 450 000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 сарын 02-ны өдрийн 181/ШШ201702734 дугаар шийдвэрээр Д.Сийг Мсургуулийн Төв номын санчийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлэхээр шийдвэрлэснийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018оны 01 сарын 03-ны өдрийн 95-р магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 04 сарын 17-ны өдрийн 001/ХТ2018/00609 дугаар тогтоолоор магадлалыг хүчингүй болгож шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, уг шийдвэр, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.
Мсургуулийн захирлын 2018 оны 10 сарын 17-ны өдрийн Б/540 дугаар тушаалаар Д.Сийг дээрх шийдвэр, тогтоолын дагуу Оюутан, төгсөгчийн хэлтэст мэргэжилтнээр ажиллуулахаар шийдвэрлэсэн.
Иймд нэхэмжлэгч Д.С би анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 11 сарын 02-ны өдрөөс хойш ажилд томилогдсон 2018 оны 10 сарын 17-ны өдрийг хүртлэх хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шаардах эрхтэй.
Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхлэж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-т заасан үндэслэлээр олгоно. Ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг ажил олгогчоос биелүүлэх хүртэлх хугацаа Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан “ажилгүй байсан бүх хугацаа”-нд хамаарна гэж заажээ.
Иймд тус шүүхийн 2017 оны 11 саын 02-ны өдрийн 181/ШШ2017/02734 дугаар шийдвэрт нэхэмжлэгч миний нэг сарын дундаж цалинг 1 075 000 төгрөг гэж тогтоосныг үндэслэн шийдвэр гаргасан өдрөөс ажилд авсан 2018 оны 10 сарын 17-ны өдөр хүртэл би ажилгүй байсан хугацааны 249 хоногийн /1 075 000 төгрөг :21,5 хоног = 50 000 төгрөг, 50 000 төгрөг*249 хоног= 12 450 000 төгрөг/ цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 12 450 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар ажил олгогч нь хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөх, зохих журмын дагуу сар бүр шимтгэл хураамж төлсөн тухай дэвтэрт бичилт хийх үүрэгтэй тул нэхэмжлэлд дурдсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг сар бүр хуульд заасан хувь хэмжээгээр төлүүлж, дэвтэр бичилт хийлгэж өгнө үү.” гэв.
Хариуцагч МСургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтайван шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талаас нэхэмжлэлийн үнийн дүнд маргахгүй бөгөөд 1,075,000 төгрөг буюу 2017 оны 10 сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 сарын 01-ний өдрийг хүртэл цалин олговрыг Анхан шатны шүүхийн шийдвэрээр олгохоор шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулсан боловч тогтоолоор шийдвэрийг дахин сэргээсэн байдаг. Энэ талаар ажил олгогч УДШ-ийн тогтоолоор нэхэмжлэгчийн цалин хөлсийг бууруулахгүйгээр ажилд тогтоож урьд эрхэлж байсан ажилтай нь дүйцэхүйц албан тушаалд томилсон. Цалин хөлсийг 2017 оны 11 сарын 02-ны өдрөөс 2018 оны 11 сарын 17-ны өдрийг хүртэл цалин хөлсийг нэхэмжилсэн байна. Нэхэмжлэгчид 2017 оны 08 сард ажлаас чөлөөлөх үед амралтын мөнгийг олгосон асуудал байгаа. Нэхэмжлэгчийн үндсэн цалин болох 1,075,000 төгрөгийн мөнгөн дүнд маргахгүй байна. Нэхэмжлэгч ажилд орохдоо дахин маргаан байхгүй гэж хэлж байсан. Маргаан гэдэг нь шүүхийн маргаан байсан уу, ямар маргаан гэдгийг сайн тогтоосонгүй. Ямар ч байсан маргаж байна. Энэ талаар шүүх өөрийн дүгнэлтийг гаргах байх. Бусдаар бол маргахгүй байна.” гэв.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч МСургуульд холбогдуулан цалин хөлстэй тэнцэх олговорт 12 450 000/арван хоёр сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч МСургууль нь нэхэмжлэлийн үнийн дүнд маргахгүй гэх тайлбар гаргасан.
Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2734 дугаар шийдвэр, Монгол Улсын Дээд Шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 609 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийг хариуцагчийн Төв номын сангийн ахлах номын санчийн албан тушаалд эгүүлэн тогтоосон болох нь зохигчийн тайлбар, 2734 дугаар шийдвэр болон 609 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.
2734 дугаар шийдвэр болон 609 дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шийдвэрлэсэн болох нь 2734 дугаар шийдвэр болон 609 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч нь 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/540 дугаар тушаалын хуулбараар нотлогдож байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон боловч 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоогүй болох нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, нэхэмжлэгчийн № А0426223 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор .... олгоно.” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулах үндэслэлтэй.
Нэхэмжлэгчийн нэг сарын дундаж цалин хөлс 1 075 000/нэг сая далан таван мянга/ төгрөг болохыг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2734 дугаар шийдвэрээр тогтоосон болох нь 2734 дугаар шийдвэрийн хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлс 48 863/1075000:22=48863/ /дөчин найман мянга найман зуун жаран гурав/ төгрөг болох нь нэхэмжлэгчийн № А0426223 нийгмийн даатгалын дэвтрийн хуулбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажлын 33/гучин гурав/ хоног, 10/арав/ сар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт хариуцагчаас 12 362 479/48863х33=1612479, 1075000x10=10750000, 1612479+10750000=12362479/ /арван хоёр сая гурван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдсэн 87 521/12450000-12362479=87521/ /наян долоон мянга таван зуун хорин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэл гаргажээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т “Ажил олгогч ... ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж заасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах үндэслэлтэй байна.
Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч МСургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 12 362 479/арван хоёр сая гурван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ст олгож, хариуцагч МСургуульд олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, үлдсэн 87 521/наян долоон мянга таван зуун хорин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5 дахь заалтад заасныг баримтлан хариуцагч МСургуулиас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 12 362 479/арван хоёр сая гурван зуун жаран хоёр мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ст олгож, хариуцагч МСургуульд олговорт ногдох нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж, үлдсэн 87 521/наян долоон мянга таван зуун хорин нэг/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч Д.Сийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч МСургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 212 749 төгрөгийг гаргуулан улсын орлогод буюу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2611192214 тоот дансанд оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ХИШИГБАТ