Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гансүхийн Хатанцэцэг |
Хэргийн индекс | 105/2022/1636/Э |
Дугаар | 2022/ШЦТ/1680 |
Огноо | 2022-11-14 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/1680
2022.11.14 2022/ШЦТ/1680
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,
улсын яллагч Б.Өлзийжаргал,
хохирогч Б.Нямцэнд
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 03096 2701 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1996 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, эхнэр,*******-д
Холбогдсон хэргийн талаар:
******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-наас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТҮЦ хийж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогч Б.Нямцэндээс 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхээс шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхэд танилцуулсан нотлох баримтуудыг шинжлэн судална.
Шүүгдэгч *******антулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Нямцэндийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Манай нөхөр бид 2 ТҮЦ ажиллуулах гээд шууд худалдан авах боломжгүй байсан тул фейсбүүкээр харсан зарын дагуу шүүгдэгчтэй холбогдоод хийсэн ТҮЦ-г нь очиж харсан. Тэгээд хийлгэх боломжтой юм байна гэж үзээд шүүгдэгчтэй аман гэрээ хийн, хийлгэх газраа очиж 3*4 хэмжээтэй ТҮЦ бариулах үнэ хөлсөө тохирсон. Тэгээд шүүгдэгч 3.500.000 төгрөг өгвөл маргааш очоод хийж өгье гэсэн тул тэр мөнгийг нь шилжүүлсэн. Уг мөнгийг аваад 2 хоногийн дотор рамаа зангидаад алга болсон. Би шүүгдэгчийг бүтэн 3 сар хүлээгээд сүүлдээ маргалдаад чадахгүй бол тэрийгээ хэл гэсэн чинь та мөнгөө нэмж өгвөл 7 хоногийн дотор хийгээд өгье гэсэн. Тэгэхээр нь би дахиад 3.000.000 төгрөг нэмж өгсөн. Эгчдээ 7 хоногийн дотор хийгээд өгөө, ажлаа хурдан эхлүүлмээр байна гэж хэлсэн. Тэгээд бүх мөнгийг нь шилжүүлж өгөөд ТҮЦ хийх болсон шүүгдэгч утсаа авахгүй алга болсон. Би өгсөн 6.500.000 төгрөгөө нэхэмжилж байна. Дутуу барьж өгсөн зүйлийг нь буцаагаад өгье” гэв.
Хавтаст хэргээс
Хохирогч Б.Нямцэндийн “2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр цахим зар дээрээс ТҮЦ хийж өгнө гэсэн зарын дагуу 80204905 дугаараар Гантулга гэх хүнтэй холбогдож 3*4 харьцаатай ТҮЦ хийлгэхээр тохиролцож урьдчилгаа 3.500.000 төгрөгийг Хаан банкны 5077409519 тоот дансанд шилжүүлсэн тэрнээс хойш 1 дүгээр сарын 10-нд Гантулга ирж ТҮЦ-ний рамаа босгож байсан гээд, 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр үлдэгдэл мөнгө өгвөл 7 хоногт дуусгана гээд дахин 3.000.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /11-12 дахь тал/,
Иргэн Бадамжавын Нямцэндийн эзэмшлийн Хаан банкны 5076562908 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 20 дахь тал/,
Иргэн Бадамжавын Нямцэндийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 459008828 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
Яллагдагч *******антулгын “2022 оны 03 дугаар сард хувиараа зөөврийн байр барьж байсан ба ажил бүтэлгүйтэж мөнгөний хэрэг гарсан тул цахим хаягт зөөврийн сууц ТҮЦ захиалгаар хийнэ гэсний дагуу Нямцэнд надтай холбогдож улмаар түүнээс 6.500.000 төгрөг авч тухайн ажлаа хийлгүй мөнгийг хэрэглээндээ зарцуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
Шүүгдэгч *******антулгын хувийн байдалтай холбоотой
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 38 дахь тал/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 40 дэх тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчийг бүрэн хамруулж, шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
2. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, хариулт, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан яллах, цагаатгах талын нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 26-наас 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн хугацаанд Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТҮЦ хийж өгнө гэж хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан хохирогч Б.Нямцэндээс 6.500.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.Нямцэнд, яллагдагч ******* нарын мэдүүлэг, хохирогч Б.Нямцэндээс ******* руу мөнгө шилжүүлсэн баримтууд зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.
Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж шүүх үзэв.
Өмчлөгч, эзэмшигч нь хуулиар тогтоосон хэм хэмжээ хязгаарын дотор өөрийн эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд энэ эрхэд хуурах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, төөрөгдөлд оруулах аргаар халджээ.
Бусдын эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр өөртөө хууль бусаар олж авахын тулд худал үг, идэвхтэй үйлдлээр итгүүлэн үнэмшүүлж эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу эд хөрөнгийг шилжүүлэн авах, бодит хохирол учруулсан байх зэрэг залилах гэмт хэргийн үндсэн шинж бүрэн хангасан байна.
Бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атлаа хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул *******антулгын үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч *******антулгын дээрх үйлдлийн улмаас хохирогчид бодит хохирол учирсан бөгөөд уг үйлдэл, хохирол 2 хоорондоо шууд шалтгаант холбоотой.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзэх үндэслэлтэй.
Иймд шүүгдэгч *******антулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Нямцэндэд учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас 6.500.000 төгрөг гаргуулж хохирогч Б.Нямцэндэд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 420 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч ******* уг саналыг хүлээн зөвшөөрсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэж тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.
Шүүгдэгч *******антулгын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч *******антулгын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэвэл зохино.
Шүүхээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй гэх хувийн байдал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан, хор уршиг тогтоогдоогүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг *******д тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. *******-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар *******ас 6.500.000 /зургаан сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Б.Нямцэндэд олгосугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ХАТАНЦЭЦЭГ