Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 00084

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э.Б/РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Н газарт холбогдох, 

 

Шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд суутган авсан 2 884 987 төгрөгийг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Одгариг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Б би Нийслэлийн шүүхийн 2010 оны 12-р сарын 20-ний өдрийн 1231 дугаар магадлалаар А.Алтанбилэгт 59 945 000 төгрөгийг төлөхөөр болж Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар 48 083 127 төгрөгийг төлсөн байсан.

Улмаар үлдэгдэл төлбөрүүдийг 2018 оны 01-р сарын 04-нд 4 000 000 төгрөг, 2018 оны 02-р сарын 01-ний өдөр 2 000 000 төгрөг 2018 оны 06-р сарын 19-ний өдөр үлдэгдэл төлбөрийг бэлнээр төлж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаасан.

Гэтэл Нгазар нь 2011 оны 02-р сарын 25-ны өдөр А.Алтанбилэгтэй байгуулсан “Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай” 11/076 дугаартай гэрээний дагуу Э.Б миний 2018 оны 01-р сарын 04-ний өдөр төлбөрт төлсөн 4 000 000 төгрөгөөс 2 884 987 төгрөгийг шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд суутган авахдаа “Нгазраас мөнгө шилжүүлэх баримт”-ыг 2017 оны 01-р сарын 04-ний өдөр 4 000 000 төгрөг намайг төлсөн мэтээр хуурамчаар бичиж авсан байна.

А.Алтанбилэг нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд төлсөн 2 884 987 төгрөгийг “Ди Юу Өү” ХХК-ний захирал Э.Б надаас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, 2018 оны 09-р сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлсэн.

2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна” гэж заасан боловч 2017 оны 6-р сарын 9-ны өдрийн хуулиар дээрх заалт хүчингүй болсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийи 9.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө гэж заасан байх тул Нийслэлийн Шүүхийн шийдвэр гуйцэтгэх газар “Ди Юу Өү” ХХК-ийн захирал Э.Бгаас 2018 оны 01-р сарын 04-ний өдөр төлсөн 4 000 000 төгрөгөөс урамшуулал тооцож суутган авсан нь хууль зөрчиж байна.

Иймд Нгазраас 2018 оны 01-р сарын 04-ний өдөр шийдвэр гүйцэтгэлийн урамшуулалд суутган авсан 2 884 987 төгрөгийг Э.Б надад гаргуулж өгнө үү.

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09-р сарын 18-ны өдрийн 182/ШШ2018/01790 дугаар шийдвэрээр “Ди Юу Өү” ХХК-иас 2 894 987 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн. Гэтэл тус компанийг 2013 оны 05-р сарын 01-ний өдөр улсын бүртгэлээс хасуулсныг Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08-р сарын 31-ний өдрийн 497 дугаар шийдвэрээр Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газрын “Ди Юу Өү” ХХК-ийг татан буугдсаныг бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч өнөөдрийг хүртэл надад “Ди Юу Өү” ХХК-ийн тамга, тэмдэг, гэрчилгээг Улсын бүртгэлийн ерөнхий газраас өгөөгүй тул нэхэмжпэлийг би хувь хүнээр гаргасан болно.

Шүүхийн харьяаллыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасны дагуу хариуцагч Нгазрын байрлаж байгаа газраар гаргасан болно.” гэв.

 

Нэхэмжлэгч Э.Бгийн өмгөөлөгч С.Одгариг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 4 000 000 төгрөгийг төлсөн тэр төлбөрөөс урамшууллыг суутгаж авсан, журналд нь байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулийн 83.2-т шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай заалт байсан. 2017 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль хүчингүй болсон. 2017 оны төсвийн жил дуусах хүртэл урамшууллыг тооцно гэсэн. Хуулийн үйлчлэл дуусчихаад байхад 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр суутгал авсан байна.” гэв.

 

Хариуцагч НГазрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Баттүшиг шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Энхбатын Бгийн тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1231 дугаар магадлалаар Э.Бгаас 59 945 000 төгрөгийг гаргуулж, А.Алтанбилэгт олгохоор шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч А.Алтанбилэг 2011 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн НШГАлбатай байгуулсан 11/1076 дугаар урамшууллын гэрээний дагуу тодорхой хувийг тооцож төлсөн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн /2002 оны/ 83 дугаар зүйлийн 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна гэж заасан байдаг. 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн хуулиар дээрх заалт хүчингүй болсон хэдий ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд 2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 9.2 дахь хэсэг, 83 дугаар зүйлд заасан шийдвэр гүйцэтгэгчийн урамшуулалтай холбогдох заалтыг 2017 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө гэж заасан байдаг тул төлбөр төлөгч “Ди Юу Өү” ХХК-ийн захирал Э.Бгаас 2017 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө тушаасан төлбөрийн мөнгөнөөс урамшуулалд тооцож төлбөр авагч А.Алтанбилэг өөрөө төлсөн.

Төлбөр төлөгч “Ди Юу Өү” ХХК болон захирал Э.Бгаас А.Алтанбилэгтэд төлсөн төлбөрөөс урамшуулалд суутган авч үлдсэн мөнгө байхгүй болно. Урамшууллын мөнгийг А.Алтанбилэг урамшууллын гэрээ байгуулан өөрөө урамшууллын мөнгө төлсөн байхад төлбөр төлөгч хуулийн этгээдийн захирал хүний төлсөн мөнгөний урамшууллыг өөрийн төлсөн төлбөрөөс суутгасан гэж үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргасан байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Э.Б хариуцагч Нгазарт холбогдуулан нийт 2 884 987/хоёр сая найман зуун наян дөрвөн мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Нгазар нь А.Алтанбилэг урамшууллын гэрээ байгуулан өөрөө урамшууллын мөнгө төлсөн гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

 

Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2068 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1231 дугаар магадлалаар “Ди Юу Өү” ХХК-иас 59 945 000/тавин есөн сая есөн зуун дөчин таван мянга/ төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжид 496 940/дөрвөн зуун ерэн зургаан мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан А.Алтанбилэгт олгохоор шийдвэрлэж, 2011 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 121 дугаар гүйцэтгэх хуудас олгогдон, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон болох нь Нийслэлийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1231 дугаар магадлалын болон 121 дугаар гүйцэтгэх хуудсын хуулбар, 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай 18/530 дугаар тогтоолын хуулбараар нотлогдож байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 83 дугаар зүйлийн 83.1-т “... шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна.”, 83.2-т “Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг ... гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна.” гэж заасан.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн/2002 он/ 83 дугаар зүйлийн 83.1, 83.2 дахь хэсэгт зааснаар А.Алтанбилэг нь 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хариуцагчтай урамшууллын гэрээ байгуулсан болох нь 2011 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 11/1076 дугаар Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах тухай гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2068 дугаар шийдвэр, Нийслэлийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1231 дугаар магадлалд зааснаар төлбөр төлөгч “Ди Юу Өү” ХХК-иас нийт 60 441 940/жаран сая дөрвөн зуун дөчин нэгэн мянга есөн зуун дөч/ төгрөгийг гаргуулан төлбөр авагч А.Алтанбилэгт олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч “Ди Юу Өү” ХХК-ийн төлбөрт төлсөн төлбөрийн талаар нэхэмжлэл гаргажээ.

 

Нэхэмжлэгч нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт заасан эрх бүхий этгээдийн хувиар бус иргэний хувиар нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3-т “... Иргэний эрх, үүргийг иргэн өөрийн нэрээр олж авч хэрэгжүүлнэ ....” , 25 дугаар зүйлийн 25.1-т “Өмчлөлдөө .... өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг ... зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 20 дугаар зүйлийн 20.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь зөвхөн өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээх ба хуулийн этгээдийн нэрээр эрх олж, үүрэг хүлээхгүй болно.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-т “Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд ... Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.” гэж заасан.

 

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар “Ди Юу Өү” ХХК нь өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээх тухай нэхэмжлэл гаргах эрхтэй ба нэхэмжлэгчийг “Ди Юу Өү” ХХК гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь  “Ди Юу Өү” ХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргах болон түүний нэрээр эрх олж, үүрэг хүлээхгүй болно.

 

Хариуцагчаас нийт 2 884 987/хоёр сая найман зуун наян дөрвөн мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүх Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нгазраас нийт 2 884 987/хоёр сая найман зуун наян дөрвөн мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Э.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Нгазраас нийт 2 884 987/хоёр сая найман зуун наян дөрвөн мянга есөн зуун наян долоо/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Э.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Бгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ