Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/196

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

 Нарийн бичгийн дарга: *******

Улсын яллагч: *******

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, Регистрийн дугаар:,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...2022 оны 08 дүгээр сарын 11-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн тоот хашаан дотор үл ялих зүйлээр шалтаглан иргэн *******ийн толгойн тус газар нь алхаар цохиж, тархи доргилт, зүүн нүдний хөмсөгний шарх, дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр бид хоёр Хөх толгойн гудамжаар өгсөж яваад жижигхэн овоо байхаар нь очоод архины талыг уугаад сууж байхад ******* манай ахынх энд байдаг хоёулаа гудамжинд уух муухай юм байна манай ахын очоод ууя гээд  бид хоёр тэндээс яваад гудамжаар явж байгаад хашаагүй задгай гэртэй айлд ороход нэг эмэгтэй хүн байсан. Бид хоёр тэнд үлдсэн тал шилтэй архийг нь хувааж уусан. Тэгээд би хүнтэй уулзаад иръегээд гараад удалгүй 5-10 минутын дараа орж ирэхдээ нэлээн согтуу орж ирсэн. ******* над руу уурлаад байхаар нь яах гээд байгаа юм гэхэд цохихоор нь би чи архи ууж чаддаггүй юм байна  гэж хэлээд орны хөл дээр тавьсан байсан барилгын багажаа аваад үүрэх гэж байгаад алхаар *******ийн толгойг цохичихоод гараад явсан. Тэгсэн араас ******* гүйж гарч ирээд намайг бариад авахаар нь салаад гудамжаар гүйгээд явж байхад араас ******* гүйж ирээд дэгээдэж унагаад бид хоёр ноцолдож байхад нэг хүн хүрч ирээд салгахаар нь би цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тухайн үед би *******ийг цохисны дараа сайн анзаарч хараагүй болохоор мэдэхгүй байна. Сүүлд нь гудамжинд намайг барьж авах үед нь харсан чинь толгойноос нь цус гарсан байсан. Би хохирогчийн хохирлыг нь барагдуулсан. Нэхэмжилж байсан мөнгийг нь бэлнээр өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/,

 Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

 ... 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдөр гэртээ байж байгаад орой 18 цагийн үед зах орчихоод гэр лүүгээ явж байгаад захын ар талд намайг зодсон гэх хүн явж байсан. Тэгээд мэнд мэдсэн. Бид хоёр манайх руу явж байгаад манай арын уулан дээр гарч нэг шил архийг нь хувааж ууж дуусгаад нэгийг нь аваад манайд очсон. Тэгээд манайд архи ууж байхад тэр хүн орон дээр суучихаад ус хийгээд өгөөч гэхээр нь хийж өгсөн чинь усаа уучихаад хэрүүл гуйгаад байхаар нь чи одоо яв гэхэд явахгүй байхаар нь гэрээсээ чирч гараад гудамжаар гараас нь хөтөлж явахад үүрчихсэн байсан цүнхнээсээ алх гаргаж ирээд миний зүүн талын нүд орчим нэг удаа цохиод, хүзүү рүү нэг удаа цохичихоод тэр хүн зугтаах гэхээр нь заамдаж авчихаад хажуугаар явж байсан хүнийг цагдаа дуудаад өгөөч гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,

   Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...би ажлаа тараад гэр лүүгээ орох гээд явж байхад Баянхонгор сумын 7 дугаар багийн 16 дугаар гудамжны үзүүрт хоёр согтуу хүн нэг нь нэгийнхээ дээр гарчихсан байхаар нь очоод салгахад толгойноос нь цус гарч байсан залуу цагдаа руу дуудлага өгөөч гэхээр нь би цагдаа руу дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд  өгсөн

 ...******* нь цүнхнээсээ алх гаргаж ирээд *******ийн толгойг цохисон. Санаандгүй байдлаар цохиогүй санаатай цохисон. ******* нь *******ийг хашаанд байхад алхаар цохисон. Хашаан дотор тэр хоёр барилцаж авсан...”гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 6-ны өдрийн 566 дугаартай

  1.*******ийн биед тархи доргилт, зүүн нүдний хөмсөгний шарх, дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

 4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  5.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн  28-29/,

 -Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-05/, эрүүгийн  хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 40-43/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 51/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52/,эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 сарын 20-ны өдрийн 1380 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 56-63/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 66/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч  ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...2022 оны 08 дүгээр сарын 11-ний орой Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар багийн тоот хашаан дотор үл ялих зүйлээр шалтаглан иргэн *******ийн толгойн тус газар нь алхаар цохиж, тархи доргилт, зүүн нүдний хөмсөгний шарх, дээд зовхины цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч мэдүүлэг /хх-ийн 48-49/, хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 16-17/, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн №566 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед тархи доргилт, зүүн нүдний хөмсөгний шарх, дээд зовхины цус хуралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн / хх-ийн 28-29 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон  хохирогчийн шүүхэд хуралдаанд гаргасан хүсэлт, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хохирогч ******* нь үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд 160000 төгрөгийн эмчилгээний төлбөрийг төлсөн,  нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алх 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,

шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч гурав /03/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж байгаа /Баянхонгор сумын тоот хашаа/ газраас эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1, 2 дугаар багт байрлах ажил хөдөлмөр эрхэлдэг газар  гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан алх 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА