Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 00289

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Хишигбат даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Ш.Б/РД: /-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Т.Ба/РД: /,

 

Хариуцагч: Г.БЭ/РД: / нарт холбогдох,

 

Иргэн /Д.Лхамжав/, /Р.Ганбат/ нарын эзэмшлийн Голомт банкны дансанд байрлах мөнгөн дүн болон Г.БЭ авсан үйлдлийг тогтоолгох, Г.БЭ, Т.Ба нараас 66 648 771 төгрөгийг, Д./Лхамжавын/ дарханы нэхий дээл, булган малгай, уур, нүдүүр, 30 гаран ширхэг уран зохиолын сэдэвтэй ном зохиолууд, бурханы боть ном 3 ширхэг, хөлдөөгч, 2 ширхэг мөнгөн аяга, босоо суурьтай том толь, 2 000 000 төгрөгийн үнэтэй бурхан гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Б, хариуцагч Г.БЭ, хариуцагчийн өмгөөлөгч А.Даваабилэг, хариуцагч Т.Ба, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Сэлэнгэ нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ш.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2017 оны эхээр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан юм. Шүүхийн шатанд “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсныг болон зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2017 оны 03 сарын 14-ний өдрийн дугаар 181/ШШ2017/00716 бүхий шүүгчийн захирамж гарсан.

Шүүгчийн захирамжинд иргэн Д.Лхамжав, Р.Ганбат нарын өмчлөлийн 2 өрөө байрны өмчлөлийн асуудлыг шийдвэрлэсэн. Гэтэл талийгаач иргэдийн эзэмшлийн Голомт банкны дансанд байршсан мөнгө, эд хөрөнгийн талаарх шүүхийн шатанд шийдвэрлээгүй болно. Учир нь шийдвэрлэж байх хугацаанд энэхүү дансны талаарх мэдээлэл огт дурдаагүй бөгөөд хариуцагч Г.БЭ хурал дээр энэ байрнаас гадна өөр мөнгөн болон биет хөрөнгө байгаа бол түүнийг хуваан авна гэж байсан хэдий ч Голомт банкны дансанд байршсан мөнгийг дурдаагүй, нуун дарагдуулсан үйлдэл нь чухам их хэмжээний мөнгө байх боломжтой байсанг илтгэж байна.

Миний бие Голомт банкны мэргэжилтнүүдтэй, эрх бүхий албан тушаалтнуудтай уулзаж үзэхэд “... Д.Лхамжав, Р.Ганбат нарын нэр дээр данс байна, гэхдээ танд уг дансны талаарх мэдээллийг өгөх боломжгүй учир нь хувийн мэдээлэлтэй холбоотой тул өгөхгүй та шүүхийн журмаар энэхүү дансны мэдээллийг ав гэхдээ Г.БЭ гэх хүн дансан доторх мөнгийг авсан ...” гэдгийг хэлсэн. Угтаан бол Д.Лхамжав, Р.Ганбат нарын дундын өмчлөлийн буюу хамтран данс нээсэн атал түүнийг зөвхөн Г.БЭ авсан үйлдэл нь хууль бус гэж үзэж байна.

Иймд миний бие уг дансыг шалгуулж Г.БЭ-ийн авсан гэх мөнгөн дүнг тогтоолгох, өв залгамжлалийн дагуу уул мөнгөнөөс хуваарилан авах нэхэмжпэлийн шаардлага гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна.

Миний төрсөн эгч Д.Лхамжав нь Р.Ганбат гэх хүнтэй 1966 оны 06 дугаар сараас хойш 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хамтран амьдарч байгаад эгч Д.Лхамжав нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өвчний улмаас нас барсан, хүргэн ах Р.Ганбат нь 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өвчний улмаас нас барсан.

Нас барах хүртлээ Р.Ганбат Д.Лхамжав нар нь голомт банкинд дундын дансандаа 50 377 доллар одоогийн ханшаар 133 297 542 төгрөгийн хадгаламжтай байсан ба миний эгч Д.Лхамжавыг нас барсны дараа дундын хадгаламжийн данснаас Р.Ганбат нь 50 377 долларыг авч өөрийн эзэмшлийн 1605112498 тоот дансанд байршуулсан байдаг.

Байршуулсан энэхүү мөнгийг хүү Г.БЭ нь өвлөх эрхийн гэрчлгээ үзүүлэн тухайн мөнгийг авсан байдаг.

Тухайн хадгаламжид байсан 50 377 доллар буюу 133 297 542 төгрөгний 50 хувь болох 66 648 771 төгрөг нь миний эгч Д.Лхамжавын хөрөнгө учраас надад ноогдох хэсгийг хариуцагч Г.БЭ, Т.Ба нараас гаргуулна.

Мөн миний эгч Д.Лхамжавын дарханы нэхий дээл, булган малгай, уур, нүдүүр, эгчдээ өгсөн 30 гаран ширхэг уран зохиолын сэдэвтэй ном зохиолууд, бурханы боть ном 3 ширхэг, хөлдөөгч, 2 ширхэг мөнгөн аяга, босоо суурьтай том толь, эгчид зориулж бүтээлгэсэн 2 сая төгрөгний үнэтэй бурхан зэргийг хариуцагч Г.БЭэс гаргуулан авна.” гэв.

 

Хариуцагч Г.БЭ шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Ш.Бас надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад энэхүү тайлбарыг гаргаж байна.

1-рт: Миний өндөр ээжийн дүү гэгч Ш.Б нь удаа дараа шүүхэд хандаж, эцэг эхийн минь ясыг өндөлзүүлсэн увайгүй шуналтай үйлдэлтэй хүн байна гэж үзэхээс өөр аргагүй байна. Удаа дараагийн шүүхэд хандаад байгаа нэхэмжлэлд Г.БЭ намайг янз бүрээр доромжилж хэлж байгаа энэ үйлдэлд одоо миний бие нэр төр сэргээлгэхээр шүүхэд хандахыг хариуцлагатайгаар мэдэгдье.

2-рт: Миний төрсөн аав болох Ринчингийн Ганбат болон өндөр ээж Дамдиндоржийн Лхамжав нар нь хамтын амьдарлтай байсан. Тэдний дундаас үр хүүхэд төрөөгүй, миний ээж, аав Ганбат хоёроос би 1986 онд төрж, өдийг хүртэл энэ 3 хөгшний ганц элэг дэвтээх хүүхэд, удам залгах үр нь болж амьдарч байсан. Ш.Б намайг “эцгээ өнгөрснөөс хойш гэнэт гарч ирсэн, сүүлд овоглосон, бутач хүүхэд” гэх мэтээр янз бүрээр доромжилж байсан. Үнэндээ би аавындаа байнга орж гарч, хоёр хөгшинд хань болж, өндөр ээж аавын болох болохгүй надад ховлож өссөн ганц үр нь. Миний ухаан орохын аав, өндөр ээжид Б гэж ийм дүү байдаг эсэх, гэр орноор орж гарч байхыг би хараагүй, өөрийнх нь хэлдгээр гэнэт нас барсны дараа/2016.06 сард Налайх дүүргийн шүүхээр төрөл садангаа тогтоолгосон/ төрсөн дүү гэдгээ тогтоолгоод гарч ирсэн.

Би яагаад өөрийн төрсөн түүх, ээж аавынхаа танилцсан түүхийг хэлж байна вэ гэхээр би 1 дүгээр сарын 6-ны өдрөөс хойш эдгээр хүмүүст маш их гутаан доромжлогдож байсан хэдий ч Б гэдэг хүнд хар буруу санасан зүйлгүй.

Манай аав намайг төрсний дараа өөрийнхөө хамаатнуудад намайг өөрийнхөө цорын ганц хүү гэж танилцуулж байсан. 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ээжийн бие муу байхад аав намайг ирээд яах юм бэ гэж байсан. Үүнээс хойш өндөр ээжийг өнгөрсний дараа Ш.Б гэж хүнийг ажил явдлын үеэр анх удаа харж байсан. Ажил явдал болох үед аав Ш.Бд “манай хөгшний ажил явдалд оролцооч” гэхэд Б гуай “Ийм муухай заваан газар эгчийнхээ ажил явдлыг хийлгэхгүй, харин манай охиныд хийнэ” гэж хэлсэн. Үүнээс болоод манай аавын бие их муудсан байдаг.

Данстай холбоотойгоор нотариатын танхимд хүсэлт гаргахад хэрэв чи цорын ганц өвлөгч гэдгээ нотолсон баримт аваад ирвэл өвлөх эрхийн гэрчилгээг 1 жилийн хугацаатайгаар чиний нэр дээр гаргаж өгнө гэсэн байдаг. Ингээд би Иргэний бүртгэлийн мэдээллийн төвөөс цорын ганц өвлөгч гэдгээ тогтоолгосон. Яагаад гэвэл надад төрсөн ах, эгч байхгүй, аав маань айлын ганц хүүхэд байсан. Гэтэл нотариатын танхимаас бүх банкуудад хүсэлт явуулахад 50,320 доллар байсан бөгөөд түүнийг нь би авсан.

Яагаад гэвэл уг дандс нь хамтын данс байгаагүй. Цорын ганц Ренчингийн Ганбат гэсэн дансанд мөнгө байсан тул энэ мөнгийг банк хууль ёсны өмчлөгчөөр тогтоож хуулийн дагуу шилжүүлэн өгсөн. Яагаад 1 жилийн дотор өв нээлгүүлээгүй вэ гэхээр би ээж аавынхаа ясыг өндөлзүүлэхгүй гэсэндээ хүлээж байсан. Мөн Б гуай хэлэхдээ аав ээж хоёрыг маань мөнгө цуглуулах гэж амьдарсан гэж хэлж байна. Гэтэл тэд мөнгөний төлөө амьдраагүй. Уг байрыг 1978 онд манай аавд Соёлын яамнаас олгосон байдаг бөгөөд тухайн үед олгосон бүх тавилгатайгаа 2016 он хүртэл байсан. Нэг ч юм нэмээгүй бөгөөд сүүлд нэг хөргөгч авсан байдаг. Үүнээс гадна манай өндөр ээжийн нэхий дээлний тухай ярьж байсан.

Гэвч ийм дээл байгаагүй. Энэ дээл байсан байх магадлалтай яагаад гэвэл ээж, аавыг өнгөрөхөөс өмнө Ба манай гэрт байдаг байхад Ш.Б гуай манай гэрт ирээд портер дүүрэн юм ачаад авч байсан. Тухайн үед 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өндөр ээжийг нас барсаны дараа Налайх дүүргийн шүүхэд ах дүү болохоо тогтоолгосон байсан. Гэтэл Ш.Б гуайн эхнэр болон Ш.Б гуай нар нь 2 өрөө байрныхаа талыг нь өг гэсэн. Би яаж ч бодсон өөрийн гал голомтыг хуваахгүйгээр мөнгө өгөөд эвлэрэх болоод мөнгө олоод эвлэрэх гэтэл Ш.Б эвлэрэхгүй гэж хэлсэн. Энэ мөнгө эд хөрөнгө бол манай эцгээс өвлөж ирсэн алтан бурхан биш зүгээр хөөмөл бурхан байдаг. Шашны судар байдаг.

1987 онд манай аав Монгол хүн хүнд хэзээ ч ном өгдөггүй. Энэ номын 8 ботийг та нарт харуулахаар авчирсан. Аав энэ номоор 2006 онд Соёлын гавьяат зүтгэлтэн цол авч байсан. Тийм учраас би аавынхаа номыг хэзээ ч өгөөгүй. 8 ш мөнгө аяга бол бүгд аав ээжийнх байгаа. Тэр аяга бүгдэд нь Сэлэнгийн Мандал сумын Зохиолчдын эвлэлийн хорооноос өгсөн байгаа. Танд мөнгөн аяга хэрэгтэй бол би аваад өгье.” гэв.

 

Хариуцагч Г.Бат-Эрдэнийн өмгөөлөгч А.Даваабилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Гэр бүл биш учраас дундын хөрөнгө хуваах талаар ерөөсөө яриагүй, хувиарт хөрөнгө хуваах талаар ярьж байгаа. Энэ талаар бид гэрээ байгуулан эвлэрээд дууссан асуудал. Хоёрдугаарт яг энэ шаардлагаар энэ хэрэг маргаан явж байсан. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан байгаа. 2016 оны 11 сарын 22-ны өдөр буюу 2017 оны 3 сарын 14-ний өдөр бид эвлэрсэн байдаг. Гэтэл та нотариатаас лавлагаа авч байхад банкны бүх хадгаламжийн лавлагаа шаардлага авсан байдаг. Та тэр үед жижиг бүх асуудлаа хаяад 20,000,000 төгрөг дээр эвдэрлийн гэрээ байгуулахаар болж 21,000,000 төгрөгийн үнэтэй машинаа 8,000,000 төгрөгт бодож, 11,600,000 төгрөг өгч 400,000 төгрөгийг энэ хүүхэд 10 хувийн хүүтэй зээл авч нотариатын хажууд таны нүдэн дээр тоолоод өгч байсан. Тэгэхэд та ахиж юм авахгүй, өвийн асуудал ярихгүй гэж хэлж байсан. Өнөөдөр тантай эвлэрсэн ч та маргааш нь нэхэмжлээд явж чадах хүн. Тийм учраас та ёс зүйтэй байх хэрэгтэй. Хавтаст хэргийн 77 дугаар талд авагдсан байгаа. 2018 оны 04 сарын 06-ны өдөр бүх дансны лавлагаа байдаг. Үүнд хамтын данс бөгөөд Р.Ганбат гуайн дангаар эзэмшдэг 10 данс байсан. Тэгэхээр таны ярьж байгаа 109,000,000 төгрөг Р.Ганбат гуайн дангаар эзэмшдэг 1605112498 гэсэн данс байдаг. Төгсгөлийн дугаар нь 8616 буюу хамтын дансыг 01 сарын 23-ны өдөр хаагаад тусд нь данс нээгээд 1605112498 гэсэн дансанд мөнгө хийсэн байгаа. Энэ хүн амьд ахуй цагтаа өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн асуудлаа шийдсэн байхад та яагаад өнөөдөр ингээд маргаан гаргаад байгааг ойлгохгүй байна. Та үүнийг үнэхээр мэдэж байсан юм бол эгчийгээ амьд байхад нь энэ тухайгаа хэлж шийдвэрлэх байсан. Танд энэ дансан дахь мөнгө ямар ч хамааралгүй. Хамааралтай байсан бол Р.Ганбат гуайтай мөн энэ талаар эгчийн мөнгө гээд маргаж болох байсан. Мөн та Р.Ганбат Д.Лхамжав гэдэг хүний хууль ёсны өвлөгч больё гээд 2016 онд шүүхэд хандаж байсан. Гэр бүлийн тухай хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1 дэх хэсэгт зааснаар дагавар хүүхэд байсан ч 1-р өвлөгч, байхгүй тохиолдолд 2-рт өвлөгч байна гэхэд та тэр үед надад өв байхгүй юм байна, би өвөөсөө татгалзая, яалт ч үгүй эгчийн маань нэр байгаа гэж танай эхнэр хүртэл байсан та 2 тэгж хэлж байсан. Би санаж байна. Тэгээд ийм юм ярьж байж болохгүй байх. 2017 оны 03 сарын 14-ний өдөр Р.Ганбат, Д.Лхамжав нарын хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох тухай хүсэлтээсээ бүтэн татгалзаж та бүхэн хоорондоо мөнгө өгч, авалцаж хуваарьт хөрөнгөнөөс хувиа аваад асуудал дууссан байсан. Өөрөө хэлбэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй байсан маргаан юм. ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн дагуу хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Өнөөдөр хэрэг үүсээд 1 жил гаран хугацаанд явж байгаа нь ойлгомжгүй байна. Хариуцагчаар 2 хүн татагдсан байгаа. Гэтэл нэхэмжлэлийн шаардлагаар яг хэнээс нь энэ мөнгийг нэхэмжлээд байгаа нь тодорхойгүй байна. Хавтаст хэргийн 92 дугаар талд авагдсан баримтад ... 2498 тоот данснаас 2016 оны 05 сарын 11-ний өдөр дансны эзэмшигчийг уншиж танилцуулсан. Ганц өвлөгч болох төрсөн хүүхэд нь өвлөж авсан. Та үүнийг битгий андуураарай. Хоёрдугаарт та үнэхээр шуналтай хүсэлт зохигчийн илэрхийлэл гэж үзэж байна. Эвлэрсний дараа дахин нэхэмжлэл гаргаад юм нэхэмжилдэг. Таны нэхэмжилсэн бүх эд зүйлүүдийг танд аваачиад өгсөн байдаг. Тэр нэхэмжлээд байгаа эд хөрөнгө байдаг, байдаггүй нь тодорхойгүй. Мөн Г.БЭ нь номын өр 45,000,000 төгрөг, эмчилгээний зардалд 15,000,000 төгрөг төлсөн байдаг. Нарийн нотлох баримтыг шинжлэн судлахад таны эгч нэг ч төгрөгийн орлого олж байгаагүй, гэртээ сууж тэр хүний ар талыг сайн даагаад явдаг байсан. Зохиогчийн эрхийн мөнгө гэж жилд ОУ-ын холбооноос 10,000,000-аас 20,000,000 гаруй төгрөг орж ирдэг. Энэ мөнгө л хуримтлал болсон байдаг. Хувиарт хөрөнгө яривал уг гарвал нь эдний аавын мөнгө байна. Тэгэхээр та эгчийн маань 50 жилийн хөдөлмөр гэж байгаа бол хамтын амьдралтай байсан хүмүүсийн тус тусдаа хөрөнгө оруулалт гэж өөр зүйл ярих байсан байх. Тэгж яриад яг энэ мөнгө бол Р.Ганбат гэж хүний дангаар эзэмшдэг байсан дансыг энэ хүн өвлөж авсан байгаа. Тийм учраас та Г.БЭэс дахин дахин утгагүй үйлдэл хийхээ болиоч ээ гэж хүсмээр байна. ИХШХШТХ-ийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзах ёстой хэрэг байсан бөгөөд харамсалтай нь өнөөдрийг хүртэл үүсч явж байгаа учраас ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлийн 117.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж хүсч байна. Ш.Б гуай үнэхээр авч болох хөрөнгө байсан бол авах байсан. Гэтэл хуулиар авах ёсгүй зүйлийг авна гээд толгойгоо эргүүлээд яваад байна. Та хувиарт хөрөнгөө авсан.” гэв.

 

Хариуцагч Т.Ба шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төмөрчөдөрийн Ба миний бие тус дүүргийн шүүхэд ирүүлсэн Ш.Баттулгын надад холбогдуулан гаргасан маргаан бүхий иргэний нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:

Д.Лхамжав болон Р.Ганбат нарыг миний бие сүүлийн 2 жил байнгын асарч байсан. Дээрх хоёр хүн нь манай эмээгийнд бага залуу наснаасаа байсан болохоор илүү ойр бөгөөд би 15 настай байхаасаа хойш бид 3 хамт амьдарч байгаад улмаар би гэр бүлтэй болж тусдаа амьдрах болсон.

Д.Лхамжав нь 2016 оны 01-р сарын 06-ны өдөр нас барсан бөгөөд тус ажил явдлыг нь би гардан зохион байгуулж хийсэн. Удалгүй 2016 оны 01-р сарын 29-ний өдөр Р.Ганбат ах маань мөн адил нас барсан. Төд удалгүй хүүхэд нь гэх БЭ гарч ирээд Д.Лхамжавын дүү гэх Ш.Б нар нас барсан хоёр хөгшний эд хөрөнгө дээр маргаж шүүхээр явсан.

Миний бие дээрх хоёр хөгшин нас бархад өөрийн ажлын газраас 10 000 000 төгрөг зээлж, ажил явдалыг нь ямар нэгэн асуудалгүй хийж дуусгасан. Гэтэл одоо шуналаа барьж чадахгүй амьд сэрүүн байхад нь нэг удаа цай чанаж өгч үзээгүй хэрнээ ингэж намайг хариуцагчаар татаж байгаад миний бие туйлын их гомдож байна. Тэр бүү хэл би ажил явдалд нь зарцуулсан мөнгөө хэн хэнээс нь нэхээгүй нь үнэн болно.

Иймд намайг хамтран хариуцагчаар татаж байгаад миний бие туйлын ихээр гайхаж байна. Учир нь дээрх өв хөрөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй атал хамтран хариуцагчаар татаж байх нь ямар ч үндэслэлгүй юм. Нэхэмжлэлд дурдагдсан эд зүйлийн талаар хэлэхэд энэ 2 хүний ажил явдал дуусаагүй байхад надаас энэ бүгдийг нэхэж байсан. Чи яасан луйварчин хүн бэ, би чамайг цагдаад өгнө гэж над руу утастаж хэлж байсан. Би ажил явдал дууссаны дараа өгье гээд нэгдэх өдөр нь эгчийнхээ бүх юмыг авч, хогийн шүүрийг нь хүртэл авч явсан. Нэг ээмгийг нь хүртэл охин нь зүүсэн явж байсан харагдсан. Нэхий дээлийг талийгч хэрэв би өнгөрвөл манай хөгшний нэхий дээлээр миний хөлийг хучаарай гэж хэлж байсан. Тэгээд би өгөхгүй гэсэн чинь юу ярьж байгаа юм гээд өөрсдөө аваад явсан. Мөнгөн аяга гэх зүйлүүд нь бол энэ хүүд байгаа. Бусад нэхэмжилж байгаа зүйлүүдээс өөр юм байхгүй. Энэ хүмүүс портертээ ирээд бүгдийг нь авч явсан. Дансан дахь мөнгөний тухайд талийгч Р.Ганбат гуайн л юм байх. Түүнээс хамтран эзэмшиж байсан асуудлыг би мэдэхгүй.” гэв.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                   

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

                       

Нэхэмжлэгч Ш.Б хариуцагч Г.БЭ, Т.Ба нарт холбогдуулан иргэн /Д.Лхамжав/, /Р.Ганбат/ нарын эзэмшлийн Голомт банкны дансанд байрлах мөнгөн дүн болон Г.БЭ авсан үйлдлийг тогтоолгох, Г.БЭ, Т.Ба нараас 66 648 771/жаран зургаан сая зургаан зуун дөчин найман мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг, /Д.Лхамжавын/ дарханы нэхий дээл, булган малгай, уур, нүдүүр, 30 гаран ширхэг уран зохиолын сэдэвтэй ном зохиолууд, бурханы боть ном 3 ширхэг, хөлдөөгч, 2 ширхэг мөнгөн аяга, босоо суурьтай том толь, 2 000 000 төгрөгийн үнэтэй бурхан гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Г.БЭ нь би Иргэний бүртгэлийн мэдээллийн төвөөс цорын ганц өвлөгч гэдгээ тогтоолгосон гэж маргасан.

 

Хариуцагч Т.Ба нь дээрх өв хөрөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй атал хамтран хариуцагчаар татаж байх нь ямар ч үндэслэлгүй гэж маргасан.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Сартуул овогт Дамдиндоржийн Лхамжав агсан нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр, Мэргэд овогт Ринчингийн Ганбат агсан нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нас барсан болох нь № 0000176144 гэрчилгээний хуулбар, № 0000176871 гэрчилгээний хуулбараар нотлогдож                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        байна.

 

Р.Ганбат агсан нь гэрлэлт бүртгүүлж байгаагүй болох нь 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 45/012012 дугаар Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаагаар нотлогдож байна.

 

Хариуцагч Г.БЭ нь Мэргэд овогт Ринчингийн Ганбат агсны хүү болох нь № 1018 Төрсний гэрчилгээний хуулбар, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 045/000608 дугаар Төрөл садангийн тухай лавлагаагаар нотлогдож байна.

 

Хариуцагч Т.Ба нь Р.Ганбат, Д.Лхамжав агсан нарыг нас барах хүртэл хамт амьдарч байсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба зохигчид энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-т “... хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй.”, 520.1.2-т “энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй ... нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ.” гэж заасан.

 

Нэхэмжлэгч нь Д.Лхамжав агсны дүү гэж тайлбарлаж байх боловч Д.Лхамжав агсны садангийн хүн болох нь нотлогдохгүй байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:”, 3.1.6-д “садангийн хүн” гэж гэрлэгчийн төрсөн ах, эгч, дүү ... тэдгээрийн хүүхдийг;” гэж заасан.

 

Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.6 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь Д.Лхамжав агсны дүү болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т “Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно.”, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “... өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо дараахь баримт бичгийг үндэслэнэ:”, 43.2.1-т “хууль ёсны өвлөгч болохыг нотлох баримт бичиг;” гэж заасан.

 

Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч нь өвлөх эрхийн гэрчилгээг олгох талаар нотариатчид хандсан, нотариатч өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 531 дүгээр зүйлийн 531.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.1 дэх заалтад зааснаар хариуцагч Г.БЭд 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн № 009 Өвлөх эрхийн гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч нь Д.Лхамжав агсны хууль ёсны өвлөгч болох нь баримтаар нотлогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох баримтыг гаргаж өгөх боломжтой байсан байна.

 

Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.6, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.БЭ Голомт банкны дансанд байрлах мөнгөн дүнг авсан үйлдлийг тогтоолгох, хариуцагч Г.БЭ, Т.Баээс 66 648 771/жаран зургаан сая зургаан зуун дөчин найман мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг, нэхий дээл, булган малгай, уур нүдүүр, 30 гаран ширхэг уран зохиолын сэдэвтэй ном зохиолууд, бурхны боть ном 3 ширхэг, хөлдөөгч, 2 ширхэг мөнгөн аяга, босоо суурьтай том толь, 2,000,000 төгрөгийн бурхан гаргуулах нэхэмжлэгч Ш.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.1.6, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.БЭ Голомт банкны дансанд байрлах мөнгөн дүнг авсан үйлдлийг тогтоолгох, хариуцагч Г.БЭ, Т.Баээс 66 648 771/жаран зургаан сая зургаан зуун дөчин найман мянга долоон зуун далан нэг/ төгрөгийг, нэхий дээл, булган малгай, уур нүдүүр, 30 гаран ширхэг уран зохиолын сэдэвтэй ном зохиолууд, бурхны боть ном 3 ширхэг, хөлдөөгч, 2 ширхэг мөнгөн аяга, босоо суурьтай том толь, 2,000,000 төгрөгийн бурхан гаргуулах нэхэмжлэгч Ш.Баттулгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ш.Баттулгын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 579 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    С.ХИШИГБАТ