Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1676

 

     14                                 2022/ШЦТ/1676

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Дэлгэр,

улсын яллагч А.Өсөхбаяр,

хохирогч Л.Цэрэндондог, 

гэрч Д.Банзрагч,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Агар-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн 2206 00000 3051 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт *******-д

             Холбогдсон хэргийн талаар:

    ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Enkanto town хотхоны орчим зам дээр хохирогч Л.Цэрэндондогтой давхар эргэж гэнэт сигнал дуугаргасан гэх асуудлаас болж харилцан маргалдаж түүний нүүрэн тус газарт тусгай зориулалт бүхий товгортой савхин бээлийтэй гараараа хэд хэдэн удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд зүүн хөмсөг, чихний дэлбэнд няцарсан шарх доргилт, дух, эрүү, баруун хацар, зовхи, хамарт зулгаралт, уруулд язрал, цус хуралт, үүдэнд зүүн дээд 2, 3 дугаар шүдний сулрал, зүүн тохойн үений холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тухайн үед би Энканто товер луу эргэдэг уулзвар дээр энэ хүний машинд би мөргүүлэнгээ алдсан. Би өөрөө мотоциклтэй явж байсан. Би мотоциклээс буугаад хохирогчтой учраа олох гэсэн чинь бууж ирээд шууд намайг загнаад цохисон. Би яагаад гэмтээгүй вэ гэхээр мотоциклын хуяг дуулга хамгаалалттай явж байсан. Тиймээс би гэмтэл аваагүй. Бууж ирээд намайг каск сөхсөн байхад эрүүн тус газар цохисон. Цээжинд 3-4 удаа цохисон. Намайг боль гэж хэлэхэд  хохирогч болихгүй байсан. Тэгээд би зөрүүлээд цохисон. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Цэрэндондогийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Энканто товер луу ордог тасархай шугамтай зам дээр би гуравдугаар эгнээнээс дохио өгөөд эргэсэн чинь дүрмээрээ бол шүүгдэгч миний араас эргэх ёстой байтал надтай давхар эргээд мөргүүлэнгээ алдсан. Яг нүүрэнд тулаад зогссон. Би дохиогоо өгөөд тэр үед замын цагдаа зохицуулж байсан. Над руу дохиод эргэ гэхэд нь би эргэсэн. Тэгтэл шүүгдэгч надтай давхар эргээд мөргүүлэнгээ алдахад би сигналдсан. Тэгтэл шүүгдэгч урдаас яагаад байгаа юм бэ гэж бууж ирээд намайг мангасдаад түлхсэн. Хүнтэй дээрэнгүй хүн бусаар харьцдаг хүн байсан. Үений хамгаалалттай, том товруутай бээлийтэй гараараа хүний нүүр рүү хайр найргүй, өрөвдөх сэтгэлгүйгээр хэд хэд цохисон. Би энэ үйлдлийг санаатай гэж бодож байна. Манай ээж ирээд нүрээ яасан юм гэхэд нь санаа зовоод хэлж чадаагүй. Эхнэр намайг л маажсан гэж хүн ойлгоно гэж уурласан. Ясанд нь хүртэл цохисон. Цус нь тогтохгүй байсан. Миний энгэр нил цус болсон. Чихний дэлбээг сэт цохисон. Гэмтэл дээр очиж наалгуулаад боолгуулсан. Тэгээд сорвио арилгуулъя гээд энд арилгахгүй, Солонгост очиж арилгуулахад 10 сая төгрөгийн зардал гарна. Эмчилгээ хийлгэх, буудалд байрлах, онгоцны тийзний зардал гарна. 450.000 төгрөг бол Гэмтлийн эмнэлэгт очиж толгойн томограф болон гарны имра зураг авахуулсан төлбөр. Тэр баримт нь хэрэгт хавсрагдсан байгаа. Хамар болон чихний дэлдэн сэтэрсэн. 2 шүд хөдөлсөн. Хатуу зүйл хазахаар өвдөж байгаа. Сорвио арилгуулмаар байна” гэх мэдүүлэг,

Гэрч Д.Банзрагчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэр өдөр би Ганболдоос юм авах гээд явж байсан. Бид хоёр хоорондоо яриад Энканто товерын тэнд уулзана гэж тохироод би гандангийн урдаас такси бариад очих замд Ганболд мотоциклтэй явж байсан тул надаас түрүүлээд ирсэн. Бид хоёр гурван машины зайтай байсан. Ганболд урд би ард нь явж байсан. Ганболд түрүүлээд эргэхэд цагаан прүсс цаагуур нь эргэсэн. Энкантогоос зүүн тийшээ эргэдэг тал дээр хоёр гурван машины цаана цагаан приүстэй ах гарч ирэнгүүтээ Ганболдын цээжин тус газарт 3 удаа цохиж байхыг би харсан” гэв.

Улсын яллагч хавтаст хэргээс дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Л.Цэрэндондогийн “Би 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд өөрийн эзэмшлийн 65-54 УАМ улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто таун хотхоны руу тасархай шугамаар буцаж ирэхэд мотоциклтой, хар өнгийн савхин куртик, каск өмссөн эрэгтэй давхар эргэж надад мөргүүлэх шахаж урд зогсоход нь сигнал дуугаргаж дохио өгөхөд уг залуу каскаа сөхөж элдэв бусаар хэлж доромжилж ална гэж хэлэхэд нь чи явчих би гэртээ ормоор байна гэж хэлсэн чинь мотоциклыг данхраадаж буухад нь машинаас буугаад чи яах гээд байгаа юм яв гэхэд нүүрнээс базаж түлхэхээр нь чи яаж байгаа юм гэж хэлээд урдаас нь түлхсэн чинь ямар нэгэн үгийн зөрүү байхгүй гарын үе хэсэгтэй товгортой бээлийтэй гараараа нүүр толгой хэсэг рүү нэлээн олон удаа цохиж авахад нь нүүр хэсэг рүүгээ цохиулахгүйн тулд хувцаснаас нь наалдахад битгий куртик урчих чамаас үнэтэй шүү гэж хэлэхэд чамайг явуулахгүй гэж хэлээд нэг гараараа зуурч байгаад нөгөө гараараа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Уг залуу нь намайг цагдаагийн байгууллагад дуудлага өгөх гэж байхад зугтах гэж миний зуурч байсан зүүн гарын үений эсрэг тал руу тохой хэсгээрээ цохиж өвчтэй эвгүй болгосон. Тухайн газарт өөр ямар нэгэн зодоон цохион болоогүй ба уг залуу намайг элдэв бусаар хэлж хэдэн төгрөг авах юм чиний машины хажууд миний мотоцикл 3 дахин илүү үнэтэй гэх мэтээр доромжилсон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-10 дахь тал/,

Гэрч Д.Банзрагчийн “*******ыг эргэх үед Т.Приус 30 загварын цагаан өнгийн тээврийн хэрэгсэл давхар эргэж урд талд нь зогсож, машинаас бадируун эрэгтэй бууж ирээд найз *******ыг цээж хэсэг рүү 3 цохиж авахад нь ******* зөрүүлж толгой, нүүр хэсэг рүү нь цохиж зодолдоход би лам хувцастай явсан учир салгаж чадалгүй хажуугаар гарч явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12880 дугаартай “Л.Цэрэндондогийн биед зүүн хөмсөг, чихний дэлбэнд няцарсан шарх, тархи доргилт, дух, эрүү, баруун хацар, зовхи, хамарт зулгаралт, уруулд язрал, цус хуралт, үүдэн зүүн дээд 2, 3 дугаар шүдний сулрал, зүүн тохойн үений холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Эдгээр гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

Гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан “Таньж олуулах ажиллагаа эхлэхийн өмнө 1-6 хүртэл дугаарласан 6 эрэгтэй хүний эгц урдаас харсан цээж зургийг 2 эгнээгээр зэрэгцүүлэн А4 хэмжээтэй цаасан дээр байрлуулав. Уг 1-6 хүртэл дугаарласан 6 эрэгтэй хүний зургийн 3 дугаартай хэсэгт Хишигдэлгэр овогтой Ганболдын гэрэл зургийг байрлуулав. Үүнийг гэрэл зургаар бэхжүүлэн авч, хохирогч Л.Цэрэндондогийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 208 тоот өрөөнд оруулж 1-6 дугаартай 6 эрэгтэй хүний зургаас 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 19 цагийн орчимд маргаан үүсгэж биед нь халдсан хүн байгаа эсэхийг тодруулж асуухад уг 6 хүний гэрэл зургаас 3 гэсэн дугаар дээр байрлагдсан хүн тухайн үед намайг гарын үе хэсэгтэй товгортой бээлийн өмссөн гараараа нүүр толгой хэсэг рүү нэлээн олон удаа цохисон залуу байна гэж зааж байв” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,  

 

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Д.Агар-Эрдэнэ хавтаст хэргээр  дараах бичмэл нотлох баримтыг танилцуулж шинжлэн судлав. Үүнд:

“Иргэн Л.Цэрэндондог нь 2022 оны 09 дүгээр сарын 18-19 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энканто хотхон руу орох гарцан дээр бусдад зодуулсан гэх гомдолд иргэн Л.Цэрэндондогийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосугай” гэсэн мөрдөгчийн иргэний нэхэмжлэгч тогтоосон тогтоол /хавтаст хэргийн 4 дэх тал/,

Хохирогч Л.Цэрэндондогийн “Миний хувьд Солонгос улсад очиж нүүрэнд учирсан сорвийг арилгах эмчилгээ хийлгэх хүсэлтэй байгаа ба яг хэдэн төгрөгийн эмчилгээ болохыг бол мэдэхгүй байна. Би Солонгос улсад эмчлүүлэхэд 10.000.000 төгрөгийн эмчилгээ болно гэж бодож байна. Маргаан болсны дараа 99184773 дугаарын утаснаас дүү Ширнэндоржийн 99118438 дугаарын утас руу залгаж болсон асуудлын талаар хэлж дуудахад ирсэн ба миний нүүр хэсэгт ямар гэмтэл учирсан болохыг харсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

“Л.Цэрэндондогийн эмчилгээ хийлгэсэн гэх нийт 448.000 төгрөгийн 3 ширхэг баримтыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 10 цаг 45 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв” гэсэн Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-17 дахь тал/,

Гэрч Д.Банзрагчийн “Найз *******ын хувьд уг эрэгтэйн биед эхэлж халдсан зүйл байхгүй. Харин уг эрэгтэй цохиж авахад хариу үйлдэл үзүүлж зодож цохисон ... *******ыг эргэх үед Тоёота приус 30 маркийн цагийн өнгийн тээврийн хэрэгсэл давхар эргэж урд талд зогсож машинаас бадируун эрэгтэй бууж ирээд найз *******ын цээж хэсэг рүү 3 цохиж авахад” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 19 дэх тал/,

*******ын гэрчээр өгсөн “Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл чигээрээ явж байгаад ямар нэгэн дохио өгөлгүй буцаж эргэж намайг мөргөх шахахад урд талд зогсож байгаад наад замаараа аятайхан яв хүн мөргөлөө гэхэд элдэв бусаар хэлж машинаас буухад нь урдаас нь бууж очиход миний цээж хэсэг рүү 2 удаа, нүүр хэсэг рүү 3 удаа цохиж авахаар нь зөрүүлж нүүр хэсэг рүү нь үе хэсэгтэй томбогортой бээлий өмссөн гараараа 3 удаа цохиж авахад нөгөө ах цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 12880 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Шүүгдэгч *******ын хувийн байдалтай холбоотой

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 30 дахь тал/,

иргэний үнэмлэхний лавлагаа /хавтаст хэргийн 29 дэх тал/,

байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/,

жолоочийн лавлагаа мэдээлэл /хавтаст хэргийн 32 дахь тал/,

нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 36 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, талуудын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулсан болно.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

  1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн оролцогч нарын мэдүүлэг, талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үнэлээд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбар зэргийг харгалзан хууль зүйн дүгнэлт хийлээ.

            Шүүгдэгч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Enkanto town хотхоны орчим зам дээр хохирогч Л.Цэрэндондогтой давхар эргэж гэнэт сигнал дуугаргасан гэх асуудлаас болж харилцан маргалдаж түүний нүүрэн тус газарт тусгай зориулалт бүхий товгортой савхин бээлийтэй гараараа хэд хэдэн удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд зүүн хөмсөг, чихний дэлбэнд няцарсан шарх доргилт, дух, эрүү, баруун хацар, зовхи, хамарт зулгаралт, уруулд язрал, цус хуралт, үүдэнд зүүн дээд 2, 3 дугаар шүдний сулрал, зүүн тохойн үений холбоосны суналт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Л.Цэрэндондог, гэрч Л.Банзрагч, яллагдагч, шүүгдэгч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар Л.Цэрэндондог нь авто машин, ******* нь мотоцикл жолоодож явахдаа замын уулзвар дээр давхар эргэсэн, осол гарах шахсан, хэн аль нь сандарсан бухимдсан, тээврийн хэрэгслээсээ бууцгаасан, ******* нь зориулалтын хамгаалалт бүхий хувцас хэрэглэлтэй явсан, бие биеэ буруутгаж харилцан маргалдсан, хэл үгээр доромжилсон, зууралдах, түлхэх үйлдлээр халдсан, улмаар ******* нь Л.Цэрэндондогийн нүүр, толгой хэсэгт хэд хэдэн удаа хамгаалалтын бээлийтэй гараараа цохисон, Л.Цэрэндондогийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан гэх үйл баримт тогтоогдлоо.        

            Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.

Шүүгдэгч  ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг хүч хэрэглэн халдсан үйлдлийг хууль бус шинжтэй, нийгэмд аюултайг мэдсээр атлаа хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учрахад зориуд хүргэсэн тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч *******ын хохирогч Л.Цэрэндондог руу чиглэсэн хүч хэрэглэсэн идэвхтэй санаатай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

Хохирогч Л.Цэрэндондог нь мэдүүлэгтээ эх сурвалжаа тодорхой зааж чадсан, мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчөөгүй, тус мэдүүлэг нь давхар гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, *******ын үйлдэл нь хохирогчийн биед учирсан эрүүл мэндийн хохиролтой шууд шалтгаант холбоотой гэж шүүх дүгнэв.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйлчлэл нь хэргийн бодит байдалтай тохирсон байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийн хувьд олон нийтийн газарт биеэ зохистой авч явах харилцааны соёл, зан төлөв хэвшээгүй байдал, түргэн уураар, хүчээр асуудлыг шийдвэрлэдэг хандлага зэрэг нь гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлжээ. 

             Хэрэгт хохирогч Л.Цэрэндондогийн эрүүл мэндтэй холбоотой 448.000 /дөрвөн зуун дөчин найман мянга/ төгрөгийн хохирол баримтаар тогтоогдсон бөгөөд үүнийг шүүгдэгч ******* нь нөхөн төлсөн байх тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

            Хохирогч Л.Цэрэндондогоос дээрх гэмт хэргийн улмаас нүүрэн тус газарт учирсан сорвийг арилгуулахтай холбоотой 10.000.000 /арван сая/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч баримтаар тогтоогдоогүй байна.

Иймд хохирогч Л.Цэрэндондов нь гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу *******оос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэх нь зүйтэй.     

     

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчим,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан Гэм буруугийн зарчмыг тус тус удирдлага болгон

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзнэ.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******од 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бол шүүгдэгч *******ын өмгөөлөгч Х.Агар-Эрдэнээс хохирогч Л.Цэрэндондог нь шүүгдэгч *******ын биед түрүүлж халдсан байдлыг “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтаглан гэмт хэрэг үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, улсын яллагчийн санал болгосон торгох ялыг оногдуулж, уг ялаас чөлөөлөх санал гаргасныг дурдах нь зүйтэй.

            Гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч, шүүгдэгч нарын хэн алиных нь харилцаа хандлага, харилцан бие биеэ үг хэлээр доромжилсон, зууралдах, түлхэх зэргээр халдсан үйлдэл зэрэг нь нөлөөлсөн гэж шүүх дүгнэсэн тул өмгөөлөгчөөс гаргасан саналыг хүлээн авах боломжгүй.

            Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаарна.

  Шүүхээс шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэх хувийн байдал, олон нийтийн газарт үл ялих зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хор уршиг арилаагүй гэх шинж чанар, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирол төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

  *******ын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******од шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд төлөхөөр тогтоосугай.

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

  5. Хохирогч Л.Цэрэндондог нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, гэм хорын хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар *******оос нэхэмжлэх эрхтэйг тэмдэглэсүгэй.

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

  7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ