Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 04

 

2019 оны 01 сарын 22-ны өдөр                     Дугаар 2019/ДЗШШ/04       Баруун-Урт

 

Б.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч О.Баатарсүх даргалж, шүүгч Д.Байгалмаа, С.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “Б” танхимд хийв. 

 

Шүүх хуралдаанд: 

прокурор Б.Догмиддорж /онлайнаар/, 

шүүгдэгч Б.Т, М.Т, Г.Т /онлайнаар/,

шүүгдэгч Т, Б нарын өмгөөлөгч Ө.Батболд /онлайнаар/,

шүүгдэгч Тэмүүжингийн өмгөөлөгч М.Энхтуяа /онлайнаар/,

нарийн бичгийн дарга С.Бат-Очир нар оролцов.

 

Сүхбаатар аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 304 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлээр, шүүгдэгч Б.Т, М.Т, Г.Т, Б.Б нарт холбогдох эрүүгийн 201711000104 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  1. Монгол Улсын иргэн, 1989 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, эко-байгаль хамгаалагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хэрлэн сумын 9 дүгээр багийн 8-56 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорнод аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 255 цагийн хугацаагаар   албадан   ажил   хийлгэх   ялаар   шийтгүүлсэн, Б.Т 

 

2. Монгол Улсын иргэн, 1990 онд  Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 29 настай, дээд боловсролтой, Ургамал хамгаалал хорио цээрийн үнэлгээчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, аавын хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн 24-65 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэлгүй, М.Т 

 

3. Монгол Улсын иргэн, 1991 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн 5-40 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Т 

 

4. Монгол Улсын иргэн, 1995 онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 24 настай, дээд боловсролтой, геологич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Дархан-Уул аймгийн 14 дүгээр багийн 1а-48 тоотод оршин суудаг, улсаас авсан шагналгүй, ял шийтгэлгүй, Б.Б /РД РЭ95102710/,

 

 Шүүгдэгч Б.Т, М.Т, Г.Т нар нь 2017 оны 03 сарын 04, 10-ны өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэр дэх “Я” клубт хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис болох тетрагидроканнабинолыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар авч хадгалсан, 

 

Шүүгдэгч Б.Т, М.Т нар нь 2017 оны 11 дүгээр сарын 16, 17, 18-ны өдрүүдэд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “О” буудлын 101 тоотын 00-ын өрөөнд “тетрагидроканнабинол” нэршилтэй хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, хадгалсан, 

 

Шүүгдэгч Б.Т, М.Т, Г.Т нар нь 14 насанд хүрээгүй С.Мыг Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт “Я” нэртэй клубт 2017 оны 03 дугаар сарын 02, 06, 10-ны өдрүүдэд хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис болох тетрагидроканнабинолыг өгч байнгын мансууралд татан оруулсан,

 

Шүүгдэгч Б.Б нь Дархан-Уул хотоос тетрагидроканнабинол гэх нэршилтэй хориглосон, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авч, улмаар 2017 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Дорнод аймаг руу Б.Иээр дамжуулж С.Хд илгээсэн, мөн 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах их сургуулийн гудамжны урд талд байрлах айлуудын хашааны баруун талаас тетрагидроканнабинол гэх нэршилтэй хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

 

Прокуророос Б.Т, М.Т, Г.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Б.Бд мөн хуулийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сүхбаатар аймаг дахь cум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 304 дугаар захирамжаар:  Яллагдагч М.Т, Б.Т, Г.Т нар нь С.М гэх 14 насанд хүрээгүй хүүхдийг хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг 2 буюу түүнээс дээш удаа өгч байнгын мансууралд татан оруулсан гэж яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн. Хохирогч С.М хэрэг үйлдэгдэх үед хэдэн настай байсан, одоо хэдэн настай болох, түүнийг тухайн үед 14 насанд хүрээгүй байсан гэдгийг шалгаж тогтоогоогүй байна. Тухайлбал; бага насны хохирогчийн насыг төрсний гэрчилгээ, иргэний бүртгэлийн газрын лавлагаа, эсвэл шинжээчийн дүгнэлтээр тогтоох шаардлагатай. Гэтэл хэрэгт хохирогчийн өөрийнх нь хэлснээр насыг тоолсон нь хууль зөрчсөн байна. Яллагдагч М.Т, Б.Т, Г.Т нарын мөрдөн байцаалтанд өгсөн: “Түүний бие бялдар байгаа байдлыг харахад 18 нас хүрсэн гэж ойлгосон. Тэгээд ч Мөнхжаргал тухайн үед өөрийгөө 19 настай гэж танилцуулж байсан...” гэх мэдүүлгүүдээс дүгнэлт хийхэд хохирогчийн насыг тогтоох шаардлагатай байна. Дээрх ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж, яллагдагч Г.Т, Б.Б, М.Т, Б.Т нарт холбогдох эрүүгийн хэргийг Дорнод аймгийн прокурорын газарт буцаахаар шийдвэрлэжээ.  

 

Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Догмиддорж эсэргүүцэлдээ: Тус прокурорын газраас яллагдагч Б.Т, М.Т, Г.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 5/25А дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирогч М.М нь гэмт хэрэг үйлдэгдэх үед 14 нас хүрээгүй байсан болох нь хохирогчийн мэдүүлгээр тогтоогддог. Түүнд худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх талаар тайлбарлаж, мэдүүлэг авахад өөрийн хувийн байдлууд болох төрсөн газар, он, сар, өдөр зэргийг эргэлзэлгүйгээр хэлсэн. Эрүүгийн 201711000104 дугаартай хэргээс 201711000108 дугаартай хэргийг тусгаарласан бөгөөд уг хэрэгт хохирогч М.Мын насны тухай бичиг баримт эх хувиараа үлдсэн ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хохирогч М.Мыг биечлэн оролцуулж, түүний насыг тогтоосон иргэний бүртгэлийн газрын лавлагаа, төрсний гэрчилгээ зэргийг нотлох баримтаар шинжлэн судалж, хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой. Шүүхээс 2017 оны 03 дугаар сард үйлдсэн гэмт хэргийг 2017 оны 11 дүгээр сард үйлдсэн гэмт хэрэгтэй нэгтгэж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлэх байтал тус тусад нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь ойлгомжгүй байна гэсэн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч Б.Б нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. 

 

Прокуророос Б.Т, М.Т, Г.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлийн 1, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр, Б.Бгийн үйлдлийг энэ хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. 

Яллагдагчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.2 дугаар зүйлд заасан “хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах” гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа тохиолдолд хохирогчийн насыг эргэлзээгүйгээр тогтоох нь хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой. Зөвхөн хохирогчийн мэдүүлэг, түүний биеийн байцаалт, мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэлийг үндэслэн хохирогчийн насыг тогтоох нь  хангалтгүй юм. Гэтэл энэ хэрэгт хохирогчийн төрсний гэрчилгээг хавсаргаагүй, төрөлтийн лавлагааны канондсон хуулбарт “хуулбар үнэн” тэмдэг дарж баталгаажуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д “Хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримтат мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно.” гэж заасан шаардлагыг хангахгүй байна /4-р хавтас 7/. Иймээс энэ хэрэгт хохирогчийн төрсний гэрчилгээг эсхүл төрөлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг бичиг баримтуудыг дээрх хуульд заасан журмын дагуу гаргуулан авч, хохирогчийн насыг тогтоох шаардлагатай талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. 

 

Мөн прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарын үйлдэл болгоныг тус тусад нь зүйлчилж бичсэн нь ойлгомжгүй байгааг анхаарах нь зүйтэй бөгөөд шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын “Яллагдагч Б.Т, Г.Т, М.Т нарт холбогдох танхайрах, бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэргүүдийг нэгтгүүлэх тухай” хүсэлтийг хуульд заасан журмын дагуу прокурор эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой юм. Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр шийдвэрлэв. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай”  2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 304 дүгээр захирамжийг хэвээр үлдээсүгэй. 

 

2. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.БААТАРСҮХ

                ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

         

С.ОЮУНТУНГАЛАГ