Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 221/ШШ2024/0016

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч З.Ганзориг

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Нэхэмжлэгч: Б.Х

Хариуцагч: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо

Гуравдагч этгээд: А нам

Нэхэмжлэлийн шаардлага: “А намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад нэр бичигдсэн Б.Х ыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С

Хариуцагч Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Э

Иргэдийн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 221/2024/0027/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Х  нь Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “А намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад бичигдсэн Б.Х ыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгуулах”-аар маргасан байна.

2. Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5-д Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн намын Их Хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага хуралдаанаараа хэлэлцэж, нууцаар санал хурааж, олонхын саналаар шийдвэрлэнэ” гэж заасны дагуу Үндэсний бодлогын хорооны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад бичигдсэн нэр дэвшигчдийг бүртгүүлэхээр шийдвэрлэсэн боловч Сонгуулийн ерөнхий хороо бүртгэх тухай шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүйн улмаас эрх, ашиг сонирхол нь шууд хөндөгдөж байна.

2.1. А намын Үндсэн дүрэмд зааснаар Үндэсний бодлогын хороо нь намын төлөөллийн төв байгууллага бөгөөд төрийн сонгуульд оролцох нэр дэвшигчдийг тодруулах сонгуулийн байгууллагад хүргүүлэх эрхтэй бүтэц тул Үндэсний байгууллагад хүргүүлэх эрхтэй бүтэц тул Үндэсний бодлогын хорооноос хүргүүлсэн хуульд заасан шаардлага хангасан нэр дэвшигчдийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэх үүрэгтэй. Иймд нэхэмжлэл гаргах эрх бүхий нэхэмжлэгч мөн гэж үзэж байна.

2.2. Үндэсний бодлогын хороо нь Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөрт багтаан хурлаа хийж, 09 дүгээр тогтоол батлан, түүний хавсралтад нэр дэвшигчдийг бичсэн. Мөн А намын Үндсэн дүрмийн 4.3.2-д “Хурлын батлагдсан шийдвэрт тамга дарж дараах албан тушаалтан гарын үсэг зурна” гээд 4.3.2.1-т “Бүх шатны намын байгууллагын шийдвэрийг баталгаажуулах эрх, үүрэг бүхий албан тушаалтан тогтоолд гарын үсэг заавал зурна. Ийнхүү зураагүй нь уг тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй” гэж тус тус заасан. Үндэний бодлогын хорооны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дугаартай тогтоолд Үндэсний бодлогын хорооны дарга Ж.Б, Тэргүүлэгчид болох Б.Г, Ж.Б нар гарын үсэг зурсан. Харин О.Ц, Д.А нарын Тэргүүлэгчид гарын үсэг зураагүй нь уг тогтоолыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.

2.3. Улмаар Үндэсний бодлогын хорооны 09 дүгээр тогтоолыг хуульд заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, нэр дэвшүүлэгчийн баримт бичиг хуурамч болохыг нь шүүх тогтоосон, хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг тохиолдолд нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах шийдвэр гаргаж болохоор зохицуулсан. Тухайлбал, хуульд заасан хугацаанаас өөр хугацаанд буюу 05 дугаар сарын 14-ний өдрөөс өмнө, эсхүл 05 дугаар сарын 20-ны өдрөөс хойших цаг хугацаанд нэр дэвшүүлсэн, эсхүл нэр дэвшүүлсэн тогтоолд өөрчлөлт орсон, өөр хүн сольсон гэх зэрэг үйл ажиллагаа нь хуульд заасан хугацаанаас өөр хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулсан гэсэн үндэслэлд хамаарна.

2.4. Дээр дурдсан нөхцөл байдлуудаас дүгнэхэд хариуцагчийн эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг илтэд зөрчсөн, үндэслэлгүй буюу хууль бус байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу Үндэсний бодлогын хорооны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад бичигдсэн Б.Х ыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

3. Хариуцагч Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь хариу тайлбартаа:

3.1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар нэр дэвшүүлсэн нам, эвсэл нь нэр дэвшүүлэх ажиллагааны талаарх хуульд заасан хугацаа дууссан өдрөөс хойш тав хоногт багтаан нэр дэвшүүлсэн тухай хуралдааны шийдвэр, сонгуулийн тойрогт нэр дэвшигчдийн жагсаалт болон жагсаалтаар нэр дэвшүүлсэн нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг холбогдох бусад баримт бичгийн хамт нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. А намаас 2024 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13:05 цагт А намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “А намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай” 32 дугаар тогтоол болон уг тогтоолын 1, 2 дугаар хавсраптаар тойрогт болон жагсаалтаар нэр дэвшигч 126 хүний нэрс болон хуульд заасан холбогдох баримтыг тус хороонд ирүүлсэн. Мөн өдөр иргэн С.Б оос тус хороонд хандаж Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан хүсэлтэд А намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай” 09 дүгээр тогтоол гэх баримт болон уг баримтын 1, 2 дугаар хавсралтаар тойрогт болон жагсаалтаар нэр дэвшигч 126 хүний нэрсийг хавсарган тус Хороонд ирүүлсэн.

3.2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо нь А намаас албан ёсоор зөвхөн нэг баримтыг буюу Үндэсний бодлогын хорооны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тогтоол болон уг тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар тойрогт болон жагсаалтаар нэр дэвшигч 126 хүний нэрс болон хуульд заасан холбогдох баримтыг хүлээн авсан бөгөөд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.11-т заасны дагуу хүлээн авсан баримт бичгийг 7 хоногийн дотор нягтлан шалгаж бүртгэх, эсэх асуудлыг шийдвэрлэнэ. Иргэн С.Б-с тус Хороонд ирүүлсэн өргөдөл нь хэдийгээр мөн хуулийн 32.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн баримт биш боловч А намаас хуульд заасны дагуу ирүүлсэн баримтыг нягтлан шалгахтай шууд холбоотой тул тус Хорооны 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/390 дугаар албан бичгээр А намд хандаж уг асуудлаар албан ёсны тайлбар, тодруулгыг авсан болно. Уг албан бичгийн хариуд А намын дарга Л.Г-с 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/134 дүгээр албан бичгээр тус хороонд ирүүлсэн тайлбарт “А намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 32 дугаар тогтоолоор нийт 126 хүнийг нэр дэвшүүлж, энэхүү тогтоолыг хуульд заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Энэхүү тогтоол нь Үндэсний бодлогын хорооны нууц санал хураалтын дүн болон тооллогын комиссын шийдвэрт үндэслэсэн болно. Мөн тэргүүн дэд дарга С.Б нь А намыг Сонгуулийн өрөнхий хороонд төлөөлөх эрх бүхий этгээд биш болно” гэж дурдсан байна.

3.3. А намаас 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13:05 цагт А намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “А намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай” 32 дугаар тогтоол болон уг тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар тойрогт болон жагсаалтаар нэр дэвшигч 126 хүний холбогдох баримтыг нягтлан шалгаж бүртгэх эсэх асуудпыг тус хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр шийдвэрлэсэн бөгөөд А намаас тус хороонд ирүүлсэн 32 дугаар тогтоолд иргэн Б.Х ын нэр байхгүй тул Сонгуулийн ерөнхий хороо түүнийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэх боломжгүй.

3.4. Иймд нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээд А нам шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

4.1. Нэхэмжлэгч Б.Х  нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

5. Иргэдийн төлөөлөгч: “...Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. А намын Үндэсний бодлогын хорооны 32 дугаар тогтоолыг үндэслэлтэй, учир нь намын даргын А намын Үндэсний бодлогын хорооны 32 дугаар тогтоол үнэн зөв талаар тодорхойлолт өгсөн байх тул үүнийг үндэслэсэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг зөв” гэж дүгнэлт гаргав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б.Х  анх “А намын Үндэсний бодлогын хорооны 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад бичигдсэн нэр дэвшигчид болон Б.Х ыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг тус шүүхээс 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, нэхэмжлэгч Б.Х  нэхэмжлэлийн шаардлагаа “А намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоолд заасны дагуу Б.Х  намайг нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах гэж тодруулсан тул шүүх нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

2. Шүүх хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбарт үндэслэн дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2.1. Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбараас үзвэл, А намын Үндэсний бодлогын Хорооны хурлын 2024 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн “2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчийг батлах тухай” 09 дүгээр тогтоолын хавсралтын хамт А намын тэргүүн дэд дарга С.Б өөрт холбогдох материалын хамт хавсарган Сонгуулийн ерөнхий хороонд, А намын дарга Л.Г нь 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай” 32 дугаар тогтоолыг хавсралт болон хавсралтанд дурьдсан нэр дэвшигч нарын материалын хамт Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 01/132 дугаар албан бичгээр тус тус хүргүүлсэн байна.

2.2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д Нам, эвсэл Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөхөө илэрхийлэн, сонгуульд оролцох тухай зөвхөн нэг хүсэлтээ санал авах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ”, 26 дугаар зүйлийн 26.2-т “Сонгуульд оролцох хүсэлтэд нам, эвслийн дарга гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ даран баталгаажуулсан байна. Эвслийн тухайд эвсэлд нэгдэн орсон бүх намууд тамга /тэмдэг/ даран баталгаажуулна”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам, эвслийг бүртгэхдээ тэдгээрийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгана” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 1/390 дүгээр албан бичгээр А намаас тайлбар гаргуулахаар албан бичгийг хүргүүлжээ.

2.3. Уг албан бичигт “... А намын тэргүүн дэд дарга С.Б оос тус Хороонд гаргасан хүсэлтэд А намын Үндэсний бодлогын хорооны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийг батлах тухай” 09 дүгээр тогтоол болон уг тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар тойрогт болон жагсаалтаар нэр дэвшигч 126 хүний нэрс бүхий баримтыг хавсарган тус Хороонд ирүүлсэн байна. Энэхүү тогтоолд Хуралдаан даргалагч Ж.Б болон тэргүүлэгч Б.Г, Ж.Б нар гарын үсэг зурсан. 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр ирүүлсэн 09 болон 32 дугаар тогтоолуудын хавсралтанд нийт 30 хүний нэрс дараалалд өөрчлөлттэй” зэргийг дурдаж тайлбар авахаар хүргүүлэхэд,  А намын дарга Л.Г 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдөр 01/134 дүгээр албан бичгээр хариу хүргүүлсэн байна.

2.4. Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга 2023 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Намын бүтэц, зохион байгуулалт, удирдлагын тогтолцоог энэ хуульд заасны дагуу намын дүрмээр зохицуулна” гэж, А намын үндсэн дүрмийн 5.17.5-д Намын даргын эрх”, 5.17.5.1-д “Арчилсан намыг намын дарга” төлөөлнө гэж заажээ.

2.5. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т “Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох тухай нам, эвслийн баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногт багтаан сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх тухай шийдвэр гаргана”, 28.3-д “Дараах шаардлагыг хангасан нам, эвслийг бүртгэнэ”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчдийг бүртгэж, үнэмлэх олгоно”, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлыг хуралдаанаараа хэлэлцэж, Хорооны нийт гишүүний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд түүнд Хорооны дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж заасны дагуу А намаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн хавсралтад дурдсан 125 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгохоор шийдвэрлэжээ.

2.6. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл, хариуцагч Сонгуулийн ерөнхий хороо нь Б.Х ыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй бөгөөд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн А намын Үндэсний Бодлогын Хорооны хурлын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн “А намаас Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай” 32 дугаар тогтоолын дагуу Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 63 дугаар тогтоол гаргаж, А намаас Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн 125 хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, үнэмлэх олгосон нь хуульд нийцсэн, уг тогтоолын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж дүгнэх үндэслэлгүй.

2.7. Өөрөөр хэлбэл А намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол болон 32 дугаар тогтоолын аль нь албан ёсны шийдвэр байсан эсэхийг шүүх шалган тогтоож, дүгнэлт хийхгүй, энэ талаарх маргааныг намын эрх бүхий байгууллага хянан шийдвэрлэх бөгөөд Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой буюу сонгуульд нэр дэвшүүлэхтэй холбоотой маргаан байна.

2.8. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж заасан бөгөөд А намын даргын 2024 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 01/134 дүгээр албан бичгээр Сонгуулийн ерөнхий хороонд ... А намын үндэсний бодлогын хорооны 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн А намаас “Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэх тухай” 32 дугаар тогтоол нь Үндэсний бодлогын хорооны нууц санал хураалтын дүн, тооллогын комиссын шийдвэрт үндэслэсэн … С.Б  нь А намыг төлөөлөх эрх бүхий этгээд биш болно” гэх албан бичгийг хүргүүлсэн байгаа энэ тохиолдолд хариуцагч Сонгуулийн ерөнхий хороог эс үйлдэхүй гаргаж, шийдвэрлэлгүй орхигдуулсан гэж үзэх хууль зүйн боломжгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... А намын Үндэсний бодлогын хорооны 09 дүгээр тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлсэн. Хороо нь С.Б оос тайлбар, тодруулга аваагүй нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

2.9. Харин шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн “...Нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна. А намын Үндэсний бодлогын хорооны 32 дугаар тогтоолыг үндэслэлтэй, учир нь намын даргын А намын Үндэсний бодлогын хорооны 32 дугаар тогтоол үнэн зөв талаар тодорхойлолт өгсөн байх тул үүнийг үндэслэсэн Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг зөв” гэх дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож хүлээн авсан болохыг тэмдэглэв.

2.10. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Б.Х ын А намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад бичигдсэн Б.Х ыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 113 дугаар зүйлийн 113.1, 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2, 28.3, Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга 2023 он/-ийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Х аас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан “А намын Үндэсний бодлогын хорооны хурлын 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр тогтоол, түүний хавсралтад нэр бичигдсэн Б.Х ыг 2024 оны Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                          З.ГАНЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН