Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 09

 

 

Г.Нямдэмбэрэлийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

 

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2017/00490 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн 2 дугаар 60 айлын орон сууцны 19 тоотод оршин суух, Шарнууд овогт Гончигийн Нямдэмбэрэлийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 24-17 тоотод оршин суух, Шаадай овогт Цогтбаярын Долгормаад холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Нямдэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Чинбат, нарийн бичгийн даргаар Ц.Энхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр сэргээлгэх тухай.

 

            Нэхэмжлэлийн агуулга: Ховд аймгийн Үенч сумын Нийгмийн даатгалын хэлтэст ажиллаж байсан Ц.Долгормаатай холбоотой хэрэг гурван шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байтал энэ дундуур намайг хүнээс авилга авсан, мөн Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргад өргөдөл гаргасан байсан. Намайг саяхан Улаанбаатар хот руу семинарт яваад ирэхэд хариуцагчийн асуудал 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар эцэслэгдэн шийдвэрлэгдсэн байтал яамны сайдад мөн үндэслэлгүйгээр өргөдөл гаргасан байсан. Иймд миний бие нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандаж нэхэмжлэлээ гаргасан байгаа....Би өргөдлөө хуулийн хэлтсээс авсан бөгөөд Нийгмийн даатгалын Ерөнхий газраас зохион байгуулсан 2015 он 3 сарын 23-ны өдрийн зөвлөгөөнөөр миний нэр дээр өргөдөл очсон байсан бөгөөд намайг орон нутгийн нийгмийн даатгалын байцаагч нарын дунд буюу 500 гаруй хүний өмнө мөнгө идсэн асуудал гарсан талаар Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга хэлсэн. Намайг мессежээр дарамталсан....Миний талаар хариуцагч манай сумын байцаагч нар болон зах дээгүүр гараад хэлээд явдаг. н.Цэцэгээгийн дэвтэр дээр гарын үсэг зурж хуурамчаар тогтоолгоод 500,000 төгрөг авсан, мөн эдийн засгийн цагдаад намайг авилга авсан нь тогтоогдсон гэж нэр хүндэд халдсан....Нийгмийн даатгалын газрын бүх системийн хүрээнд миний нэр төрд халдсан....Миний зүгээс миний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хамт олны өмнө Ц.Долгормаагаар уучлалт гуйлгахыг хүсэж байна гэв.

 

            Хариуцагчийн хариу тайлбар: Г.Нямдэмбэрэл нь намайг 2016 оны 01 дүгээр сарын 15-нд гурван есийн эд хүйтэн дунд 2 настай хөхуүл хүүхэдтэй байхад минь ажлаас халж, амьдрал ахуй сэтгэл санаа, эд материалын хувьд хохироосон тул энэ тухай Нийгмийн даатгалын Ерөнхий газрын дарга Г.Мэндбаярт гомдол гаргаж шүүхэд нэхэмжлэл өгсөн. Үүнийг Г.Нямдэмбэрэл нь өөрийнхөө нэр төрийг гутаасан гэж үзэж нэр төрөө сэргээлгэхээр өргөдөл гаргасан....Г.Нямдэмбэрэлийн нэр төрийг гутаасан талаар нэг ч өгүүлбэр алга байна. Хүн өөрийнхөө хохироосон эрхийг хамгаалах талаар холбогдох байгууллагад гаргасан өргөдөл гомдол албан тушаалтнуудын эрхэм нэр төрийг гутаасан гэж үзээд байвал том жижиг тушаалтан эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг хууль гэж байхгүй.Би Нямдэмбэрэлийн нэр төр алдар хүндийг яаж ямар арга замаар гутаасан талаар нотлох баримттай тодорхой зүйлийг гаргаж өгөхийг хүсэж байна гэжээ.

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2017/00490 дугаар шийдвэрээр:”1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Нямдэмбэрэлийн нэхэмжлэлтэй Ц.Долгормаад холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн хамт олны өмнө Ц.Долгормаагаар уучлалт гуйлгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Нямдэмбэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. гэж шийдвэрлэжээ.

 

            Нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүйд гомдолтой байна. Хариуцагч Ц.Долгормаа нь нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Г.Мэндбаярт өргөдөл гаргаж, улмаар тус өргөдөлдөө авилга авсан нь эдийн засгийн албаныхан баталсан байгаа гэж бичсэн нь өргөдлөөр нотлогдож байх боловч мэдээллийн тарсан хүрээ тодорхойгүй, ямар хүрээнд тараагдсан, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад өргөдөл бичсэнээр Г.Нямдэмбэрэлийн нэр төр, алдар хүнд хэрхэн ямар байдалтай болж гутаагдсан гэдэг нь тодорхойгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэжээ. Нийгмийн даатгалын газрын бүх системийн хүрээнд миний нэр төрд халдсан. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр хэрэгсэлээр няцаах үүрэгтэй гэж заажээ. Хариуцагч Ц.Долгормаа нь нэхэмжлэгч Г.Нямдэмбэрэл миний нэр төр, ажил хэргийн нэр хүнд гутаан тараасанд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “ шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэл, нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн тайлбараас үзвэл, нэхэмжлэгч нь  хариуцагч Ц.Долгормаа нь 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Г.Мэндбаярт гаргасан өргөдөлдөө Г.Нямдэмбэрэл намайг “бусдаас авилга” авсан, “нийгмийн даатгалын албан хаагчийн ёс зүйн дүрэм зөрчсөн төрийн албан хаагч” гэсэн илт худал мэдээг тараасан тул нэр төр,алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, мэдээ тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг Ц.Долгормаад даалгах” тухай шаардлагыг  хариуцагч Ц.Долгормаад холбогдуулан гаргажээ. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “нэр төр,алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх, Ховд аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтсийн хамт олны өмнө Ц.Долгормаагаар уучлалт” гуйлгахыг хүсэж байна гэж тайлбарласан нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзах, өөрчлөх агуулгатай бус, харин анх шүүхэд гаргасан  “мэдээ тараасан арга хэрэгслээр няцаалт хийхийг Ц.Долгормаад даалгах” шаардлагын үндэслэлээ тодруулсан байна гэж  давж заалдах шатны шүүх дүгнэв. 

            “Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Г.Мэндбаярт өргөдөл гаргаснаар Г.Нямдэмбэрэлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаагаагүй” гэж хариуцагч Ц.Долгормаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, тайлбар гаргасан байна.

            Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. Хэрэгт авагдсан баримтаар   “Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Г.Мэндбаярт өргөдөл “гаргасан байна. Уг өргөдөлд Г.Нямдэмбэрэлийг “авилга авсан нь эдийн засгийн албаныхан баталсан” гэж Ц.Долгормаа бичжээ. Нэхэмжлэгч Г.Нямдэмбэрэл нь дээд шатны даргад Ц.Долгормаа намайг “авилга авсан нь эдийн засгийн албаныхан баталсан” гэж өргөдөл бичсэнээр одоо хамт ажиллаж байгаа Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагч нар таныг  Ц.Долгормаа “авилга” авсан гэж ярьж байсан гээд бүгд мэдэж байгаа гэж тайлбарлаж байна.       Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй байна.

            Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар   хариуцагч Ц.Долгормаагийн нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад гаргасан өргөдөлд бичсэнээр нэхэмжлэгч Г.Нямдэмбэрэлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан гэх үндэслэл тогтоогдоогүй байна. Хариуцагч Ц.Долгормаа нь дээрх өргөдлийг “Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Г.Мэндбаяр танаа” гэж гаргасан байх бөгөөд уг өргөдөлд дурдсанаар Г.Нямдэмбэрэлийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэж үзэх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь гомдлынхоо нэг үндэслэлд “шүүх нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй” гэжээ. Хэргийн 97 дугаар талд шүүх нэхэмжлэгчээс түүний шаардлагын үндэслэлийг тодруулсан байх бөгөөд энэ талаар давж заалдах шатны шүүх дээр дүгнэсэн болно.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар  анхан шатны шүүх  нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

             Хуульд зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 153/ШШ2017/00490 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар  зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР

 

ШҮҮГЧИД                                                       Д.ЖАМБАЛСҮРЭН

 

                                                                                    Н.ТУЯА