Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 00371

 

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 31 өдөр                Дугаар 184/ШШ2019/00371                                 Улаанбаатар хот

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ш  овогт Ц.Д /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Өнөр хороолол,  дугаар байр, тоот

Хариуцагч: Ө овогт Ж.Б /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Хайрхан,  дугаар гудамж, тоот

Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 11,055,734 /арван нэгэн сая тавин таван мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Д, хариуцагч Ж.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.

                    ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Ж.Б-тэй 8,27м/4,27м хэмжээтэй зуслангийн байшин бариулахаар 2014 оны 7 дугаар сард наадмын өмнө гэрээ байгуулсан. Ингээд Толгойтын баруун салаанд байрлах Хилийн цэргийн зуслангийн газарт барих газраа   тохирч 20 хоногийн хугацаанд барихаар тохирч 7,650,000 төгрөг өгсөн. Уг мөнгийг “Хас” банкнаас зээлээр авсан 6,000,000 төгрөг, “Хаан” банкнаас 1,500,000 төгрөгийн тэтгэвэрийн зээл, мөн 150,000 төгрөг гэх мэтээр бүрдүүлж өгсөн. Банкнаас авсан зээлийн хүү 18,9 хувь бөгөөд 2 жилээр тооцож үзвэл 2,891,700 төгрөг болж байгаа юм. Хариуцагч нь тохиролцсон ёсоор зуслангийн байшинг барьж өгөөгүй, дутуу орхисноос ашиглах аргагүй, бороо цасанд чанар нь алдагдсан хэдэн хавтан л байгаа, энэ зүйлээс хүн ашиглах зүйл байхгүй. Байшингийн  үнийг  6,500,000 төгрөг гэж тооцон нэхэмжлэгч зураг гаргаж, төсөв зохиосон, 2016 онд хариуцагчтай уулзахад  7,650,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч, байшинг 2016 оны 6 дугаар сард барьж өгөхөөр амласан боловч үүргээ биелүүлээгүй.

Иймд хариуцагчаас надаас шилжүүлэн авсан 7,650,000 төгрөг, учирсан хохирол болох зээлийн хүү 2,891,000 төгрөг, нийт 11,055,734 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэхэмжлэгчтэй өвлийн дулаалгатай зуслангийн байр барихаар гэрээ хийж барилгын ажлыг эхлүүлсэн билээ. Барилгын материал, зардал 7,500,000 төгрөг бэлнээр авч, тээврийн зардал, тээврийн хөлс, ажлын хөлс, бусад зардалд зарцуулсан. Уг барилга баригдах газар нь хотоос хол, цахилгаангүй, хазгай газар учир хотод айлын хашаанд бэлдцүүдээ хийгээд, аваачиж угсрах байсан. Ингээд материал болон зардалд мөнгө нь дууссан, нэмж мөнгө өгөөгүй, өөрөөсөө гарган ажлыг гүйцээх боломжгүй байсан тул өдийг хүртэл дуусгаагүй.

Гэрээгээр хэдэн төгрөгт багтааж барина гэсэн зүйл тохироогүй, нэхэмжлэгч Ц.Д нь барилгыг газар дээр нь очиж үзэж танилцаагүй, хотод айлд угсралтаа хийж байхад л ирж байсан. Хэрэв мөнгийг нэмж өгөөд тохиролцвол барилгыг гүйцээх боломжтой.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Д нь  хариуцагч Ж.Б-ээс ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 11,055,734 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ. 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил гүйцэтгэх гэрээгээр тохиролцсон үүргээ бүрэн биелүүлээгүйгээс барилга дутуу баригдсан,  бороо, цасны усанд норж, барилгын материал дахин ашиглах боломжгүй болсон тул хариуцагчид шилжүүлэн өгсөн мөнгө, банкинд төлсөн зээлийн хүүгийн хамт нэхэмжилж байна.

Хариуцагч нэхэмжлэгчийн заасан газарт байшин барихаар тохирч,  7,650,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан, барилгыг дутуу барьсан талаар маргахгүй, мөнгийг барилгын материал, тээврийн зардал, ажлын хөлсөнд зарцуулаад дууссан, хэдэн төгрөгөөр барих талаар анхнаасаа тохиролцоогүй гэж маргасан.

Нэхэмжлэгч талаас 2014 оны 7 дугаар сарын 07-ны өдөр бичгээр байгуулсан гэх “Ажил гүйцэтгэх гэрээ”-г  шаардлагаа нотлохоор гаргаж өгсөн ч тухайн гэрээнд хариуцагч Ж.Б гарын үсэг зураагүй, Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсгүүдэд зааснаар бичгээр хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй юм. 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.3 дахь хэсгүүдэд хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол амаар хэлцэл хийсэн гэж үзэх, нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр заасан байна. 

Талуудын тайлбараас үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийн заасан газарт өвлийн дулаалгатай байшин барих, барилгын нийт өртөг 7,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч мөнгийг хариуцагчид шилжүүлэн өгсөн, хариуцагч нь ажил гүйцэтгэхэд шаардагдах материалыг нэхэмжлэгчийн өгсөн мөнгөөр худалдан авч ажлаа эхлүүлжээ.

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2, 346 дугаар зүйлийн 346.1 дэх  хэсгүүдэд ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх, ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх, талууд өөрөөр тохиролцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлөхөөр тус тус зохицуулсан байна.

Зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, захиалагчийн заасан газарт гүйцэтгэгч гэрээгээр тохиролцсон өвлийн дулаалгатай байшинг канад технологиор барих ажлыг эхлүүлэн, барилгын суурийг цутгаж, ханыг босгосон, ажлыг дутуу орхиж явсан нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг зөвхөн барилгын материал, ажилчдын цалин,  тээврийн зардалд зарцуулсан талаар нотлохоор ажил гүйцэтгэж байх үеийн фото зургууд, зарлагын баримт, өөрийн тооцоолол зэрэг баримтууд гаргаж өгсөн ба худалдаж авсан барилгын материалаар тодорхой ажил хийж гүйцэтгэсэн байна. /хх-ийн 25-46/

Хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүй, тохиролцсон ажлын үр дүн гараагүй гэж үзэх үндэслэлтэй.

Хариуцагч 2016 оны 4 дүгээр сарын 17-нд 7,650,000 төгрөг авч байшин барихаар тохирсон, 2016 оны 6 дугаар сард багтаан уг ажлыг гүйцэтгэхээр бичгээр хүлээн зөвшөөрч, баталгаа гаргасан байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй гэж заажээ.

Нэхэмжлэгч ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийг төлөхдөө “Хаан” банк, “Хас” банкнаас зээл авсан, зээлийн хүүг төлсөн нь баримтаар нотлогдох боловч ийнхүү зээлийн хүү төлсөн нь учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй, мөн 150,000 төгрөгийг гэрээнд заасан ажлын хөлсөнд зориулан өгсөн нь тогтоогдохгүй байна.                               /хх-ийн 10-17/

Иймд хариуцагч Ж.Б-ээс 7,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Д-д олгож, нэхэмжлэлээс 3,555,734 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

                               ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Б-ээс 7,500,000 /долоон сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Д-д олгож, нэхэмжлэлээс 3,555,734 /гурван сая таван зуун тавин таван мянга долоон зуун гучин дөрөв/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,842 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 137,350 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авсан өдрөөс  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

             

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Т.БАТСҮХ