Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1318

 

2022        09        08                                  2022/ШЦТ/1318

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Хатанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Ц.Сайнхүү,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Ё танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Бухсууд овогт Энхтайваны Энх-Эрдэнэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 02393 2499 дугаартай хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо зээлийн 24 дүгээр гудамжны 37б тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Бухсууд овогт Энхтайваны Энх-Эрдэнэ /РД:УМ89100436/.

Холбогдсон хэргийн талаар:

******* нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Синглэс нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, танхайн сэдэлтээр, насанд хүрээгүй хохирогч Т.Оюундэлгэрийн нүүрэнд архины шилээр цохиж, Т.Оюундэлгэрийн биед духны хөндийн гадна ялтсын цөмөрсөн далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *******нх-Эрдэнийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохиролд 3.000.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг,

Хавтаст хэргээс

Яллагдагч *******нх-Эрдэнийн “Би 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр найзынхаа дүүгийн байранд очоод гурван хундага архи уугаад найз Ган-Эрдэнэтэй хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороонд байдаг Синглэс гэдэг бааранд орсон. Бааранд ороод бид хоёр хэдэн пиво ууж байгаад үргэлжлүүлээд архи уусан. Тэгээд би согтчихсон байна лээ. Тэгээд нэг мэдсэн чинь баарны үүдэнд дээр ухаан орсон. Болсон үйл явдлын талаар сайн санахгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

Насанд хүрээгүй хохирогч Т.Оюундэлгэрийн “2002 оны 05 сарын 03-ны өдрийн 22 цагийн үед би найз залуу Бат-Ирээдүйн ажилладаг Синглэс нэртэй бааранд очсон.Намайг орж ирсний дараа удалгүй хоёр хүн орж ирж байсан.Тэр орж ирсэн 2 хүний нэг нь над руу байнга муухай хараад байсан. Гэхдээ надтай огт юм яриагүй. ...тэгээд тэр хоёр хүн буцаад сууж байсан ширээн дээрээ очоод юмнуудаа аваад гарах гээд явж байсан байх. Тэр үед нь би яг хажуугаар нь явж таараад цохиулчихсан” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 16 дахь тал/,

Гэрч Л.Бат-Ирээдүйн “2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө би Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Синглэс бааранд ажлаа хийгээд явж байхад манай найз охин 00 цагийн үед байж байсан тэгсэн чинь манайхаар үйлчлүүлж байсан үл таних 2 залуу ууж байсан архиа авч гарч байгаад манай найз охин хажуугаар нь зөрөөд явж байсан чинь нэг том биетэй залуу барьж явсан дотроо архитай архины шилээрээ шууд цохиод авсан, тэгээд цаашаагаа хаалга руу гараад явсан, тэгээд би араас нь гүйж очоод шатан дээр барьж авсан, тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,  

Гэрч М.Баасаннамжилын “00 цагийн үед бааран дотроос Бат-Ирээдүй орилоод гараад ирсэн. Урд нь бас нэг залуу цуг гарч ирсэн. Тэгээд юу болов, яав гэсэн чинь Бат-Ирээдүй энэ залуу Оюукаг шилээр цохичихлоо гэж хэлсэн. Тэгээд дотогшоо ороход цохиулсан охин салфетикаар цусаа тогтоогоод сууж байсан. Тэгээд буцаж гараад цуг явсан залуу нь хаана байна гэсэн чинь тэр залуу нь угаалгын өрөөнд нүүрээ угаагаад зогсож байсан” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 24 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 6632 дугаартай шинжээчийн “Т.Оюундэлгэрийн биед духны хөндийн гадна ялтсын цөмөрсөн далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-30 дахь тал/,

Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Синглэс нэртэй баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-9 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно. 

Гэм буруу, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогчдыг бүрэн хамруулж, тэдний мэдүүлэг, тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтыг шалгаж хянасны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийлээ.

Шүүгдэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Синглэс нэртэй бааранд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, танхайн сэдэлтээр, насанд хүрээгүй хохирогч Т.Оюундэлгэрийн нүүрэнд архины шилээр цохиж, Т.Оюундэлгэрийн биед духны хөндийн гадна ялтсын цөмөрсөн далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан яллагдагч *******, насанд хүрээгүй хохирогч Т.Оюундэлгэр, гэрч М.Баасаннамжил, Л.Бат-Ирээдүй нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтаар нотлогдсон байна.

*******нх-Эрдэнийн хувьд мөрдөн байцаалтын шатнаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрсөн, гэм буруугаа зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврын талаар танилцаж ойлгосон, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хүсэлтийг прокурорт гаргасан, түүнд гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нь хүлээн зөвшөөрүүлэхээр тулган шаардсан, албадсан нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй зэргээс үзэхэд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байна гэж дүгнэлээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бодит байдал тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан тул *******нх-Эрдэнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Насанд хүрээгүй хохирогч Т.Оюундэлгэр нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт /хх-ийн 43 дахь тал/ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... хохирлоо нөхөн төлсөн баримт”-д тооцож, гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, хор уршиг учраагүй, *******нх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч *******нх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй, шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч ******* нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлснийг тэмдэглэх нь зүйтэй.

*******нх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “Учруулсан хохирол төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан прокурорын саналын хүрээнд *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

*******нх-Эрдэнийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгуулийн ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлан мэдэгдвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлнэ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *******-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 /ер/ хүртэл хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий сиди 1 ширхгийг хэрэгт хавсарган хадгалсугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба энэ тогтоолыг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ХАТАНЦЭЦЭГ