Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
Хэргийн индекс | 162/2022/0178/Э |
Дугаар | 2022/ШЦТ/197 |
Огноо | 2022-10-26 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч:
Шүүгдэгч: Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Регистрийн дугаар:*******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 19-20 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах Жинчин худалдааны төвийн гадаа *******тай зам дээр машинаараа шахлаа гэж маргалдаж, улмаар нүүр лүү цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дээд, доод зовхи, хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, мөрний цус хуралт, хүзүүний зулгаралт, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
.. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Өмнө нь гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ болсон зүйлийн талаар үнэн зөв ярьсан. Иймд мэдүүлэг өгөхгүй байх эрхээ эдэлж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 88-89/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
..2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 55-30 БНА улсын дугаартай приус 30 маркийн машинтай Баянхонгор сумын 10 дугаар баг 1 дүгээр 10 жилийн гарц хүрээгүй байхад би цагаан өнгийн приус 20 маркийн цагаан өнгийн машины хажуугаар дохио өгөөд шахасхийгээд зөрөөд ХААН банкны уулзвараар буцаж эргээд гэртээ очсон. Баянхонгор сумын 10 дугаар багт байрлах Жинчин дэлгүүрийн үүдэн дээр зогсоод машиныхаа цонхыг онгойлгочихоод дэлгүүр рүү орох гээд машин дотроо сууж байтал нэг намхандуу залуу ирээд миний талын цонхоор гараа далайгаад яах гэж шахаад байгаа юм гээд намайг цохих гэсэн. Тэгэхээр нь би урдаас чи муу зүгээр байгаарай, яах гэж хүнийг цохих гэдэг байдаг юм чи муу угаасаа хүмүүсийг машинтай явахад нь машинаараа шахаад байдаг гэж хэлээд түүнээс болж маргалдаад бид хоёр хоорондоо заамдалцсан. Тэгсэн намайг дугтраад төмсөг руу өшиглөөд хамар руу мөргөсөн. Тэгэхээр нь би тавь гээд тавилцаад би явах гээд машиндаа суухад онгорхой байсан цонхоор гараараа миний зүүн нүд рүү цохичихоод яваад өгсөн. Би барилцаж авсан тэрнээс гар хүрч цохиж зодсон зүйл бол байхгүй. Тухайн үйл явдал болоход манай эхнэр машин дотор жолоочийн эсрэг талд сууж байсан өөр хүн бол байгаагүй. Тархи дүйнгэдүү зүүн нүд солонгорч чинэрээд тагларч эхэлж байна. Хамрын хэсэг мэдээгүй оргиод байна төмсөг бага зэрэг хөндүүрлээд байна, эмнэлгийн анхан шатны тусламж бол авсан эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 14-15/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...нөхөр нь орой 18 цаг 40-50 минутын үед ...Жинчин дэлгүүрийн гадаа зогсоод байж байтал манай нөхрийн талын цонхоор нэг намхан залуу ирээд чи яасан хүн шахдаг юм гээд гараа далайгаад цохих гээд дайрсан. Манай нөхөр машинаасаа гараад тэр залуутай заамдалцаад барилцаад авсан. Тэгэхээр нь би боль гэж хэлтэл тэр залуу манай нөхрийн төмсөг рүү хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгэхээр нь би болиоч хүний эмзэг эрхтэн рүү гэтэл тэр залуу, манай нөхөр хоёр салаад буцаад манай нөхөр машиндаа суусан. Тэр залуу эргээд явах шиг болсон чинь буцаж эргээд гараараа манай нөхрийн зүүн нүд рүү цохисон. Манай нөхөр цохиж зодоогүй, харилцан барилцаж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...орой 18 цаг болж байсан байх 1 дүгээр 10 жилийн харалдаа гарцын ойролцоо манай машиныг нэг цагаан өнгийн приус 30 маркийн машин байх шиг байсан урдуур хурдтай шахаад ороод ирсэн. Тэгээд манай нөхөр тэндээ зогсоод урдуураа оруулсан. Тэгээд манай нөхөр тэр машины хажуугаар нь гэрлэн дохио дээр зогсоод та чинь яагаад шахаад байгаа гэтэл тэр машины жолооч манай нөхрийн урдаас яадаг юм, чи хэдэн жилийн өмнө намайг шахаа биз дээ гэсэн. ...Манай нөхөр гэртээ орж ирчихээд нөгөө намайг машинаар шахсан жолоочтой барилцаж аваад зодоо хийгээд гэж хэлсэн. Тэгээд хартал футболк нь захаараа урагдсан, хүзүү нь улайсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-33/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 378 дугаар шинжээчийн
1. *******гийн биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дээд, доод зовхи, хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, мөрний цус хуралт. хүзүүний зулгаралт, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэж цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хүчин зүйлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.
6. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн43-44/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 19- ний өдрийн 654 дугаартай
1.Баянхонгор аймгийн ШША-ны шинжээч эмч С.Каделийн №378 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Зүүн нүдний ухархайн доод ханын хугарал гэмтэл нь 2022 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт болон 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Люксмед эмнэлэгт хийгдсэн компьютерт томографын шинжилгээнүүдээр батлагдаж байна.
2.*******гийн биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дээд, доод зовхи, хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, мөрний цус хуралт, хүзүүний зулгаралт, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлт/хх-ийн 63- 66/,
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 05/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-09/, хохирогчийн эмчилгээтэй холбоотой баримтууд /хх-ийн 57-61, 103-119/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 80-81/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 92/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93/, дипозит дансны хуулгууд /хх-ийн 97-98/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 90/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч А Б.******* нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 19-20 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах Жинчин худалдааны төвийн гадаа *******тай зам дээр машинаараа шахлаа гэж маргалдаж, улмаар нүүр лүү цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дээд, доод зовхи, хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, мөрний цус хуралт, хүзүүний зулгаралт, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч мэдүүлэг /хх-ийн 88-89/, хохирогч *******гийн мэдүүлэг /хх-ийн14-15/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 22-23/, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 30-33/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 119-ны өдрийн 378 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 19- ний өдрийн 654 дугаартай дүгнэлт /хх-ийн 63-64/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Б.Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч Б.******* нь хохирогч *******гийн биед зүүн нүдний ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, дээд, доод зовхи, хөмсөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал, мөрний цус хуралт, хүзүүний зулгаралт, чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн / хх-ийн 43-44 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 992000 төгрөгийг төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна
Шүүгдэгч Б.******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал /хувиараа хөдөлмөр эрхэлдэг буюу таксинд явдаг, өдрийн 30000-40000 төгрөгийн тогтмол орлоготой/, шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын санал зэргийг харгалзан шүүгдэгч Б.*******д торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******д таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5000.000 төгрөгийн ялыг оногдуулж, ...шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан ялаас чөлөөлөх тухай” дүгнэлтийг гаргасныг шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Хохирогч ******* нь үйлдлийн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний зардалд 992,000 төгрөгийг бэлнээр авсан, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж,
шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын Гантулгыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Гантулгыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалсугай.
6. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.*******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА