Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2019/00142

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2019/00142

Дорнод аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Уртнасан даргалан, шүүх хуралдааны Б танхимд явуулж,

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг, Ажилчны 2-5 тоотод оршин суух, ЖЭ77110102 регистрийн дугаартай, Боржигон овогт Жуковын Мөнгөнтүлхүүрийн,

Хариуцагч Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багт оршин суух, ЖЯ77020376 регистрийн дугаартай, Боржигон овогт Сумъяагийн Чинбатад холбогдох

Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд Нарийн бичгийн дарга М.Баттулга

Нэхэмжлэгч Ж.Мөнгөнтүлхүүр

Хариуцагч С.Чинбат, өмгөөлөгч Т.Энхболд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Мөнгөнтүлхүүр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр 2003 онд танилцаад дотносон хамт амьдарч эхэлсэн ба 2005.01.29-нд том хүү М.Гантогтох, 2009.01.01-нд бага хүү М.Ган-Эрдэнэ нарыг төрүүлсэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй. С.Чинбатыг бид гурвыг орхиод явсанд нь гомддоггүй боловч хоёр хүүгээ гэсэн сэтгэлгүйд нь гомдож явдаг. Энэ хугацаанд хоёр хүүхдээ гэж эргэж тойрч, асууж ирдэггүй байсан. Би одоо болтол хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж, тэжээгээд явж байгаа боловч хоёр хүү маань том болохын хирээр хэрэглээ нь нэмэгдсэн. Тэгээд ч Гэр бүлийн хуулинд заасны дагуу эцэг хүний үүргийг ухааруулах үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.Иймд хүү М.Гантогтох, М.Ган-Эрдэнэ нарын төрсөн эцэг нь С.Чинбат мөн болохыг тогтоолгож, хоёр хүүгээ насанд хүртэл нь эцэг С.Чинбатаар тэжээн тэтгүүлж өгнө үү гэв.

 

Хариуцагч С.Чинбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2003 онд танилцан уулзаж учран гэр орноор нь орж гарч, хамт амьдардаг байсан нь үнэн. Хүү М.Гантогтох 2005 онд, бага хүү М.Ган-Эрдэнэ 2009 онд тус тус төрсөн. Бид гэрлэлтээ батлуулж байгаагүй учраас хоёр хүүгээ ээжийнх нь нэрээр овоглосон. Хоёр хүү маань миний төрсөн хүүхдүүд мөн. Бид тус тусдаа амьдраад олон жил болж байгаа бөгөөд хааяа хоёр хүүхэддээ хэрэгтэй зүйлийг авч өгч тусалдаг. Хоёр хүүдээ хүүхдийн тэтгэлгийг нь төлнө. Хоёр хүү маань ээжийнхээ асрамжинд амьдарч байгаа, асрамжийн талаар маргахгүй гэв.

 

Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Ж.Мөнгөнтүлхүүр нь хариуцагч С.Чинбатад холбогдуулан хүүхдийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2003 онд танилцан улмаар дотно харьцаатай болж 2004 оноос эхлэн гэр бүлийн баталгаагүйгээр хамтран амьдарч байсан байх ба энэ хугацаанд тэдний дундаас 2005 оны 01 сарын 29-ний өдөр хүү М.Гантогтох, 2009 оны 01 сарын 01-ний өдөр хүү М.Ган-Эрдэнэ нар тус тус төрсөн болох нь зохигч талуудын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хариуцагч С.Чинбат нь хүүхдүүдийн биологийн эцэг мөн болохоо хүлээн зөвшөөрч энэ талаар маргаагүй тул хүү М.Гантогтох, М.Ган-Эрдэнэ төрсөн эцэг нь С.Чинбат мөн болохыг тогтоох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч хариуцагч нарын хэн алин нь хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаагүй боловч шүүх хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хүүхэд хэний асрамжинд үлдэх эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд хариуцагч нь хүүхдүүдийг эхийнхээ асрамжинд амьдарч байгаа болон тэдгээрийн асрамжийн талаар маргаагүй байдлыг харгалзан хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээдэг.

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар эцэг эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй тул хүүхдүүдийг 18 насанд хүртэл нь эцэг С.Чинбатаар сар тутам тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Т.Сарантуяа нь улсын тэмдэгтийн хураамжид хүүхдийн эцэг тогтоолгох тухай шаардлагад 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад 77 970 төгрөг ба нийт 148 170 төлсөн байх ба түүний төлсөн 148 170 төгрөгөөс 135 262 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагад илүү төлсөн 12 908 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байх ба хариуцагч С.Чинбатаас улсын тэмдэгтийн хураамжид хүүхдийн эцэг болон хүүхдийн асрамж тогтоолгох тухай шаардлагад тус бүр 70 200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагад 65 062 /хоёр хүүхдийн тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих хэмжээнд ногдох/ төгрөг, нийт 205 462 төгрөгийг гаргуулан 135 262 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Мөнгөнтүлхүүрт олгож, үлдэх 70 200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан ЖЮ05212917 регистрийн дугаартай, Боржигон овогт Мөнгөнтүлхүүрийн Гантогтох, ЖЮ09210137 регистрийн дугаартай Боржигон овогт Мөнгөнтүлхүүрийн Ган-Эрдэнэ нарын төрсөн эцэг нь Боржигон овогт Сумъяагийн Чинбат мөн болохыг тогтоосугай.

 

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан хүү М.Гантогтох, М.Ган-Эрдэнэ нарыг эх Ж.Мөнгөнтүлхүүрийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар 10 настай хүү М.Ган-Эрдэнийг 11 насанд хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү М.Ган-Эрдэнэ болон 14 настай хүү М.Гантогтох нарыг 11-16 насанд /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Чинбатаар сар тутам тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Мөнгөнтүлхүүрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 148 170 төгрөгөөс 135 262 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, илүү төлсөн 12 908 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвөөс, хариуцагч С.Чинбатаас улсын тэмдэгтийн хураамжид 205 462 төгрөг гаргуулан 135 262 төгрөгийг нэхэмжлэгч Ж.Мөнгөнтүлхүүрт тус тус олгож, үлдэх 70 200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар нэхэмжлэгч хариуцагч нар нь 14 хоногийн дотор шүүхэд ирж шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.УРТНАСАН