Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/206

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Сайнбилэг

Улсын яллагч: Д.Рэгзэдмаа

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******эд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч  А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Есөн-Эрдэнэ” захын баруун талын түүхий эдийн агуулах бүхий барилгын хажууд иргэн “мөрлөлөө” гэж маргалдаж, улмаар уруулын хэсэгт хөлөөрөө өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  ТОДОРХОЙЛОХ НЬ:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

..эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа тогтоолыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 48-49/,

Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

 ...2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор сумын 9 дүгээр баг Есөн-Эрдэнэ захын баруун талын түүхий эдийн агуулах бүхий барилгын баруун талын хашааны үзүүрт 1 шил архи уугаад байж байтал бороо орсон. Тэгэхээр нь нөмөр бараадаад тухайн түүхий эд хадгалдаг агуулахын саравч хэсэг руу яваад ортол урдаас намхан биетэй ******* гэх зүс таних залуу мэндийн зөрүүгүй урдаас ирснээ шууд намайг гараараа баруун шанаа руу цохисон. Тэгэхээр нь би тэр цементэн шалан дээр унасан. Босож ирээд би түүнийг бариад авсан урдаас ална чи яасан том  гээд намайг хажуу талын довжоо руу газар хэсэг руу түлхээд унагасан...Тэгээд намайг газар унасан байхад тэр гутлаараа өшиглөсөн миний амнаас цус гараад  би цагдаа дуудлаа гэсэн чинь зугтаагаад явснаа буцаж ирсэн. Тэгэхээр нь би зугтаагаад явсан. Тэгээд эмнэлэгт ирж оёдол тавиулаад шууд цагдаа дээр ирсэн. ******* гэх залуу би шорон явах гэж байгаа чамайг алсан ч яадгийн гээд над руу дайраад эхлээд гараараа нэг цохиод мөргөөд  намайг довжооноос унангуут хөлөөрөө өшиглөсөн миний уруул сэтэрсэн.. гэх мэдүүлэг /хх-ин 13-14 /,

 Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

 ...2022 оны 09 дүгээр сарын 02-ны орой байсан. ******* ах бид хоёр Есөн-Эрдэнэ захын баруун талд арьс нэхийний агуулахын арктай нөмөрт 0.75 граммтай нэг шил архи уугаад сууж байтал нэрийг нь бол мэдэхгүй өмнө нь бол захаар харж байсан архи уугаад л явж байдаг ах хүү согтуу ганцаараа хүрч ирснээ ******* ахтай хэрүүл хийгээд байсан. Би юунаас болж хэрүүл хийснийг бол мэдэхгүй тэгж байснаа тэр хоёр барилцаад авсан нэг мэдэхэд нөгөө залуугийнх нь уруул хэсгээс цус гоожоод явсан. ******* ах нэг удаа л гараараа цохичих шиг болсон би очоод “боль” гээд салгаад аваад явсан. Тэр ах тэндээ суугаад үлдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24- 25/,

Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №596 дугаартай шинжээчийн

1. биед доод уруулын шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 5.Гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...гэх дүгнэлт/хх-ийн 30-31/,

 -Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 2/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-07/, эрүүгийн  хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 40-42/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч  А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Есөн-Эрдэнэ” захын баруун талын түүхий эдийн агуулах бүхий барилгын хажууд иргэн “мөрлөлөө” гэж маргалдаж, улмаар уруулын хэсэгт хөлөөрөө өшиглөж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******ийн мэдүүлэг /хх-ийн 48-49/, хохирогч мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 24-25 /, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн №596 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-31/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

  Шүүгдэгч ******* нь хохирогч биед доод уруулын шарх бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн / хх-ийн 30-31 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч   эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 6 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Хохирогч ******* нь А.Бат-Эрдэнийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөнгөн дүнгээр хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ийн  үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн № 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан эдлээгүй үлдсэн 3 жил 09 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж  шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 42 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,  уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт Адьяадуламын *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ийг /240/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч *******эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар  оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн № 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар оногдуулсан эдлээгүй үлдсэн 3 жил 09 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жил 10 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 3 жил 10 сар 18 хоногийн жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар  шүүгдэгч *******ийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 42 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцсугай.

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *******эд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******эд хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Ч.БАЙГАЛМАА