Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/207

 

 Монгол Улсын нэрийн өмнөөс

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Золцэцэг

Улсын яллагч: Д.Рэгзэдмаа

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, регистрийн дугаар: *******

Үйлдсэн хэргийн талаар

 Шүүгдэгч ******* нь  согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “ ” караокед иргэн А.Жамъяандоржийг үл ялиг шалтгааны улмаас нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:

...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 21 цагийн үед Монгол караокед ороод хоол авч идээд 1 шил 1 литрийн Эдэн нэртэй архи аваад уусан... ширээ ширээгээрээ ээлжилж дуулж байсан... бид нарын зүүн талын ширээн дээр сууж байсан залуу дуулахгүй суугаад байхаар нь манай найз ******* дуулахгүй бол микрофоноо өгчих гэхэд тухайн залуу дуугүй бай чамд хамаагүй гээд хоорондоо маргалдах гээд байхаар нь уучлаарай өөрөө чимээгүй болчих гэж хэлсэн. Залуу дахин манай найз нартай маргалдаад байхаар нь чамаас уучлалт гуйгаад байна гэхэд тухайн залуу өөдөөс муухай хараад байсан. Тэгтэл караокены бармен архиа ууж чадахгүй бол гарцгаа гэж хэлэхээр нь дургүй хүрээд шилтэй архиа газар тавиад рунктэй архиа шилтэй архин дээрээ асгачихаад хажуу ширээний залуугийн хажуугаар гарахдаа зүүн талын гараараа нүүрлүү нь 1 удаа цохичихоод гараад явсан. Цагдаа дээр ирсний дараа найз нартаа хажуу ширээний залууг цохьсон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 54-55/, Хохирогч *******ийн  мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

...оройн 22 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын 1-р багийн нутагт байрлах “ ” караокед ороод ундаа аваад 3 дуу захиалаад дуулах гээд сууж байхад цэнхэр малгайтай, бор саарал дээлтэй залуу буюу ******* гэх залуу нь ирээд дуулахгүй бол би дуулчихъя гээд орилоод байхаар нь би та нар чимээгүй байж бай гэхэд ******* ирээд ямар хэгжүүн чацга вэ, дээлтэй учраас хөдөөнийх юм шиг харагдаад байна уу, гэхээр нь би ширээ рүүгээ суучих ууснаа шингээчих гэж хэлсэн. Тэгтэл караокены бармен ирээд ширээ рүү нь авч явсан. Тэгтэл намайг цохидог хүн буюу саарал футболктой залуу буюу ******* би ийм газар сууж чадахгүй гээд ширээн дээрх архиа газар тавиад, хундагатай архиа газар асгачихаад гарч явах замдаа ******* нь миний зүүн талын зовхи руу гараараа цохичихоод гараад явахаар нь цагдаад дуудлага өгсөн удалгүй цагдаа нар ирсэн юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 24- 25/,

 Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

 ... шөнө 22 цагийн үед манайд нэг залуу орж ирээд хамгийн хойд талын зүүн захын ширээтэй буйдан дээр суугаад 1 литрийн фрутта ундаа уугаад дуулах гээд байж байсан. Тухайн үед баруун талын ширээн дээр 4 залуу архи уугаад байж байсан. Тэгээд нэг харахад цэнхэр малгай, бор шаргал дээлтэй ундаа ууж байсан залуу ирээд очоод хэрүүл хийгээд байх шиг байхаар нь би очиж цэнхэр малгай, бор шаргал дээлтэй залууг ширээнд нь суулгасан. Тэгтэл цуг сууж байсан саарал фудболк, саарал шорттой залуу дуулбал дуул дуулж чадахгүй бол ганцаараа сууж бай гэж хэлээд босож ирээд архины шилээ газар тавиад, хундагаа ширээн дээр тавиад ундаа уугаад сууж байсан залуугийн хажуугаар гарахдаа гараараа зүүн талын хөмсөг хэсэг рүү цохичихоод гараад явсан. Тэгээд тухайн залуу дуудлага өгөөд удалгүй цагдаа нар ирээд тухайн хүмүүсийг авч явсан юм. Ундаа авч уусан залуу эрүүл байсан. Манайд орж ирээд ямар нэг архи, согтууруулах ундаа хэрэглээгүй... харин хажуу талын ширээн дээр сууж байсан залуучууд 20 цагийн үед орж ирээд хоол аваад дараа нь 1 литрийн Эдэн архи аваад тэрийгээ ууж дуусаад тухайн үл явдал болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ

  .. найз *******, нартай  манайд 19 цагийн үед очоод 1 шил 0.5 литртэй архи авч уучихаад гараад 21 цагийн өнгөрч байхад нэртэй караокед ороод хоол авч идээд 1 шил 1 литрийн Эдэн архи авч уугаад ширээ ширээгээрээ ээлжилж дуулаад байж байсан. Тэгтэл бид нарын зүүн талын ширээн дээр ганцаараа байсан залуу дээр караокены микрофон очсон боловч дуулахгүй суугаад байсан. Тэгтэл найз ******* чи дуулахгүй бол микрофоноо өгчих гэхэд уурлаад зүгээр байгаарай  гээд байсан.Тэгээд бид нар уучлалт гуйсан мөн уучлалт очиж гуйчихаад удаагүй ******* ууж байсан архиа шалан дээр тавьчихаад гаръя гээд түрүүлээд гараад яваад өгсөн. Араас нь бид нар гараад Оргил баар орчихоод гараад засмал уруудаад явж байтал цагдаа ирээд бид нарыг Цагдаагийн газарт авчирсан юм... *******гийн хувьд бид нараас түрүүлж караокеноос гарахдаа цохисон талаар хэлсэн. Цагдаа дээр хохирогч гэх залуутай уулзахад зүүн талын нүд нь хавдсан харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,

Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... Цагдаагийн газарт ирээд байж байхад ******* нь А.Жамъяандоржийг цохисон талаар хэлсэн. Харин хаана яаж цохьсон талаар хэлээгүй. Цохиулсан гэх залууг харахад зүүн талын нүдний хөмсөг нь хавдсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 /,

 Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 608 дугаартай

  1.А.Жамъяандоржийн биед зүүн нүдэнд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-49 /,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-04/, /, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан бүртгэл /хх-ийн 11/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-18/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 58/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59/, депозит дансны хуулганууд /хх-ийн 61-64/, хэргийг журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 85/, эвлэрлийн гэрээ /хх-ийн 87/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 22 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр баг “ ” караокед иргэн А.Жамъяандоржийг үл ялиг шалтгааны улмаас нүүрэн тус газар гараараа цохиж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******гийн мэдүүлэг /хх-ийн 54-55 /, хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 24-25/, гэрч *******ийн мэдүүлэг / хх-ийн 28-29/, гэрч *******ын мэдүүлэг / хх-ийн 34-35/, гэрч *******ын мэдүүлэг /хх-ийн 37-38/, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн 608 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-49/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед зүүн нүдэнд шарх, цус хуралт гэмтэл учруулсан ... гэх дүгнэлт /хх-ийн 45-49/,

Хохирогч *******ийн биед зүүн нүдэнд шарх, цус хуралт гэмтэл учруулсан ... гэх дүгнэлт /хх-ийн 45-49/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа  хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч ******* нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид 500000 төгрөг төлсөн, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байна.

Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон болох нь эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний талаарх прокурорын саналтай танилцаж зөвшөөрсөн талаарх баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан баримтуудаар тогтоогдсон байна.

 Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шууд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар ял оногдуулах шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын саналыг зэргийг харгалзан шүүгдэгч *******г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй,  хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

       Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 3.5, 3.6,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй..

4. Шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сиди 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.

6. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс эс зөвшөөрвөл хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ     Ч.БАЙГАЛМАА