| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамъяанчойжилын Сэмжид |
| Хэргийн индекс | 183/2018/03334/И |
| Дугаар | 183/ШШ2019/00316 |
| Огноо | 2019-02-14 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 183/ШШ2019/00316
| 2019 оны 02 сарын 14 өдөр | Дугаар 183/ШШ2019/00316 | Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Сэмжид даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д.Б-ын нэхэмжлэлтэй,
/ /
Хариуцагч: “Н” Төрийн байгууллагад холбогдох
/ /
Орон сууцыг үнэлсэн үнэлгээ хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Э.Ундралмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ..... дүгээр шийдвэрээр Д.Б-с 148.712.103 төгрөгийг гаргуулан “К“ ББСБ-д олгохоор шийдвэрлэсэн. Энэхүү шийдвэртэй холбоотойгоор Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээч томилж, төлбөр төлөгч Д. Бнамайг гэртээ эзгүй хөдөө орон нутагт ажлаар явж байх үед, өөрийгөө танилцуулж албан ёсны ажлын үнэмлэх бичиг баримт үзүүлэлгүйгээр хэн болох нь мэдэгдэхгүй этгээд дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл ямар хууль ёсны бичиг баримтыг үндэслэж үнэлгээ хийсэн нь тодорхойгүй, зах зээлийн бодит бус үнэлгээ хийсэн байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний 4/11474 мэдэгдлийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Өнөөдрийг хүртэл надад шинжилгээ хийж үнэлгээ гаргасан дүгнэлтийг албан ёсоор танилцуулаагүй ба зөвхөн 4/11474-р мэдэгдлийг өгөөд байна. Энэхүү мэдэгдлээс л үнэлгээ хийсэн талаар мэдэж авсан болно. Шийдвэр гүйцэтгэгчээс үнэлгээ хийлгэхээр томилсон тогтоолоо надад албан ёсоор урьдчилж танилцуулаагүй, мөн тухайн үнэлгээний байгууллага болон түүний үнэлгээчдийн мэдээллийг надад үзүүлээгүй, огт танилцуулаагүй. Иргэн Д.Бнамайг гэртээ эзгүй хөдөө орон нутагт ажлаар явж байх үед ямар хууль ёсны бичиг баримтыг үндэслэж дүгнэлтээ гаргасан нь тодорхойгүй ба надад энэхүү шилжилгээ, үнэлгээ хийх ажиллагаанд өөрийн биеэр оролцох, гомдол хүсэлт, санал гаргах эрхийг минь олголгүй хэт нэг талыг барьж явуулсан байгаа нь хуульд нийцэхгүй төдийгүй миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоолоор хийгдсэн иргэн Д.Б миний өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ... орон сууцыг үнэлсэн үнэлгээ хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Б.О нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ... дүгээр магадлалаар Д.Б-аас 148.716.103 төгрөгийг гаргуулж “К“ ББСБ-д олгохоор шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр ... тоот орон сууцыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн .... дүгээр тогтоолоор битүүмжилж, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн .... дугаар тогтоолоор хураасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу талуудад үнийн санал өгөхийг мэдэгдэхэд талуудаас үнийн санал өгөх боломжгүй, хөндлөнгийн шинжээч томилуулах тухай хүсэлт ирүүлсэн тул 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө эстимейт“ ХХК-г томилоход 213.867.200 төгрөгөөр үнэлэгдсэн. Үнэлгээг талуудад 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр албан бичгээр мэдэгдэж, үнэлгээний тайланг танилцуулсан нь шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно“ гэж заасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Д.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, орон сууцыг үнэлсэн үнэлгээ хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ... дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 1824 дүгээр магадлалаар “...хариуцагч Д.Б-аас 147.819.058 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “К” ББСБ ХХК-д олгож, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох Хан-Уул дүүрэг, 11 хороо, ... орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангахаар” шийдвэрлэсний дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 183/ГХ2017/01028 дугаар гүйцэтгэх хуудас гарч, төлбөр төлөгч Д.Б-т холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн ... дугаар тогтоолоор үүсжээ.
“Н” Төрийн байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу Эд хөрөнгө хураах тухай 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн ... дугаар тогтоолоор “...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 17291092/01 дүгээр тогтоолоор битүүмжлэгдсэн төлбөр төлөгч Д.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ... орон сууцыг хураан авч байгааг” төлбөр төлөгч Д.Б-т 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогджээ.
Төлбөр төлөгч Д.Б нь “Барьцаанд байгаа 10 тоот орон сууцны үнийн санал өгөхөөс татгалзаж байгаа тул уг орон сууцны зах зээлийн үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргаж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 150 дугаар “Шинжээч томилох тухай” тогтоолоор Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тоот орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайлангаар “уг орон сууцны зах зээлийн үнэлгээг 213.867.200 төгрөг” гэж дүгнэлт гаргасан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.2, 55 дугаар зүйлийн 55.2-т заасантай нийцжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөнө” гэж заасны дагуу Н Төрийн байгууллага нь “Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Д.Бт 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... дүгээр Мэдэгдэл, уг мэдэгдлийн доод талд “2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хувийг хүлээн авсан Д.Б” гэсэн гарын үсэг, Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэл зэрэг баримтаар нотлогдож байна.
Шийдвэр гүйцэтгэгчийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн тэмдэглэлд “төлбөр төлөгч Д.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар орон сууцыг бие даан худалдан борлуулах саналтай байна” гэсэн байх бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 62.5, 63 дугаар зүйлийн 63.1, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 9/5 дугаар тогтоолоор 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр уг үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч тал “...хууль ёсны бичиг баримтыг үндэслэж үнэлгээ хийсэн нь тодорхойгүй, зах зээлийн бодит бус үнэлгээ хийсэн, шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээ хийлгэхээр томилсон тогтоолыг надад албан ёсоор урьдчилж танилцуулаагүй, тухайн үнэлгээний байгууллага болон түүний үнэлгээчдийн мэдээллийг надад үзүүлээгүй, танилцуулаагүй, Д.Б-ыг гэртээ эзгүй хөдөө орон нутагт ажлаар явж байх үед ямар хууль ёсны бичиг баримтыг үндэслэж дүгнэлтээ гаргасан нь тодорхойгүй, энэхүү шинжилгээ, үнэлгээ хийх ажиллагаанд өөрийн биеэр оролцох, гомдол хүсэлт, санал гаргах эрхийг минь олгоогүй хэт нэг талыг барьж явуулсан” гэсэн тайлбар гаргасан хэдий боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар энэ талаар холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Иймд хариуцагч Н Төрийн байгууллага нь хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулж, төлбөр төлөгчөөс хураагдсан эд хөрөнгийг хөндлөнгийн эрх бүхий байгууллагаар зах зээлийн үнэлгээг тогтоолгосон байна гэж дүгнэв.
Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас “Хөрөнгө эстимэйт” ХХК-ийн 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээний тайланг төлбөр төлөгч Д.Б-т 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдөр мэдэгдсэн болох нь тогтоогдсон бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д “...талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.” гэж заасны зөрчиж, нэхэмжлэгч Д.Бнь 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гомдол гаргасан байх бөгөөд уг хугацааг хэтрүүлсэн хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь тогтоогдоогүй болно.
Дээр дурдсан үндэслэлээр Д.Бын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, орон сууцыг үнэлсэн үнэлгээ хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн, шүүхээс нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 160 дугаар зүйлйин 160.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Д.Б-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, орон сууцыг үнэлсэн үнэлгээ хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгох тухай гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.СЭМЖИД