Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/988

 

 

2022           10            21                                        2022/ШЦТ/988             

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Б.Амармөрөн,

Хохирогч З.Д ,

Шүүгдэгч А.Э ,

Гэрч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С  овогт А ын Э д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны 7 дугаар сарын 22-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ...  их сургуульд суралцдаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...   тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ...  тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, С  овогт А ын Э  /РД:...  /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Э  нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ө.. кино театрын урд сууж байсан иргэн Д.М ын сандал руу өшиглөсний улмаас хэрүүл маргаан үүсэж, улмаар найз охиныг нь алгадсан гэсэн шалтгаанаар иргэн З.Д г зодож, түүний эрүүл мэндэд зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, зүүн чамархайн хуйх, баруун шуунд цус хуралт, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.      

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч А.Э  нь Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ө.. кино театрын урд сууж байсан иргэн Д.М ын сандал руу өшиглөсний улмаас хэрүүл маргаан үүсэж, улмаар найз охиныг нь алгадсан гэсэн шалтгаанаар иргэн З.Д г зодож, түүний эрүүл мэндэд зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, зүүн чамархайн хуйх, баруун шуунд цус хуралт, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч З.Д гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар дүүргийн ... хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "ө.." кино театрт ах М  тай хамт кино үзэж байсан. Уг кино театрын сандал дээр сууж байхад хойд талын суудал дээр сууж байсан хүн М   ахын сандал руу удаа дараа өшиглөсөн. М   ах бид хоёр сандал өшиглөхөө боль гэж ард сууж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүнд хэлсэн. Тэгсэн чинь тухайн залуутай хамт явж байсан эмэгтэй нь М   ах бид хоёрын зургийг гар утсаараа дарахаар нь уг эмэгтэйд хандаж чи хүний зураг зөвшөөрөлгүй авч болохгүй, наад зургаа устга гэж хэлээд гар утсыг нь авах гэсэн чинь хамт явж байсан эрэгтэй нь миний нүүр хэсэгт нэг удаа гараараа цохисон. Би уг залууд цохиулаад манараад ухаан балартсан. Тэр үед уг залуу нэмээд миний нуруу, мөр хэсэгт гараараа 4-5 орчим удаа цохисон. Надтай хамт явж байсан М   ах тэр хооронд намайг салгах гээд уг залуутай барьцалдаж авсан. Би А.Э  гэх залууд цохиулаад ухаан балартсан байсан болохоор тухайн үед юу болсон эсэхийг сайн санахгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар тал/,

-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би тухайн өдөр хамт ажилладаг ахтайгаа кино үзэж байсан бөгөөд удаа дараа санаатайгаар ахын сандлын араас өшиглөөд байсан. Манай ах болон миний бие шаардлага тавиад байхад болихгүй байсан. Шүүгдэгч, гэрчийн мэдүүлгийг нарийвчлан судлах шаардлагатай байна. Би гаргаж өгсөн баримтын хүрээнд хохирол нэхэмжилж байна. .... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч Д.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Хуурай дүү Д тэй уулзаад бид хоёр кино үзэхээр болж ө.. кино театр руу явцгаасан. Ингээд бид хоёр 19 цаг 10 минутаас гарах киноны 2 ширхэг тасалбар аваад 1 дүгээр танхим руу орж кино үзсэн. Кино гарч байх үед хойд талын залуу миний сууж байсан сандал руу удаа дараа өшиглөсөн бөгөөд тэр тоолонд нь би битгий өшиглөөд бай гэж гуйсан боловч болихгүй байсан. Харин хамгийн сүүлд Д  тус залууд жаахан өндөр дуугаар битгий өшиглөөд бай гэж хэлэх үед хамт явж байсан эмэгтэй нь Д гийн бичлэгийг хийнэ гээд утсаа гаргаж ирсэн. Харин Д  тус эмэгтэй рүү уурлаад нэг удаа алгадчихсан. Энэ үед хамт явж байсан найз залуу нь уурлаад Д гийн нүүр рүү цохиход Д  зөрүүлээд тус залуугийн нүүр рүү цохиод, тэр хоёр заамдалцаад авсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр тал/,

-шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Би тухайн өдөр хэн түрүүлж цохисныг мэдээгүй. Дараа нь камерын бичлэг үзэхэд Б  утсаараа бичлэг хийх гэхэд Д  болиулах гэж оролдож байсан. ... гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлд/,

 

Гэрч О.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Урд сууж байсан 2 залуу манай найз залуу руу дайраад байхаар нь би бичлэг хийнэ гэж хэлсэн чинь Д  гэдэг залуу нь намайг заамдаж байгаад зүүн талын чих рүү алгадсан. Энэ үед манай найз залуу уурлаж босож ирээд Д гийн нүүр рүү нь нэг удаа цохиход Д  зөрүүлээд манай найз залуугийн нүүр рүү цохиод, заамдаж авсан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн...дугаартай “...З.Д гийн биед зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, хамрын таславчийн мурийлт, зүүн дээд, доод зовхи, зүүн хөмсөг, зүүн чамархайн хуйх, баруун шуунд цус хуралт, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 50-51 дүгээр тал/,

Хохирогч З.Д гээс хэрэгт ирүүлсэн хохирлын баримтууд /хх-ийн 84-87 дугаар тал/,

Шүүгдэгч А.Э гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдөр найз охин болох Б тэй кино үзэхээр тохиролцоод 20:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ө.. кино театрт уулзаад уг кино театрын үзвэрийн танхимд кино үзэхээр сууж байсан. Тухайн үед миний урд талд үл таних хоёр эрэгтэй хүн сууусан байсан. Тэгтэл уг хоёр залуу гэнэт надад хандаж битгий сандал өшиглөөд бай гээд зандарсан байдалтайгаар хэлэхээр нь би та хоёр өөр газар суучих гэж хэлэхэд уг хоёр залуу найз охин бид хоёрыг үг хэлээр доромжилсон. Тэгээд манай найз охин Б  тухайн залууд та нар жаахан соёлтой байгаач гэж хэлэхэд нэг залуу нь манай найз охин руу чи юу гээд байгаа гичий вэ гээд нүүр рүү нь гараараа түлхсэн. Тухайн хоёр залуу нь суудлаасаа босож ирээд над руу болон манай найз охин руу дайрсан. Тэгэхээр нь би нэг залуутай нь заамдалцаж авахад уг залуу миний толгойн хэсэгт гараараа 2 удаа цохисон бөгөөд би зөрүүлээд тухайн залууг гараараа 2-3 удаа нүүр хэсэгт нь цохисон. ...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч А.Э  нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллгаан мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 9332 дугаартай дүгнэлтээр хохирогч З.Д гийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч А.Э гийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Иймд шүүгдэгч А.Э г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч З.Д  нь хэрэгт нотлох баримтын шаардлага хангасан э... эмнэлгийн чих, хамар, хоолойн үзлэгийн 40.000 төгрөгийн, о... эмнэлгийн үзлэгийн 60.000 төгрөгийн, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн л.. эмнэлгийн КТГ-ийн 120.000 төгрөгийн, үзлэгийн 30.000 төгрөгийн, эмийн зардалд 24.100 төгрөгийн, мөн 25.890 төгрөгийн, и..-ийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний төлбөрт 420.000 төгрөгийн, Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8.000 төгрөгийн, нийт 727.990 төгрөгийн баримтыг ирүүлжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч А.Э  нь 282.000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул үлдэх 445.990 төгрөгийг шүүгдэгч А.Э гаас гаргуулж хохирогч З.Д д олгуулахаар шийдвэрлэв.

            Мөн хохирогч З.Д  нь ухархайн цөмрөлийн мэс заслын төлбөрт 4.200.000 төгрөг, хамрын таславчийн гэмтэлд 3.388.000 төгрөг-ийг тус тус нэхэмжилсэн байх бөгөөд шүүх бодитоор гараагүй зардлыг гаргах боломжгүй юм.  

Иймд хохирогч З.Д  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч А.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар 10 хоногийн хугацаагаар Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Э  нь улсын яллагчийн дээрх дүгнэлттэй мэтгэлцээгүй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч А.Э г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Э гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 89 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/, тээврийн хэрэгсэл бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 82 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч А.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүхээс шүүгдэгч А.Э д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С  овогт А ын Э г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Э г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э гаас 445.990 /дөрвөн зуун дөчин таван мянга есөн зуун ер/ төгрөгийг гаргуулж хохирогч З.Д д олгосугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч З.Д  нь тус гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.Э д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН