Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 221/ШШ2024/0024

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа

Нэхэмжлэгч: Н.Х

Хариуцагч: Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд намын жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн Н-н Х-г нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд намын жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн Н  Х г нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагчид даалгах” тухай

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Н.Х

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Н, Ц.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, Ө.О

Гэрч Б.М

Иргэдийн төлөөлөгч М.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Баянжаргал

Хэргийн индекс: 221/2024/0036/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Н.Х  нь Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан “Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд намын жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн Н-н Х-г нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд намын жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн Н-н Х-г нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагчид даалгах”-аар маргасан байна.

2. Нэхэмжлэгч Н.Х  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд намын жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн Н  Х  намайг нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзаж шийдвэрлэсэн байна. Ингэхдээ М а-н намын хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад дурдсанаар М а-н намын гишүүнчлэлээс тус намын дүрэмд заасны дагуу гараагүй байх тул” гэж дурьджээ.

2.1. Намайг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлүүдэд заасан сонсох ажиллагааг явуулж, намайг тайлбар, баримт гаргаж өгөх боломжуудаар хангаагүй. Мөн намайг Үндэсний эвслийн Удирдах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 06 дугаар “Нэр дэвшүүлэх тухай тогтоол”-ын хавсралтаар жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн байхад 8 дугаарт нэр дэвшүүлсэн гэж тогтоолд алдаатай дурьджээ. Миний бие өмнө М а-н намын үйл ажиллагааг дэмжин, зарим үйл ажиллагаанд дэмжигчийн хувиар оролцож байсан. Тодруулбал М а-н намын дүрмийн 3.2 дахь хэсэгт “намд гишүүнээр элсэхээ илэрхийлсэн иргэний хүсэлтийг оршин суугаа газарт нь үйл ажиллагаа явуулдаг намын анхан шатны байгууллага хүлээн авч шийдвэрлэн намын бат илэрхийлэх олгож, бүртгэнэ” гэж заасны дагуу гишүүнээр элсэх өргөдөл гаргаж байгаагүй бөгөөд тус намын гишүүний бат илэрхийлэх үнэмлэхийг авч байгаагүй тул тус намын гишүүн биш болно. М а-н Намын гишүүн болох хүсэлтээ оршин суугаа газартаа үйл ажиллагаа явуулдаг намын анхан шатны байгууллага буюу миний хувьд өөрийн оршин суудаг Сүхбаатар дүүргийн М а-н намын анхан шатны байгууллага буюу миний хувьд өөрийн оршин суудаг. Сүхбаатар дүүргийн М а-н намын хороонд гаргаагүй, бат илэрхийлэх үнэмлэх аваагүй, бүртгэгдээгүй байхад намайг гишүүнчлэлтэй гэсэн албан бичгийг тус намын хяналтын хорооноос ирүүлснийг нягтлан, шалгаагүй, намын дүрэмд нь заасны дагуу гишүүнээр элссэн эсэхийг тодруулалгүйгээр тогтоолоо гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2 дугаар зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн.

2.2. Зөвхөн М а-н намын хяналтын хорооноос ирүүлсэн бичигт үндэслэж, албан ёсны гишүүн эсэхийг маань тодруулахгүй шийдвэрлэснээрээ миний Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.9 дэх хэсэгт заасан “сонгогдох эрх”-ийг ноцтой зөрчсөн. Миний бие нийслэлийн М а-н намын хэлтсийн даргын ажлыг нийслэлийн М а-н намын хорооны дарга Д.С-г саналын дагуу хийж гүйцэтгэж байсан. Тус ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 2022 оны 08 дугаар сарын 15-нд өгснөөр албан ёсоор намын аль ч байгууллагад ажиллахаа больсон. М а-н намтай олгогчийн хувиар нь ажиллах буюу хөдөлмөр эрхээ хэрэгжүүлэх болон улс төрийн сонголтын дагуу гишүүнээр элсэж, улс төрийн эрхээ хэрэгжүүлэх нь ялгамжтай ойлголт юм.

2.3.   Нэгэнт надад мэдэгдэлгүйгээр, надаас тайлбар, нотлох баримт авалгүйгээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргасан байх тул миний бие шууд шүүхэд хандалгүйгээр Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт заасны дагуу тус намын гишүүнээр албан ёсоор элсэж, бат илэрхийлэх үнэмлэх авч байгаагүй, гэхдээ тус намд ажиллаж байсны хувьд ажлаа хүлээлгэн авч гарсан, мөн цаашид намын аль ч байгууллагад ажиллахгүй, бүх гишүүнчлэлээсээ гарсан талаарх баримтуудыг хавсаргаж, хүсэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээлгэн өгсөн. Тодруулбал миний бие улс төрийн соёл, ёс зүйг эрхэмлэж хэдийгээр М а-н намын дэмжигчийн хувиар үйл ажиллагаанд нь оролцож, цалин хөлстэйгээр ажил, албан тушаал эрхэлж байсан ч М а-н Намын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасны дагуу цаашид үйл ажиллагаанд оролцохгүй, бүхий л гишүүнчлэлээс нь татгалзаж байгаагаа илэрхийлсэн өргөдлөө 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр өгсөн.

2.4. … Миний бие М а-н Намаас татгалзсан өргөдлөө өгснөөр тус намын гишүүнчлэлгүй болохоор хууль болон Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбарт тодорхой тусгасан бөгөөд энэ талаарх тайлбар, бүхий л нотлох баримтуудыг өгсөөр байтал намайг 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж байгаа нь хууль бус юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах тохиолдлуудыг нэрлэн заасан, эдгээрийн аль ч үндэслэлээр, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдол бүрт зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэх боломжийг олгосон нь мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан “Монгол Улсын иргэн сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ” гэж зармын хүрээнд хуульчлагдсан, тодруулбал Сонгуулийн ерөнхий хорооноос иргэний сонгогдох эрхийг баталгаатай эдлүүлэхээр хууль тогтоогч хуульчилж, үүрэг болгосон байхад Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд намын жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн Н  Х г нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус юм.

2.5. Иймд Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд намын жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн Н  Х г нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд намын жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн Н  Х г нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагч Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо нь хариу тайлбартаа:

3.1. ... Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлагуудыг тодорхойлон хуульчилсан бөгөөд эдгээр тусгай шаардлагыг хангаж буй эсэхийг Сонгуулийн ерөнхий хороо өөрөө тогтоох эрхгүй, холбогдох эрх бүхий байгууллагаас лавлагаа, тодорхойлолт авахаар хуульчилсан болно. Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар нэг намын гишүүнийг өөр намаас, эвслийн тухайд түүнд нэгдэн орсон намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглодог. Нийслэлийн М а-н намын хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар албан бичгээр тус намын гишүүнээс гараагүй, намын гишүүнчлэлтэй Н.Х  нь өөр эвслээс нэр дэвшсэн байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байгаа талаар мэдээллийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн.

3.2. Сонгуулийн еренхий хорооны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 1/439 дүгээр “Лавлаа авах тухай” албан бичгийг М а-н намын хяналтын ерөнхий хороонд хүргүүлсэн бөгөөд тус албан бичгийн дагуу нийслэлийн М а-н намын хяналтын хорооны 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар “Хариу хүргүүлэх тухай” албан бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Тус албан бичигт Н.Х  нь намын гишүүний цахим бүртгэлд бүртгэлтэй бөгөөд намын гишүүнээс гарсанд тооцох тухай асуудлаар Хяналтын ерөнхий хороо хуралдаж шийдвэр гаргаагүй байна гэсэн лавлагааг ирүүлсэн. Тус албан бичгийн хавсралтаар М а-н намын 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Тайлбар хүргүүлэх тухай” 297 дугаар албан бичгээр ирүүлсэн лавлагаанд “... Н Х  нь нь М а-н намын Бага хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа нь үнэн болно” гэж дурдсан.

3.3. Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 10 тойрогт нэр дэвшүүлсэн Даваагийн Ганболд нь Нийслэлийн М а-н намын хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар болон 06 дугаар сарын 04-ний өдрийн 08 дугаар албан бичгээр ирүүлсэн баримтад дурдсанаар М а-н намын гишүүнчлэлээс тус намын дүрэмд заасны дагуу гараагүй байх тул нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзаж шийдвэрлэсэн гэжээ.

4. Иргэдийн төлөөлөгч: “...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэж дүгнэлт гаргав.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, хэргийн оролцогч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

2. Сонгуулийн ерөнхий хороо 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, 32 дугаар зүйлийн 32.11, 33 дугаар зүйлийн 33.1.3, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12.3-д заасныг тус тус үндэслэн Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн намын жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн Н  Х г Нийслэлийн М а-н намын хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 06 дугаар албан бичигт дурдсан...М а-н намын гишүүнээс гараагүй, намын гишүүнчлэлтэй зарим иргэд өөр нам, эвслээс нэр дэвшсэн байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байна. Иймд бусад нам, эвслээс ирүүлж буй нэр дэвшигч нарын материалыг хуульд нийцсэн эсэхийг тогтооход ач холбогдолтой гэж үзэж, намын гишүүдийн мэдээллийг хүргүүлж байгаа тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасныг хэрэгжүүлж ажиллана уу” гэх үндэслэлээр нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь хууль бус болсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.1. Үндэсний эвсэл”-ийн удирдах зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн нэр дэвшүүлэх тухай06 дугаар тогтоолын 2 дахь заалтаар Үндэсний эвсэлд нэгдсэн Монголын Ногоон нам, Монгол үндэсний ардчилсан намын тус тусын төлөөллийн төв байгууллагаар хэлэлцэн баталж ирүүлсэн жагсаалтад нэр дэвшигчдийг 2 дугаар хавсралтаар баталгаажуулж”, 3 дахь заалтаар “... нэр дэвшигчдийг баримт бичгийг бүрдүүлж, хуульд заасан хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэхийг эвслийн тэргүүн Н.Н-т даалгаж” шийдвэрлэснийг Сонгуулийн ерөнхий хороо хүлээн аваад “... М а-н намын гишүүнчлэлээс тус намын дүрэмд заасны дагуу гараагүй” гэж үзэж нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзаж шийдвэрлэжээ.

2.2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлд Монгол Улсын иргэн дараахь үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдлэнэ”: гээд 10/ “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй” гэж заасан үндсэн эрхийг эдлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гаргах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих эрхтэй, эс дэмжих эрхтэй” гэж баталгаажуулсан байх бөгөөд иргэний сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, намд элсэх, намаас гаргах эрхийг намын аль нэг байгууллагын шийдвэрээр шийдвэрлэх, намын дүрмээр зохицуулах харилцаа биш юм.

2.3. Түүнчлэн М а-н намын дүрмийн 6.1-д М а-н намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс  гарч болно гэж заасан нь дээрх иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан заалт гэж үзэхээр байна. Харин тус намын дүрмийн 6.3-д М а-н намын гишүүнээс гарсанд тооцох асуудлыг Хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар шийдвэрлэнэ” гэж, 6.5-д “М а-н намын гишүүнийг дараах тохиолдолд намаас гарсанд тооцно” гээд 6.5.1-д намын нэр дэвшигчийн эсрэг сурталчилгаа хийсэн”, 6.5.2-д ...гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон”, 6.5.3-д ...санал худалдаж авах үйлдэл гаргасан”, 6.5.4-д ...энэ дүрмийг зөрчсөн” гэж зохицуулснаас үзвэл хариуцагчийн маргаан бүхий актын үндэслэл болгосон тухайн намын дүрмийн 6.3 дахь заалт нь өөрийн хүсэлтээр намаас гарах асуудлыг зохицуулаагүй, харин тодорхой хууль дүрэм зөрчсөн тохиолдолд тухайн гишүүнийг намаас гарсанд тооцох шийдвэрийг Хяналтын ерөнхий хороо гаргахаар зохицуулсан байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “Н.Х  нь намын дүрмийн 6.1-д заасны дагуу өөрийн хүсэлтээр намаас гарах өргөдлөө өгсөн байхад заавал Хуралдаанаар шийдвэрлүүлэх ёстой гэж үндэслэлгүйгээр нэр дэвшүүлэхээс татгалзсан” гэх тайлбар хууль зүйн үндэслэлтэй байна.

2.4. Учир нь Сонгуулийн ерөнхий хороо Нийслэлийн М а-н намын хяналтын хорооны 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 6 дугаар үндэслэлгүй албан бичгийг  үндэслэж, дээрх хууль, дүрмийн заалтыг буруу тайлбарлаж, Улс төрийн намын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.7-д “Намын гишүүн хэдийд ч өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр намаас гарах эрхтэй. Намын гишүүн намаас гарах тухай өргөдөл гаргаснаар түүнийг намаас гарсанд тооцно гэж заасныг хэрэгжүүлэлгүй, маргаан бүхий 69 дүгээр тогтоолыг гаргаснаар нэхэмжлэгчийн сонгуульд оролцож, нэрээ дэвшүүлэх эрх нь зөрчигдсөн байх тул маргаан бүхий Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.5. Мөн дээрх маргаан бүхий тогтоолын 2 дахь заалтаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т заасны дагуу 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө бүртгэхээс татгалзсан зөрчлийг арилгасны үндсэн дээр дахин бүртгүүлэхээр шаардагдах баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлэх боломжтойг дурьдсан байна.

2.6. Уг тогтоолд дурдсаны дагуу Н.Х  нь 2024 оны 06 дугаар сарын 02-ны өдөр дахин Сонгуулийн ерөнхий хороонд М а-н намын гишүүнчлэлээс гарсан  үүнийгээ илэрхийлж М а-н намд хүсэлтээ илэрхийлж өгсөн гэдгээ тайлбарласан тайлбар, өргөдөл, Б.М-н сонгуулийн ерөнхий хороонд гаргасан тайлбар, бусад баримтын хамт гаргаж өгсөн бөгөөд Сонгуулийн ерөнхий хороо Н.Х гийн өргөдөл хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх баримтаа түүнд гардуулж өгөөгүй болох нь хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

2.7. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д заасан “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж зааснаар Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд тэс эвслээс жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн Н  Х г нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

2.8. Иймд Сонгуулийн ерөнхий хороо нь Улс Төрийн намын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэх, нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль тогтоомж болон тухайн намын дүрэм, намын хөтөлбөрт нийцүүлэн түүний үйл ажиллагаанд оролцох, намыг дэмжих, эс дэмжих эрхтэй”, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлд “Сонгуулийн зарчим” гээд 7.1-д “Сонгуулийн зарчим нь Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад үндэслэнэ” гэж заасныг зөрчсөн эс үйлдэл хууль бус болох тогтоогдож байх тул Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгоно” гэж заасны дагуу Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн Н  Х г нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

2.9. Түүнчлэн, шүүх хуралдаанд гаргасан иргэдийн төлөөлөгчийн “... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг үндэслэлтэй гэж үзэж байна” гэх дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгож хүлээн авсан болохыг тэмдэглэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 113 дугаар зүйлийн 113.1, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.7, 7 дугаар зүйлийн 7.1, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3, 32 дугаар зүйлийн 32.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Н.Х гаас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 69 дүгээр тогтоолыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож, Ү эвслээс Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд жагсаалтын 6 дугаарт нэр дэвшүүлсэн Н  Х г нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоос татгалзсан Сонгуулийн ерөнхий хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоон, Н  Х г нэр дэвшигчээр бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохыг Сонгуулийн ерөнхий хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.1, 113.2, 113.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                          О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                           Т.ЭНХМАА